| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2507003160270 |
| Дугаар | 2026/ДШМ/242 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Ганбагана /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/242
Ж.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Ганбагана /цахимаар/,
шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Д.Март /цахимаар/,
хохирогч Д.М-гийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.М-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.С- холбогдох 2507003160270 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овогт Ж-ийн С-, .........,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, (РД:Ж-).
Шүүгдэгч Ж.Содбатаар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж-” гэх амралтын газар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд Д.М-г зодож, шат руу түлхэж унагаж, биед нь гавал яс зүүн зулай чамархай руу үргэлжилсэн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хүзүүний 4, 5 дугаар нугалмын шахагдсан, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, хатуу хальсан дээр, доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн дух, зулай, чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ж.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Т- овогт Ж-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ыг 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-т оногдуулсан 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.С-аас нэхэмжпэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ж.С- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.М-гийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, мөн тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно гэж заасны дагуу давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх Ж.С-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Д.М-г зодож, шат руу түлхэж унагасны улмаас түүний биед гавал яс зүүн зулай чамархай руу чиглэсэн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хүзүүний 4, 5-р нугалмын шахагдсан, баруун 8,9-р хавирганы далд хугарал, тархи дарагдал, зүүн дух зулайн чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.
Шүүх хуралдааны явцад тухайн үйлдлийг баримтжуулсан камерын бичлэг бүхий дискийг шинжлэн судалсан. Нотлох баримтыг шинжлэн судалсантайгаар холбогдуулан гэрч Д.О-ээс мэдүүлэг авахад шүүгдэгч хохирогчийг түлхэж, газар унасан байхад толгой руу нь гараараа савж цохисон, мөн толгойг нь газартай савж цохиод байсан. Хохирогч шатнаас унаж, толгой руу нь цохиж байхад ямар нэг хөдөлгөөн хийхгүй, эсэргүүцэл үзүүлэхгүй байсан талаар мэдүүлсэн. Өмгөөлөгч миний бие энэ талаар гэм буруугийн дүгнэлт дээр дурдсан. Уг 2 шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн, мөн зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан “Хохирогчийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэх шинжүүд байна гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл тогтоогдож, анхан шатны шүүх хүнд гэмтэл учруулсан гэдгээр нь шийдвэрлэсэн. Уг шинжүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд хамаарч байсан бөгөөд хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлэх үүднээс гомдол гаргаагүй, энэ талаар гэм буруугийн дүгнэлт дээрээ “ийм нөхцөл байдлууд байна, 3 өөр зэрэглэлийн гэмтэл гарсан, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад цохисон толгойд нь үүссэн гэмтэл хүнд зэрэглэлийн гэмтэлд хамаарч байна, шүүгдэгч уг гэмтлийг учруулсан болох нь хангалттай тогтоогдож байна” гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт, няцаалт хийгээгүй. Давж заалдах гомдол гаргахаасаа өмнө шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад “нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой асуулт байхгүй” гэдэг байдлаар тусгасан байсан. Гэтэл бодит байдал дээр нотлох баримт буюу камерын бичлэг шинжлэн судалсантай холбоотой хохирогчийн өмгөөлөгч миний бие гэрч Д.О-ээс, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгч асуулт асуусан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд сая гаргаж өгсөн камерын бичлэгийг 7, 8 хэсэгт бөгөөд үүний 4 дэх бичлэгийн 30 минут, 30 секундэд уг гэрчийн мэдүүлэг байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй учир камерын бичлэгийг гаргаж өгсөн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагууд хангагдсан гэж үзэж байна. Мөн уг нотлох баримт нь шийтгэх тогтоолд нөлөөлөхүйц ач холболтой байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж дүгнэсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдлыг харгалзан шийтгэл оногдуулсан гэж дурдсан. Гэтэл ар гэрийн байдлыг харгалзаж гэж Эрүүгийн хуульд байхгүй. Хэрэв хувийн байдлыг харгалзах юм бол АСАП сангаас авсан лавлагаагаар шүүгдэгч урьд удаа дараа танхайрч, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байсан, мөн 2024 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, торгох шийтгэл оногдуулж байсан нь авагдсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид 20,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход 4 дүгээр зэрэглэл гарсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тогтоох боломжтой байхад 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тогтоосон. Хохирогчид 3 төрлийн хохирол учирч, 7 хоног ухаангүй байж, 1 сар 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Шүүх хуралдааны явцад хэл, яриа нь ээдэрч, гацдаг, болсон үйл явдлыг мартдаг гэдэг нь илэрхий байсан. Мөн хор уршигт өмгөөлөгчийн зардлыг тооцохгүйгээр шийдвэрлэж, “өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр, сонгох эрхийнхээ хүрээнд авсан” гэж тайлбарласан. Хохирогч ухаангүй байхдаа өөрийн эрх, ашгийг хамгаалах боломжгүй байсан учраас зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Д.Март шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж байсан. Хохирогчийг эмнэлгээс гарсны дараа мөн хувийн эмнэлэгт эмчлүүлж, түүнээс хойш гарсан зардлыг төлсөн. 2025 оны 10 дугаар сард эмчилгээний зардалд 8,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч эхнэрээсээ тусдаа амьдардаг. Хохирол төлбөртэй холбоотой зардлыг хохирогч руу шилжүүлсэн боловч өөрийн эмчилгээнд хэрэглэдэггүй, эхнэр нь тухайн мөнгийг ашигладаг. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ тухай мөн хэлж байсан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, хохирол төлбөрийг төлж, цаашид мөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа өмгөөлөгчтэй оролцсон, ямар нэг байдлаар гомдол гаргаж байгаагүй. Дандаа хохирол төлбөрийн асуудал яригдаж байсан учраас шүүхээр хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлж, 30 минутын завсарлага авч, хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч Ж.С- нийт 60,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч талаас хохирогчийг 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш дахин эмчилгээ, сувилгаа аваагүй. Хохирогчийн эхнэр Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт “эм, тариа хэрэглэж байгаа, эмийн хамааралтай болсон” гэж хэлсэн боловч ямар эмчийн зөвлөгөөгөөр ямар эм, тариа хэрэглэж байгааг хэлж чадахгүй байсан. Хохирогч өөрөө хөдөө настай эхийн хамт амьдардаг бөгөөд тэндээсээ ахаараа хүргүүлж, шүүх хуралдаанд ирсэн. Хохирогчийн эхнэр, өмгөөлөгчид мөнгөний асуудал ярьж байгаа болохоос хохирогчид яг ямар гэмтэл учирч, одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх эмчийн бичиг байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт асуухад хэлж, тайлбарлаж чадаагүй. Хохирогчоос мөн энэ талаар асуусан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “гомдол, саналгүй” гэж хэлсэн. Тухайн үед хохирогч нэг пиво ууж, шүүгдэгч Ж.С- согтууруулах ундааны зүйл нэлээдгүй хэрэглэсэн байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “би бага хэмжээгээр хэрэглэсэн” гэж тайлбарласан. Тиймээс түүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч Д.О- тухайн хэрэг гарахад хамт байгаагүй, сүүлд нь очиж, камерын бичлэгийг авчирч өгсөн гэдэг асуудал яригдаж, шийтгэх тогтоолд энэ талаар дурдсан байсан. Хохирогчийн өмгөөлөгч “ял хөнгөдсөн” гэж хэллээ. Шүүгдэгчид 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Торгох ял нь ялын нэг хэлбэр, хүнд ял. Хохирогчид өгсөн 60,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн торгох ял гээд энэ хүний амьдралд 80,000,000-90,000,000 төгрөгийн асуудал гарсан. Энэ ял хөнгөдөөгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдалд тохируулж, тухайн ялыг оногдуулсан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох тухай ярьж байна. Шүүгдэгчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг төлж барагдуулсан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Д.О-ийн тайлбартай холбоотой камерын бичлэгийн асуудлыг ярьж байна. Тэр энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байна. Тухайн үед эмчилгээ, гарсан хохирол зардлын тухай ярьсан. Анхан шатны шүүх бүгдийг нь оролцуулж, хэргийг хэлэлцэн тооцоо хийж, шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Ганбагана шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсаргасан, шинжлэн судалсан. Шүүгдэгч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэр дундаа шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх хэмжээний нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хэргийг хүндрүүлэн зүйлчлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн өмгөөлөгч “шатнаас унасан байхад өшиглөсөн” гэдэг асуудал ярьж байна. Энэ үндэслэлээр заавал зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчид тухайн гэмтлийг Ж.С- учруулсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардлыг гаргаагүй гэж хэллээ. Хэдийгээр хохирогч Д.М-гийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй боловч түүний нэхэмжилсэн цалин, хөлс, бусад зардал, хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохиролтой холбоотой бүх зардлыг хангаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирол төлбөрөөс төлж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт завсарлага авч хохирол төлбөрийг төлсөн болох нь тогтоогддог. Хэргийг зүйлчлэл, ялын хэмжээ тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг “асуулт, хариулт” явагдсан боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй учир Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ж.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч Д.М-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шүүх шүүгдэгч Ж.С-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...давж заалдах гомдол гаргахаасаа өмнө шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад, “нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой асуулт байхгүй” гэдэг байдлаар тусгасан байсан. Гэтэл бодит байдал дээр нотлох баримт буюу камерын бичлэг шинжлэн судалсантай холбоотой хохирогчийн өмгөөлөгч миний бие гэрч Д.О-ээс, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгч асуулт асуусан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд сая гаргаж өгсөн камерын бичлэг 7, 8 хэсэгт бөгөөд үүний 4 дэх бичлэгийн 30 минут, 30 секундэд уг гэрчийн мэдүүлэг байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй учир камерын бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн...” гэжээ.
Шүүх хуралдааны тэмдэглэлд (2хх 22) “...Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан оролцогч нарт асуух асуулт байна уу гэхэд, улсын яллагч: байхгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч: байхгүй, хохирогчийн өмгөөлөгч: байхгүй...” гэж бичигджээ. Харин давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шүүгдэгч Ж.С-т холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн дуу, дүрсний бичлэгт “...Даргалагч шүүгчээс нотлох баримт баримт шинжлэн судалсантай холбогдуулан оролцогч нараас асуулт байгаа эсэхийг тодруулахад хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч нар гэрч Д.О-ээс асуулт асууж, хариулт хэлсэн байдлаар тусгагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна гэж заажээ.
Давж заалдах шатны шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, бусад гомдолд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ж.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР