Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00988

 

 

 

 

 

 

 

 

 

 

ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00901 дугаар шийдвэртэй

ОК ХХК нь нэхэмжлэлтэй, С.Э, Д.Н нарт холбогдуулан гаргасан

ОК ХХК, Д.Нын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-д шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хариуцагч С.Эд холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Нын нэхэмжлэгч ОК ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг, хүү 30,500,000 төгрөг, олох байсан орлого 38,454,900 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 25,397,415 төгрөг нийт 199,352,315 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагч С.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ОК ХХК, Д.Ннарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаврыг арилгуулж, Д.Нын нэр дээрх улсын бүртгэлийн Ү-2204099728 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, High apart 8б дугаар байрны 69 тоот орон сууцны өмчлөх эрхийг ОК ХХК-нд шилжүүлэхийг даалтгах шаардлага гаргасан.

Шаардлагын үндэслэл нь ОК ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт High apart үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2015 онд хийхдээ аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө оруулалт татах, иргэдтэй орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтыг бий болгосон. Ингэхдээ С.Этай холбогдож түүний танил бизнес эрхэлдэг түншүүдээс зээл авах, хөрөнгө оруулалт татах замаар барилгын ажлын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх талаар санал тавихад би танай компанид тусалъя, надад зээл өгдөг хүн бий, гэхдээ тэр хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авдаг гэсэн тул С.Эгаар дамжуулан Д.Наас зээл авах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/340 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж High apart орон сууцны А блокын 12 дугаар давхрын 69 тоот хаягт байрлах 87.1 м.кв талбай бүхий орон сууцыг бусдад барьцаалах эрхийг С.Эд олгосон.

С.Э нь Д.Нтай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан гээд түүнээс зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банк ХХК дахь 5038029408 тоот дансанд шилжүүлсэн тул мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалахдаа Д.Нын хүсэлтээр барьцааны гэрээ байгуулалгүй С.Этай байгуулсан орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг түүний нэр дээр шилжүүлсэн.

Д.Наас С.Эгаар дамжуулан зээлсэн 100,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр С.Эд бэлнээр, 80,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК дахь С.Эгийн эзэмшлийн 45250980 тоот дансанд шилжүүлж дуусгасан.

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Д.Нтай байгуулсан гэрээг хүчингүй болгож барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлөхийг шаардахад С.Э нь тус орон сууцыг барьцаалж Д.Наас 150,000,000 төгрөгийн зээл авсныг мэдсэн.

Ингээд С.Эгаас 50,000,000 төгрөгийг нэн даруй төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүйн улмаас Д.Ннь орон сууцыг бусдад шилжүүлж мөнгөө олж авна гэх мэтээр дарамт шахалт үзүүлсэн. С.Этай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөг, авлаг хаах барагдуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр С.Э нь Д.Нт төлбөл зохих зээлийн төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж, компанийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхөө илэрхийлсэн. Энэ тохиролцоог Д.Нзөвшөөрсөн тул түүний шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулж, зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст орон сууц захиалагчийн хувьд төлбөр тооцоогүй гэх утга бүхий албан бичгийг үйлдэж Д.Нт хүлээлгэж өгсөн.

Д.Ннь дээрх орон сууц захиалгын гэрээг зээлийн барьцааны гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч, зөвхөн барьцаа баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан ба зээл төлөгдсөн даруйд орон сууцыг буцаан шилжүүлэн өгөх байсан. Гэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байж болно гэснийг Д.Нын хүсэлтийг үндэслэн уулзалт хийж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан.

С.Э нь өглөг авлага хаах, барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Д.Нт зээлийн төлбөрийг барагдуулахгүй байгаагаас үүдэн манай компани Д.Нт ямар нэг өр төлбөргүй атлаа өөрийн өмчлөлийн орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсон.

ОК ХХК анх Д.Нтай барьцааны гэрээний харилцаанд орж, түүнтэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг буюу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл.

Иймд иргэн Д.Нболон С.Э нартай амаар байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, High apart 8б дүгээр байрны 69 тоот орон сууцыг барьцаалахдаа байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 561.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж орон сууцны өмчлөх эрхийг ОК ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Нт даалгаж өгнө үү.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад С.Э нь Д.Нт мөнгө төлсөн дансны хуулгыг гаргаж өгсөн ба ОК ХХК, С.Э нар тооцоо нийлэхэд 45,000,000 төгрөгийг Д.Нт төлөөгүй байсан. Энэ 45,000,000 төгрөгийг ОК ХХК, С.Э нарын маргааны улмаас ОК ХХК-аас С.Эд төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулаад ОК ХХК-аас 45,000,000 төгрөгийг Д.Нт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу С.Эгаас 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

 

2. Хариуцагч Д.Нын татгалзлын агуулга: Хариуцагч С.Э, нэхэмжлэгч ОК ХХК-уудын зүгээс Д.Нтай харилцан тохиролцоод сарын 8,000,000 төгрөгийн хүүтэйгээр 150,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Д.Ннь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөгийг С.Эгийн данс руу шилжүүлсэн.

Тухайн үед зээлийн баталгаа болгоод Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, High apart орон сууцны барилгын А блокын 12 дугаар давхрын 69 тоот хаяг байрлах 87.1 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэхээр тохирсон.

С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр эхний сарын хүү 8,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 06 дугаар сарын хүү 8,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 07 дугаар сарын хүү 8,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 08 дугаар сарын хүү 7,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 08 дугаар сарын хүүний үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гүйцээж төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 09 дүгээр сарын хүүнд 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 9 дүгээр сарын хүүгийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, нийт 41,500,000 төгрөгийн хүүг төлсөн

Ингээд манайх удаа дараа зээлээ төлөхийг шаардсаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзаад ОК ХХК-ийн зээлээ хүүгийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлж барагдуулна, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэхгүй байхаар тохиролцсон боловч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний төлбөрөө төлөөгүй тул хариуцагч Д.Ннь тухайн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад баримтыг бүрдүүлж өгсөн.

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин уулзсан, ОК ХХК нь зээлээ төлж байгаагүй учраас орон сууцны төлбөрийн үлдэгдэлгүй, цахилгаан дулааны өргүй гэх албан бичгийг Д.Нт хийж өгсөн.

Талуудын 2018 онд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан боловч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, байр нь дугааргүй тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж боломжгүй тул маргаан бүхий орон сууцыг баталгаа болгож зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх хүсэл зоригийн агуулга байсан.

С.Э нь 2018 онд маргаан бүхий орон сууцны эзэмших, өмчлөх захиалах эрхийг Д.Нт шилжүүлэн өгсөн. ОК ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр С.Эд маргаан бүхий орон сууцыг бусдад барьцаанд тавих эрхийг олгосон. Уг шийдвэрт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд барьж гүйцэтгэж буй High аpartment барилгын 8/б дүгээр байрны 69 тоот гэж бичсэн ба үүнтэй холбоотойгоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тухайн орон сууцанд ОК ХХК нь 2017 онд 8А дугаар байр гэдэг хаяг аваагүй байсан.

2018 оны 12 дугаар сард маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээж авснаар эрх бүхий байгууллагаас 8а дугаар байр гэдэг хаяг өгсөн. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын хувьцаа эзэмшигчийн хурлын хурлын шийдвэрт 8а гэж тусгагдсан. Энэ баримтыг нэхэмжлэгч талаас өөрт ашигтай байдал бий болгохоор нөхөж гаргаж үйлдсэн.

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Этай байгуулсан 01/340 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 2 дахь хэсэгт, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх хэлцэл тус тус 8А блок гэж бичигдсэн.

ОК ХХК-ийн захирал нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний баталгаа болгож Д.Нын нэр дээр орон сууцыг шилжүүлэхдээ С.Эгаас зөвшөөрөл авсан. Хэрвээ тус орон сууц ОК ХХК-ийн өмч байсан бол иргэн С.Эгаас зөвшөөрөл авч шилжүүлэх шаардлагагүй. Тус орон сууцыг анхнаасаан С.Эгийн өмчлөлийн эд хөрөнгө байсан гэжээ.

 

3. Хариуцагч С.Эгийн татгалзлын агуулга: 2017 онд ажлын асуудлаар ОК ХХК-ийн Д.Ганзоригтой уулзсаахд ба ОК ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй High apartment орон сууцны барилгыг барьж дуусгахад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт хайж байгаа талаар олж мэдсэн. Ингээд С.Э нь ОК ХХК-д нэмэлт хөрөнгө оруулалт татахад нь туслалцаа үзүүлэхээр болж, маргаан бүхий орон сууцыг бусдад дамжуулан барьцаалан зээл авахаар тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. С.Э нь өөрийн танил Д.Ныг ОК ХХК-ийн захирал Д.Ганзоригтой танилцуулж, Д.Ннь ОК ХХК-д хөрөнгө оруулж зээл өгөхөөр тохирсон. Ингээд ОК ХХК болон Д.Нын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулагдсан ба ОК ХХК нь High Аpartment орон сууцны А блокын 12 дугаар давхрын 69 тоот хаяг бүхий 87.1 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж Д.Наас зээл авахаар тохирсон. Улмаар Д.НС.Эгийн дансанд 149,500,000 төгрөг шилжиж өгсөн бөгөөд уг мөнгөнөөс ОК ХХК-ийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба ОК ХХК-ийн захирал Д.Ганзориг, Д.Ннарын зөвшөөрлийн дагуу 50,000,000 төгрөгийг өөрийн танил Ж.Жаргалсайханд зээлдүүлсэн. ОК ХХК болон Д.Ннарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа иргэн С.Эгийн дансаар дамжиж төлөгддөг байсан ба өнөөдрийн байдлаар иргэн С.Э ОК ХХК-аас түүний данс руу шилжүүлсэн нийт 59,500,000 төгрөгийг Д.Нт шилжүүлж өгсөн, мөн 45,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн нутагт байрлах Вива сити хотхонд байрлах орон сууцны өмчлөх эрхийг Д.Нт шилжүүлж өгсөн байдаг гэжээ.

 

4. Хариуцагч Д.Нын сөрөг нэхэмжлэлийн тайлбар, агуулга: Хариуцагч Д.Ннь 150,000,000 төгрөгийг ОК ХХК-д зээлдүүлсэн, өнгөрсөн хугацаанд хүүнд 41,500,000 төгрөг буцаан шилжүүлсэн. Вива сити хотхоны байрыг 45,000,000 төгрөгт тооцож авсан, үндсэн зээлээс 45,000,000 төгрөгийг хасахаар 105,000,000 төгрөгийн үндсэн зээл үлдэж байгаа гэж үзэж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс зээлийн гэрээний дуусах хугацааг талууд 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр гэж тохиролцсон, энэ хугацааны буюу 9 сарын хугацаанд сарын 8,000,000 төгрөгийн хүү авахаар тохиролцсон гэж бодохоор нийт 72,000,000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос төлсөн 41,500,000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл 30,500,000 төгрөгийн хүү төлөх ёстой.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 105,000,000 төгрөг, хүү 30,500,000 төгрөг, нийт 135,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ОК ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол банкны хадгаламжийн жилийн болон дундаж хүүгийн талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүн дээрээс 2019 оноос 2020 он хүртэл дундаж хүү 10.83 хувь байсан, 2020 оноос 2021 онд хүртэл 10.25 хувь, 2021 оноос 2022 он хүртэл 7.3 хувийн жилийн дундаж хүүгийн баримт гаргаж өгсөн. ТУс баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 135,500,000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол нийт 38,454,900 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олох байсан. Гүйцэтгээгүй үүрэг буюу 135,500,000 төгрөг дээрээ олох байсан орлого 38,454,900 төгрөг нэмэхээр 173,954,900 төгрөг болж байна. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын байдлаар Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан инфляцын түвшин 14.6 хувьтай байсан. Ийм учраас 173,954,900 төгрөгийн инфляцийг бодохоор 25,397,415 төгрөгөөр нэмэгдсэн харагдаж байна. Тэгэхээр үүнийг нэмэхээр нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлага 199,352,315 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа атлаа сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна.

Маргаан бүхий орон сууц нь ОК ХХК-ийн хөрөнгө биш С.Э гэдэг хүний өмчлөлөөс авсан гэсэн мөртлөө ОК ХХК-ийн албан тоотоор 274,000,000 төгрөгийн эд хөрөнгийг өмчлөлдөө авсан. Сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна.

Д.Н, ОК ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзээд хариуцагч нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар хүү болон алданги нэхэмжилжээ. Зээлийн гэрээгээр хүү, алданги тооцож шаардах бол уг гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаг. Д.Н, ОК ХХК-ийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү шаардах эрх байхгүй.

Мөн алданги шаардахаар бол ямар нэгэн байдлаар тухайн 150,000,000 төгрөгийн зээлийн харилцаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз буюу алданги төлнө гэж тохирсон байх ёстой. Гэтэл энэ талаар талууд тохиролцоогүй. С.Э, ОК ХХК-ийн хооронд эвлэрлийн гэрээгээр тохирсон С.Эгийн төлөх ёстой 45,000,000 төгрөгийг манайх төлж, өгсөн авснаа буцаахаар ярьсан гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ОК ХХК, хариуцагч Д.Ннарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099728 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8/б байрны 69 тоот хаягт байрлах 89.94 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-нд шилжүүлэхийг хариуцагч Д.Нт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Эд холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ОК ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ОК ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Нт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141,352,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,006,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,549,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,598,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 447,950 гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Д.Нын давж заалдах гомдлын агуулга: Урьд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хэнд холбогдуулан юу хүсэж байгааг нь тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрүүлэхээр буцаасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх хараат бус байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

7.а.Талууд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг дүгнээд харилцан үүрэг хүлээсний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохирсны дагуу хийгдсэн хэлцлийг зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэхгүй, зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд маргаан бүхий орон сууцыг үүргийн гүйцэтгэлд зээлдэгч талд шилжүүлэн өгнө гэсэн өөр нэг хэлцэл хийгдэж, түүний үндсэн дээр шилжүүлсэн.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ОК ХХК-ийн захирал Д.Ганзориг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр тооцоо дууссан гэсэн тодорхойлолтыг Д.Нт гаргаж өгсөн нь үүргээ биелүүлж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шижүүлэн өгсөн.

7.б.Хариуцагч Д.Ннь ОК ХХК, С.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн үүрэгт 173,250,000 төгрөг, нийт 278.250.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжид 1,549,200 төгрөг төлсөн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тооцооллын хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 105,000,000 төгрөг, үүнийг жилийн 13 хувийн хадгаламжийн дундаж хүүгээр бодоход нэг жилийн хадгаламжийн дундаж хүү 13,650,000 төгрөг болсон бөгөөд 3 жилийн нийт хадгаламжийн дундаж хүү 40,950,000 төгрөг болж, нийт 145.950.000 төгрөг болно. ҮҮнээс инфляци нь 2022 оны байдлаар 16,6 хувь байхаар тооцоход 24,227,700 төгрөг байна. Иймд нийт 170,177,700 төгрөг болно. Үүнд дээр Иргэний хуулийн 181 дүгээр зүйлд заасны дагуу шаардаж буй 30,500,000 төгрөгийн хүүг нэмээд нийт 200.677.700 болно.

Үндсэн зээл болох 150.000.000 төгрөгөөс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива Сити 1/16 байр 2-1 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууцийг 45.000.000 төгрөгт тооцож авсан тул үндсэн зээл 105.000.000 төгрөг нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх С.Эгаас хүүд төлсөн 41.500.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлгүй. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Ннь ОК ХХК, С.Э нартай 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулсан, 2018 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр хүү гэсэн агуулгаар 8,000,000 төгрөг шилжүүлж, үүнээс хойш 7 удаагийн гүйлгээгээр нийт 41,500,000 төгрөгийг хүүд шилжүүлснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан нь Улсын Дээд шүүхийн талйбараар зээлдүүлэгчид хамааралтай заалт тул нэгэнт төпсөн хүүг буцаан шаардах боломжгүй.

Энэ эрх нь талууд хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй ч хожим зөвшөөрч 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ОК ХХКийн захирал Д.Ганзориг, Д.Нын уулзалтаар хамтран зээлдэгч нарын хэн, хэдэн төгрөгийг зээлсэн талаар баримтжуулж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан. Мөн уулзалтаар төлбөрийн бүрэн дуусах хүртэл хүүгийн хамт төлнө гэх хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж бичгээр үйлдэн, талууд гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа тул 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү шаардах эрхтэй.

7.в.С.Э нь Д.Нт 11 сарыг хүртэл хугацааны хүү төлсөнөө хүлээн зөвшөөрч Ж.Жаргалсайханаас хохирол гэж 27,500,000 төгрөг шаардсан байгаа нь 9 сарын хугацаанд 5 хувийн хүү төлж байсан гэдэг баримтаар нотлогдож баина.

Өглөгө, авлага хаах, барагдуулах гэрээний 1.1 дэх хэсэгт хүү 7,500,000 төгрөг гэж бичигдсэн. Анхан шатны шүүх энэ шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй

7.г.Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлагаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан дагуу үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэснээр тодорхойлсон. Хүү шаардах эрх үүссэн хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талууд уулзаж тохирсон хугацаагаар тооцож, шаардах эрхийн үндэслэлээ шүүх хуралдаан дээр хадгалмжийн хүү нэмэх нь инфиляц байна гэж тодорхойлсон.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус заалт нь гэрээнээс татгалзсантай холбоотой эрх зүйн үр дагаварт хамааралтай.

Иргэд хоорондын мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байдалд хариуцлага хүлээлгэхдээ зохистой хүүг хадгаламжийн дундаж хүүгээр тооцох нь зүйтэй гэж үзэж байх тул шүүх тохирсон буюу зохистой хүүг хадгаламжийн дундаж хүүгээр тооцож, шүүхийн практик, нэгдмэл хэрэглээг тогтоож өгнө үү.

7.д.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 278,250,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 1,549,200 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ сөрөг нэхэмжлэлээс 58,000,00 төгрөгийг хангаж, үлдэх 141,352,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн илүү төлсөн зөрүүг шийдвэрлээгүй орхигдуулсан. Учир нь 199,352,315 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 1,154,711 төгрөг байна.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийг 200,677,700 төгрөг байхаар тооцоолон тайлбарласан. 200,677,700 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нь 1,161,338 төгрөг юм. Иймд төлсөн 1,549,200 төгрөг, төлбөл зохих 1,161,338 төгрөгийн зөрүү нь 387,862 төгрөг байхад шүүх дүгнэхгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Орчлон консракшн ХХК-ийн нэхэмжлэлээс орон сууцыг буцаан шилжүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангаагүй үлдсэн 142,677,700 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч С.Эгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч Д.Нын нарын хооронд 149,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаад хариуцагч С.Эгийн төлсөн 109,500,000 төгрөг, 45,000,000 төгрөгийн орон сууцыг оролцуулаад энэ үнийн дүн гарч байна.

Нэхэмчлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаврыг арилгуулан сөрөг нэхэмжлэлээс хуульд заасан хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлээгүй байх тул өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ОК ХХК нь хариуцагч Д.Нт холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart А блок, 69 тоот хаягт байрлах 89.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 199,352,315 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Орчлон констранкшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар С.Эг тодорхойлж түүнд холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаснаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг шаардлагаас татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Орчлон констранкшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч С.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4.ОК ХХК нь ... Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт High apart нэртэй орон сууцны барилгын ажилд 2015 онд хөрөнгө оруулалт татахаар С.Этай холбогдож түүний танил Д.Наас зээл авах болсон. С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан гээд Д.Наас зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банк ХХК дахь 5038029408 тоот дансанд шилжүүлсэн тул мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий орон сууцыг барьцаалахдаа С.Этай байгуулсан орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг түүний нэр дээр шилжүүлсэн гэх агуулгаар дээрх гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Хариуцагч Д.Ннь ... талуудад 2018 оны зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байсан боловч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй байсан тул маргаан бүхий орон сууцыг баталгаа болгон зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар, С.Э нь 2018 онд Д.Нын нэр дээр эзэмших, өмчлөх захиалах эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийг зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлвөл орон сууцыг буцаан өгөхөд бэлэн гэх тайлбар гаргаж маргасан байна.

 

4а. ОК ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart А блок, 69 тоот хаягт байрлах орон сууцыг дамжуулан зээл авах зорилгоор С.Этай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, уг гэрээг байгуулснаар тус орон сууцыг бусдад барьцаалж зээл авах эрхийг олгосон, /1-р хавтасны 11 дүгээр тал/

 

Тус компани нь С.Этай 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ОК ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart А блок, 69 тоот хаягт байрлах 89.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг С.Эгийн өмчлөлд шилжүүлэх, С.Э нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 274,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, /1-р хавтасны 13-16 дугаар тал/

 

Үүний дараа ОК ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт тус компанийн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр олгосон эрхийн дагуу С.Эгаар дамжуулж Д.Наас 100,000,000 төгрөгийн зээл авах, уг зээл авсантай холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart А блок, 69 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалж, Д.Нын хүсэлтээр түүний нэр дээр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг шилжүүлэн байгуулж, С.Этай байгуулсан гэрээг хүчингүй болгосон, /1-р хавтасны 12 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг үндэслэн тус компани нь Д.Нтай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ОК ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart А блок, 69 тоот хаягт байрлах 89.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Наранбаярын өмчлөлд шилжүүлэх, Б.Наранбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 274,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, /1-р хавтасны 17-19 дүгээр тал/

 

С.Э нь Д.Наас зээлсэн мөнгөнөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ОК ХХК-ийн дансанд 99,500,000 төгрөг шилжүүлсэн, /1-р хавтасны 29 дүгээр тал/

 

ОК ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр С.Эд 20,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 70,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтууд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ./1-р хавтасны 30-32 дугаар тал/

 

Хариуцагч С.Э нь нэхэмжлэгчид санхүүжилт олох замаар хариуцагч Д.Наас 150,000,000 төгрөг зээлснээ 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ОК ХХК-д шилжүүлсэн, 50,000,000 төгрөгийг Ж.Жаргалсайханд зээлдүүлсэн гэх тайлбар гаргасан.

 

4.б.Мөн ОК ХХК-ийн захирал Д.Ганзориг, Д.Ннарын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзвэл тус уулзалтаар 800,000,000 төгрөг болон 150,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцсэн байна.

 

Дээрх хоёр асуудлын 150,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудал нь маргааны зүйлд хамаарах ба тус уулзалтаар Д.Нын нэр дээрх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391 тоот, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/401 тоот хөрөнгө оруулалтын гэрээ болон төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолтыг өнөөдрийн он, сар, өдрөөр гаргаж өгөх, мөн зээлийн эргэн төлөлт дууссан тохиолдолд гэрээг буцаан шилжүүлэх, хүчингүй болгох-оор харилцан тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 22-23 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart А блок, 69 тоот хаягт байрлах 89.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан ч 100,000,000 төгрөг авсан, уг мөнгөн хөрөнгийг С.Эд төлсөн боловч уг мөнгийг цааш нь төлөөгүй, тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Нт зээлийг төлнө гэсэн тул түүнийг төлөхөөр гэрээг хүчингүй болгох талаар ярилцаж, тус гэрээг Д.Нын нэр дээр шинэчлэн байгуулахаар харилцан тохиролцож улмаар тус өдөр 01/3911 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг талууд байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

С.Э Д.Нт зээлсэн мөнгөн хөрөнгийг хугацаандаа төлөөгүйгээс Д.Ннь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж улмаар өмчлөгч болжээ.

 

4.в.Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 01/391 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 01/391-1 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээнүүдэд зааж, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн агуулга зээлийг буцаан төлөхтэй холбоотой.

 

Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.г.Нэхэмжлэгч ОК ХХК нь хариуцагч Д.Нтай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/391-1 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /7а/

 

Хариуцагч Д.Ннь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/б дүгээр байрны 69 тоот хаягт байрлах 89.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Нт даалгасан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

5. Хариуцагч Д.Ннь нэхэмжлэгч ОК ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 105,000,000 төгрөг, хүү 173,250,000 төгрөг нийт 278,250,000 төгрөг гаргуулахаар шаардсанаа зээлийн гэрээний үндсэн үүрэгт 105,000,000 төгрөг, хүү 30,500,000 төгрөг, олох байсан орлогод 38,454,900 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 25,397,415 төгрөг нийт 199,352,315 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Нын нэхэмжлэгч ОК ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс 58,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 141,352,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах боломжтой.

 

5.а. Хэргийн 1 дүгээр хавтасны 22-23 дугаар талд авагдсан ОК ХХК-ийн захирал Д.Ганзориг, Д.Ннарын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзвэл тус уулзалтаар 800,000,000 төгрөг болон 150,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Д. Наранбаяр нь 150,000,000 төгрөг зээлүүлснийг хүүгийн хамт буцаан авсан тохиолдолд гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлнэ,... гэсэн бол тус компанийн захирал Д.Ганзориг нь 150,000,000 төгрөгийн зээлд 01/391 тоот гэрээг барьцаалсан хэдий ч 100,000,000 төгрөг авсныг 2018 оны 05 дугаар сарын 03, 30-ны өдрүүдэд С.Эд төлсөн, С.Э дээрх төлбөрийг танайд өгөөгүй ч С.Э 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлнө гэсэн, иймд гэрээг хүчингүй болгож болох байх, ... гэсэн байна.

 

Дээрх тэмдэглэлд 800,000,000 төгрөгийг төлж дуусах хүртэлх хугацаанд хүү төлөхөөр яригдсан болохоос 150,000,000 төгрөгт хүү тооцож өгөх тодорхой хүсэл зориг илэрхийлэгдээгүй байх тул 150,000,000 төгрөгийн хүүг төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ннь нэхэмжлэгч ОК ХХК-аас хүү шаардах эрхгүй. Хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хүүгийн талаар гаргасан гомдлыг хангахгүй. /7б/

 

5б.Нэхэмжлэгч компани болон хариуцагч Д.Ннарын хооронд 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтуудаар тогтоогдсон. Энэхүү зээлийн гэрээний харилцааны гуравдагч этгээд болох С.Э нь Ц.Адилбишээс олгосон итгэмжлэлээр зээлийн мөнгөн хөрөнгийн 45,000,000 төгрөгний төлбөрт тооцож 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/16 дугаар байрны 2-1 тоотод байрлах 33.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Д.Нт бэлэглэсэн уг орон сууц нь нэхэмжлэгчийнх болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Иймд хариуцагч Д.Нт үндсэн зээлийн 150,000,000 төгрөгийн нэхэмжлэгчээс 45,000,000 төгрөгийг С.Э дээрх орон сууцыг шилжүүлэх замаар төлсөн гэж үзэж, нэхэмжлэгч ОК ХХК-аас 105,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Нт олгох үндэслэлтэй.

 

5.в.С.Эгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Наранбаярт төлөгдсөн 41,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь талуудын зарчимд нийцэхгүй.

Хариуцагч Д.Нын хугацаа хэтрүүлсний хүү болон учирсан хохирол нэхэмжилснийг хангахгүй. Учир нь тус хэлцлийн хувьд орон сууцыг барьцаалах буюу өөр хэлцлээр халхавчлах замаар С.Эгаар дамжуулан зээл олгож, түүнээс Д.Ннь зохих хэмжээнд хүү авч байсан хариу төлбөртэй нөхцөл байгаа тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэг үүсэхгүйгээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчээс олох байсан орлого шаардах эрх үүсэхгүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. /7в, 7г/

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй тул хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын энэ агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. /7д/

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан 105,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ОК ХХК-аас гаргуулж хариуцагч Д.Нт олгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 94,352,315 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00901 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ОК ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Нт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,352,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

4 дэх заалтын ...447,950 гэснийг ...682,950 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 941,538 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ