| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0663/Э |
| Дугаар | 965 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч П.Болормаа,
хохирогч Х.Октябрь,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806011280347 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Х.Октябрийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806011280347 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Х.Г нь хохирогч Х.Октябрийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Х.Октябрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...тэр айлын хашаанд оролгүй шил лааз байна уу гээд хараад байж байтал туранхай биетэй, сэтэрхий уруултай өндөр биетэй, архи үнэртүүлчихсэн залуу гарч ирээд над руу үгийн зөрүүгүй гараа атгаж байгаад нүүр лүү хэд хэдэн удаа цохиод... тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн, хамарнаас цус гарсан байсан ... Уг хүн хамар руу цохиж хамар ясны шинэ хугарал гэмтлийг учруулсан. 7-р хавирганы хуучин хугарал гэмтэл өмнө нь хугараад эдгэсэн байсан. Уг хүн хавирга руу өшиглөсөн гэхдээ гэмтэл учруулаагүй. Миний хувьд эмчилгээнд гаргасан хохирлын мөнгийг авсан хиолдолд өөр гомдол санал байхгүй. Хамарны хагалгаанд ороход 412,000 өгрөг болно гэсэн эмчийн тодорхойлолт нь байгаа. Урьд нь хамарны зураг вахуулсан 80,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, 80.000 өгрөгөөр толгойны зураг авахуул гэсэн боловч мөнгөгүй учраас авахуулж чадаагүй байна. Эмчийн бичиг нь байгаа. Цаашид хамарны хагалгаанд орсны араах эмчилгээний зардлуудыг баримтаар гаргаж нэхэмжилнэ. Одоогийн айдлаар баримтаар 88,300 төгрөгний барим, 412.000 төгрөгөөр хагалгаанд орно гэсэн баримт, нийт 500.000 төгрөгний хохирлыг баримтаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 114/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн №1901 дугаартай:
Х.Октябрийн биед зүүн 7-р хавирганы далд хуучин хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 19/
Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...хог түүдэг хүн хог ухаад байж байхаар нь жоохон халамцуу байсан болохоор пизда минь юу хийж яваа юм бэ гээд хүний хашаанд асууж ордоггүй юм уу гэхэд юун сүртэй юм бэ гэхээр нь заамдалцаж газар унаад боссон тэгэхээр нь нүүрэн тус газарт мөргөөд нэг цохисон хамарнаас нь цус гарсан ...хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал гэмтлийг би цохиж учруулсан ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.... надад мөнгө олдохгүй байгаа учраас хохиролоо төлж чадахгүй байна. Гэхдээ одоо барилгын ажил хийгээд төлж барагдуулна. Хохирогчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-71-72, 117/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-5/
-Х.Октябрийн оношлогоо хийлгэсэн баримтууд, оношлогоо хийлгэсэн зардлын баримт /хх-ийн 20-21, 27-28/,
-шүүгдэгч Х.Гийн “хохирогчийн нэхэмжилж байгаа 88.300 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 412.000 төгрөгийг 2018 оны 07 сард багтааж ажил хийж төлж дуусгана” гэх тайлбар /хх-ийн 120/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 5-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23-25/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Х.Гийн иргэн Х.Октябрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь нийт 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд үүнээс нотлох баримтаар нотлогдсон 88.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Х.Г нь хохирогчид төлж барагдуулсан.
Хохирогчийн нэхэмжилсэн бусад нэхэмжлэл нь ирээдүйд гарах зардал байх ба түүнийг нотлох төлбөр төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй учир 412.000 төгрөгийн хохиролыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иймд хохирогчийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон болон бусад хохиролын талаархи нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг дурдав.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож хийлгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Гт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Октябрийн нэхэмжилсэн 412.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Октябрь нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Гоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ