Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0648/з |
Дугаар | 290 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 290
“К-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 156 тоот шийдвэрийн “К-А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0933 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0933 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийдвэрийн “К-А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “К-А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “...Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн мэдэгдлийг зайлшгүй хүлээлгэн өгөх, мэдэгдсэн болохоо баталгаажуулсан байх шаардлагыг хуульчилсан байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтрээр нэхэмжлэгч компанид 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/945 дугаар, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/1877 дугаар мэдэгдлүүдийг гардуулаагүй болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзнэ.
5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагагай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хулээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлэн шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” буюу захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө холбогдох бүхий л нөхцөл байдлыг тогтоож, шийдвэрээ хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гардуулж, гардуулсан болохыг баримтжуулах үүрэгтэй байна.
6. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгч ... хуульд заасны дагуу явуулсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна” гэж зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасныг анхаараагүй байна.
7. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагад захиргааны актыг гаргахдаа сонсох болон мэдэгдэх ажиллагаа явуулсан тухай баримт байх ёстой бөгөөд түүнийг шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүйг шүүхээс зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
8. Иймд дээр дурдсан бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
9. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “К-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын тайлбарыг үндэслэн маргааны үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн хэргийг үнэн зөв, бодитой, шударга, хууль зүйн үндэслэл бүхий хянан шийдвэрлэж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг гаргасан.
10. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгч, зөвшөөрөхгүй тохиолдолд түүнийгээ нотлох баримт бичгийг гаргаж өгөх боломжийг олгохоор хуульчилсан бөгөөд хариуцагчийн энэхүү ажиллагааг хуульд заасны дагуу явуулсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна гэж, “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг буруу тайлбарлан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасныг зөрчин илт нэхэмжлэгч талд ашигтай огт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
11. Магадлалд дээр дурдсан дүгнэлтийг хийсэн боловч хэдхэн догол мөрний дараа төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч “К-А” ХХК-ийн албан ёсны хаяг болох “Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол, Кекүшю тауэр-403” тоот хаягаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/945, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 7/1877 дугаар албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлж байсныг хүлээн зөвшөөрчээ. Энэ үйлдэл нь магадлал хууль зүйн үндэслэлгүй болсныг нотлож байна.
12. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.
13. Төрийн захиргааны байгууллагаас маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг “К-А” ХХК-д олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тус компанийн захиралд гардуулсныг хүлээн авч гарын усэг зурж баталгаажуулсан байдаг. Тодруулбал “лицензийн төлбөрийг жил бүрийн 02 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлсөн байна”, “хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж ажиллана” гэсэн утга бүхий мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нотлох баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11/7113 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “К-А” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19/01 дүгээр тогтоолоор батлагдсан “К-А” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад баримтаар 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “К-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Н.Мөнхбаяр ажиллаж байсан., БНХАУ-ын иргэн Ли Вэй нь тус компанийн захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
15. Нэхэмжлэгч “К-А” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийдвэрийн “К-А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бүх нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан үүргийнхээ дагуу цуглуулж хэргийг хянан шийдвэрлэсэн.
16. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “К-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримтыг цуглуулах, нэгэнт хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа үйл баримтыг дахин тодруулах гэсэн үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
19. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг, Цагаан гозгор нэртэй газарт орших 63.16 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-... дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит 2019 оны төлбөр төлөх хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байсан, мөн хуулийн 34.6.-д “... /дээрх/ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “... хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл /байна/” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон, тусгай зөвшөөрөл эзэмшигч “К-А” ХХК нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.
20. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “... /алданги төлөх 30 хоногийн хугацаа/ хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй /тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална/” гэж тус тус заасан байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “К-А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-... дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн, нэхэмжлэгч “К-А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв юм.
21. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч анх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаягаа Кадастрын хэлтэст үнэн зөвөөр ирүүлэх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх” үүрэгтэй, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “К-А” ХХК нь өөрийн хаягийг “Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, Кекүшю тауэр- 403” гэж, харилцах утасны дугаарыг 95775786, 91921998 гэж тодорхойлж Кадастрын хэлтэст ирүүлсэн, хаягаа өөрчилсөн талаар мэдэгдээгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/945, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/1877 дугаар албан бичгүүдийг тус тус шуудангаар дээрх хаягаар илгээсэн, “заасан хаягт “К-А” ХХК байдаггүй” гэх үндэслэлээр буцаагдсан нь “тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй” гэх үндэслэл болохгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.
22. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн нь хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн тодорхойлсон хаягаар, шуудангаар мэдэгдэлийг илгээснээр хангагдана, уг хаягтаа байгаагүй, хаягаа сольсноо хуульд заасны дагуу мэдэгдэж, бүртгүүлээгүй, үүний улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид илгээсэн мэдэгдэл хүргэгдээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... албан бичгүүдийг буцаасан шуудангийн тэмдэглэгээнээс /үзвэл/... нэхэмжлэгч компанид 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/945 дугаар, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/1877 дугаар мэдэгдлүүдийг гардуулаагүй болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.
23. Давж заалдах шатны шүүх, уг маргааны үйл баримтуудад холбогдуулж, “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгч, зөвшөөрөхгүй тохиолдолд түүнийгээ нотлох баримт бичгийг гаргаж өгөх боломжийг олгохоор хуульчилсан бөгөөд хариуцагчаас энэхүү ажиллагааг хуульд заасны дагуу явуулсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, “... нэхэмжлэгчээс уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул тусгай зөвшөөрлийн жилийн нэг сая гаран төгрөгийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, татгалзах үндэслэлгүй”, “... 2019 оны уулын ажлын болон байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө болон бусад шаардлагатай баримт бичгийг холбогдох байгууллагаар батлуулж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ бүрэн хангасан байсан гэх тайлбартай нь холбогдуулан эдгээрийг нотлох баримтуудыг цуглуулах, мөн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.М-аас тусгай зөвшөөрлийг цуцлах үед албан үүргээ гүйцэтгэж байсан эсэхийг тодруулах, хэрэгт түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг мөн өдрөөр дуусгавар болгосон хувьцаа эзэмшигчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр авагдсан, гэтэл улсын бүртгэлийн лавлагаагаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр дууссан байна” гэх зэргээр маргааны үйл баримтуудад холбогдолгүй асуудлууд дурдаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу.
24. Иймд, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг буруу тайлбарлан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, ... хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “К-А” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА