Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00503

 

 “Сипи медиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01312 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар магадлалтай,

         “Сипи медиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Монгол Улсын Үндэсний номын санд холбогдох    

          Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.538.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Ичинхорлоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Сипи медиа” ХХК болон Үндэсний номын сангийн захирал нар харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, самбар түрээсийн гэрээг тус тус байгуулан ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай зүгээс Үндэсний Номын сангийн гадна фасаданд ...нийт 26 928 000 төгрөгийн үнэ бүхий дэлгэцүүдийг тус тус чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний дагуу захиалагч тал Монголын Үндэсний номын сан нь гэрээний үнийн дүн 26 928 000 төгрөгийг гүйцэтгэгч тал болох манай компанид бартер хэлбэрээр төлөх буюу гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр номын сангийн үүдэнд 5 метр, 10 метр хэмжээтэй 7 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг рекламын самбарыг хийж гүйцэтгэн нэг жилийн хугацаанд зар сурталчилгаа тавих байсан. Үүний дагуу манай компанийн зүгээс мөн өөрийн хөрөнгөөр 7 000 000 төгрөгийн зардал гаргаж 2 ширхэг рекламын самбарыг номын сангийн үүдэнд хийсэн. Гэтэл захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээний үнийн дүн болох 26 928 000 төгрөгийн төлбөрөө манай компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр 7 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг самбарыг огт тавиулаагүй болно. ...бид гэрээний дагуу хийлгэсэн ажлынхаа хөлс болох 26 928 000 төгрөг, гадна самбарын зардалд 7 000 000 төгрөгийг тус тус мөнгөөр төлөх болно гэсэн тайлбарыг өгсөн. Гэсэн хэдий ч номын сан өнөөдрийг хүртэл дээрх гэрээтэй холбоотой тооцоог хийхгүй байсаар байна. Манай компанийн зүгээс талуудын хооронд хийгдсэн гэрээнүүдтэй холбоотой төлбөрийг төлөхийг Номын сангаас удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Иймд ажлын хөлс 26 928 000 төгрөг, самбарын үнэ 7 000 000 нийт 33 928 000 төгрөгөөс шилжүүлсэн 8 389 150 төгрөгийг хасаад үлдэгдэл 25 538 850 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Номын сангийн гадна фасадад байрлах ...гэрээнд заасны дагуу төлөх нөхцөлтэйгөөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ингэхдээ Иргэний хуулийн 348-358 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчилнэ. Уг хуулинд зааснаар тендер зарлаж шаардлага хангасан гэж үзсэн тендерт оролцогчтой бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулдаг бөгөөд худалдан авах ажиллагаанд мөрдөх гэрээний стандарт нөхцөлийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг Сангийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 213 дугаар тушаалаар ерөнхий гэрээ байгуулах журам баталсан бөгөөд уг журмын нэгдүгээр хавсралтаар ерөнхий гэрээ байгуулах журам, хоёрдугаар хавсралтаар ерөнхий гэрээний маягтыг тус тус баталсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлийг нэг бүрчлэн хуульчилсан байдаг дээр дурдсан хууль болон журмыг зөрчиж байгуулсан ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл бөгөөд хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан тул “Сипи медиа” ХХК-иар хийлгүүлсэн 2 ширхэг электрон дэлгэцийн элэгдлийн үнийг тооцон буцааж өгөх хүсэлтэй байна. Тухайн 2 ширхэг электрон дэлгэц нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой эд хөрөнгө болно. Учир нь электрон дэлгэцийг хүлээн авснаас хойш баталгаат хугацаа гэх 6 сарын хооронд удаа дараа эвдэрч “Сипи медиа” ХХК-иар засуулж байсан. Мөн баталгаат хугацаа дууссанаас хойш 2 удаа эвдэрсэн бөгөөд үүнийг номын сан өөрийн хөрөнгөөр засуулсан. Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 20 926 000 төгрөгийг бартер хэлбэрээр төлөхөөр талууд харилцан тохиролцож ...хэмжээтэй 2 ширхэг самбарыг 1 жилийн хугацаанд номын сангийн үүдэнд байрлуулахаар харилцан тохиролцож самбар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу номын сан зар сурталчилгааны самбарыг гаднаа байрлуулаад 1 сар орчим хугацаа өнгөрч байхад иргэдээс гомдол санал ихээр гарч Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1а/4121 тоот албан бичиг, Улаанбаатар хотын захирагчийн албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1659 тоот албан бичгээр тус тус зар сурталчилгааны самбарыг яаралтай буулгахыг шаардсан. Нийслэлийн ИТХурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 тоот тогтоолоор баталсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг баталсан. Журмын 2 дугаар хавсралтад гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглох гудамж зам талбай нэр дурдаж заасан бөгөөд үүний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, 2 дугаар зүйлийн 2.2. дахь хэсэгт Чингисийн өргөн чөлөө Яармагийн гүүрнээс /Төв шуудангийн уулзвар хүртэл/ гэж тус тус журамласан. МУҮНСан нь байршлын хувьд Чингисийн өргөн чөлөөнд хамрагддаг болно. Үндэсний номын сангийн барилга нь Монгол улсын анхны барилгын дурсгалын нэг бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх хэсэгт зааснаар “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц бүтээлийг өөрчлөх"-ийг хориглоно. Дээр дурдсан шалтгааны улмаас МУҮНСан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгч “Сипи медиа" ХХК-д хэлэхэд өөрсдөө самбараа буулгаад аваад явсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж заасан бөгөөд энд дурдсан хүндэтгэн үзэх үндэслэл гэдэгт мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдол багтана. Эрх бүхий байгууллагаас зар сурталчилгааны самбарыг буулгахыг шаардсан нь гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Ийнхүү хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам үйлчлэх бөгөөд 205 дугаар зүйлд заасан журам үйлчлэх бөгөөд 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заасны дагуу гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Үүний дагуу номын сан гадна багана дээр байрлуулсан зар сурталчилгааны самбарыг бүрэн бүтэн эд хөрөнгийн доголдолгүйгээр нэхэмжлэгч талд эргүүлэн өгсөн тул 7 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл мөн адил хүчин төгөлдөр буст тооцогдох тул ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг дагаад самбар түрээсийн гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд “Сипи медиа" ХХК-ийн нэхэмжилж буй 7 000 000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Үндэсний Номын сан нь ...урсдаг зарын самбарын төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байдал үүссэн ч нөөц бололцоо бүх боломжийг хайж ...урсдаг самбарын 14 280 000 төгрөгөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1 700 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 668 342 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 371 808 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 650 000 төгрөг нийт 8 390 150 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид LED урсдаг самбарыг авах саналыг гаргасан захирал ажлаас чөлөөлөгдсөн төсөвт суугаагүй зэрэг самбарын төлбөрийг хийхэд хүндрэлтэй асуудлууд үүсээд байгаа учир ...урсдаг самбарыг буцааж өгөн шилжүүлэн өгсөн 8 390 150 төгрөгийг эргүүлэн авах хүсэлтэй байна. Иймд төсөв санхүүгийн хүндрэлтэй үед нөөц бололцоондоо тулгуурлан LED урсдаг самбарын төлбөрийг барагдуулах ажил хийсээр ирсэн байхад ямар ч үйлдэл хийгээгүй мэтээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01312 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Үндэсний номын сангаас 25 538 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 285 644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...25 538 850..." гэснийг “хариуцагч Монгол Улсын Үндэсний номын сангаас 17 283 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сипи медиа" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 255 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...285 644 гаргуулан...” гэснийг “...244 366 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн төлөөлөгч Б.Ичинхорлоогийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Гэрээний төлбөрийг бартер хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцож мөн өдөр самбар түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээний дагуу зар сурталчилгааны самбарыг гаднаа байрлуулаад 1 сар орчим хугацаа өнгөрч байхад иргэдээс гомдол, санал ихээр гарч улмаар ...сайдын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1а/4121 тоот албан бичиг, ...өдрийн 01/1659 тоот албан бичгээр тус тус зар сурталчилгааны самбарыг яаралтай буулгахыг шаардсан. Нийслэлийн ИТХурлын ...тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Журмын 2 дугаар хавсралтанд “Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглох, гудамж зам талбайг нэр дурдаж заасан бөгөөд үүний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж”, 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Чингисийн өргөн чөлөө /Яармагийн гүүрнээс Төв шуудангийн уулзвар хүртэл/” гэж тус тус журамласан. МҮНСан нь байршлын хувьд Чингисийн өргөн чөлөөнд хамаардаг болно. Монголын Үндэсний номын сангийн барилга нь Монгол улсын анхны баганат барилгын дурсгалын нэг бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх хэсэгт зааснаар “...”-ийг хориглосон. Дээр дурдсан шалтгааны улмаас МУҮНСан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгч ...хэлэхэд өөрсдөө ирж самбарыг буулгаад аваад явсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар “...” гэж заасан бөгөөд энд дурдсан хүндэтгэн үзэх үндэслэл гэдэгт мөн хуулийн 222.2 хэсэгт зааснаар “...” тохиолдол багтана. Эрх бүхий байгууллагаас зар сурталчилгааны самбарыг буулгахыг шаардсан нь гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн. Энэ тухай нэхэмжлэгчид хэлэхэд ирээд самбараа буулгаад аваад явсан. Иргэний хуулинд заасан хүндэтгэн үзэх үндэслэлийн улмаас хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул ажил гүйцэтгүүлсний төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож “Сипи медиа” ХХКомпанийн нягтлан бодогч Ч.Бадамгэрэл нь 8 сарын хугацаанд сар бүр 2.160.000 төгрөг нийт 17.280.000 төгрөгийг хуваарь гарган гарын үсгээ зурж, санхүүгийн тамгаа дарж баримтжуулан хариуцагчид ирүүлсэн. Хувиарын дагуу Үндэсний номын сан нь нэхэмжлэгчид 8.389.150 төгрөгийг төлсөн. Төлбөр төлөх графикт хугацаа тасалдсанаар “Сипи медиа” ХХК нь 25.538.850 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Монгол Улсын Үндэсний номын сангаас 17.283.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээний үнийн дүн нь 33.928.000 төгрөг болохыг, хариуцагч 8.389.150 төгрөг төлсөн, самбар түрээслэх гэрээний 7.000.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг нэхэмжлэгч буцаан авсан, самбарыг ашиглах болон сэргээн завсарлах боломжгүй гэх байдал хэргийн байдлаар тогтоогдоогүй байхад шүүх “самбар түрээсийн гэрээнээс учирсан хохирол 7.000.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу” гэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан 28.538.850 төгрөгөөс уг 7.000.000 төгрөгийг хасаж тооцоогүй. Мөн буцаан төлөлтийн хуваарийн дагуу 17.280.000 төгрөгнөөс 8.389.150 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 8.890.850 төгрөгийг нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК-д өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд холбогдох Иргэний хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

           Нэхэмжлэгч “Сипи медиа" ХХК нь хариуцагч Үндэсний Номын санд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.538.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...зар сурталчилгааны самбарыг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн тул 7 000 000 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй, самбарын төлбөр төсөвт суугаагүй, нэхэмжлэгчид шилжүүлсэн 8 390 150 төгрөгийг буцаан гаргуулах ёстой...” гэж маргажээ.

            Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Ажил гүйцэтгэгч “Сипи медиа” ХХК болон захиалагч Үндэсний номын сангийн хооронд  2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан ба энэ гэрээгээр нэхэмжлэгч нь 26 928 000 төгрөгийн үнэ бүхий дэлгэцүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагч буюу хариуцагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Энэ гэрээний төлбөрийг бартерийн хэлбэрээр төлөхөөр тохиролцохдоо мөн өдрөө “Самбарын түрээсийн гэрээ”-г талууд   байгуулсан байх бөгөөд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр номын сангийн үүдэнд 7 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг рекламын самбарыг байрлуулан нэг жилийн хугацаанд зар сурталчилгаа тавихаар харилцан тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох дэлгэцүүдийг захиалагч талд хүлээлгэн өгсөн, энэ дэлгэцүүдийг ашиглаж байгаа бөгөөд харин нэхэмжлэгч тал реклам хийх зорилгоор 2 ширхэг самбараа хариуцагчийн эзэмшил талбайд байрлуулсан боловч нэхэмжлэгч рекламны самбараа зохих ёсоор ашиглах нөхцөл бүрдээгүйгээс хариуцагчийн шаардсанаар уг самбаруудыг буцаан авсан байх бөгөөд эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө нэхэмжлэгчийн рекламны самбарыг эзэмшил талбайдаа байрлуулж  төлөхөөр тохиролцсон үүргээ биелүүлэх боломжгүй болсон ч дэлгэц хийлгүүлсэн төлбөрийг гэрээгээр тохирсон хэмжээгээр төлөх үүрэг нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар тодорхойлогдох тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөө шаардах эрхтэй юм. Иймээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг хасч үлдэх хэсгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

          Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүргийн шаардах эрхийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн боловч рекламны самбар байрлуулан ашиглах тухай гэрээнээс учирсан хохирол 7 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Ичинхорлоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч Монгол Улсын Үндэсний номын сан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                         Д.ЦОЛМОН