Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/10

 

 

2026 оны 02 сарын   26                                                 2026/ДШМ/10                         

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд               

    Прокурор Б.Буяндалай,

    Яллагдагчийн өмгөөлөгч Г.Дорждулам,

    Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/71 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.О-д холбогдох эрүүгийн 2526004100356 тоот хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.О,

Б.О нь 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08-н цагийн орчимд Өвөрхангай аймгийн Т сумын нутаг дэвсгэр орон нутгийн А0301 дугаартай Өвөрхангай аймгийн А сумаас 21 километрт асфалтан зам дээр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Өвөрхангай .... УКР улсын дугаартай Т маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Ш нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.О-д холбогдох эрүүгийн 2526004100356 дугаар хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Эрдэнэбат би, 2526004100356 дугаартай Б.О-д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 12 дугаар 12-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/71 дүгээр захирамжаар “хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3-т эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т яллагдагч, шүүгдэгч нас барсан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчилжээ. Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг харгалзаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Б.О нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Т сумын нутаг дэвсгэр орон нутгийн А0301 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 21 километрт асфалтан зам дээр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Өвөрхангай ... улсын дугаартай Т маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 ”жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Ш нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3-т хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хүсэлтийг хэлэлцэх зохицуулалтыг заасан. Өөрөөр хэлбэл яллагдагч нас барсан нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримталж хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн шатанд нас барсан тохиолдолд шүүх зохих шийдвэрийг гаргах бүрэн боломжтой. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байна.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдэг үндэслэл нь прокурорын шатанд ч нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй, шаардлагагүй нөхцөлд хүргэж байгаа ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн нас барсны гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн нь шүүхээс шийдвэр гаргахад хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт авагдсан байсан гэж үзэхээр байна.

Энэ нь тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/71 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч Б.О д холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлснээс хойш хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарахаас өмнө яллагдагч Б.О г нас барсан талаарх гэрчилгээ авагдаж яллагдагч нас барсан үйл явдал болсон. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Яллагдагч нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэл заалгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй шийдвэр болсон. Хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх анхан шатны шүүхэд байгаа. Харин хэргийг прокурорт буцаах талаар хуульд заасан үндэслэл байхгүй байхад тодорхой үндэслэлийг дурдаж заахгүйгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн. Ямар зүйлийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж байгаа нь тодорхойгүй. Яллагдагч, шүүгдэгч нас барсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т яллагдагч нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Харин хэргийг прокурорын шатанд буцааж хэрэгсэхгүй болгоно гэсэн зүйл биш. Энэ нь хүний гэм бурууг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Хүн нас барсан бол шууд хэрэгсэхгүй болно гэсэн ойлголт биш. Шүүх хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нь шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэм буруугүй асуудлыг нь хэлэлцэх хуультай учраас прокурорт буцаасан шийдвэр үндэслэлгүй. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон. Харин ажиллагаа явуулж болохгүй, шийдвэр гаргаж болохгүй гэсэн ойлголт биш юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгч нас барсан ч түүний гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан. Магадгүй гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нөхцөл байдал үүсэх боломжтой учраас шүүхийн шатанд шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дахь хэсэгт заасан хүсэлтийг хэлэлцэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн байцаалтын шатанд буцааж хийлгэх гэсэн агуулгатай нөхцөл байдалтай тохирохгүй байна.

 Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын  анхан шатны шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Дорждулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 1.3 1.4 1.5 дахь заалтуудад заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т яллагдагч, шүүгдэгч нас барсан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл хамаарч байгаа учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан. Нас барсан этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх хууль зүйн зорилгогүй болсон. Иймд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.О  нь 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан нь .... дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагч нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох боломжтой  тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 71 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Б.О-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-гийн гаргасан хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэгчийг явуулж, хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.О  2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нас барсан нь нас барсны ИБД: ... дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна гэж дүгнэн яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хүсэлтийг хэлэлцэх зохицуулалтыг заасан. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн шатанд нас барсан тохиолдолд шүүх зохих шийдвэрийг гаргах бүрэн боломжтой. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдэг үндэслэл нь прокурорын шатанд ч нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй, шаардлагагүй нөхцөлд хүргэж байгаа ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн нас барсны гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн нь шүүхээс шийдвэр гаргахад хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт юм. Энэ нь тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй ... захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хуульд заасан шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганцэцэгийн гаргасан хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахад яллагдагч Б.О  2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нас барсан нь ИБД: ... дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй буюу шүүгчийн захирамж тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул прокурорын энэ агуулгаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/71 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ