Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 957

 

 

 

 

 

 

 

                      

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ, 

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Намжилдорж,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н, Ц.Т нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706010000898 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Ц.Т нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Нтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Б.Н нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ттай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Ц.Т, Б.Н нар нь харилцан зодолдож, харилцан бие биендээ хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...тухайн хэрэг гардаг өдөр Ц.Т согтуу надруу дайрч намайг зодсон. тэр үед би биеэ хамгаалж Ц.Ттай барилцаж аваад баруун гараар Ц.Тын үснээс зулгааж бид хоёр барилцсан чигээрээ газар хүчтэй унасан. Тэгээд бид ноцолдсон. Манай нөхөр Д.Эрдэнэбаяр ирээд салгах гэхээр нь би уурлаад хоёр эмэгтэй хүн зодолдож байхад чи хэрэггүй. Бид хоёр өөрсдөө учраа олно гээд хөөж явуулсан. Энэ үед Ц.Тын зүүн бугалганд үүссэн цус хуралт үүссэн байх, харин зулай хуйханд үүссэн зөөлөн эдийн гэмтэл би Ц.Тын үснээс баруун гараараа зулгаасан үед үүссэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Хохирогч, шүүгдэгч Ц.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:

...намайг гудамжинд гараад булан тойрч байтал Б.Н араас ирээд миний үснээс зулгаагаад хойшоо татахаар нь би зөрүүлээд Б.Нгийн үснээс зулгаагаад байж байтал Д.Эрдэнэбаяр ирээд бид хоёрыг боль тавьцгаа гэхээр нь Б.Нгийн үсийг тавьсан чинь Б.Н миний үснээс улам зулгаагаад чи Ц.Тыг өмөөрдөг хэн бэ гээд байсан. Тэгэхээр нь би орилоод уйлсан чинь Д.Эрдэнэбаяр тавь гээд дахиад Б.Нг цохиод байсан. Хаашаа цохисныг би мэдээгүй. Тэгээд Б.Н миний үснээс тавиад хоошоо явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч Н.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ц.Т, Б.Н хоёр манай гэрийн орчимоор аавуудын баяр тэмдэглэж байна гээд согтуу яваад байсан. Орой үнээ саах гэж байхад буюу 18 цагийн үед гэрийн гадаа Оюунаа гээд дуудаад байхаар нь би гараад хартал хашааны гадаа Б.Н согтуу нүүр нь хөхөрч хавдсан зогсож байхаар нь би шууд гэрлүү авч ороод нүүрийг нь угаагаад өвчин намдаах эм өгөөд юу болсон талаар асуусан чинь Ц.Т намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдийг чинь дуудаж эмнэлэг орох уу гэж хэлсэн чинь Б.Н яах юм өнөөдөр танайд хоноод өглөө үзүүлнэ гэж хэлээд манайд хоноод өглөө би эрт босож үхрээ саачихаад ороод ирсэн Б.Н явчихсан байсан гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

Гэрч Н.Цээзэдмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улиастайн фермид байдаг манай гэрт найз Мөнхөө ирсэн. Тэгэхээр нь ойрд уулзаагүй гээд нөхөр бид гурав нэг шил архи хувааж ууж байхад гаднаас зүс таних Б.Н орж ирээд манайд цай уусан. Тэгээд юм яриад сууж байтал араас Ц.Т нэг шил архи аваад орж ирээд манай нөхөр, Мөнхөө, Б.Н, Ц.Т бид 5 ууж байтал Б.Н, Ц.Т хоёр гэнэт маргалдаад гэрээс гарахаар нь би араас нь гартал хоорондоо зодолдоод үснээсээ зулгаалдаад манай хашаанд зогсож байсан. Би боль гэж хэлсэн боловч салахгүй байсан. Гаднаас Б.Нгийн нөхөр Д.Эрдэнэбаяр орж ирээд тэр хоёрыг бас боль гэж хэлсэн чинь салахгүй байхаар эхнэр Б.Нг хоёр алгадаж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн43-44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 10240 дугаартай:

Б.Нгийн биед 2 нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 10412 дугаартай:

Ц.Тын биед зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/

 

-хохирогч Б.Нгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 10-14/, хохиролын талаарх баримт /хх-ийн 15-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Н, Ц.Т нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 20-р хорооны тодорхойлолт /хх-ийн 51-54, 56, 72-74/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болох нөхцөл тогтоогдоогүй ба шинжээч томилсон тогтоол хэрэгт авагдаагүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, зарим гэрчийг асуугаагүй зэрэг нь шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Н, Ц.Т нар нь 2017 оны 08 сарын 09-ний өдөр  Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулж,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Н, Ц.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Т, Б.Н нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг тэдний ажил эрхлэлтийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт үйлдэлд өгч буй дүгнэлт, хохирол төлбөр барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь нотлох баримтаар нийт 206.700 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Ц.Таас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ц.Т, Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд

шүүгдэгч Ц.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Т, Б.Н нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Таас 206.700 төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ