Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 27 210/МА2022/01029

 

 

 

М.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01239 дугаар шийдвэртэй

М.Дын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв ТБАГУТҮГ-т холбогдох

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тус төвийн захирлын 2020 оны 3, 4 дүгээр улирлын удирдах ажилтнуудыг дүгнэх хуудасны М.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин дүгнэхийг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас үндэслэлгүй хассан 200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд 2020 оны 04 дүгээр сараас туршилтын 3 сар ажиллаад 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс чанарын менежерийн албан тушаалд томилогдсон.

2. Тус төвийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 дугаар, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дугаар тушаалуудаар тус тус надад сануулах арга хэмжээ авсан үндэслэлээ байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, ажлын цаг хангалтгүй мөрдсөн, ажлын байранд ёс зүйн зөрчил гаргасан, ажил олгогч болон шууд удирдлагын гаргасан тушаал шийдвэрийг мөрдөж ажиллаагүй, мөн амаар болон бичгээр сануулга өгч байсан, цагийн бүртгэл хийгээгүй гэжээ. Миний бие дээрх тушаалуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь ямар зөрчил гаргаж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тодорхойгүй ба надад амаар болон бичгээр сануулга өгч байгаагүй, миний бие цаг бүртгэлийг тухай бүрт нь хийлгэж, ажил үүргээ цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

3. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан учир энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие өглөө, оройдоо цагийн бүртгэлд байнга бүртгүүлдэг ба хэзээ бүртгүүлээгүй болох нь тодорхойгүй, холбогдох журмуудын ямар хэм хэмжээг зөрчсөнийг тогтоогоогүй. Мөн жижүүр Ч.Баярсайхан болон үйлчлүүлэгчтэй зүй бус харилцаж байгаагүй.

4. Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгээр үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал болгон урамшуулал олгодог. Гэтэл 2020 оны 3, 4 дүгээр улиралд олгогдох ёстой урамшууллыг журам зөрчин олгоогүй. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан боловч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02-14/264 дугаар албан бичгээр шүүхээр хянан шийдвэрлэх маргаан байна гэх хариу өгсөн. Миний 2021 оны 01 дүгээр сарын цалингаас 200,000 төгрөгийг үндэслэлгүй хассан.

Иймд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, төвийн захирлын 2020 оны 3, 4 дүгээр улирлын удирдах ажилтнуудыг дүгнэх хуудасны М.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин дүгнэхийг даалгаж, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас үндэслэлгүй хассан 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.М.Д нь 2020 оны 04 дүгээр сард Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд чанарын менежер албан тушаалд туршилтын хугацаанд ажиллаж, 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажилласан.

2.2.М.Д байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан хэм хэмжээг зөрчин, сахилгын зөрчил удаа дараа гаргасан тул Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/59, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66, 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/79 тоот тушаалуудаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон албан хаагчийн ёс зүйн дүрмийг М.Д зөрчсөн үйлдлүүд гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажил олгогч ногдуулсан болно.

М.Дын ёс зүйн зөрчил гаргасан тухай бүр ажилтнууд болон М.Даас өөрөөс нь тайлбар авч, ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж, түүнийг хуралд оролцуулж байсан. Иймд М.Дын нэхэмжлэлд дурдсан ёс зүйн зөрчил гаргаагүй, бичгээр сануулга өгч байгаагүй гэх тайлбар худал юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Д нь удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан, мөн удаа дараагийн ёс зүйн хорооны хуралд оролцсон нь сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байсан.

Иймд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаагүй.

2.3.Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Чанарын менежерийн албан тушаалд ажилладаг байсан. Түүнийг ажлаас халсан тухай тус төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэл болгосон. Учир нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан.

М.Д нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 дугаар, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/78 дугаар тушаалуудаар тус тус тогтоогдоно.

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 09 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцохгүй, тулган шаардахгүй байх гэж заасныг үндэслэн М.Дыг ёс зүйн сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.

М.Д нь цаг бүртгэлийн системд 4 өдөр явсан цагаа бүртгүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сард 116 минут буюу 1 цаг 56 минут хоцорсон нь түүний 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан ажлын цагийн тооцооны хуудсаар тогтоогдоно.

М.Д нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчидтай зүй бус харьцаж байсан нь Ёс зүйн хэсгийн хорооны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн ёс зүйн хороонд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ариутгалын сувилагч А.Уранчимэг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр н.Шижиртуяа, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Бурмаа, Ч.Баярсайхан нарын гаргасан өргөдөл зэргээр тус тус нотлогдоно.

М.Д нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/269 тушаал, А/406 тушаалууд, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Коронавируст халдвар (СО\/Ю-19)-ийн үед дагаж мөрдөх үйл ажиллагааны нийтлэг журам, Шуурхай удирдлагын багийн ажиллах журмыг тус тус зөрчиж мэргэжлийн алдаа дутагдал гарган, сахилгын давтан зөрчил гаргасан нь 2021 оны 01 дүгээр сарын 13, 14-ний хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдоно.

Иймд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захиралын 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Б/05 дугаар тушаал үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч М.Д нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж байна.

2.4.Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгээр үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал болгон урамшуулал олгодог. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 5 дугаар тогтоолыг үндэслэн төвийн захирлын Эмч, ажилтнуудын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал тооцох журам батлах тухай 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/22 тоот тушаал батлагдсан.

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.7-д Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй гэж, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн эмч, ажилтнуудын улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журмын 2.9-д Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Дд урамшуулалт цалин олгогдоогүй. Учир нь М.Дд сахилгын шийтгэл удаа дараа авагдсан.

2.5.Нэхэмжлэгч М.Д нь 2021 оны 01 дүгээр сарын ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлээр ирсэн цагийн алдагдал 1 цаг 56 минут, явсан цаг бүртгүүлээгүй 4 өдөр байгаа нь цагийн тооцоогоор нотлогдож байх тул Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай А/29 тоот тушаалын 6 дугаар зүйлд зааснаар ажилласан цагийн тооцоог үндэслэн цалинг олгосон. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг тус тус үндэслэн цалин хөлсийг тооцож олгосон байна.

Иймд М.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар Арга хэмжээ авах тухай, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66 дугаар Арга хэмжээ авах тухай, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалууд болон 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалын М.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Дыг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн чанарын менежер-ийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 14,807,131.9 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв ТБАГУТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Дд олгож, М.Дын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 3, 4 дүгээр улирлын удирдах ажилтнуудыг дүгнэх хуудасны М.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин дүгнэхийг даалгаж, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас үндэслэлгүй хассан 200,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 231,986 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхны шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

4.1. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв ТБАГУТҮГ-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаар М.Дыг ажлаас халах тухай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан үйл баримт тогтоогдсон. Ажил олгогч Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв ТБАГУТҮГ болон М.Д нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэгтэй холбоотой нөхцөлүүдийг нэг бүрчлэн тохирсныг ажилтан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба тус гэрээнд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талуудын хүсэл зоригийн илэрхийлэлгүйгээр сунгах талаар заагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт ажил олгогч татгалзаагүй болон ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээг сунгах эсэх, хугацаагүй гэрээ байгуулах эсэх нь ажил олгогчийн эрх, талуудын харилцан тохиролцох асуудал юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул шаардах эрх дуусгавар болсон буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.2.Хэргийн 1 дүгээр хавтасны 183 дахь талд авагдсан шуурхай хурлын тэмдэглэлд хуулбар үнэн дарагдсан ба тэмдэглэл хөтөлсөн Г.Улзмаагийн гарын үсэг нь тус тэмдэглэлийн бичвэртэй таарч байна.

Шуурхай хурлын тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хууль бусаар бүрдүүлээгүй байтал шүүх тэмдэглэл хөтөлсөн этгээд гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар үнэлээгүй нь хуульд нийцээгүй.

Тус тэмдэглэлийн арын хэсэгт Байгууллага дээр ёс зүйн зөрчил гаргасан, цагийн алдагдал гаргасан ЭЭОД, НЭМО, ЧМ, ТС нарт сануулах арга хэмжээ авах 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/53 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан захиргааны удирдах ажилтнууд өөрсдөө цаг баримталдаггүй, ажил үүргээ биелүүлэхгүй байна гэж бичигдсэн. Гэтэл шүүхээс албан тушаалтнуудын хэнд ямар зөрчлийг хамаатуулсан эсэх, өөрөөр хэлбэл, М.Дын зөрчлийг хангалттай тогтоогоогүй байна гэж үзсэн нь хуульд нийцээгүй.

ЭЭМОД, НЭМО, ЧМ, ТС гэдэг нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 тоот тушаал дээрх албан тушаалтнуудтай таарах ба ЭЭМОД - Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дөлгөөн, НЭМО- Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч Ц.Байгаль, ЧМ-Чанарын менежер М.Д, ТС - Тархвар судлаач Ш.Ганчимэг гэснээс тодорхой харагдаж байгаа атал шүүхээс бодитой үнэлээгүй.

4.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн цаг бүртгэлийн программд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгч хангахаас татгалзсан атлаа цаг бүртгэлийн програмаас татан гаргаж шүүхэд ирүүлсэн цаг бүртгэлийн баримтыг ажилтанд танилцуулаагүй гэдэг шалтгаанаар нотлогдохгүй байна гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.

Цаг бүртгэл, ирцийн тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хууль бусаар бүрдүүлсэн үйл баримт байхгүй атал ажилтнаар гарын үсэг зуруулаагүй гэдэг шалтгаанаар үнэлээгүй нь хуульд нийцэхгүй болно.

4.4.Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тушаал танилцсан өдрөөс биш, харин ёс зүйн хорооны өргөдлийн хариу өгснөөр тооцсон нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгч М.Дд 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн тушаалыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр танилцуулсан болох нь тогтоогдож байна. Тэрээр эрх нь зөрчигдсөн буюу зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь шүүхээр шийдвэрлэгдэх маргаан атал ёс зүйн хороонд гаргасан гомдлын хариу өгсөн байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хуульд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалд гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар шүүх зөв дүгнээгүй байна.

4.5.Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажилтан М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж заасныг шүүх зөрчин тайлбарлажээ.

Ажил олгогч нь зөрчил бүрд сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй бөгөөд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардаж буй юм. Иймд дээрх зөрчил нь тус тусдаа тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 тоот тушаалын гуравдугаар хавсралтад дурдсан Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрэмд зааснаар ёс зүйн хорооны дүгнэлтийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор гомдол гаргана гэж заасныг зөрчсөн болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс ёс зүйн хорооны дүгнэлтүүдэд гомдол гаргасан эсэхийг лавлахад дээд шатны ёс зүйн хороонд гомдол гаргаагүй болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр буй ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байхад шүүхээс нэхэмжлэл гаргаагүй шаардлагыг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн зохигчид тогтоох зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.6.Ажилтан М.Д нь Шуурхай удирдлагын багийн ажиллах журмыг зөрчсөн. Шуурхай удирдлагын багийн ахлагчийн хувьд удирдлагаар хангаагүй нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан асуулт болон түүний тайлбараар нотлогддог. 2021 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлд Эрүүл мэндийн сайдын А/269, А/406 тушаал болон Коронавируст халдварын тандалт, сэргийлэлтийн түр заавар, хариу арга хэмжээний түр заавар, тархвар судалгааны хуудсыг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг мэдэхгүй, холбогдох журмыг зөрчсөн нь тогтоогддог.

4.7.Хариуцагчаас ирүүлсэн ажлаас хоцорсон, ажил тасалсан талаарх баримт нь цаг бүртгэлийн програмаас авсан баримт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан.

4.8.Шүүх ёс зүйн хэм хэмжээ болон сахилгын хэм хэмжээний ялгааг ойлгоогүй, бүхий л сахилгын зөрчлийг зөвхөн ёс зүйн хороогоор шийдвэрлэх мэтээр авч үзсэн нь хуульд нийцэхгүй юм. Сахилгын зөрчил бол сахилгын хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг хэлдэг. Зөрчлийг ажил олгогчийн төлөөлөгч илрүүлдэг бол ёс зүйн хороо нь гомдлоор үүсдэг харилцаа буюу ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг шалгаж, тогтоож, дүгнэлтээ гаргаж ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг л дүгнэдэг.

4.9.Ажилтан 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралд сахилгын зөрчил гаргасан, дээрх эрүүл мэндийн сайдын тушаалын талаар ойлголтгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн нь тус өдрийн болон 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлүүдээр тогтоогддог.

4.10.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1.Улсын Дээд шүүх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар гэрээнд тодорхой тусгасан байх ёстой гэдгийг тайлбарласан. 2020 оны 07 дугаар 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр дуусгавар болгох талаар тушаалд тусгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж гомдол гаргасан нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг үгүйсгэж байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох ёстой. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй байдлаар үнэлсэн. Хөдөлмөрийн гэрээний 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах талаар талууд санал тавиагүй гэж урьдчилсан нөхцөл тусгаж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээнд цуцлах талаар тусгаагүй боловч Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх ёстой. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бол цаашид хэрхэх талаар саналаа гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

5.3.Шуурхай удирдлагын хурлын тэмдэглэлийг гараар бичсэн бөгөөд тэмдэглэлийг хэн хөтөлсөн, гарын үсэг зурсан нь байдаггүй. Энэ баримтыг хариуцагч талаас нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтад байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан байдаг. Тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас шүүх үнэлэх боломжгүй байсан.

5.4.Хариуцагч талаас цаг бүртгэл гэх нэртэй хүснэгтийг гаргаж өгсөн./хэргийн 1 дүгээр хавтастны 84, 203 дахь тал/ 2020 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд ажил тарах цаг болоогүй байхад ажилтан цагаа бүртгүүлсэн гэх баримт авагдсан. Уг баримт нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалын үндэслэл болсон. Тухайн баримтууд нь тушаалын зөрчил тодорхойлсон хэсэгтэй зөрдөг. Тухайн баримтыг хүний нөөцийн менежер Г.Улзмаа гаргаж өгсөн бөгөөд тухайн хүний гэрчээр асуусан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулна гэсэн байдаг. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудад нэхэмжлэгчид уг баримтыг танилцуулсан баримтгүй. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу баримтыг үнэлсэн. Нэхэмжлэгч талаас үзлэг хийлгэхээр хүсэлт гаргахад хэргийн нөхцөл байдал тодорхойгүй байсан. Цаг бүртгэлийн баримтыг гаргаж өгсөн ажилтныг гэрчээр асуусан тул үзлэг хийлгэх шаардлага байгаагүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хэргийн нөхцөл байдал тодорхой болсон учраас дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй. Хариуцагч талаас баримтууд гаргаж өгснийхөө дараа үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Тухайн үед хэргийн нөхцөл байдал тодорхой болсон учраас үзлэг хийх шаардлага байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болсон хурлын дундуур намайг дуудаж, цаасан дээр дугаарлаж бичсэнийг танилцуулсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Тухайн хуралд оролцсон н.Байгалийг гэрчээр асуухад төсөл танилцуулсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч н.Узлмаагаас тушаалыг хэрхэн гардуулж өгдөг талаар асуухад өөрт нь өгөөд гарын үсэг зуруулдаг гэж мэдүүлсэн. Хэрэгт нэхэмжлэгчид танилцуулсан, гарын үсэг зуруулсан баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нь н.Байгал тушаалыг өгөхөд тушаал гарсан талаар мэдсэн гэдгээ тайлбарладаг. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр юу болсон талаар нэхэмжлэгч дэлгэрэнгүй тайлбарласан. Захирал н.Дөлгөөн, н.Улзмаа нар байсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан хүснэгтийг ойлгосон эсэхийг асуусан байдаг. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд захирал болон холбогдох ажилтан нь байхгүй учраас сарын дараа шийдвэр гаргана гэсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хянуулах эрхтэй. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шийтгэл оногдуулсан зөрчлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр илрүүлсэн гэдэг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Цар тахлын үед үйлчилж байсан журмуудыг зөрчсөн гэдэг боловч нэхэмжлэгч нь тухайн журмуудын аль заалтыг, ямар үйлдлээрээ зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байдаг. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ёс зүйн хорооны хурлаар жижүүр н.Байрсайхан, үйлчлүүлэгч н.Шижиртуяа хоёрын талаар яригдсан байдаг бөгөөд тухайн хүмүүсийн тайлбараас өөрөөр тухайн нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгч болон хамт байсан хүмүүсээс асуусан зүйл байдаггүй. Мөн үйлчлүүлэгч ямар байдалтай байсан талаар тодруулаагүй. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолыг тушаалын үндэслэл болгодог. Тухайн тогтоолд ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоож, шалгах талаар зааж өгсөн байдаг. Зөрчлийг тогтоох талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв ТБАГУТҮГ-т /цаашид Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв гэх/ холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, төвийн захирлын 2020 оны 3, 4 дүгээр улирлын удирдах ажилтнуудыг дүгнэх хуудас дахь М.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин дүгнэхийг даалгаж, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас үндэслэлгүй хассан 200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/29 тоот тушаалаар Захиргааны тасгийн чанарын менежерийн ажил албан тушаалд түр томилж туршилтын хугацаанд ажиллуулсан, 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн уг байнгын ажлын байранд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 5-7, 119 дэх тал/ /хэргийн 2 дугаар хавтасны 117 дахь тал/

 

4.Тус төвийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/59, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66, мөн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 тоот тушаалаар М.Дд тус тус сануулах арга хэмжээ авчээ.

 

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.а.Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар тушаалаар М.Дын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж 3 удаагийн аман болон 1 удаагийн бичгэн сануулгад сануулах арга хэмжээ авсан байна.

 

Нэхэмжлэгч М.Д нь уг А/32 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Учир нь хариуцагч байгуулагын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх баримтаас үзвэл М.Д нь А/32 дугаар тушаалыг тус өдөр мэдсэн байх тул түүнийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэх энэ өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сараар тоолбол тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад, уг байгууллага байхгүй бол шүүхэд гомдол гаргах байсан гэж дүгнэнэ.

 

Нэхэмжлэгч М.Д нь А/32 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

 

М.Д нь А/32 дугаар тушаалыг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын Ёс зүйн хороонд гомдол гаргасан, уг гомдлыг хэлэлцэж ёс зүйн хорооны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариу өгсөн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангана. /хэргийн 1 дүгээр хавтасны 74-75 дахь тал/

 

4.б.Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/59 дугаар тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дөлгөөн, Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч Ц.Байгаль, Чанарын менежер М.Д, Тархвар судлаач их эмч Ш.Ганчимэг нарт сануулах арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.9, 10 дугаар зүйлийн 10.3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

 

Тус тушаалаар М.Дыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, ажлын цаг ашиглалтыг хангалтгүй мөрдсөн, ажлын байранд ёс зүйн зөрчил гаргасан гэж тодорхойлсон. Уг тушаалд М.Дын гаргасан гэх сахилгын зөрчлийг ажил олгогч ерөнхий байдлаар тодорхойлсон тул ажилтан хэзээ, ямар зөрчил гаргасан болох нь тодорхой бус, ажил олгогчоос уг сахилгын зөрчлийг шалгаж тогтоогоогүй байна.

 

Хариуцагч байгууллага 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шуурхай хурлын 38 дугаартай тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг тэмдэглэлийг хөтөлсөн этгээдийн гарын үсэг зурагдаагүй тул тухайн байгууллагын дотоод журмын 2.3.4-т заасны дагуу тэмдэглэл баталгаажаагүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 180 дахь тал/

 

Нэхэмжлэгчийн Б/59 дугаар тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарыг хугацааг хэтрүүлээгүй.

 

4.в.Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/66 дугаар тушаалаар нүүр амны эмчилгээний тасгийн их эмч М.Дд сануулах арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.13, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

 

Тус тушаалд М.Дыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цагийн бүртгэлд ажлаас тарсан цагаа бүртгүүлээгүй, мөн сарын 03-ны өдрийн 08 цаг 20 минутаас 08 цаг 45 минут хүртэл хугацаанд ажлын байрыг орхин явж хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлын цаг ашиглалтыг хангалтгүй мөрдсөн, ажил олгогч болон шууд удирдлагын гаргасан тушаал шийдвэрийг мөрдөж ажиллаагүй, дотоод журамд заасны дагуу тестийн шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр орхиж явсан зөрчлүүдийг гаргасан гэж тодорхойлсон байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийн цагийн бүртгэлд М.Дыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны ирсэн цагийг бүртгүүлээгүй, 11 дүгээр сарын 03-ны өдөр хоцорч ирсэн, эрт явсан гэж бүртгэн уг бүртгэлд хүний нөөцийн менежер гарын үсэг зурсан байна. Ажил олгогчоос ажилтанд цагийн бүртгэлийг танилцуулж, түүгээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь хөдөлмөрийн дотоод журмын 6.1.13, 6.6.9.2-т заасантай нийцээгүй. /хэргийн 1 дүгээр хавтасны 84 дэх тал/

 

Иймд М.Дыг ажлын цаг ашиглалтыг хангалтгүй мөрдсөн гэх зөрчил гаргасан гэдгийг ажил олгогч ажил олгогч тогтоогоогүй байх тул уг зөрчлийг гаргасан гэж дүгнэхгүй.

 

Цагийн бүртгэлийн баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв үнэлж байгууллагын хөдөлмөрийн дотоод журам заасанд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтын үнэлгээтэй холбоотой гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, дээрх тушаалд дурдсан удирдлагаас өгсөн тушаал шийдвэрийг М.Д мөрдөж ажиллаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй. Ажилтан М.Д ямар албан тушаалтнаас гаргасан ямар шийдвэрийг мөрдөж ажиллаагүй гэх зөрчил гаргасныг ажил олгогч тогтоогоогүй болно.

 

Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М.Дыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Захиргааны тасагт чанарын менежерийн албан тушаал ажиллаж байсныг өөрчилж тус өдрөөс эхлэн Нүүр амны эмчилгээний тасгийн урьдчилан сэргийлэх кабинетэд их эмчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой түүнээс тестийн шалгалт авах болсон байна.

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагчийн өөр ажил албан тушаалд шилжүүлснийг зөвшөөрөхгүй маргаантай байсан тул тестийн шалгалтыг өгөөгүйгээс гадна ажил олгогч нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/68 дугаар тушаалаар Б/64 дугаар тушаалыг хүчингүй болгосноор ажилтан тестийн шалгалт өгөх үндэслэл үгүй болжээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч үндэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлсэнтэй холбоотойгоор маргаж тестийн шалгалт өгөөгүйг сахилгын зөрчил гэж үзэхгүй бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

 

4.г.Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дугаар тушаалаар чанарын менежер М.Дд байгууллагад учирсан хохирлыг нөхөн барагдуулахыг үүрэг өгөн, сануулах арга хэмжээ авахдаа байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.4, 14 дүгээр зүйлийн 14.5.12 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

 

Тус тушаалд чанарын менежер М.Дыг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн өмч болох эмнэлгийн тусламж үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажилладаг MNS стандарт гэх баримт бичгийг алга болгосон ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон байна.

 

Ажилтны алга болгосон гэх MNS стандартыг хэн баталсан, ямар нэртэй болох нь тодорхойгүйгээс гадна уг стандартыг баталсан байгууллагаас дахин нөхөн авах боломжтой. Аливаа стандарт нь гаргасан байгууллагад хадгалагдаж, уг стандартыг дагаж мөрдөх байгууллагууд нь бичмэл хувь болон цахим эх сурвалжтай бол цахимаар авах боломжтой эсэх тодорхойгүй. Стандартын эх хувийг ажилтан алга болгосон нь ноцтой зөрчилд хамаарахгүй.

 

Сахилгын шийтгэл нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шинж чанард тохирсон байх учиртай. Иймд тодорхой баримт бичгийг алга болгосон гэх үйлдлийг сахилгын зөрчилд тооцож сануулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй болно.

 

5.Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Ёс зүйн хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 тоот тогтоол, Ёс зүйн хэсгийн хорооны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэл, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.1, 6.6.3, 6.6.4, 6.6.8, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 13.2.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.5.14, 14.5.16, Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч М.Д нь Б/05 тоот тушаалыг гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Б/05 дугаар тушаалд баримталсан хуулийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, тогтоолуудын зарим заалт нь ажилтныг ажлаас халах үндэслэлд хамаарахгүй байна.

 

5.а.Тус тушаалд М.Дыг цаг бүртгэлийн системд 4 өдөр явсан цагаа бүртгүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сард 116 /1 цаг 56 минут/ минут хоцорсон, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр жижүүр Ч.Баярсайхантай зүй бус харилцсан, мөн өдөр үйлчлүүлэгчтэй маргалдаж, зүй бусаар харилцсан ёс зүйн зөрчил гаргасан, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн сайдын А/269, А/406 тушаалууд, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн короновируст халдварын үед дагаж мөрдөх үйл ажиллагааны нийтлэг журам, Шуурхай удирдлагын багийн ажиллах журмыг тус тус зөрчиж, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан, сахилгын давтан зөрчил гэж тодорхойлсон байна.

 

М.Д цаг бүртгэлийн системд 4 өдөр явсан цагаа бүртгүүлээгүй, 01 дүгээр сард 1 цаг 56 минут хоцорсон гэх зөрчил гаргасан талаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын цагийн бүртгэлийг нотлох баримтаар ажил олгогч гаргаж өгчээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 233 дахь тал/

 

Тус байгууллагын дотоод журмын 6.6.9.2-т хүний нөөцийн ажилтан цаг бүртгэлийн программаас гаргасан бүртгэлийг ажилтан тус бүрт танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулахаар заасан байтал ажил олгогчоос уг журмыг өөрөө баримтлаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5.б.М.Д 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр жижүүр Ч.Баярсайхантай зүй бус харьцсан ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Баярсайхан шүүхэд ...Б.Дөлгөөн захирал гомдол байвал бичиж өгөөрэй гэсэн, ...тухайн өдөр би гомдол гаргаагүй... гэх агуулгаар өгсөн мэдүүлгээр М.Дыг ёс зүйн зөрчил гаргасан гэж тогтоохгүй юм. /хэргийн 2 дугаар хавтасны 154-159/

 

Мөн өдөр М.Д үйлчлүүлэгчтэй маргаж зүй бусаар харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан гэх байдлыг тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй. Үйлчлүүлэгч н.Шижиртуяа 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус төвийн ёс зүйн хороонд гомдол гаргасан ба уг гомдлыг ёс зүйн хэсгийн хорооны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэж гаргасан дүгнэлтэд М.Дыг ёс зүйн зөрчил гаргасныг тогтоогоогүй, түүнд ёс зүйн арга хэмжээ аваагүй байна. Иймд энэ зөрчил нь тушаалын үндэслэл болохгүй.

 

5.в.2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр М.Д Эрүүл мэндийн сайдын А/269, А/406 тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн короновируст халдварын үед дагаж мөрдөх үйл ажиллагааны нийтлэг журам, Шуурхай удирдлагын багийн ажиллах журмыг зөрчиж, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан гэдгээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурал дээр зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь хурлын тэмдэглэлээр тогтогдсон.

 

Тус хурлаар хэлэлцсэн асуудалд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд халуунтай өвчтөн орж ирсэн, сэжигтэй этгээдэд авах арга хэмжээг алдаатай болсныг хурлаар хэлэлцэж, М.Дд ажлаа сайжруулах, алдаагаа засахыг анхааруулсан байна. Уг зөрчил нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд байгууллага болон бусдад хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

5.г.Дээрх үндэслэлээр сахилгын давтан зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6а.Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн хуулийн 23.2.2-д зааснаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай байгуулж болно.

 

Ажил олгогч нь ажилтан М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг нэг жил гэж тусгасан боловч уг гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэлийг талууд хэрхэн тохиролцсон талаар гэрээнд заагаагүй тул уг гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ. Иймд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, уг хугацаа дуусч гэрээг дуусгавар үр дагаврыг дүгнээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан тус төвийн Захиргааны тасгийн чанарын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

 

6.б. М.Дын ажлаас халагдсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 269 хоногийн олговорт 14,807,131.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-д заасантай нийцжээ.

 

6.в. Хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар М.Дын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмын дагуу бичилт хийж, баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

7.Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 3, 4 дүгээр улирлын удирдах ажилтнуудыг дүгнэх хуудас дахь М.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин дүгнэхийг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын цалингаас үндэслэлгүй хассан 200,000 төгрөгийг гаргуулахаар гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай, гэснийг хасч, ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын ... гэсний дараа ... 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/32 дугаар тушаалыг, 2020 оны 3, 4 дүгээр улирлын удирдах ажилтнуудыг дүгнэх хуудас дахь М.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, дахин дүгнэхийг даалгах, ... гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,986 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ