Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0710/з |
Дугаар | 291 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 291
“Ж...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн “Ж...” ХХК-ийн ХV-... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0143 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч “Ж...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Я-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0143 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/1984 тоот албан бичгийг хүчингүй болгож, “Ж...” ХХК-ийн XV-... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.11, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж...” ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/1984 дүгээр албан бичгийг хүчингүй болгох, “Ж...” ХХК-ийн XV-... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жадамба, Б.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “Ж...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Я хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон гомдлыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай дараах хууль зүйн үндэслэл байна. Үүнд:
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Ж...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэргийн оролцогч, талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг оролцуулан хянан хэлэлцээд 128/ШШ2020/0143 дугаартай шийдвэр гаргасан юм.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 “шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн агуулгыг шүүгч тайлбарлан уншиж сонсгосноор хуралдааныг хаасан болно.
6. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноос хойш 48 хоног, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасны дагуу бичгээр гарсанаас хойш 29 хоног өнгөрсөн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 “шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна”, 108.5 “энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэх заалтууд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт яагаад үйлчлээгүй вэ.
8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6 “... эсхүл энэ хуулийн 108.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар эсхул шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж заасны дагуу буюу 14 хоног өнгөрөхөд хариуцагчид хүргүүлсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, “шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах”, “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх” заасан үүргээ биелүүлээгүй.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хэлэлцүүлэх, гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй гэж үзэж буй шалтгаан үндэслэлээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан баримт гарган 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдол хуульд заасны дагуу 14 хоногийн дотор гаргасан гомдол юм гэж тайлбарласан байдаг.
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэн хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ хуулийн үндэслэлээ заагаагүй ч анхан шатны шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрээгүй хэмээн үзэж хариуцагчаас бичгээр тайлбар гаргуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүргүүлсэн албан бичиг, хүлээлгэн өгсөн баримтыг үндэслэв.
11. Ингэхдээ хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг ямар үнлэслэлээр хүлээн аваагүй талаар хуулийн үндэслэл бүхий тогтоол гаргасангүй, магадлалдаа хууль зүйн үндэслэлээ ч тусгасангүй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 “хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэх заалтыг баримталсан гэж үзвэл дээрх заалтын хуульд өөрөөр заагаагүй бол буюу тус хуулийн 108 дугаар зүйл болон 21 дүгээр зүйлд заасныг баримтлахгүй хэмээн үгүйсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хууль буруу тайлбарлан хэрэглэлээ.
13. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дүгээр талд “... энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж үзэхээргүй байна. Тодруулбал, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэнээс шүүхэд нэхэмжлэл гарган хандаж болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай” гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “... зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж хуульд заасан атал зөвхөн зөрчигдсөн эрхийг сэргээх тухай дүгнэж тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн бас нэг үндэслэл боллоо.
14. Цаашлаад “... гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 дүгээр албан бичгийг хүчингүй болгох, мөн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нөхөн олговрын асуудал шийдвэрлэгдэх боломжгүй юм” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна.
15. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нөхөн олговрын асуудлыг огт дурдаагүй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шаардлагын хүрээнд хариуцагч хариу тайлбар гаргаж, анхан шатны шүүх ч хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүй нь хуульд нийцэхгүй байгаа тухай дүгнэн шийдвэр гаргасан билээ. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөвлөлөөр тайланг хэлэлцүүлсэнээр нөхөн төлбөрийн хэмжээ ихсэх магадлалтай талаар ярьсан хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй бөгөөд хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш учир холбогдох төрийн захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлэх асуудал юм гээд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтыг цуглуулан хэргийг хянан шийдвэрлэсэн.
16. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын маргаагүй бөгөөд хариуцагчийн эрх хэмжээнд хуулиар харьяалуулаагүй буюу хамаарахгүй, чиг үүрэгт нь огт байхгүй асуудлаар дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.
17. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1. “захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасныг зөрчиж хууль дээдлэх зарчмыг чанд баримтлах хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй үүргээ умартсан хариуцагчийн эс үйлдлийг зөвтгөж хууль буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
18. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
20. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1984 дүгээр албан бичгээр “... танай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын XV -... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Их хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор баталсан Их газрын чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай..., танай компани 2018 онд тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн ... тул /хайгуулын ажлын тайланг/ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй” гэсэн, нэхэмжлэгч “Ж...” ХХК-иас уг албан бичгийг хүчингүй болгуулж, ХV-... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй шохойн чулууны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан, анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
21. Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг өргөтгөж, ангилал дээшлүүлэн, Их газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, улсын тусгай хамгаалалтад авсан, уг тогтоолын 4-т “энэ тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрхэ, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговорыг тооцож олгохыг Засгийн газарт даалгаж” шийдвэрлэсэн, тогтоолын хавсралтаар заасан хил заагт “Ж...” ХХК-ийн эзэмшлийн, 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон XV-... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг талбай бүхэлдээ багтсан, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.
22. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-2604 дүгээр албан бичгээр “Ж...” ХХК-д хандаж, “... танай тусгай зөвшөөрлийн талбай нь ... Их газрын чулууны байгалийн цогцолборт газартай хэсэгчлэн давхцаж байна, ... Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, ... 14.6...-д заасныг үндэслэн холбогдох байгууллагуудад хандан асуудлаа шийдвэрлүүлэх”-ийг мэдэгдсэн, “Ж...” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд, 09 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад, 10 дугаартай албан бичгээр Дунговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус хандаж, “...Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6...-д заасны дагуу нөхөх олговорын асуудлыг шийдвэрлэж өгөх эсхүл хайгуулын үйл ажиллагааг хэвийн явуулах тогтоол шийдвэр гаргаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ХЭГ/810 дугаар албан бичгээр Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Уул уурхайн сайд нарт хандаж “...”Ж...” ХХК-ийн ... хүсэлтийг судалж, холбогдох арга хэмжээг /авна уу/” гэж, хувийг тус компани хаяглан ирүүлсэн, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8/3871 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт хандаж, “... Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын 4-т заасны дагуу ... “Ж...” ХХК-д нөхөн олговор олгоогүй, нөхөн олговорын хөрөнгө энэ оны төсөвт тусгагдаагүй ... /тул/ “Ж...” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа цаашид үйл ажиллагаа явуулах бол Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулах нь зүйтэй” гэж мэдэгдсэн, үүний дараа “Ж...” ХХК-ийн XV-... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 321 дүгээр шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 479 дүгээр шийдвэрээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус сунгажээ.
23. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, уг хуулийн 14 дүгээр зүйлд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газрын эрх зүйн зохицуулалтыг тусгайлан заасан, энэ зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан, дээрх үйл баримтуудаас үзвэл, эрх бүхий этгээд хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон газрын тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олголгүйгээр, “үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх”-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж...” ХХК-д олгосон гэж дүгнэх үндэслэлтэй юм.
24. Иймд, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж, хайгуулын үйл ажиллагааг явуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “хууль зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй, энэ үндэслэлээр “Ж...” ХХК-ийн ХV-... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн хариуцагчийн үйлдэл хууль бус, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
25. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж...” ХХК-ийг “хууль зөрчиж хайгуулын үйл ажиллагаа явуулсан” гэж үзэхгүй, энэ тохиолдолд, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-т “төрийн захиргааны байгууллага нь ... тайлан ... -д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэгтэй гэж үзнэ.
26. Түүнчлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/46 дугаар тушаалаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 1.2-т “... Зөвлөл нь /хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордын нөөцийн тооцоолол/...-ийг хэлэлцэж, ... дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх”-өөр заасан, Зөвлөлийн нийтлэг үүргийг дүрмийн 2.1-д, эрхийг 2.2-т тус тус нарийвчлан тодорхойлсноос үзвэл, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан, материалын бүрдэл хангаагүй тохиолдолд зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн даргаас албан бичгээр буцаах боломжтой, бусад тохиолдолд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь ашигт малтмалын ордын хайгуулын ажил, түүний үр дүнгийн тайланг холбогдох заавар, журам, нөөцийн ангилалд дүйцүүлэн гүйцэтгэж боловсруулсан эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэлэлцэн нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, тэмдэглэл хөтөлж, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй байна.
27. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу “... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь дүрэмд зааснаар мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үүрэгтэй бөгөөд нөхөн олговрын олгох асуудлыг шийдвэрлэхгүй”, “... Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг байх бөгөөд нэгэнт байгалийн цогцолбор газраар тусгай хэрэгцээнд авсан газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэх зэргээр хамааралгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн, ... нэхэмжлэлийн шаардлагад нөхөн олговрын асуудлыг огт дурдаагүй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... байхад ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын маргаагүй бөгөөд хариуцагчийн эрх хэмжээнд хуулиар харьяалуулаагүй буюу хамаарахгүй, чиг үүрэгт нь огт байхгүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
28. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА