Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 184/2021/03438/И |
Дугаар | 210/МА2022/00990 |
Огноо | 2022-05-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/00990
2022 05 23 210/МА2022/00990
Б.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00840 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Бийн цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, прокурор Ц.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хуулийн 3 дугаар бүлгийн 10.1.3, 10.1.4-т заасны дагуу хэлмэгдэгч Р.Дүгэрсүрэнгийн зээ хүү болох Б.Б нь цагаатгалын нөхөн олговор авах үндэслэлтэй .
Хэлмэгдэгч Р.Дүгэрсүрэн нь Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын лавлагаагаар шийтгэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Цэргийн коллегийн 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дугаар тогтоолоор цагаатгагджээ. Хэлмэгдэгч Р.Дүгэрсүрэнгийн зээ хүү болох Б.Бийг Улсын бүртгэлийн төрсний лавлагаанд эцэг Дарам овогтой Базаргүр, эх Дүгэрсүрэн овогтой Дарьсүрэн 1958 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрснийг бүртгэсэн.
Миний эцэг, эх нар 1955 онд гэр бүл болж 56 жил хамт амьдрахдаа 8 хүүхэд төрүүлж, өсгөсөн ба Улсын бүртгэлийн лавлагаанд 8 хүүхэд төрүүлж өсгөсний ХААТР-1 маягт, гэр бүл болсныг 1955 онд бүртгэсэн баримтуудыг хавсаргасан. Мөн цагаатгалын үнэмлэх авахаар Дээд шүүхэд бичсэн өргөдлийн хариуг өргөдлийн хамт хавсаргасан.
Миний эх хүнд өвчтэй байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Ичинхорлоо, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Б нартай өөрийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Дүгэрсүрэнгийн Дарьсүрэнг үрчлэгдсэн охин мөн болохыг тогтоосон.
2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зууны мэдээ сонины 3 дугаар нүүрт Улаанбаатар, Баянгол дүүрэг, Чогсонсүрэнгийн Дарьсүрэн Дорнод, Раднаа Дугарсүрэн гэж зардагдсан ба миний эх Д.Дарьсүрэн цагаатгалын нөхөн олговор 40,000,000 төгрөг авахаар хөөцөлдөж байхдаа нас барсан тул түүнийг 8 хүүхэд нь тус бүртээ хэлцэл хийж нөхөн олговрыг ямар хувь хэмжээгээр хуваахаар тохиролцсон. Иймд хэлмэгдэгч Р.Дүгэрсүрэнгийн зээ хүү болох Б.Бид цагаатгалын нөхөн олговорын 40,000,000 төгрөгийг хуулийн дагуу олгож өгнө үү гэжээ.
2. Прокурорын тайлбарын агуулга: Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заалт нь нэрлэн заасан хүмүүст нөхөн олговрыг олгохоор байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хүмүүс нас барсан бол түүний өв залгамжлагчид энэ заалт хамаарахгүй гэж Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан.
Хэлмэгдэгч нас барсан, түүний өргөмөл охин, нэхэмжлэгчийн ээж гэх Дарьсүрэн нь 2001 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нас барсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгч нь зээ хүү, гуравдагч этгээд ач охин нар нь энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан энэ субьектэд хамаарахгүй.
2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд мөн ач зээд 40,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийн нөхөн олговрыг олгохгүй, нэхэмжлэх эрхгүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд нэхэмжлэгчид нөхөн олговор олгох тухай хууль зүйн үндэслэлгүй.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн тогтоол гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эгийн татгалзал, тайлбарын агуулга: Миний аав Бадамхандын төрсөн эцэг Р.Дугарсүрэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 онд баригдаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж 1939 онд ял эдэлж байхдаа нас барсан. Уг хэргийг хянаад 1993 оны Улсын Дээд шүүхийн магадлалаар цагаатгагдсан. Миний бие 1997 оны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийн үр хүүхдэд нөхөн олговор олгох хуулийн 13 дугаар зүйлд заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн санхүүгээс 1,000,000 төгрөгийг авсан. Мөн шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгч Р.Дугарсүрэнгийн ач охин буюу үеэл болох нь тогтоогдож байгаа тул 2018 оны Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг хэрхэн хуваах талаар хэлцэл хийж ач хүү Б.Бид 60 хувь буюу 24,000,000 төгрөгийг, ач охин Б.Эд 40 хувь буюу 16,000,000 төгрөгийг хувааж авахаар тохиролцсон. Иймд цагаатгалын нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг дээрх хувиар хувь тэнцүүлэн хувааж олгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэн нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийнх 13.2.2-т заасныг баримтлан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Р.Дүгэрсүрэнгийн цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Бийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.а.2018 оноос хойш нөхөн олговор авахад шаардлагатай бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Улсын Цагаатгалын төвд нэхэмжлэлээ гаргасан. Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу 2018 онд Япон Улс руу хүнд өвчний улмаас эмчилгээнд явж 2020 оны 06 дугаар сард эмчилгээгээ хийлгээд буцаад ирэхэд дэлхий дахинд Корона вируст цар тахал үүсэж хөл хорио тусгаарлалтанд орсоны улмаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд 2018 оноос 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хуульд заасны хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох учиртай.
5.б.Хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаагүй байхад шүүхийн шийдвэр гарсан тул нэмэлтээр нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай байна.
Иймд тус Иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Прокуроын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, нөхөр мөн хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40,000,000 төгрөгийн нөхөн олговор авах эрх үүснэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Боос ирүүлсэн материалтай танилцаад нэхэмжлэгч Б.Бийг хэлмэгдэгч Р.Дүгэрсүрэнгийн зээ хүү болох нь тогтоогдсон ба тэрээр хуульд заасан субъектэд хамаарахгүй болохыг дүгнэсэн.
Тус хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан ба түүний ямар баримт шүүхэд гаргаж өгөх нь тодорхойгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гомдлыг зөвшөөрч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Р.Дугарсүрэнгийн цагаатгалын нөхөх олговорын 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар Раднаа овогтой Дугарсүрэн нь Дорнод аймгийн Түмэндэлгэр сумын харьяат, 1938 оны байдлаар 34 настай, буриад, лам байсан бөгөөд түүнийг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэсэн, /хх-14 дүгээр тал/
3.а.БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дүгээр магадлалаар дээрх эрүүгийн хэргийг хянаад Р.Дугарсүрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх-15 дугаар тал/
3.б.Монгол улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/1978 тоот албан бичигт Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг олгосон бүртгэл-д 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагаатгалын үнэмлэхийг хэлмэгчдэгчийн төрсөн хүүхэд Д.Бадамхандад олгосон гэх, /хх-13 дугаар тал/
3.в.Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 454 тоот албан бичиг түүний хавсралтаар Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаар шийдвэрээр хэлмэгдэгч Р.Дугарсүрэнгийн төрсөн охин Д.Бадамхандад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож шийдвэрлэсэн байна. /хх-58-60 дугаар тал/
4. Нэхэмжлэгч Б.Б нь Дарамын Базаргүр, Дүгэрсүрэнгийн Дарьсүрэн нарын төрсөн хүүхэд болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. /хх-23 дугаар тал/
4.а.Түүний эх Чогчинсүрэнгийн Дарьсүрэн нь хэлмэгдэгч Р.Дугарсүрэнгийн өргөмөл /үрчлэгдсэн/ охин болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 717 дугаар шийдвэр болон Дорнод аймгийн Түмэндэлгэр сумын 1944 оны хүн амын тооллогын, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын талаарх Үндэсний төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03-6/1388 тоот, 2018 оны 05 дугаар сарын 03-9/1698 тоот лавлагаануудаар тогтоогдсон бөгөөд дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-16, 24-25 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөргөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Иймд түүний энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. /5б/
4.б.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор байхаар зохицуулсан байхад нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.
Хэлмэгдэгч Р.Дугарсүрэнгийн өргөмөл охин Ч.Дарьсүрэн нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсан, түүний хүү нэхэмжлэгч Б.Б нь хүнд өвчний улмаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Япон Улсад эмчлүүлж улмаар ковид-19 цар тахлын улмаас хорио цээрийн тусгаарлалтад орсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон талаарх шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. /5а/
4.в.Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зууны мэдээ сонины 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаарыг хавсаргажээ.
Уг сонинд Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт-ыг нийтэлсэн байх ба хэлмэгдэгч Раднаагийн Дугарсүрэнгийн хүүхэд Чогчинсүрэнгийн Дарьсүрэнг 40,000,000 төгрөгийн нөхөн олговрыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй талаар дурдсан байна.
4.г.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40,000,000 төгрөгийг олгохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ хэлмэгдэгчийн зээ хүү болох талаар дурдсан байх тул түүнийг шаардах эрхгүй этгээд гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговор авах эрх бүхий этгээдэд хамаарахгүй байна.
Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан 40,000,000 төгрөгний нөхөн олговор нь зөвхөн тухайн зүйл заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай гэж үзнэ.
4.д.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэж заасны дагуу уг хуулийн заалтыг зөв хэрэглэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын хяналтын шатны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01306 дугаар тогтоолоор хэлмэгдэгчийн хүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан тул хуулийн дагуу нөхөн олговор шаардах эрхтэй этгээдийн эрхийг өв залгамжлагч нарт шилжүүлэн хэрэглэхгүй гэх агуулгаар тайлбар гарсан.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б-д зааснаар хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэхийг хориглосон.
Иймд анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасанд хамаарахгүй гэж хуулийн заалтыг хэрэглэхдээ агуулгыг нь Улсын Дээд шүүх албан ёсны тайлбараар тодорхойлсон.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Р.Дугарсүрэнгийн цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ