Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0516/з |
Дугаар | 221/Ма2018/0527 |
Огноо | 2018-10-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 221/Ма2018/0527
“М р с” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн
тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М р с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0467 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг баримтлан “М р с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, MV-020885 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн давхцаагүй хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “М р с” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0467 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115.2-д зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “М р с” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 сарын 21-ний өдрийн О6б/3858 тоот албан бичгийг Ашигт малтмалын газрын тосны газарт хүргүүлж байсан, ойн хилийн заагийг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан тогтоолгож, хуульд нийцүүлсний үндсэн дээр ойн сан бүхий хэсгийг хасалт хийхэд татгалзах зүйлгүй гэсэн бичгийг ирүүлсэн, Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь зураг зүйн шүүлтээр ойн сантай 377.13 га талбайгаар давхцалтай гэсэн шүүлт байсан зэргээс үзэхэд анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Эдгээрийг хүсэлт болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг судлан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан үндэслэн хайгуулын 016751Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь ашиглалтын 20885А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг гаргасан нь хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг зөрчиж гарсан шийдвэр болсон юм
Өөрөөр хэлбэл мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх, 26.3-д өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус заасныг зөрчиж Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг материалаар нотлогдоно.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах үүрэг нь төрийн захиргааны байгууллагад байхад нэхэмжлэгчийг буруутгаж ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06-р сарын 21-ний өдрийн о6б/3858 тоот албан бичгээр Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан ойн сан бүхий хилийн солбилцол нь зарим тохиолдолд техникийн шаардлага хангахгүй болон уур амьсгалын өөрчлөлт, цаг хугацаанаас хамаарч ойн сан бүхий газарт өөрчлөлт орсон байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гээд энэ тогтоолоор баталсан хилийн заагийг 2017 оны 04 дүгээр улиралд Засгийн газарт танилцуулж шинэчилсний дараа “М р с” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг өгсөн байсан ч энэ бичгийг залруулж манай байгууллагад албан бичгийг дахин ирүүлсэн.
Тус газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 7/2053 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс “М р с” ХХК-д олгосон ашиглалтын 20885 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий хилийн заагтай давхцалтай эсэх талаар лавлагаа авсан.
Энэ бичгийн хариуд тус яамны Ой, ус тусгай хамгаалалтай газрын кадастрын хэлтсийн “М р с” ХХК-ийн хайгуулын 016751Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий хилийн заагтай давхцалтай, уг тогтоолын 3 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт ороогүй гэсэн хариуг манайд ирүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д заасан тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг зөрчиж олгосон нь зөрчил хэвээр байгаа нь тогтоогдсон тул уг хайгуулын талбайд бүхэлд нь ашиглалтын 20885А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар шийдвэрээр “...Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний 06б/3858, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06б/1443 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “М р с” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...манай компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сан бүхий талбайн хилийн заагтай давхцалтай болохыг хариуцагч мэдэж байсан хэрнээ ашиглалтыг тусгай зөвшөөрлийг олгосон, уг тусгай зөвшөөрлийг олгосон тушаалыг хүчингүй болгохдоо давхцалтай хэсгээр бус бүхэлд нь хүчингүй болгосон нь компанийн эрхийг зөрчиж байна” гэх үндэслэлээр маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг давхцалгүй хэсгээр сэргээхийг хариуцагчид даалгуулахаар маргасан байна.
Нэхэмжлэгч “М р с” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын нутаг дахь Цагаан-Уул гэх газарт MV-020885А ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 2360.11 гектар талбайгаас 377.13 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т зааснаар Засгийн газрын 2012 оны Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхацсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг гаргах үедээ мэдэж байсан, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэгч хуулийн этгээдэд MV-020885А тусгай зөвшөөрлийг олгосон атлаа хожим “...ойн сан бүхий талбайн хилийн заагтай давхцалтай болох нь тогтоогдсон” гэж дүгнэн шийдвэрээ хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “М р с” ХХК нь 2011 оноос тус талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ХХ-02-05 дугаар дүгнэлт гаргуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулсаар байхад нь хариуцагч захиргааны байгууллагаас Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий талбайн хилийн заагтай давхцалтай болох талаар мэдсээр байж түүнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг гаргасан, нэхэмжлэгчээс ойн сан бүхий газартай давхцалтай хэсгээр хасалт хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсээр байхад маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна.
Хэрэв нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын 2360.11 гектар талбайн 377.13 гектар талбай нь ойн сан бүхий талбайн хилийн заагтай давхцалтай бол хариуцагчаас давхцалгүй хэсгээр нь тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг гаргах боломжтой байжээ.
Нэгэнт нэхэмжлэгч “М р с” ХХК нь MV-020885 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг давхцаагүй хэсгээр сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий талбайн хилийн заагтай давхцаагүй талбайд уурхайн эдэлбэрийн зориулалтаар ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий 263 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг удирдлага болгоогүй нь буруу болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН