Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00987

 

 

 

Ө.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/00726 дугаар шийдвэртэй,

Ө.Сын нэхэмжлэлтэй, Б.Бт холбогдох

36,883,400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ө.С, хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл юм.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл.

Иймд түрээсийн гэрээ байгуулахад төлсөн урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөг, түрээсийн зүйл болох зочид буудлын тохижилт, засварт зарцуулсан 17,333,400 төгрөг, барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг, нийт 36,883,400 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 3 давхар 486 м.кв талбайтай бөгөөд Ө.С нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй, зөвхөн 1 давхрын 162 м.кв талбайтай 6 өрөөг түрээсэлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн заалтад хамаарахгүй.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолд дахь тайлбараар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ нь агуулгын хувьд хуульд нийцсэн хэлцэл болох нь тогтоогддог. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг байгуулан гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн, тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн 36,883,400 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацааны түрээсийн төлбөрт 14,400,000 төгрөг төлснийг буцаан төлөх үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэх зарчимд нийцсэн.

Түрээсийн гэрээний 3.4 дэх хэсэгт Түрээслэгч засвар, тохижилт хийсэн тохиолдолд засварын зардлыг нэхэмжлэхгүй, хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэх заалтаар нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийсэн зардлаа өөрөө хариуцахаар тохиролцсон байсан тул хариуцагчаас засвар үйлчилгээний зардалд 17,333,400 төгрөг нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч засвар хийхдээ авсан материалын зардалд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 7,906,300 төгрөгийг зарцуулсан гэж нийт 13 ширхэг зарлагын падан нотлох баримтаар өгсөн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 428 дугаартай үнэлгээний тайланд засварын зардал 18,955,000 төгрөг гэж үнэлэгдсэн. Зарлагын падааны үнийн дүн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ нь төрөл, тоо хэмжээгээр тохирохгүй, 11,048,700 төгрөгөөр зөрж байгаа тул засварт 17,333,400 төгрөг зарцуулсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч гэрчээр С.Батсайхан, Ч.Отгонтуяа нарыг оролцуулан асуулгахад 4 жижиг өрөө болгон тохижуулсан, засварын хөлсөнд 5,000,000 төгрөг авсанаа баримтаар нотолж чадаагүй. Иймд засварын зардалд гаргасан гэх 17,333,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчээс барьцаанд авсан 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасны дагуу гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 26 хоногийн түрээсийн төлбөр, нэхэмжлэгчийн эд зүйлсийг вьетнам засварт хадгалуулсны хөлсийг гэрээний 2.7 дахь заалтын дагуу хасаж авах эрхтэй. Иймд барьцааны 2,000,000 төгрөгийн 80 хувь болох 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй. Дээр дурдсан үндэслэлээр Ө.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Түрээсийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгоход түрээслэгч нь эд зүйлээ авахгүй 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд буудлыг түгжсэн учраас би хорооны цагдаад мэдэгдэж, хөндлөнгийн хоёр этгээдийг байлцуулан өрөөнүүдийг сулласан. Ингээд нэхэмжлэгчийн эд хогшлийг вьетнам засварын газарт 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хадгалуулж, энэ өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. Хадгалалтын хөлс нь өдрийн 30,000 төгрөг ба нийт төлбөр нь 1,800,000 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэгч түрээсийн байрыг орхиж явсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй тул түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулна.

Мөн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг сарын 900,000 төгрөгийн түрээстэйгээр бусдад хадгалуулсан. Уг хадгалалтын зардалд 1,800,000 төгрөгийг гаргуулна. Дээрх үндэслэлээр нийт 4,200,000 төгрөгийг Ө.Саас нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар, агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн тухайн өрөөнд эд зүйлээ түгжиж үлдээсэн нь түрээсэлж байгаа гэсэн үг биш ба түрээсийн гэрээ 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Иймд түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй.

Мөн нэхэмжлэгч нь тухайн үед дөрвөн ширхэг ор үлдээсэн ба эд зүйлээ буцаан авахаар удаа дараа хариуцагчтай холбогдож байсан боловч хариуцагч нь утсаа авахгүй, хэл амаар доромжилж байсан. Түүнчлэн, Вьетнам засварын газарт өдрийн 30,000 төгрөгөөр 4 ширхэг орыг хадгалах боломжгүй. Энэ талаар хадгалалтын гэрээ нь тухайн эд хөрөнгийг хадгалсан гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нь харилцагчтай эд зүйл хадгалуулахаар хадгалалтын гэрээ байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 36,883,400 төгрөг гаргуулах тухай Ө.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Саас 4,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 368,284 төгрөг, хариуцагчаас төлсөн 82,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.а.Б.Бийн дээд давхрыг түрээсэлж байгаа хүний хугацаа дуусангуут чамтай удаан хугацааны гэрээ хийнэ гэсний дагуу түрээсийн байранд 17,000,000 төгрөгийн хөрөнгө зарцуулж засвар хийсэн. Гэтэл Б.Б нь түрээсийн төлбөр аваад, хоолны заал байсан барилгыг зочид буудал болгож засуулж завшиж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Б.Бтэй маргалдаад хөөгдөж явахдаа зочид буудлын ор, хөнжил, гудас, дэвсгэр даавуу зэрэг их хэмжээний эд хогшилоо үлдээснийг Б.Б гараашид хурааснаас болж эвдэрч, муудан хэрэглэх боломжгүй болсон.

6.б.Түрээсийн гэрээний 3.2-т түрээслэгч нь түрээслэж буй үл хөдлөх эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэхийг хатуу хориглоно гэж заасныг шүүх анхаараагүй. Шүүхээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн ч зөвхөн 6 өрөө бүхий талбайг түрээслэсэн учир улсын бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагагүй учраас үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь газраас салгаж болохгүй хөрөнгийг хэлдэг ба 6 өрөө бүхий талбай болон түүнд оруулсан миний хөрөнгийг салгаж авч болохгүй учраас үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэж, энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой.

Шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ бусад шаардлагуудын талаар дүгнэлт өгөөгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол Б.Бийн хөрөнгийг засан сайжруулсан нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх ёстой.

6.в.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсоны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

Түрээсийн гэрээгээр түрээслэгч засвар тохижилт хйисэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй гэж заасан. Миний бие хоолны газрын зориулалтын том заалыг өрөө болгон хана өрж, хаалга хийж зориулалтыг нь өөрчилж зочид буудлын зөвшөөрөл гаргуулсан. Энэ нь цаг хугацааны түрээсийн гэрээ байгуулах үетэй тохирдог.

Иймд анхан шатны шийдвэрт, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Бээс 36,883,400 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт өгөөгүй.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний бусад нөхцөлийн 3.4 дэх хэсэгт түрээслэгч засвар, тохижолт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй, хөрөнгө түрээслэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэж заасан.

Түрээсийн зүйлийг хэрхэн засварлан тохижуулсан талаар С.Батсайхан, Ч.Отгонтуяа нар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэд нэг том өрөөг 4 жижиг өрөө болгосон тухай тус тус мэдүүлсэн.

Засвар хийсэн гэх баримт болон падаанд он, сар, өдөр, гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангаагүй ба 13 ширхэг падааныг тооцоход 7,906,300 төгрөгийн баримт байгаа нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 11,000,000 төгрөгөөр зөрж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Бт холбогдуулан засварт гарсан зардалд 17,333,400 төгрөг, барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 21,333,400 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөгийг буцаан гаргуулах, урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөг, засварт гарсан зардалд 17,333,400 төгрөг, барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг нийт 36,883,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрийн дутуу болон хадгалалтын хөлсөнд төлсөн нийт 4,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.а.Талууд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 162 м.кв талбай бүхий, 6 өрөөг сарын 2,400,000 төгрөгөөр, 6 сарын хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгч нь ашиглалтын зардлыг хариуцах, 2,000,000 төгрөгийн барьцаа төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 1-р хавтасны 6-9 дэх тал/

 

3.б.Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч түрээслэгч Ө.С түрээсийн байрыг түрээслүүлэгч Б.Бт хүлээлгэн өгөөгүйгээс маргаан үүсч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хамт хоёр гэрч оролцуулан дуудлагын ажилтан дуудан түрээсийн байрыг онгойлгуулан тэмдэглэл үйлдэж, хүлээн авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

 

3.в.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Учир нь түрээсийн гэрээний зүйл нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж 40, 40/1, Г-40 дугаар бүхий 638 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг болох 1 давхарын 162 м.кв талбайг түрээсийн гэрээгээр Б.Б нь Ө.Сад түрээсэлжээ.

 

Энэ тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн энэ зохицуулалт хамаарахгүй. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэх гомдлыг хангахгүй. /6б/

 

3.г.Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний хугацаанд эзэмдэн авч, ашигласан тул түрээсийн гэрээний төлбөрийг төлөх үндэслэлтэй, харин бусдын эд хөрөнгийг үнэ хөлсгүйгээр эзэмшин ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй.

 

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Бээс буцаан шаардах эрх үүсэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Сын нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөгийг хариуцагч Б.Бээс буцаан гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Талууд гэрээний 3.4-т түрээслэгч засвар тохижилт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй, хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан үндэслэл бий болоогүй учир нэхэмжлэгч нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй.

 

4.а. Гэрч Ч.Отгонтуяа шүүхэд Ө.С ноднин 11 дүгээр сард доод талын нэг давхарыг түрээсэлж орж ирсэн... цэлгэр заал байсан... засвар 11 дүгээр сарын 07-ноос эхлээд 12 дугаар сарын 20-ны үеэр хийж байсан... дөрвөн өрөө болсон... гэх, /хэргийн 1 дүгээр хавтасны 133-134 дэх тал/

 

Гэрч С.Батсайхан шүүхэд ... гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 10-нд байгулсан... нэг заалыг 4 өрөө болгоод буудлын зориулалтаар ашиглах гэж байгаа гэсэн... хана тусгаарлаад таазыг нь доошлуулж, коридор гаргаж, 4 өрөө болгосон... ажлын хөлс 5,5 сая орчим байсан бэлнээр авсан... гэх агуулга бүхий мэдүүлэг тус тус өгчээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 135 дахь тал/

 

4.б.Хэргийн 72-75 дугаар талд ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамжны 40-д байрлах Коко дэн буудлын 1 давхарын заалны зохион байгуулалтыг өөрчилж, дэн буудлын зориулалтаар шинээр 4 өрөөг цахилгаан, сан, засал зэрэг бүрэн засварыг хийж гүйцэтгүүлэхээр Ө.С нь С.Батсайхантай тохиролцсон байна.

 

4.в.Дээрх гэрчийн мэдүүлэг, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтыг харьцуулан дүгнэвэл гэрч С.Батсайхан нь Ө.Сын түрээсийн үл хөдлөх хөрөнгөд засвар хийж, 5,500,000 төгрөгийн хөлс авсан, уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж гэрчилж байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой.

 

Учир нь талууд түрээсийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Бтэй түрээсийн гэрээний харилцаа үүсэхээс өмнө 2018 оны 11 дүгээр сард түрээсийн байранд засвар хийсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ч.Отгонтуяа, С.Батсайхан нарын мэдүүлэг, ажил гүйцэтгэх гэрээ болон хэргийн 11-26 дугаар тал дахь зарлагын баримтаар тогтоогджээ.

 

4.г.Нэхэмжлэгч Ө.Сын түрээсийн байранд засвар хийж зардал гаргасантай холбоотой 8,793,700 төгрөгийн баримт хэргийн 11-26 дугаар талд авагдсаныг цаг хугацааны хувьд С.Батсайханы хийсэн засварт орсон барилгын материал гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.д.Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах буудал дотор хийгдсэн засварын ажлын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хийлгэхэд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,955,000 төгрөг гэсэн үнэлгээ хийжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 88-100 дахь тал/

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь уг үнэлгээгээр зах зээлийн үнэлгээг тодорхойлсон, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь засварын үнийг шаардсан агуулгаар бус бодит зардлыг гаргуулах агуулгаар шаардсан байх тул хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан 18,955,000 төгрөгийн хэмжээнд засварт гарсан зардлыг хангах боломжгүй.

 

4.е.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа төлөхийг шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийхтэй холбоотой 8,793,700 төгрөгийн зардал гаргасан, ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг нийт 14,293,700 төгрөг төлсөн нь болох нь тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Бээс 14,293,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Сад олгох өөрчлөлт оруулна. /6в/

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч талуудаас урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөгт багтаж байгаа эсэхийг тодруулахад хэн аль нь уг төлбөрт багтсан гэж тайлбарласан тул шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

5.а. Түүнчлэн, Ө.С нь түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан байхад түрээсийн байрыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 2.6, 2.7-д зааснаар нэхэмжлэгчийн барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хохиролд тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ө.Сад холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бусдад хадгалуулсан төлбөрт 1,800,000 төгрөг нийт 4,200,000 төгрөг гаргуулахаар гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Зохигчдын хэн аль нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Бээс 14,239,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Сад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 22,589,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/00726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Ө.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 14,239,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Сад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 22,589,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоусгай гэж өөрчлөн найруулж,

3 дах заалтын 56.1 гэсний ард 56.2 гэж,

...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Б.Бээс 229,148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Сад олгоусгай. гэж тус тус нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,376 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ