Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга Б.Батням,

Хохирогч Н.Гантулга,

Шүүгдэгч Я.П, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706028960265 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Я.П нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын гадна авто зогсоол дээр иргэн Н.Гантулгатай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706028960265 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Я.П нь хохирогч Н.Гантулгын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Цайз зах дээр хувиараа өөрийн автомашинаар ачаа ачдаг юм. П нь мөн өөрийнхөө машинаар ачаа ачдаг бөгөөд танилын харилцаатай. 2017 оны 10 сарын 23-ны өдөр 12 цагийн үед Цайз зах дээр байж байтал П согтуу байдалтай над дээр ирээд "10,000 төгрөг өгчих" гэхээр нь надад мөнгө байхгүй байсан тул би "мөнгө байхгүй" гэж хэлсэн. Тэгээд би хүний ачаа ачиж 20,000 төгрөг авч бензин хийчихээд Цайз зах дээр ирээд зогсож байтал П ирээд "чамайг шаачих уу" гэхээр нь би арай ч намайг зодчихгүй байлгүй гэж бодоод "тэгвэл тэгэхгүй юу" гэтэл П шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход амнаас цус гарсан бөгөөд би амаа дараад доошоо суутал П нүүр рүү 2-3 удаа дарааллаж өшиглөсөн. Тэгээд би газар унатал миний элэг, цээж рүү хоёроос гурван удаа өшиглөж зодсон. Тэгэхэд П өөрийнхөө машинаа Баадай гэх жолоочоор бариулж явсан бөгөөд Баадай нь Пг аваад явсан. Би утсаараа цагдаа дуудах гэтэл миний уруул сэтэрч, шүд унаснаас болж цус алдаад байсан тул би өөрийнхөө машиныг асаагаад шууд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ирж өргөдлөө өгөхөд намайг гэмтлийн эмнэлэг рүү яв гээд явуулсан. Миний уруул сэтэрч арван хоёр оёдол тавиулсан, дээд үүдэн хоёр шүд унасан. Доод үүдэн шүд хөдөлгөөн орсон. Баруун талын хоёр хавирга хугарсан. Би Пд зодуулснаас болж амьжиргааны эх үүсвэр болсон машинаа барьж чадахгүй, гэртээ хэвтэж байгаа учир Пд их гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн зардал 6.2 сая төгрөг болсон. Оёдол тавиулсан, шарлага хийлгэсэн, дотороосоо байнга антветик эм ууж байгаа. Шүдэндээ эмчилгээ хийлгээгүй. Шүд суулгуулахад 1 шүд 2.500.000 төгрөг гээд байгаа. Нийт 6 шүд хийлгэнэ. Шүдний зардал 11 сая төгрөг болно. Я.Пгээс 12 сая төгрөг нэхэмжилнэ. Түүнээс 300.000 төгрөг анх авсан. Өөр мөнгө аваагүй  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 130 дугаар хуудас/,

 

Гэрч С.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Цайз зах дээрээс хувийн машинаараа ачаа ачдаг юм. Гантулга, П нар нь мөн зах дээрээс ачаа ачдаг хүмүүс юм. 2017 оны 10 сарын 23-ны өдөр Цайз зах дээр машиныхаа хажууд зогсож байсан юм. Тэгэхэд Гантулга гэгч бас миний урд талд өөрийнхөө машиныхаа хажууд зогсож байсан бөгөөд П ирээд Гантулга дээр очоод "чи миний ажлыг булаалаа" гээд Гантулгын нүүр рүү нь цохиход хамраас нь цус гараад тонгойсон бөгөөд тэгэхэд нь дахиад нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд П ямар ч юм ярилгүй яваад өгсөн. Юунаас болсон гэвэл Гантулга нь Пгийн ачаа ачих гэж байсан хүнийг нь тэр өдрийг өглөө булаасан юм байна лээ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13277 дугаартай

Н.Гантулгын биед баруун 8, 9-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун дээд 1-р, зүүн дээд 1-р шүдний хугарал, зүүн доод 2-р шүдний сулрал, доод урууланд шарх, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 634 дугаартай

Н.Гантулгын биед баруун 8, 9-р хавирганы хугарал гэмтэл учирсан байх ба уг хугарал нь ГССҮТ-ийн 2017-10-23-ны хүлээн авахын болон 2017-10-26-ны эмчийн үзлэг, онош, 2018-05-15-ны цээжний хөндийн КТГ-н шинжилгээгээр батлагдаж байна. Н.Гантулгын зүүн доод 2-р шүдэнд гэмтэл өөрчлөлт тогтоогдсонгүй. Н.Гантулгын баруун дээд1, зүүн дээд 4,5-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл учирсан байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх шүдний гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гурван шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь нөлөөлнө. Н.Гантулгын биед 8,9-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар  хүндэвтэр зэрэгт, шүдний гэмтэл нь 2.4.2-д зааснаар, доод уруулын шарх, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Я.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:  

2017 оны 10 сарын 23-ны өдөр Н.Гантулгыг Цайз зах дээр зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. шинжээчийн дүгнэлтэд Гантулгын 8,9-р хавирга хугарсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хавирга нь хугараагүй бөгөөд хавирга хугарсан хүн босч явж чадахгүй. Надад зодуулчихаад Гантулга машинаа бариад шууд явсан. Хавирга нь хугарсан хүн явах нь байтугай амьсгалж чаддаггүй. Өнгөтөөр зураг авхуулахад 8,9 дүгээр хавирганы хугарал гэж гарсан. Үүн дээр одоо маргах зүйлгүй. Шүдний хувьд Н.Гантулга дээд доод шүд унасан гэж тухайн үед гэмтлийн эмнэлгийн бичиг үзүүлж байсан. Одоо доороо унасан шүдгүй дээрээ дахиад нэмж 3 шүд унасан гэж дүгнэлт гаргуулж байна. Баруун дээд 1 шүдний булгаралыг хүлээн зөвшөөрнө. Бахиар түүгээд авчихсан биш бусадыг хүлээн зөвшөөрөхгүй. Санаа зорилго нь надаас шүдэн дээрээ мөнгө нэхэх гээд байгаа. Би гэм буруугаа хүлээж шүдийг чинь хийлгээд өгье гэхээр 2.5 сая төгрөгөөр хийлгэнэ гээд байгаа. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 143-144 дугаар хуудас/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-3/ хохирогч Н.Гантулгын эмнэлгийн байгууллагад үзүүлсэн тухай баримт /хх-ийн 23-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Я.Пгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-31/, хохиролын тухай баримтууд /хх-ийн 43-66/, цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээний хариу /хх-ийн 139-140/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Я.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Я.Пгийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоос төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас үүссэн хохиролыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцалга оногдуулах нь “эрүүгийн хариуцалга нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Тухайн хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн зүй бус зуршилд шүүгдэгчийн бухимдсан байдалыг харгазан үзсэн болно.

 

Хохирогч нь нотлох баримтаар 832.200 төгрөгийн, нотлох баримтгүйгээр 5 шүд унасан, 1 шүдийг 2.500.000 төгрөгөөр хийх учир 12.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Мөрдөн байцаалтын үед шүүгдэгч нь хохирогч Н.Гантулгад 300.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна.

 

Хохирогч Н.Гантулгад гэмт хэргигйн улмаас учирсан хохирол хэрэгт авагдсан нотлох баримтаар 503.200 төгрөг байх ба үүнээс шүүгдэгч Я.Пгийн өмнө төлсөн хохиролын 300.000 төгрөгийг хасч тооцон 203.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх зүйтэй юм.

 

Хохирогчийн нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь эмчилгээ хийлгэж төлбөр төлсөн гэх нотлох баримт байхгүй, хэрэгт авагдаагүй ба ирээдүйд хийгдэх эмчилгээний зардал гэж үзэх үндэслэлтэй байх учир хэлэлцэхгүй орхилоо.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас 329.000 төгрөгийн шатахуун худалдан авсан баримттай нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан зардалд тооцох үндэслэлгүй байх учир хэлэлцэхгүй орхив.

Дээрх шатахуун худалдан авсан зарим баримтуудын талаар хохирогч тайлбарлахдаа “Төв аймгийн Өндөрширээт сум руу явахдаа авсан шатахуун” гэж байх учир гэмт хэргийн улмаас үүссэн хохирол биш юм.

  

Хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн толгой, цээжний компьютер томографийн зураг бүхий сидиг хэрэгийг хадгалах хугацаа дуустал хадгалж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Я.П нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Пг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Пг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Пгээс 203.200 төгрөг гаргуулж хохирогч Н.Гантулгад олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 12.329.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Гантулга нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Я.Пгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ