Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж, А.Х, Х.М нарт холбогдох эрүүгийн 1806039081121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 байрны гадна хохирогч М.Нуржолыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч А.Х нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 байрны гадна хохирогч Х.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Х.М нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 216 байрны гадна хохирогч А.Жийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.                                                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Нуржолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 05 дугаар сарын 01-ний орой машин тавих гээд зогсоол хайгаад байрны гадна явж байхад машины хаалга Ж онгойлгоод буугаад ир чамтай ярих юм байна гэж хэлсэн. Би гялс машин ухраагаад байрлуулаад ярилцъя гээд хаалгаа яг татаад хаах гэж байхад нүдрүү гараараа 1 удаа цохихоор нь би машины шил хагалчихаж магадгүй гэж бодоод буусан. Намайг буухад Ж барцалдаж авсан. Тэр үед Х миний араас 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Ж хамарны ойролцоо гараараа 1 удаа цохисон. Нурбахын эхнэр нь ирээд Нурбахыг боль боль гээд татаад аваад явсан. Тэр үед би аав дээр очиход Жоямерген миний нүүрэн тус газар дахиад 1 удаа цохисон. Тэгээд би Хийг тэвэрч аваад одоо больё гэж байхад Жоямерген намайг ардаас үснээс зулгаагаад хажууд байсан машины копуд мөргүүлсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, миний биед учирсан гэмтлийг Жоямерген учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 5706 дугаартай:

М.Нуржолын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,

 

Хохирогч, шүүгдэгч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 01-ний орой гадна хүмүүс бужигнаад байхаар нь цонхоор харахад миний хүү Нуржолыг манай байрны Ж, Х, Нурбахт нар барьцалдаад зодож байхаар нь гүйж гараад Ж, Х нарыг цааш нь татаад гаргасан. Хуламерген намайг тэвэрч аваад газар унагаагаад би доош хараад хэвтэж байхад намайг өшиглөөд байсан. Хажуугаар явж байсан хүн ирж салгахад би босоход Х ирээд миний уруул, аман тус газар 2 удаа гараараа цохисон. Энэ үед уруул сэтэрсэн, хавдсан, шүд хөдөлсөн, би унахад өвдөг шалбарсан, тохой шалбарсан, зүүн гар шалбарсан, хүзүү өвчин орсон байсан.

Миний хүү Нуржолыг 2-3 хүүхэд нийлээд зодож байхаар нь салгах санаатай гарсан. Энэ явцад Ж намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд эрүү нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон, өөр хэн нэгнийг цохиогүй. Би Жийг нэг л удаа цохьсон. Би ингэж цохиж Жий биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Бид нар хоорондоо учраа олцгоосон  гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 55/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 5707 дугаартай:

Х.Мын биед дээд уруулын язрал, хүзүү, зүүн бугалга, тохойн урд хонхор, шууны цус хуралт, зүүн гарын 2-р хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/,

 

Хохирогч, шүүгдэгч А.Жий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр өдөр Нуржол дээр очоод маргалдсан. Нэг мэдэхэд барьцалдаад зодолдож байсан. Би Нуржолын нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд түүний аав М дундуур орж ирээд миний нүүрэн тус газар 3-4 удаа цохьсон. Миний амнаас цус гарчихаар нь Х М ахыг цохих шиг болсон. ...би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Надад учирсан энэ гэмтлийг М миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон. Энэ үед учирсан, өөр хүн намайг цохиогүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 52/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн  5716 дугаартай:

А.Жий биед 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал, уруулын дотор салстад цус хурал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,

 

Шүүгдэгч А.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай дүү Жоямерген Баян-Өлгий аймгаас ирсэн гээд найз Нурбах, Хибадат нар ирээд 1 шил архи ууцгаагаад хоол унд идсэн. Тэгээд орой 23 цагийн үед гэрээс гарцгаагаад гадаа тамхи татаж байхад зүс таних Нуржол машинтай ирсэн тэгтэл Ж очоод уулзаж байгаад Нуржол тэр 2 хоорондоо зодолдсон. Би очоод тэр 2-г салгаж байсан чинь Нуржолын аав М орж ирээд манай дүү Жоямергений нүүрэнд цохьсон. Тэгээд салгахад Нуржолын аав нь намайг цохьсон, би зөрүүлээд Нуржолын аавыг 2 удаа цохьсон би хаана цохьсоноо мэдэхгүй байна. Тухайн үед Нуржолын ээж нь гарч ирээд миний нуруун дээр 1 юмаар цохьсон. Миний мөр жаахан өвдөөд байна, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд салцгаагаад гэрлүүгээ орж байхад цагдаа ирээд бид нарыг аваад явах гэж байхад Нуржолыг Агажол гүйж ирээд миний хамарлуу гараараа цохьж цус гаргасан. Учирсан гэмтэл байхгүй байна. Ж, Нуржол 2 юунаас болж маргалдаад зодолдсоныг мэдэхгүй байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор Махаббатын хаана нь хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан 2 удаа цохьсон нүүрэн тус газар нь цохьсон байх гэж бодож байна, орж гараад сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 49/

 

-зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-5/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-38, 60-63/, хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо эвлэрч, хохирол санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болсон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64-68 зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Ж, А.Х, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарын иргэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нар болон хохирогч М.Нухжол нар нь хоорондоо эвлэрсэн, шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг дурдав.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, А.Х, Х.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ж, А.Х, Х.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ