| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2410043551187 |
| Дугаар | 2026/ДШМ/243 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/243
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Дашдорж,
хохирогч Б.Э-,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-д холбогдох 2410043551187 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ү- овогт Б-гийн Д-, ......,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, (РД: Б-).
Шүүгдэгч Б.Д- нь “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Э-ийн өмчлөлийн байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулж, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 4 удаагийн гүйлгээгээр нийт 85,700,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ү- овогт Б-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д-г 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 16,500,000 төгрөгийн арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1100 хоног буюу 3 жил 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдпэх хорих ялын хэмжээг 5 (тав) жил 6 (зургаа) сар 05 (тав) хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Э- гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн хүүхдийн асрамж, тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдпэх ялыг 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах шатнаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Илтгэгч шүүгчийн илтгэж танилцуулсан шиг ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулж, тухайн өдрөөс эхлүүлэн түүнийг цагдан хорьсон. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдээгүй байна гэж үзсэн.
Нэгдүгээрт, хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр тогтоогоогүй.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл, шалтгаан, нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Тухайлбал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас эхлүүлэн хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах хугацаанд Б.Д-гийн хувьд тодорхой төлөлтүүдийг /15 удаагийн төлөлт/ хийж байсан. Хэргийн үйл баримтын хувьд, тухайн орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, нэр бүхий 5 хүний данс руу Б.Э- мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад н.Д- гэдэг хүн рүү 5,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Гэтэл Б.Д- “н.Д- гэдэг хүнийг огт танихгүй” талаараа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ дурдсан байсан. Мөн н.Д- Б.Д-г танихгүй, н.Г- гэдэг хүнтэй холбоотой асуудлыг талаар мэдүүлсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ үйл баримтуудыг орхигдуулж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх “хохирол” гэж үзсэн. Урьд Б.Э- 11,000,000 төгрөгт байраа барьцаанд тавьсан байсан. Б.Д- 11,000,000 төгрөгийг н.У-гаас зээлж, төлбөрийг төлсөн боловч 11,000,000 төгрөгийг хохиролд тооцох эсэх асуудлыг дүгнээгүй, шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Нөгөө талаас хохирогч хохирол, хор уршгийн талаар ярьдаг, энэ асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа урьд шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байдаг. Анхан шатны шүүх хохирол төлбөргүй гэж үзсэн хэр нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч Б.Д- өрх толгойлсон, ганц бие эх бөгөөд хүүхдийн асрамжийн асуудал яригдаж байна. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлууд яригдаж байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах болгон өөрчилж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 25,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг гэдэг үнийн дүн дурдагдлаа. Шүүгдэгч өөрөө энэ хүмүүс рүү мөнгө хийгээрэй гэж хэлсний дагуу хийсэн. Үүнтэй холбоотой мессеж, нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн. Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Надад өмгөөлөгч авах боломж байгаагүй. Хуулийн мэдлэг дутмаг байсан учраас материалуудаа дутмаг бүрдүүлж өгсөн. Шүүгдэгчээс хохирол, хор уршгийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан асуудлыг бүрэн хэлэлцсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тус гэмт хэргийн улмаас 85,700,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн мэдүүлгээр дээрх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлсөн, одоо хохирогчид төлөх төлбөргүй гэж ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн боловч хор уршиг нь бүрэн арилаагүй байна гэдэг байдлаар прокуророос санал, дүгнэлт гаргасан. Шүүх хуралдааны явцад хохирогчийн хэлж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдсон. Иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, орон сууцыг битүүмжилж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. “Яагаад мөрдөн шалгах ажиллагааны явцад материалаа гаргаж өгч, хэрэгт хавсаргуулаагүй бэ” гэж асуухад “өмгөөлөгчгүй учраас энэ баримтуудыг гаргаж өгдөг талаар мэдээгүй” гэж хэлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлсөн боловч хор уршиг арилаагүй байна гэж үзэх үндэслэл болсон. Шүүхийн хэлэлцүүлэгт анх орон сууцыг зээлийн барьцаанаас сулласан 10,000,000 төгрөг хохирол төлбөрт орох уу гэдэг асуудал яригдаж, хохирогч “энэ бол миний өөрийн төлөх төлбөр байсан учраас шүүгдэгчээс нэхэмжилж байгаа зардалд орохгүй” гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлээгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол төлбөр төлөхтэй холбоотой 5 хоногийн завсарлага авсан боловч хор уршгийг арилгах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байсан. Урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн талаар ярьсан боловч үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн үүнтэй холбоотой баримтууд авагдаагүй байна. Шүүгдэгчийн хүүхэд 15 настай, насанд хүрээгүй хүүхдийн асрамжийг асуудлыг шийдвэрлэх талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг. Мөрдөгч, прокурорт насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох тусгайлсан үүрэг болгосон зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг харгалзан үзэх бүх нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нэмж, нэгтгэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн шаардлагыг бүрэн хангаж гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г хохирогч Б.Э-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 4 удаагийн гүйлгээгээр нийт 85,700,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Л.Баатарыг томилсон шийдвэрийг тухайн шүүхийн шүүгч Х.Одбаяр албажуулжээ. /2 хх 16/
Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй”, 17.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.9 дэх хэсэгт “...хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;” нь шүүгчийн нийтлэг бүрэн эрхэд хараарах хэдий ч Ерөнхий шүүгчийг орлох эрхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган шийдвэрлэх учиртай.
Гэвч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондовоос шүүгч Х.Одбаярт шүүх хуралдаан даргалагчийг албажуулах бүрэн эрх олгосон захирамж хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий шүүгчийг орлох эрх хэмжээ олгосон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хууль бус бүрэлдэхүүн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР