Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Батням, 

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Дд холбогдох эрүүгийн 1803002910208 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Л.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 03 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Газарчин" дээд сургуулийн уулзварт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Toyota Prius20 маркийн 76-96 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас "Тарант" ХХК-ны гаднах блокон хашааг мөргөж уг автомашинд сууж явсан зорчигч Э.Рэнчиндоржийн эрүүл мэндэд хүнд, зорчигч О.Мөнх-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Х.Баянбаатар, О.Номин-Эрдэнэ, Б.Хонгорзул нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 03 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Газарчин" дээд сургуулийн уулзварт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Toyota Prius20 маркийн 76-96 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас "Тарант" ХХК-ны гаднах блокон хашааг мөргөж уг автомашинд сууж явсан зорчигч Э.Рэнчиндоржийн эрүүл мэндэд хүнд, зорчигч О.Мөнх-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Х.Баянбаатар, О.Номин-Эрдэнэ, Б.Хонгорзул нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Рэнчиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 31-ний орой манай гэрт манай 10-н жилийн найз Номин-Эрдэнэ дүү Хонгорзулын хамт 21 цагийн үед ирсэн. Мөн найз Баянбаатар, Мөнх-Эрдэнэ нар ирсэн. Бид хэд ойрд уулзаагүй учраас 2 пиво авч хувааж уусан ба хажуу айлын найз Доржнямбууг дуудаж сууцгаасан. Ингээд шөнийн 01 цагийн үед бөөнөөрөө Доржнямбуугийн Т.Приус-20 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй автомашинд суугаад сансарын нэрийг нь мэдэхгүй нэг баар орж нэг нэг шил пиво ууж бүжиглэж байгаад шөнө 03 цагийн үед баарнаас гарч Доржнямбуу машинаа жолоодоод хажууд нь урд сандал дээр Номин суугаад Номингийн ард Баянбаатар, Хонгорзул, Мөнх-Эрдэнэ нар сууж би Доржнямбуугийн чанх урд суугаад 16 дугаар хорооллын зүүн тийш явдаг автобусны буудлаас найз Цэндмааг авч би хажуудаа арын сандал дээр хаалган талд суулгасан. Тэгээд л би согтуу байсан болохоор тасраад унтчихсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

 

Хохирогч О.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би найз Рэнчиндоржийн гэрт 10 дугаар ангийн найз болох Номин-Эрдэнэ, нартай цуг Рэнцэнгийн найз Баянбаатар, Номингийн дүү Хонгорзул,Рэнцэнгийн гэрт бүгд архи пиво хувааж ууцгаагаад шөнийн 01 цагийн орчим Доржнямбуу машинаа жолоодоод бид нар сууж сансрын Венус баранд орж бүжиглэж байгаад шөнө 3 цаг болох гэж байхад бар-наас гараад Доржнямбуу машинаа жолоодоод хажууд нь Номин-Эрдэнэ суугаад, жолоочийн ард Рэнчин суусан. Рэнчингийн хажууд Баянбаатар, Хонгорзул нар суугаад би Номин-Эрдэний ард суугаад 16 дугаар хорооллоос Цэндмааг авахаар очоод Цэндмааг 16-н автобусны буудлаас аваад Батлан хамгаалах их сургуулийн хойд замаар маш их хурдтай давхиж байгаад засварын газрын гаднах хашааг маш хүчтэй мөргөсөн. ...Ингээд би жолоочид нь түргэн цагдаа дууд гэж хэлтэл Доржнямбуу хөгшин нь эрхээ хасуулчихсан дуудаж яах юм бэ зүгээр такси бариад гэмтэл оръё гэж хэлсэн. Дунд зэргийн согтолттой байсан пиво уугаад л байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч О.Номин-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө би үеэл дүү Хонгорзулын хамтаар 10-н жилийн найз Рэнцэндоржийн гэрт орой 21 цагийн үед очсон. Ингээд Рэнцэнгийн гэрт Хонгорзул, би, Рэнчин, Доржнямбуу, Баянбаатар, Мөнх-Эрдэнэ бид нар 2 том пиво хувааж ууцгаасан. ... Доржнямбуу маш хурдтай 80 гаруй км цагийн хурдтай явж байсан ба Батлан хамгаалах их сургуулийн хойд уулзварын замаар нэгдүгээр эгнээгээр явж байгаад үрүүлээ огцом дараад замын баруун талын автозасварын газрын блокон хашаа мөргөж зогссон гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4472 дугаартай:

Э.Рэнчиндоржийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэн, их сэмжний бяцрал, урагдал, баруун түнхний уений мултрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн /йлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4462 дугаартай:

О.Мөнх-Эрдэний биед зүүн атгаал ясны толгой хэсгийн сэлтэрсэн битүү хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-р хуудас/

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай:

1. Тоёота Приус-20 маркийн 76-96 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсли.йн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 96-р хуудас/

 

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг
гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7-р хуудас/

-Л.Дгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан
тэмдэглэл, драйгер багаж ашиглан шалгахад 0.95%, мөн гэрэл зургийн үзүүлэлт
/хх-ийн 7, 9-р хуудас/

-Жолоочийн эрх хасагдсан лавлагаа ...Лхамянжин овогтой Доржнямбуу нь
Улаанбаатар, Чингэлтэй, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 2017 оны 12 сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан... /хх-ийн 128-р хуудас/

-хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, тайлбар, хохирол барагдуулж авсан гэх баримт /хх-ийн 136, 144-152/

 

Шүүгдэгч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн уулзварын замд би өөрийн эзэмшлийн 76-96 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Батлан хамгаалах их сургуулийн хойд уулзварын замд замын хажуугийн автозасварын газрын хашаа мөргөж осол гаргасан. Ослын улмаас машин дотор сууж явсан Рэнцэндорж, Мөнх-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Хонгорзул нар гэмтсэн гэх мэдүүлэг /хх-ийн 126-127-р хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Л.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 8-р хорооны тодорхойлолт /хх-ийн 130-132/,  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тодорхойлолт, медалийн үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, ШШҮХ-ийн шинжээчийн болон Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Л.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг “согтууруулах ундаа, мансуураалах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх үндэслэлээр нэг жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн байна.

Мөн тэрээр тухайн хэрэгт холбогдох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.95 хувийн согтолттой гэсэн тэмдэглэл, үүнийг баталгаажуулсан гэрэл зургаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.Д нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

              Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Л.Д нь хохирогч Э.Рэнчиндоржид эмчилгээний зардалд 2.082.692 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Баянбаатарт 120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Номин-Эрдэнэд 448.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзулын эмчилгээний зардалд 310.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч О.Мөнх-Эрдэнэ нэхэмжилсэн хохирол төлбөргүй байх ба  хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Дд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нөхцөлүүдийг  харгалзан үзэв.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байна.

 

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, өмнө оногдуулсан захиргааны шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэн, шүүгдэгч Л.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэснийг холбогдох байгууллагад мэдэгдэх нь зүтэй.

 

Шүүгдэгч Л.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Дг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, өмнө хассан шийдвэр дуусах үе буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Дгаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

   7.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Л.Дд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ