Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1343

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгчийн  өмгөөлөгч : Л.Бурмаа

шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  М овогт Г.Б-д   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806066791348  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Г.Б,   1984  оны 10 дугаар сарын 13-ны өдөр ... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д жолоочоор ажилладаг, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт  Баянзүрх   дүүргийн 14 дугаар хорооны Өгөөмөрийн 74 дүгээр байрны ... тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ...,      

Холбогдсон хэргийн талаар:

           Г.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-н Цагаан хадаг гэдэг газарт иргэн П.Ш-тэй маргалдаж улмаар түүнийг зодож П.Ш-ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.         

          Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... ХХК-д тээврийн жолооч ажилтай. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-н ганц мод боомтон дээр Хятад Улс талдаа адууны хашаа гэх газарт Ш гэх залуу өөрийн унаж явсан Норд бенз маркийн ачааны машинтайгаа урдуур дайрч орохоор нь би машинаасаа бууж очоод Ш-д чи ухар өөрийнхөө эгнээнд ор гэж шаардлага тавьсан. Ш урдаас уурлаад чадахгүй гэж хэлэхээр нь өчнөөн оочирлож байхад гэж бодоод уур хүрээд нүүрлүү нэг удаа цохичоод машинд орж суугаад машиныг ухарааж байранд байрлуулсан. Тэгээд өөрийнхөө машиныг урагшаа оочирлуугаа оруулсан. Нэг машиныг оруулахад эгнээнд байгаа 100 гаран машин ордог учир миний уур их хүрсэн би тэнд хилээр гарах гэж 7 хоног оочирлосон байсан. Ш-н эрүү нь гэмтсэн байсан. Монгол Улсын хилээр орж ирэхэд Ш цагдаад мэдэгдсэн байсан. Дэслэгч Г гэх хүн дуудаад очиж унааны зардал болох 80000 төгрөг, хотод байрлах буудлын 200000 төгрөг өгч явуулсан. Хотод ирэхэд миний эхнэр Ч тосч аваад зурагийг авахуулсан.” гэжээ /хх-ийн 14,15/

         Хохирогч П.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 08 сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад суманд ажлаа хийгээд том машин унаад оочирлоод байж байтал өглөө хятадын хил нээгээд хамгийн эхний эгнээний машинуудыг татсан тэгээд би машинаа асаагаад машиныхаа хийг хураасан байсан тэгээд машинууд татаад урд 2 том зай гарсан тэгтэл миний баруун гар талын машинууд асаагүй байсан тэгээд том зай гарахаар нь би тэр зай руу шууд хөдлөөд орсон. Тэгтэл араас ... гэх дугаартай машинаас үл таних залуу бууж ирээд миний машин дээр ирээд чи яагаад урдуур дайрчихваа гэж хэлсэн тэгхээр нь би угаасаа хөдлөхгүй байгаа юм чинь би урагшлаад орлоо гэхэд намайг хойшоогоо ухар гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэхэд намайг буугаад ирдээ гэсэн тэгхээр нь би буугаад очтол намайг хойшоо ухар гээд маргалдаад тэгтэл миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохьсон. Тэгээд би 2 гараараа нүүрээ бариад суусан тэгтэл тэр залуу миний машинд суугаад миний машиныг хойшоогоо ухраагаад 3 дугаар эгнээ рүү орсон тэгтэл тэр залуу машинаа 2 дугаар эгнээ рүү оруулсан тэгээд би машиндаа сууж байгаад шанаагаа барьж үзхэд миний зүүн талын эрүү дугараад байсан тэгээд байж байтал нөгөө залуу над дээр ирээд ахын дүү ийм юм байдаггүй юм. Чи буугаад ирдээ гээд байхаар нь би юм дугараагүй тэгээд 10-20 орчим минутын дараа би тэр залуу дээр очоод миний эрүү хугарсан байна, би цагдаад өгнө гэж хэлээд машиных нь зургыг авсан тэгээд бид нар бүгд Монгол руу гараад миний эрүү хавдаад би шүлсээ ч залигаж чадахгүй байсан тэгээд  Цагаан хадын цагдаад мэдэгдсэн тэгээд Улаанбаатар хотод ирээд эмчид үзүүлхэд миний эрүү хугарсан байна яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн тэгээд би цагдаад хандаж байна.” гэжээ /хх-н   10-13/   

          Гэрч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Г.Б бид хоёр 2012 онд гэр бүл болж амьдарч байна. Бид хоёрын дундаас хоёр хүүхэд төрсөн. Миний нөхөр их дөлгөөн тайван хүн хүүхэд гэр бүлдээ халамж хайр сайтай. Бусдад тусархуу хүн, Өмнөговь аймагт том тэрэг жолооддог. 2018 оны 08-р сарын 08-ны өдөр тухайн залуутай утсаар ярьж байгаад гэмтлийн эмнэлэг дээр уулзаад эмнэлэгт зурагийг нь авахуулсан. Гэмтэлийн эмнэлгээс гараад нэгдүгээр эмнэлэг дээр ирээд дахин дэлгэрэнгүй зураг авахуулсан. Хагалгаанд орохоор болсон бил хоёр эмнэлэг дээрээс салсан. Би эмчилгээний мөнгө болох 200000 төгрөгийг өгөөд салсан. Маргааш өдөр нь нөхөр ирээд тэр залуутай өөрөө очиж уулзсан.” гэжээ / хх-н 32-33 /        

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н16-17/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9751 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. П.Ш-н биед зүүн эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 18/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/

          Г.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 35-36/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 24/ прокурорын тогтоол /хх-н 25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/ зэрэг болно.

         Г.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-н Цагаан хадаг гэдэг газарт иргэн П.Ш-тай дараалал дайрлаа гэж маргалдан улмаар П.Ш-н зүүн шанаан тус газар нь нэг удаа гараараа цохисоноос эрүү ясны хугарал бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           П.Ш-н биед зүүн эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9751 дугаартай шинжээчийн дүгнэлт

          Хохирогч П.Ш-н  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... миний баруун гар талын машинууд асаагүй байсан тэгээд том зай гарахаар нь би тэр зай руу шууд хөдлөөд орсон. Тэгтэл араас ... гэх дугаартай машинаас үл таних залуу бууж ирээд миний машин дээр ирээд чи яагаад урдуур дайрчихваа гэж хэлсэн тэгхээр нь би угаасаа хөдлөхгүй байгаа юм чинь би урагшлаад орлоо гэхэд намайг хойшоогоо ухар гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэхэд намайг буугаад ирдээ гэсэн тэгхээр нь би буугаад очтол намайг хойшоо ухар гээд маргалдаад тэгтэл миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохьсон....Миний эрүү хавдаад би шүлсээ ч залигаж чадахгүй байсан тэгээд  Цагаан хадын цагдаад мэдэгдсэн тэгээд Улаанбаатар хотод ирээд эмчид үзүүлхэд миний эрүү хугарсан байна яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн тэгээд би цагдаад хандаж байна гэсэн мэдүүлэг /хх-н   10-13/   

          Гэрч Ж.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... тухайн залуутай утсаар ярьж байгаад гэмтлийн эмнэлэг дээр уулзаад эмнэлэгт зурагийг нь авахуулсан. Гэмтэлийн эмнэлгээс гараад нэгдүгээр эмнэлэг дээр ирээд дахин дэлгэрэнгүй зураг авахуулсан. Хагалгаанд орохоор болсон бил хоёр эмнэлэг дээрээс салсан. Би эмчилгээний мөнгө болох 200000 төгрөгийг өгөөд салсан. Маргааш өдөр нь нөхөр ирээд тэр залуутай өөрөө очиж уулзсан гэсэн мэдүүлэг  / хх-н 32-33 / 

          Шүүгдэгч Г.Б-н  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Шинэтулга гэх залуу өөрийн унаж явсан Норд бенз маркийн ачааны машинтайгаа урдуур дайрч орохоор нь би машинаасаа бууж очоод Ш-д чи ухар өөрийнхөө эгнээнд ор гэж шаардлага тавьсан. Ш урдаас уурлаад чадахгүй гэж хэлэхээр нь өчнөөн оочирлож байхад гэж бодоод уур хүрээд нүүрлүү нэг удаа цохичоод машинд орж суугаад машиныг ухарааж байранд байрлуулсан. Ш-н эрүү нь гэмтсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14,15/ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Г.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол   санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Хохирогч Ш-д эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Г.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт Г.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол   санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Г.Б нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг  хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Г.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.Б нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН