Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 444

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э, Х.Оюунтуяа /онлайнаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Э.Э-д холбогдох 1815004000038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э-ийн Э нь

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э-с гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э, У.Ц нараас гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “... шүүгдэгч Э.Э-ыг “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож” шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Э.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор торгуулийн ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хэргийг хянаад шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцаасан. Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.С хяналт тавьж Булган аймгийн прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №5/150 тоот мэдэгдэх хуудсаар татгалзсан материалд иргэн С.Э-с гаргасан гомдлын дагуу Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С-ын Э гэх хүнээс тайлбар авч /хавтаст хэргийн 5 хуудас/ Булган аймгийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №5/560  дугаартай албан бичгээр, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Э.И-д иргэн С.Э-с гаргасан гомдлын дагуу Булган аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Э.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлд заасан 'Нотлох баримт хуурамчаар үйлдэх" гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлсэн байдаг./хавтаст хэргийн 3 хуудас/ Ингээд Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С-ын Э-ыг гэрчээр асуусан байдаг. Гэтэл хавтас хэрэгт С-ын Э, С-ын Э гэх хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан. Э.Э нь У.Ц-аас гэрчээр мэдүүлэг авч, иргэний үнэмлэхний хуулбарыг /хавтаст хэргийн 10 хуудас/ хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдлийг шалгаж тогтоохдоо Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын ерөнхий прокурор Ц.Б нь Булган аймгийн хяналтын прокурор М.С-ийн мөрдөн байцаалтын 1854000038 дугаартай хэрэгт бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/101 дугаартай прокурорын даалгаврын биелэлтийг хангуулж хүргүүлсэн. Ингэхдээ Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн Гашуун сухайт хилийн боомт хариуцсан хэсгийн төлөөлөгч Б.П нь У.Ц-ыг гэрчээр мэдүүлэг /хавтаст хэргийн 54 хуудас/ авахдаа у.Ц гэх гарын үсэг нь мөн эсэх нь тогтоогдохгүй мэдүүлэг авсан. Гэтэл яллагдагчаар Э.Э-ыг татаж иргэний бичиг баримтыг /хавтаст хэргийн 108,109 хуудас/ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Бусад этгээдийн баримт бичиг баталгаажаагүй. Өнөөдөр иргэн С.Э-ын мөнгөн эмээл хазаар алдагдсан хэрэг шийдэгдээгүй шалгагдаж байгаа гэх материалаас ирүүлсэн гэх хохирогч гэх С.Э нь С-ын Э юм уу, С-ын Э юм уу мэдүүлгэн баримтаас харахад эргэлзээтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж заасныг зөрчжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн нотолбол зохих байдал нотлогдохгүй” байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иргэн С.Э-ын гомдлыг Булган аймгийн хэсгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Э.Э шалгаж, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.С хяналт тавьж Булган аймгийн прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №5/150 тоот мэдэгдэх хуудсаар С.Э гэх хүнд мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Булган аймгийн прокурорын газрын 1815004000038 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу баримт бичгийн шаардлага хангаагүй нотлох баримт буйг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгон гэм буруутайд тооцсон. Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тогтоосон үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн гэм буруу тогтоогдохгүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 19 тоот магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа бичсэн эсэргүүцэлдээ “...Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 19 дугаартай магадлал гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, хэргийг үндэслэлгүй прокурорт буцаасан байна.

Эрүүгийн 18150040000038 дугаартай нэгдүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол”-ын хуулбар хувийг 1 дүгээр хуудаст хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн буртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна” гэсэн хуулийн заалтыг хангахын тул Булган аймгийн прокурорын газарт Авилгатай тэмцэх газрын мөрдөгчөөс тогтоолыг цахимаар ирүүлснийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэж, дугаар олгосон байх ба 2 дугаар хуудаст эх хувийг хавсаргасан, мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол нь “иргэн С.Эаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 завхай эмээл/эмээлийн баавар/, мөнгөн хазаарын хамт хулгайд алдагдсан” гэх асуудлыг шалгаад хяналтын прокурор Ц.С 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5/56 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байсныг дээд шатны прокуророос сэргээж /аймгийн ерөнхий прокурор Г.Л/, хэрэгт 181500369 дугаар олгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байна. Мөн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоолыг хуулбарлан Булган аймгийн цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдгийг дарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 16.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй байна. Учир нь: Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Ц.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Цагдаагийн газарт шалгагдаж байгаа эрүүгийн 181500369 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс эрүүгийн 18150040000038 дугаартай хэрэгт зайлшгүй авч хавсаргах баримт бичгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйл зүйлд зааснаар прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдэж холбогдох хэргийн материалуудаас ач холбогдол бүхий мэдээлэл баримт бичгийг цагдаагийн газрын хуулбар үнэн даруулан гаргуулан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, 3 хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна. 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ" гэж заасны дагуу тэмдэглэл үйлдэж хураан авсан нь хууль зөрчөөгүй байна. /Хавтаст хэргийн186-187 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт авагдсан хуурамч нотлох баримт болох гэрчийн мэдүүлэгт зурагдсан С.Э, У.Ц нарын гарын үсэг биш болохыг Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 105 тоот, 2019 оын 05 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот дүгнэлтүүдээр шүүгдэгч Э.Э болон С.Э, У.Ц шинжилгээнд явуулсан гарын үсгийн болон бичгийн хэвийн туршилтын шүүгдэгч С.Э, гэрч С.Э, У.Ц нарын гарын үсэг биш болох нь тогтоогдсон тул хуурамч гэрчүүдийн мэдүүлэгт яг ямар хүн зурсан болохыг тогтоох шаардлагагүй бөгөөд хуурамч болох нь хангалттай нотлогдсон.

Шүүгдэгч Э.Э нь “Булган аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э аас гаргасан 236 дугаартай “Хулгайлах” гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шалгасан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Хяналтын прокурор Ц.С нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.Э-аас 12 завхай эмээл, мөнгөн хазаар хулгайлагдсан” гэх гомдол, мэдээллийг хянаж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5/56 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх бөгөөд 1815004000038 дугаартай Э.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор М.С миний яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт дээд шатны прокурорын томилолтоор 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр улсын яллагчаар оролцсон асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол” гэж заасан заалтыг огт зөрчөөгүй бөгөөд хяналтын прокурор Ц.С-гийн хяналт тавьсан гомдол, мэдээлэл нь “Бусдын эд хөрөнгө хулгайлах” асуудал тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйл, 10.7 дугаар зүйлд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл “татгалзах үндэслэлгүй” талаар дурдаж өгсөн байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.3”-т гэж хуульд байхгүй заалтыг баримталсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.С оролцсон байхад магадлалын удиртгал хэсэгт хяналтын прокурор Ц.С гэж хуралд оролцоогүй прокурорын нэр бичиж гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.9 дэх хэсэгт заасан үндэслэлийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Э.Э хуурамч нотлох баримт үйлдсэн эсэхийг шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогоогүй. Мөн У.Ц, С.Э нарыг мэдүүлэг өгсөн мэтээр гарын үсгийг хэн зурсан болохыг тогтоогоогүй. Хуурамч нотлох баримтыг Э.Э прокурорт гаргаж өгснийг нотолсны үндсэн дээр түүнийг яллах үндэслэлтэй юм. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5/56 дугаар тогтоол хуулбар хувиар хэрэгт авагдсан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар Э.Э ыг буруутгасан нь үндэслэлгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Э.Э нь Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э аас гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа хуурамч нотлох баримт бүрдүүлж хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн. Харин прокурор тухайн материалыг хянахдаа хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан гэж үзэж байна. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо татгалзан гарах үндэслэл байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэлэлцэж хангахаас татгалзсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна” гэж заасан тул анхан шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.С оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.Эыг Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Эаас гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э, У.Ц нарын гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүний агуулгад нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хангаж ажиллах үүрэгтэй болно.

Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах үүрэгтэй ба иргэн С.Эаас ирүүлсэн эд зүйл алдагдсан талаарх гомдол, мэдээллийг Орхон сумын хэсгийн төлөөлөгч Э.Э шалгаж, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С хяналт тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг тусгасан бөгөөд 10.1 дүгээр зүйлийн 1.3-д “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогчоор ... оролцсон бол” дахин оролцохыг хоригложээ.

Өөрөөр хэлбэл, уг хэрэгт хяналт тавьж байсан /2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/56 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол үйлдсэн/ прокурор Ц.С нь Э.Э-д холбогдох анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа нь уг үндэслэлд хамаарах болно.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН