| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04949/И |
| Дугаар | 191/ШШ2025/06771 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/06771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ********* тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт шилжүүлсэн 28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 28,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С.******* нь "******* ******* ХХК-тай 2020.01.29-ний өдөр /№Π2-Ε-01/20-23/ тоот "Орон сууц захиалгаар бариулах" гэрээ байгуулж, 30.16 мкв 1 өрөө орон сууцыг 33.176.000 төгрөгөөр захиалсан.
С.******* нь нийт 28,000,000 төгрөгийг "******* *******" ХХК-д төлсөн. 2023 оны 2 сарын байдлаар барилгын суурь байхгүй хэзээ баригдаж эхлэх нь тодорхойгүй, удаа дараа барилгын ажил хойшилж байсан тул 2023.02.03-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргасан. 2023.01.30-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж гэрээний 6.2.3 дахь хэсэгт заасан 20 хувийн торгуулийг суутгахгүйгээр мөн гэрээний 6.2.6 хэсэгт заасны дагуу гэрээ цуцалснаас хойш 180 хоногийн дотор буцаан олгохоор шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байна.
Иймд гэрээний үүрэгт төлсөн 28,000,000 төгрөгийг "******* *******" ХХК-аас гаргуулж өгнө үг гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 297,950 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ цуцалсан акт, мөнгө шилжүүлсэн баримтууд,
3.2 Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч С.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт шилжүүлсэн 28,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсны дагуу, тухайн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардсан.
6. Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 26729 дүгээр захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан, хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
6.1 Улмаар 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирж шүүх хуралдааны товыг мэдсэн түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
6.2 Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
7. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* ******* ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №Π2-Ε-01/20-23 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих ****** тоот хаягт байрлах, 30,16 м.кв хэмжээ бүхий, 1 өрөө орон сууцыг нийт 33,176,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ цуцалсан актаар нотлогдож байна.
7.2 Дээрх гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 28,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ цуцалсан акт зэрэг баримтаар нотлогдсон.
8. Дээрх баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд ...заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй...гэснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан байжээ.
Гэрээний талууд гэрээ цуцлах талаар харилцан тохиролцож баримт үйлдэж, уг баримтаар нэхэмжлэгчид 28,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчлөөс үүдэн талуудыг гэрээнээс татгалзсан гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь орон сууц захиалах гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 28,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 297,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 28,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 297,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА