Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 

 

2026 оны  02 сарын   26                                                2026/ДШМ/12                       

 

 

Б.Н , Г.Э , А.Д , Л.Д ,

Б.Г , Г.О , Б.Б , А.А  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                               Прокурор У.Гантуяа  

    Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/42 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.Н , Г.Э , А.Д , Л.Д , Б.Г , Г.О , Б.Б , А.А  нарт холбогдох эрүүгийн 2426001440359 тоот хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Н

Монгол Улсын иргэн, Г.Э

Монгол Улсын иргэн, Л.Д

Монгол Улсын иргэн, А.Д

Монгол Улсын иргэн, А.А

Монгол Улсын иргэн, Т.О

Монгол Улсын иргэн, Б.Б

Монгол Улсын иргэн, Б.Г

Б.Н, Г.Э, Л.Д, А.Д, А.А, Т.О, Б.Б, Б.Г нар нь бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны хойно зогсоолд оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч нарыг машинтай явж зайхад нь исгэрч дуудахад очсон цагдаагийн алба хаагч нарын тавьсан “Амрыг эрье, Энд юу болоод байгаа юм бэ та нар больцгоо” гэсэн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Н, Г.Э, Л.Д, А.Д, А.А, Т.О, Б.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар яллагдагч нарт холбогдох 2426001440359 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн 2026/ШЗ/42 дугаартай шүүгчийн захирамжаар “...2426001440359 дугаартай хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаасан.

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н , Г.Э  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримтын хүрээнд Б.Н , Г.Э  нарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байна. Гэхдээ дээрх үйл баримттай холбогдуулж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гараагүй,

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт хэрэг бүртгэл явуулахаар тогтоол гаргасан байгаа ч тогтоолын дагуу нэмэлт ажиллагаа хийгээгүй, прокурорын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд хэргийг шилжүүлсэн ч хийгдсэн ажиллагаа хэрэгт авагдаагүй байна...” гэж шүүгчийн захирамжид тусгасан.

Дээрх шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд яллагдагч Б.Н, Г.Э нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Учир нь цагдаагийн алба хаагч болох У.М, П.С, Д.Д, Б.Ч нарын яллагдагч нар нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг таслан зогсоох явцдаа Б.Н , Г.Э  нарын биед гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагч нарын дээрх үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 3.1.6-д "биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг.", 23.1-д "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.", 23.7-д "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.", 47.1-д "Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл ... хэрэглэж болно.", 48.4-д "Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч ...хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.", 49.1-д "Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ:" гээд 49.1.1-д "Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;" 49.2-д "Доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно гээд 49.2.1-д цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон", 85.3-д "Цагдаагийн алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.”,

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А-М/А/102 дугаартай тушаалаар баталсан "Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын хавсралтын 2.1-д "Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх явцад тухайн үйл явдал өрнөж байх цаг мөчид өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухай нөхцөл байдалд тохируулан биеийн хүч цэглэх замаар гэмт этгээдийг хяналтдаа авах зорилгоор хэрэглэнэ.", 2.2-д "Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1-д заасан тохиолдолд цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэнэ.", 2.3-д "Цагдаагийн алба хаагч өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана." гэж тус тус заасны дагуу хийсэн үйлдэл байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн прокурорын тогтоол үйлдсэн байгаа нь Б.Н , Г.Э нарын биед хөнгөн хохирол учирсан асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаагүй байна.

2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт хийлгүүлэхээр хэргийг мөрдөгчид буцаах тогтоол гаргасан байгаа ч тогтоолын дагуу нэмэлт ажиллагаа хийгээгүй гэсэн нь одоо уг хэрэгт ямар мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах нь ойлгомжгүй.

Мөн яллагдагч нарыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2426001440359 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд уг хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоол авагдаагүй байхад шүүгчийн захирамжид уг тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд хэргийг шилжүүлсэн ч хийгдсэн ажиллагаа хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн үндэслэлтэй тохирч байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/42 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/42 дугаар шүүгчийн захирамжийг 3-н үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н, Г.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримтын хүрээнд Б.Н, Г.Э нарыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Гэхдээ дээрх үйл баримттай холбогдуулж анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гараагүй гэдэг нь ойлгомжгүй бөгөөд тодорхой биш, эргэлзээтэй учраас уг буцаасан үндэслэлийг хүлээж авах үндэслэлгүй.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна, гэмт хэрэг биш гэж тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахгүй. Цагдаагийн алба хаагч нар нь гэмт хэрэг үйлдээгүй. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын тогтоол гарсан байхад яллагдагчаар татах тогтоол хэрэгт авагдаагүй байна гэсэн үндэслэл нь үндэслэлгүй, эргэлзээтэй, биелүүлэх боломжгүй учраас эсэргүүцэл бичсэн.

Мөн 2 дахь заалт нь прокурорын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар тогтоол гаргасан байгаа ч тогтоолын дагуу нэмэлт ажиллагаа хийгээгүй. Энэ нь тодорхой биш, ойлгомжгүй учраас эргэлзээ бүхий байдал үүсгэсэн. Тийм учраас прокурор энэ заалтыг биелүүлэх боломжгүй байна.

Мөн 3 дахь заалтад прокурорын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолоор Цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах албанд хэргийг шилжүүлсэн ч хийгдсэн ажиллагаа хэрэгт авагдаагүй байна гэсэн нь ойлгомжгүй, тодорхой биш. 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол авагдаагүй. Харин 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол авагдаагүй, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ч ажиллагаа хийгдээгүй, хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа учраас прокурорт буцаасан шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлээгүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/42 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н , Г.Э  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримтын хүрээнд Б.Н , Г.Э  нарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан. Гэхдээ дээрх үйл баримттай холбогдуулж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гараагүй, прокурорын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт хэрэг бүртгэл явуулахаар тогтоол гаргасан байгаа ч тогтоолын дагуу нэмэлт ажиллагаа хийгээгүй, прокурорын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд хэргийг шилжүүлсэн ч хийгдсэн ажиллагаа хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хуульд заасан шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н, Г.Э  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримтын хүрээнд Б.Н, Г.Э  нарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-т цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэж болохоор тусгасан бөгөөд цагдаагийн алба хаагчийн үйлдэл нь хууль ёсны бөгөөд тэднийг Б.Н, Ч.Э нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаагүй. 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр прокуророос хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт хийлгүүлэхээр хэргийг мөрдөгчид буцаах тогтоол гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс уг тогтоолын дагуу нэмэлт ажиллагаа хийгээгүй гэсэн нь уг хэрэгт ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь ойлгомжгүй. Мөн яллагдагч нарыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд уг хэрэгт 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй байхад шүүгчийн захирамжид уг тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд хэргийг шилжүүлсэн ч хийгдсэн ажиллагаа хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөн прокуророос 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Н , Г.Э , А.Д , Л.Д , Б.Г , Г.О , Б.Б , А.А  нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс Б.Н , Г.Э , А.Д , Л.Д , Б.Г, Г.О , Б.Б , А.А  нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаар шүүгчийн захирамжид бичигдсэн буюу яллагдагчийн нэрийг буруу бичсэн шүүгчийн захирамж хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Б.Н , Г.Э , А.Д , Л.Д , Б.Г , Г.О , Б.Б , А.А  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/42 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Б.Н , Г.Э , А.Д , Л.Д , Б.Г , Г.О , Б.Б , А.А  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА

                                            ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                             Б.ЦЭРЭНПҮРЭВ