Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00991

 

 

 

 

 

 

 

 

2022 05 23 210/МА2022/00991

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01543 дугаар шийдвэртэй Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэн ТБАГ-т холбогдох Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие тус хүрээлэнд 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар тасралтгүй ажилласан бөгөөд 2016 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр археологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар болж, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргасан.

Миний хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус хүрээлэнгийн захирлын 53 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдөр ажлын байр хадгалах 2/2016 дугаартай гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр ажилтан 2016 оны 09 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаанд суралцах, ажил олгогч уг хугацаанд ажлын байраар хангах үүргийг хүлээсэн. Миний хувьд дээрх хугацаанд судлах ёстой хичээлийг бүрэн судалж, дүнгээ авсан, диплом хамгаалах сэдвээ батлуулсан. Дипломын хамгаалалт нь 2021 оны 06 дугаар сард болох байсан ба цар тахлын улмаас хил хаагдаж тухайн сургуульд очиж холбогдох судалгааны ажлыг хийх боломжгүй болсон.

БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн албан тушаалтантай холбогдоход дипломаа заавал биечлэн хамгаалах шаардлагатай, цахимаар хамгаалах боломжгүй талаар утсаар мэдэгдсэн. Миний бие Монгол Улсад байх хугацаандаа хариуцагч байгууллагад хандаж, эрх бүхий албан тушаалтантай уулзаж гэрээт судалгааны ажилтнаар 2021 оны 06 дугаар сараас 11 сарыг дуустал ажилласан.

Миний урьд ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод докторын зэрэг шаардаагүй ба тус ажлын байранд суралцаж байгаа хүнийг ажиллуулж байгаа юм.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас хэзээ дипломоо хамгаалах тодорхойгүй байсан тул урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах талаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр хүсэлтээ гаргасан боловч албан ёсны хариу өгөөгүй.

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр захирлын туслахтай уулзахад ...ажлын байр хадгалах гэрээний дагууд сургуулиа төгсөж, дипломоо аваагүй тул үндсэн орон тоонд авч ажиллуулах боломжгүй байна гэж бичсэн байсан.

Миний бие шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд төрийн албан хаагчийн өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэх нийтлэг үүргийг биелүүлэхээр тэтгэлэг авч, суралцсан, өөрөөс үл хамаарах нөхцөл байдлаар дипломоо хамгаалж чадаагүй, ажлын байр хадгалах гэрээний хугацаа дууссан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон холбогдох дүрэм, журамд зааснаар ажил олгогч ажлын байраар хангах үүрэгтэй тул Б.Д- намайг Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнд даалгаж өгнө үү.

Миний гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн бол өнөөдрийг хүртэл цалин, орлогогүй хохирохгүй байсан тул өөрт учирсан хохирлоо ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээгээр тодорхойлон нэхэмжилж байна.

Шинжлэх Ухааны Археологийн хүрээлэн хариуцагчаар бус захиргааны зөвлөлийн дарга буюу хүрээлэнгийн захирал тухайн байгууллагын салбар, нэгжийн дарга, албан хаагчдыг томилж, чөлөөлөх эрхтэй этгээдийнхээ хувьд хариуцагч болох учиртай.

Намайг урьд ажиллаж байсан албан тушаалд томилох эрхтэй этгээд бол Шинжлэх Ухааны Археологийн хүрээлэн бус Шинжлэх Ухааны Археологийн хүрээлэнгийн захирал, тухайн захирлын ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүйгээс миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Д- нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд ажиллаж байгаад мөн оны 09 дүгээр сараас БНХАУ-д суралцахаар явахдаа тухайн үеийн хүрээлэнгийн удирдлагатай ажлын байр хадгалах гэрээг байгуулсан.

2019 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу ШУА-ийн хүрээлэнгийн бүтцэд өөрчлөлт орж, Түүх-археологийн хүрээлэнг Түүх, угсаатны хүрээлэн болон Археологийн хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсан. Энэ үед Археологийн хүрээлэнг 43 хүний орон тоотойгоор дахин байгуулсан бөгөөд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан шинэ хүрээлэнгийн орон тоонд нэхэмжлэл гаргагчийн орон тоо, нэр ороогүй.

Тиймээс ШУА-ийн Археологийн хүрээлэн нь нэхэмжлэл гаргагчийн хүсэлтийг хүлээн авч ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэл гаргагч нь 2021 оны 03-р сард ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-д үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй болсон тул хүрээлэнд ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж, ажилд орох өргөдөл өгсөн. Хүрээлэнгийн удирдлага хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл гэрээт ажилтнаар ажиллуулсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлыг хангалттай биелүүлээгүй тул хүрээлэнгийн зүгээс цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг зогсоосон.

Б.Д- нь гэрээт ажлын хугацаа дуусахтай зэрэгцэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Археологийн хүрээлэнгийн захиргаанд дахин өргөдөл гаргасан. Уг өргөдөлд суралцахаар явахад Түүх, археологийн хүрээлэнтэй ажлын байр хадгалах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу үндсэн орон тоон дээр ажиллах талаар тусгасан.

Уг гэрээ нь 2021 оны 07 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаатай бөгөөд гэрээний хугацаа дууссан. Гэрээний 2.2, 2.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Д- нь БНХАУ-д докторантурт суралцаж, докторын зэрэг хамгаалах ёстой. Гэвч нэхэмжлэгч нь цар тахлын нөхцөл байдлаас болж докторын зэргээ хамгаалж чадаагүй, хэзээ хамгаалах нь тодорхойгүй байна.

Энэ асуудлаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Захиргааны зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул үндсэн ажилтнаар авч ажиллуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.

Мөн Түүх, археологийн хүрээлэнтэй байгуулсан ажлын байр хадгалах гэрээний үндсэн заалт болох докторын зэргээ хамгаалах үүргээ бүрэн биелүүлээгүй тул ШУА-ийн Археологийн хүрээлэн түүнийг ажиллуулах боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэнд нэхэмжлэгч Дарханчин овогт Бэгзийн Дашдорж /рд:ЦЗ87022515/-г тус хүрээлэнд дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны ажил, албан тушаалд томилохыг даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,810,973.88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 130,125.59 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Б.Д-ийн дүнгийн мэдээллийн цахим зургийг нотлох баримтаар үнэлснийг зөвшөөрөхгүй. Тус баримт нь тухайн суралцаж буй сургуулийн албан ёсны бичгээр гаргасан тодорхойлолт биш байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй.

Б.Д-ийн докторантаар суралцах үйл явц нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт болсон учир тухайн улсын эрх бүхий байгууллагын албан бичиг, хуульд заасан үндэслэлээр олж авсан байх учиртай. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 41 дүгээр зүйлийн 2, Консулын харилцааны тухай конвенцийн 5, 38 дугаар зүйлд зааснаар Б.Д- нь судалгааны ажлаа гүйцэтгэсэн гэх баримтыг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, тус яамнаас БНХАУ-ын Гадаад харилцааны яамаар дамжуулж эрх бүхий байгууллагуудтай харилцах журамтай байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.б.Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар шийдвэрээр ШУА-ийн бүтцэд өөрчлөлт орж, Түүх археологийн хүрээлэнг Түүх, угсаатны хүрээлэн болон Археологийн хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсан. Энэ үед Археологийн хүрээлэнг 43 хүний орон тоотойгоор дахин байгуулсан бөгөөд Засгийн газрын шийдвэрээр дахин байгуулагдсан орон тоонд Б.Д-ийн ажлын байрны орон тоо хасагдсан нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тайлбар: Дүнгийн мэдээлэл нь цахим зураг биш бөгөөд өөрийн суралцдаг сургуулийн албан ёсны цахим сайтад нэр, нууц үгээр нэвтэрч авсан дүнгийн тодорхойлолт юм. Сургуулийн тодорхойлолт нь сургалтын албанаас гаргуулсан албан ёсны тодорхойлолт мөн. Миний ажлын байр одоо хүртэл хадгалагдаж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Д- нь Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэн ТБАГ-т холбогдуулан тус хүрээлэнгийн дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Д- нь Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэн ТБАГ-т эрдэм шинжилгээний ажилтнаар 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтнаар, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллажээ. /хх 13-17/

 

Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлын байр хадгалах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр археологийн чиглэлээр 5 жилийн хугацаанд суралцаж, тэтгэлэг авсан судалгааны ажлыг хугацаанд нь бичиж дуусган докторын зэрэг хамгаалах, хариуцагч нь эрдэм шинжилгээний ажилтныг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж захирлын зөвлөл үзвэл түүнийг ажлын байраар хангах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх12/

 

3.а.Нэхэмжлэгч Б.Д- нь ...миний бие судлах ёстой хичээлийг бүрэн судалж, диплом хамгаалах сэдвээ батлуулсан ба ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж холбогдох судалгааны ажлыг хийх боломжгүй болсон тул ажлын байр хадгалах гэрээний дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгоно гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч байгууллага нь ...нэхэмжлэгч Б.Д-ийг гэрээнд заасан докторын зэрэг хамгаалах үүргээ биелүүлээгүй тул түүнийг ажлын байраар хангах үүрэггүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

3.б.Ажлын байр хадгалах тухай гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Д- нь 2016 оны 09 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр докторын зэрэг хамгаалахаар суралцах болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Түүний суралцах хугацаанд ковид-19 цар тахал гарсны улмаас хөл хорио тогтоож, улсын хил хаасан нь нийтэд илэрхий үйл баримт байх тул нэхэмжлэгчийн хил хаагдаж холбогдох судалгааны ажлыг хийх боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

3.в.Ажлын байр хадгалах тухай гэрээний 2.3-т эрдэм шинжилгээний ажилтан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж захирлын зөвлөл үзвэл ажлын байраар хангана гэж заасны дагуу хариуцагч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захиргааны зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, уг хурлаар нэхэмжлэгч Б.Д-ийн ажилд томилуулах тухай хүсэлтийг хэлэлцээд түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажиллуулах боломжгүй гэх шийдвэр гаргажээ. /хх50-51/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Д-ийн докторантад суралцаж байгаатай холбоотой дүнгийн хүснэгт /хх10-11/, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн тодорхойлолт /хх58-59/ зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бодитой биш гэж үзэхгүй. Учир нь хариуцагч талаас тус баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нотлох баримт үнэлсэнтэй холбоотой асуудлаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. /4а/

 

3.г.Дээрх баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь эрдмийн зэрэг хамгаалахаар судлах ёстой хичээлийг бүрэн судалсан ба өөрөөс үл шалтгаалах нөхцөлийн улмаас эрдмийн зэрэг хамгаалж чадаагүй байхад гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

3.д.Шинжлэх ухааны академи Түүх, угсаатны зүйн хүрээлэн нь Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолоор Археологийн хүрээлэн болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан болох нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

 

3.е.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч ШУА-ын Археологийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтын хавсралт 1-д Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны орон тоо байхгүй тул нэхэмжлэгч Б.Д-ийг адил чанарын өөр ажил, албан тушаалд томилох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасантай нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан гэж хариуцагч байгууллагын орон, тоо бүтцэд байхгүй ажил, албан тушаалд томилохоор даалгасан нь хэрэгжих боломжгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дадлагажигч ажилтны ажил албан тушаалтай дүйцэх ажилд томилохыг даалгасан найруулгын өөрчлөлт оруулна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Засгийн газрын шийдвэрээр Археологийн хүрээлэнг 43 хүний орон тоотойгоор дахин байгуулсан тул Б.Д-ийн ажлын байрны тоо хасагдсан гэх гомдол үндэслэлтэй байна. /4б/

 

3.е.Хэргийн 13-17 дахь талд авагдсан нэхэмжлэгч Б.Д-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар 2016 оны 06 дугаар сараас 08 дугаар саруудад 658,822 төгрөгийн цалин хөлс авдаг байсан нь тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2,810,973.88 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийг Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны албанд өмнөх ажил албан тушаалтай нь дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч байгууллагад даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,150 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ