Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1341

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

         Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

        нарийн бичгийн дарга: Б.Батням

        улсын яллагч: Н.Уранбайгаль

        шүүгдэгч  өөрийгөө өмгөөлж оролцов:

        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Д.Б

        түүний өмгөөлөгч : Ч.Мөнхбаяр

        иргэний хариуцагч Ц.Б:

        шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэгт  Хиргиз  овогт  Бизьяагийн Баттулгад  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806041090307 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

          Шүүгдэгчийн   биеийн байцаалт

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х  овогт  Б.Б, 1974  оны  8  дугаар сарын 25-ны өдөр  ...  төрсөн, 44 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой,  жолооч  мэргэжилтэй, ... жолооч ажилтай, ам  бүл 2, эхнэрийн  хамт  Баянзүрх   дүүргийн 11 дүгээр хорооны товчооны ... дугаар гудамжны ...  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 3/18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: ...,            

           Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөөний 10,00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Жуковын автобусны буудалаас Зорчигч тээвэр нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Jea 800  маркийн ... улсын дугаартай троллейбус жолоодон хөдөлгөөнд оролцохдоо  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д заасан Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөнөөс Р.Д-г суудалд сууж амжаагүй байхад нь хөдөлж огцом зогсолт хийснээс уг зорчигч унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                      

              ТОДОРХОЙЛОХ нь:         

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүйн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ асуудал 4 сарын 23-ны өдөр болсон. Үүнээс хойш 5 сар болж байна. Бүх дүгнэлтүүдийг улсын яллагч бүгдийг ярилаа энэ яг бол үнэн  зүйл юм. Миний тухайд Б.Б өвчтэй байх хугацаанд нь хүрээд ирсэн бол би юм бодохгүй, би их зүдэрч байна. Хүүхдүүд хол байдаг, би өөрөө “Дархан” хотод байдаг хүн юм. Би 40 гаруй жил төрийн байгууллагад ажилласан, статистикч эдийн засгийн хүн юм. Энэ хэрэг хариуцлагагүйгээс болж гарсан. Тухайн зааланд би ороод шууд суусан. Хөгшинөө суучихлаа гэж харсан чинь толгойгоороо жолоочийн урд талын хаалга руу унаад, зүүн хөлнийхөө эргүүлгийн чөмгийг хугалсан байна лээ. Надад гэмтлийн эмнэлэгийн эмч нар зураг болон бичлэгтэй дискийг нь өгсөн би тэрийг өнөөдөр авчирсангүй. Хохирлын тухайд нийтдээ 3.044.915 төгрөгийн хохирол байсан. Одоо ч мөн адил хохиролтой байна. Мөн би өмгөөлөгч авсан. Одоо манай хөгшин элэг, цөсний хүнд өвчтэй 2 дугаар эмнэлэгийн хяналтанд байдаг. Эмнэлэгт насаараа ажилласан хүнсний эрүүл ахуйн хүн юм. Хөлний гэмтлээсээ болоод хуучин өвчнүүд сэдрээд 60-70 кг байсан хүн өнөөдрийн байдлаар 50 кг хүрэх үү үгүй юу яс арьс байна. Одоо 1.309.910 төгрөгийн хохирол дутуу байгаа. Үүнд өмгөөлөгчийн зардал орсон байгаа. Мөн би “Завхан” аймгаас хүүхдээ онгоцоор ирүүлсэн. Буцахад нь зардлыг нь хэмнээд автобусаар явуулсан. Энэ нь 160.000 төгрөг болсон. Б.Б-н өгсөн мөнгө нь 1.765.000 юм.  Үлдэгдэл мөнгө нь 349.910 төгрөг л үлдсэн байгаа. Өчигдөр 615.000 төгрөг данс руу хийсэн байна лээ. Нийт хохирол баримтаар 3.044.915 төгрөг байгаа. Хохирогч өнөөдрийн байдлаар хэвтэрт байгаа. Би өмгөөлөгч авсан байгаа. Энэ залуу манай “Завхан” аймгийн хүүхэд юм. Би өмгөөлөгчөө хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан гэж бодож байна” гэв.

          Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10,00 цагийн орчимд ... улсын дугаартай  троллейбусыг жолоодон хуваарийн дагуу 5-н шараас ботаникийн чиглэлтэй явж байтал Жуковын буудлаас 2 настай хүн урд хаалгаар суусан. Би хаалгаа хааж хөдөлгөөнөө эхлүүлсэн бөгөөд буудлаас 40-50 метрийн зайнд 10 орчим км цагийн хурдтай явж байхад хар өнгийн жижиг тэрэг зорчих хэсгийн 2 дугаар  эгнээгээс 1 дүгээр эгнээ рүү гэнэт дараад ороод ирсэн юм. Тэгээд би тормос гишгээд зогсоход зааланд байсан настай эмэгтэй урд хаалганы шатны 2 дахь гишгүүр дээр зүүн гараараа дараад заалны шалан дээр уначихсан юм. Тэгээд тэр хүнийг өргөөд авахад зүүн хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь зааланд бадушик тавьж суулгасан. Өөрийн эзэмшлийн 88291228 дугаараас түргэн тусламж, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Түргэн тусламжийн автомашинтай ГССҮТ-д хүргүүлж үзүүлчихээд гэрт нь түргэний автомашинаар буцааж хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход зүүн хөлний булууны яс дээгүүрээ цууралттай байна гэж хэлсэн. Өөр ямар нэг гэмтэл бэртэл байхгүй гэмтлийн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэртээ хэвтрийн дэглэм барь гэсэн. Гэмтлийн эмнэлэгээс гэр лүү нь түргэн тусламжийн автомашинаар хүргэж өгсөн бөгөөд төлбөрт нь 50,000 төгрөг, тухайн өдөрт нь эм тариа авч өгчихөөд нийт 140,000 орчим мянган төгрөг болсон. Өөр эмчилгээний зардалд мөнгө гаргаж өгөөгүй.” Гэжээ /хх-ийн 129, 130/

          Хохирогч Р.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 9 цаг 30 минутын орчимд нөхөр Балжаагийн хамт гэрээсээ гарч Жуковын автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явдаг троллейбусанд /48-96 УББ/ суусан юм. Уг троллейбусын урд талын хаалгаар ороод эхний гишгүүр дээр баруун хөлөө тавьж, зүүн хөлөө 2 дахь гишгүүр дээр тавьчихаад зүүн гараараа  троллейбусны босоо бариулаас барих гэж байтал уг троллейбус огцом тормос гишгэснээс болж жолоочийн хажуугийн хаалганы гишгүүр лүү толгойгоороо уначихсан юм. Би босож чадахгүй зүүн хөл гадагшаа  түнх хэсгээрээ эргэчихсэн байсан бөгөөд түргэн тусламж, цагдаа дуудаж бүртгүүлсэн. Би троллейбусанд дөнгөж ороод гишгүүр дээр хөлөө тавиад бариулаас барих гэж байхад  жолооч хаалгаа хааж, хөдөлгөөнөө эхэлсэн. Уг троллейбусны зааланд хүн цөөн, сул сандал зөндөө олон байсан. Би бариулнаас барьж чадаагүй, сандал дээр ч сууж амжаагүй байсан.” гэжээ /хх-н 52-54/

          Гэрч  Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Норжин худалдааны төвийн замын урд талаас эхнэр Д-н хамт ... улсын дугаартай троллейбусанд би түрүүлж ороод араас хөгшин орж ирэх гэж байгаад бүрэн сууж амжаагүй байхад жолооч хөдөлгөөнд оролцож эхнэр Д шат руу доошоо толгойгоороо годройдоод унаж зүүн хөл нь гэмтсэн. Тэгсэн хойд талаас хар куртиктэй эмэгтэй болон жолооч хоёр манай  эхнэрийг босгох гэсэн эхнэрийн зүүн хөл нь эргэчихсэн зогсож чадахгүй шалан дээр өгзгөөрөө суучихаад хөдөлж чадахгүй байсан. Тэгсэн жолооч нь цагдаад дуудлага өгсөн. Би эхнэрийгээ гэмтчихлээ гэдгээ мэдээд гэмтэл хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд 103-д ирж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн хөлний чөмөгний эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл авсан байсан, харин гэмтлийн эмнэлэг их хурдан арга хэмжээ авч зургийн авсан. Эхнэрт чинь хагалгаа хйих боломжгүй байна хагалгааны ая даахгүй гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гарсан байгаа. Одоо гэртээ хэвтэрт хэвтэж байна. Жолооч нь хэвтрийн ортой эмнэлгийн машин хөлсөлж гэрт авчирч өгсөн.” гэжээ /хх-н   19-20 /

          Р.Д-н өвчний түүхийн хуулбар  /хх-н 56-69/

          Эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 76-116/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 121/

          2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн өвчний түүхээр гаргасан шүүх эмнэлэгийн шинжилгээний 548 тоот дүгнэлт :“

1. Р.Д-н биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-н 122/

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 123/

      Замын цагдаагийн албаны шинжээчийн  465 тоот дүгнэлт : “

1.Зам тээврийн осол хэрэгт авагдсан материал, зам орчны байдал, хохирогч, гэрчийн мэдүүлэг /жолоочийн мэдүүлэгтэй зөрөхгүй/ зэргийг үндэслэхэд Монбус загварын ... улсын дугаартай троллейбусыг жолоодож явсан жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 21.1 дэх заалт “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. “Автотээврийн тухай хууль”, салбарын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”,  “Замын хөдөлгөөний дүрэм”-д зааснаар тухайн ослын үед гэмтсэн гэх зорчигч Р.Д нь дээрх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актуудын ямар нэг зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл харагдахгүй байна.

2.Тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь хөдөлгөөн эхлүүлсэн үедээ гэнэт  тоормослон зам тээврийн осол мөн эсэхэд хариулт өгөхөд утгагүй бөгөөд хөдөлгөөний үед аюул, саад осолтой байдал ямар ч байдлаар үүсэх боломжтой, жолооч тухайн байдалд тохирсон арга хэмжээ авахыг ЗХД-ээр тодорхойлж өгсөн. Хэрэв зам дээр тийм осолтой байдал үүсээд  хөдөлгөөн үргэлжлэх, хурдыг сааруулж, зогсоох, чиг өөрчлөх явцад хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учирсан бол зам тээврийн осол үйлдэгдсэн гэж үзнэ.

3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл нөлөөлсөн байдал харагдахгүй байна.” гэжээ  /хх-н 124/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 125-126/

          Б.Б-н  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 131/,  ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 132/,

          Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  127-128//

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-н 1-6/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 129-130/ зэрэг болно.

        Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөөний 10 цагийн үед  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Жуковын автобусны буудлаас Зорчигч тээвэр нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Jea 800  маркийн ... улсын дугаартай троллейбус жолоодон хөдөлгөөнд оролцохдоо  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д заасан Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөнөөс Р.Д-г суудалд сууж амжаагүй байхад нь хөдөлж огцом зогсолт хийснээс уг зорчигч унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Р.Д-н биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсанг тогтоосон хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 548 тоот дүгнэлт

         Хохирогч Р.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Уг троллейбусын урд талын хаалгаар ороод эхний гишгүүр дээр баруун хөлөө тавьж, зүүн хөлөө 2 дахь гишгүүр дээр тавьчихаад зүүн гараараа  троллейбусны босоо бариулаас барих гэж байтал уг троллейбус огцом тормос гишгэснээс болж жолоочийн хажуугийн хаалганы гишгүүр лүү толгойгоороо уначихсан юм. Би босож чадахгүй зүүн хөл гадагшаа  түнх хэсгээрээ эргэчихсэн байсан гэсэн мэдүүлэг

          Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... троллейбусанд би түрүүлж ороод араас хөгшин орж ирэх гэж байгаад бүрэн сууж амжаагүй байхад жолооч хөдөлгөөнд оролцож эхнэр Д шат руу доошоо толгойгоороо годройдоод унаж зүүн хөл нь гэмтсэн. Тэгсэн хойд талаас хар куртиктэй эмэгтэй болон жолооч хоёр манай  эхнэрийг босгох гэсэн эхнэрийн зүүн хөл нь эргэчихсэн зогсож чадахгүй шалан дээр өгзгөөрөө суучихаад хөдөлж чадахгүй байсан гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч  Б.Б-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... Би хаалгаа хааж хөдөлгөөнөө эхлүүлсэн бөгөөд буудлаас 40-50 метрийн зайнд 10 орчим км цагийн хурдтай явж байхад хар өнгийн жижиг тэрэг зорчих хэсгийн 2 дугаар  эгнээгээс 1 дүгээр эгнээ рүү гэнэт дараад ороод ирсэн юм. Тэгээд би тормос гишгээд зогсоход зааланд байсан настай эмэгтэй урд хаалганы шатны 2 дахь гишгүүр дээр зүүн гараараа дараад заалны шалан дээр уначихсан юм. Тэгээд тэр хүнийг өргөөд авахад зүүн хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь зааланд бадушик тавьж суулгасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.           

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Б.Б нь  буудал дээрээс зорчигч аваад  зорчигчдийг суудалдаа бүрэн сууж амжаагүй байхад нь хөдөлгөөнөө эхлүүлж огцом тоормос гишгэсэнээс хохирогч хаалганы шат руу унасанаас хохирогчийн биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч 3.044.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасаныг шүүх хянаж үзээд нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс 1.795.165 төгрөгийг төлөх шаардлагатай гэж үзээд  шүүгдэгчийн төлсөн 1.740.000 төгрөгийг хасаж үлдэх 55.165 төгрөг  хохирогчид  дутуу төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй. Мөн хохирогчийг осолд орсоны  охиноо Завхан аймгаас дуудаж ирүүлж эхнэрийгээ харуулсан, охины Завхааас ирсэний зардал 125.000 төгрөгийг нэхэмжилж байна гэснийг шүүх шүүгдэгчээс гаргуулж нийт  180.165 төгрөгийг гаргуулж Р.Д-д олгох нь зүйтэй. Өмгөөлөгчид төлсөн хөлс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш гэж үзсэн учраас 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй үзлээ.

              Хохирогч Р.Д-н бие бүрэн эдгэрээгүй байх тул цаашид бие эдгэтэл  гарах зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.   

           Б.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Б.Б-н жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3,36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Х  овогт  Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  Б.Б нь торгох   ялыг зургаан сарын  сарын дотор төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт  зааснаар  Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Б.Б   нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх   дүүргийн 11 дүгээр хорооны товчооны 7 дугаар гудамжны ...  тоотод оршин суудаг,  /РД: .../  Б.Б-с 180,165 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 84 дүгээр байрны 48 тоотод оршин суух /РД: .../  Р.Д-д олгох,  Р.Д цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

        9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

          10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , Б.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН