Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2026/00318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б****** сум, ** дугаар баг Ж******* Х******* М*******ын гудамж, ***-* тоотод байрлах “Б******* М*******” ОНӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Б****** сум, ** дугаар баг, Ж******* Э*******ийн ** дугаар гудамж, *** А байрны подвалын ** тоотод байрлах “******* ******* ******* *******” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 7,357,765 төгрөг гаргуулах тухай 304/2026/00012/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б***** М*******” ОНӨХХК нь хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д холбогдуулан 7,357,765 /долоон сая тавин долоон мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

2.Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б******* М*******" ОНӨХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийг үндэслэн "Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ"-г хэрэглэгчидтэй байгуулан гэрээний үүргээ биелүүлэн ажилладаг.

"******* ******* ******* *******" ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаартай "Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ"-г байгуулан, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай тус тус сунгаж дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ авч үйл ажиллагаагаа явуулдаг.

"******* ******* ******* *******" ХХК нь 2024 оны 01 дүгээр сараас дээрх гэрээний 4.2.1, 5.3 дахь заалтуудыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй учраас тус гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд "******* ******* ******* *******" ХХК-аас 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулсны төлбөрийн үлдэгдэл 1,994,019 төгрөг, алданги болох 5,363,746 төгрөг, нийт 7,357,765  төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын төлбөрийг төлөхгүй гэж байгаа үндэслэлээ нотлоогүй байна. Манай байгууллага аймгийн Засаг даргын Тамгын газарт албан бичгээр хандаж 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07/1957 дугаартай албан бичгээр “...280 метр квадрат талбай бүхий объектыг худалдан авч, 2023 оны 12 дугаар сард засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж, тоног төхөөрөмжийг суурилуулан “******* жи эс эс” ХХК-д хүлээлгэн өгсөн болно. Дээрх объектыг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г захиралтай “******* жи эс эс” ХХК-тай орон нутгийн өмчийг түрээслэх гэрээ хийж, үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа тул 2024 оны 01 дүгээр сарын халаалтын төлбөр 960,124 төгрөгийн тооцоог “******* жи эс эс” ХХК-тай хийнэ үү” гэсэн хариуг авсан болно.  Иймд 2024 оны 01 дүгээр сарын төлбөрийг “******* жи эс эс” ХХК хариуцан төлнө. Мөн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаар гэрээний 2.1-т “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал гэрээ хүчин төгөлдөр байна” гэж заасан.  

Мөн хариуцагч талаас 2 сар тутам хууль шүүхийн байгууллагад хандах байсан гэдэг асуудал яригдаж байгаа ч гэрээний 3.1.4-т тухайн сарын төлбөрийг сардаа багтаан төлнө, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байгаа. Хэрэглэгч рүү сар бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд тухайн сард гарсан төлбөрийг мессежээр илгээдэг. Мөн татварын и-баримтад тухайн сарын төлбөрийг үүсгэдэг. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс сар, улирал, жилд тайлангаа илгээдэг тул өглөг, авлага нь илэрхийлэгдэж байдаг гэв.

Хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд тус тус төлбөр төлж, нийт 23 нэхэмжлэл манайхаас илгээхэд 13 удаа төлбөр төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орж, 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Надад 02 дугаар сарын төлбөрийн баримтыг авчрахдаа 01 дүгээр сарын төлбөрийн баримтыг цуг авчирсан. 01 дүгээр сарын төлбөр 960,124 төгрөгийн асуудалд олон сарын алданги бодогдож өнөөдрийн дүнд хүрсэн байна. Би 01 дүгээр сарын төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрээнд хэрэглэгч төлбөрөө төлөхгүй тохиолдолд 2 сар тутамд хууль, шүүхийн байгууллагад мэдэгдэж, нэхэмжилж төлбөрөө авна гэсэн заалт байгаа ч 24 сарын дараа гэнэт төлбөрийн асуудал яригдаж эхэлж байна. Миний төлөх ёсгүй 960,124 төгрөгөөс алданги тооцсон байх тул төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээнд зааснаараа 2 сар тутам алдангийн талаар мэдэгдэж байсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэв. Миний төлсөн төлбөрүүдийг тооцож үзэхэд 1,994,019 төгрөгийн зөрүү гарах ёсгүй. “Б****** м*******” ОНӨХХК-ийн зүгээс 960,124 төгрөг огт төлөгдөөгүй гэж байгаа ч миний 03 дугаар сарын 15-ны өдрийн дансны хуулгаар 960,124 төгрөгийг төлсөн болох нь тогтоогддог. Би нэхэмжлэлийн багасгасан шаардлагын үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй. Иймд алдангийн тооцоолол зөрүүтэй байна гэв.

5.Нэхэмжлэгч Б******* М******* ОНӨХХК-аас:

-Б******* М******* ОНӨХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ

-Итгэмжлэл

-“******* ******* ******* *******” ХХК-н дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцоолол

-Б******** М******* ОНӨХХК, “******* ******* ******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ,

-Гэрээний нэмэлт өөрчлөлт сунгалт,

-Б******* аймгийн Засаг даргын тамгын газраас Б********* М******* ОНӨХХК-д хүргүүлсэн албан бичиг,

-Б*********  аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “******* ******* ******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан “Орон нутгийн өмчийг түрээслүүлэх гэрээ”,

-Б******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 06 сарын 27-ны өдрийн IX/71 дугаартай “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоол,

 

Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас:

-Хариу тайлбар

-ХААН банкны шилжүүлгийн мэдээллүүд,

- Б****** М******* ОНӨХХК, “******* ******* ******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 03 сарын 15-ны өдрийн №307 дугаартай гэрээ,

-И ж******* аудит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтын маягт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй тухай 2026 оны 02 сарын 09-ний 14/1740 тоот албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1.”Булган м*******” ОНӨХХК-ийн нэхэмжлэлтэй “******* ******* ******* *******” ХХК-иас нийт 7,357,765 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаартай “Булган м*******” ОНӨХХК-ийн захирал Г.Ганбаатар, “******* жи эс эс” ХХК-ийн захирал Ч.Г нарын байгуулсан гэрээний 3.1.4-т заасныг үндэслэн “******* ******* ******* *******” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэлх ус, дулааны гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,994,019 төгрөг, алданги 5,363,746 төгрөг, нийт 7,357,765 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд: Манайх үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орж, 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Надад 02 дугаар сарын төлбөрийн баримтыг авчрахдаа 01 дүгээр сарын 960,124 төлбөрийн баримтыг цуг авчирсан. Манайх уг байрыг ашигласан хугацаанаасаа төлбөрийг төлнө. Мөн гэрээнд хэрэглэгч төлбөрөө төлөхгүй тохиолдолд 2 сар тутамд хууль, шүүхийн байгууллагад мэдэгдэж, нэхэмжилж төлбөрөө авна гэсэн заалт байгаа ч 24 сарын дараа гэнэт төлбөрийн асуудал яригдаж байгааг зөвшөөрөхгүй. Манай шилжүүлсэн төлбөрийг тооцож үзэхэд 1,994,019 төгрөгийн зөрүү гарах ёсгүй.  “Булган м*******” ОНӨХХК-ийн зүгээс 960,124 төгрөг огт төлөгдөөгүй гэж байгаа ч миний 03 дугаар сарын 15-ны өдрийн дансны хуулгаар 960,124 төгрөгийг төлсөн болох нь тогтоогддог. Би нэхэмжлэлийн багасгасан шаардлагын үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжтой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги төлөгдөөгүй үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнтэй таарахгүй байна гэв.

4.Зохигч 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ” байгуулсан эсэх, гэрээнд 2024, 2025 онд сунгалт хийсэн байдал, гэрээнд дурдсан ус, дулааны тариф, тооцох нэгжтэй маргаагүй.

Харин хариуцагчаас гэрээний үйлчлэх хугацааг байгуулсан өдрөөс мөрдөж үйлчилгээний төлбөрийг төлөх ёстой гэж, 2024 оны 1 дүгээр сарын 960,124 төгрөгийн төлбөрийг хариуцахгүй гэж, өөрийн тооцооллоор бүрэн төлбөр шилжүүлсэн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,994,019 төгрөг гарахгүй, алдангийг төлбөрийн үлдэгдлийн 50 хувиас хэтрэхгүй гэж, нэхэмжлэгч гэрээний 2.1 дэх хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж байгаа тул нэгдүгээр сарын төлбөрийг гаргуулна, төлбөр гаргуулах сар тутам хугацаа хэтэрсний алдангийн хэмжээ тухайн сарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул бодогдсон алдангийн нийлбэр дүнгээр алданги гаргуулна гэж тус тус маргажээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Б**** М******* ОНӨХХК болон хариуцагч “******* жи эс эс” ХХК-ийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ” байгуулж, гэрээнд Б***** м******* ОНӨХХК-ийг төлөөлж орлогын мэргэжилтэн Анхзаяа гарын үсэг зурж, “******* жи эс эс” ХХК-ийн захирал Ч.Ггийн гарын үсгээр баталгаажсан бөгөөд дулааны үнийг 826,8 м.куб эзэлхүүнд нэг м.куб халаалтын үнийг 1155 төгрөгөөр, цэвэр усны суурь үнийг 3600 төгрөг, нэгжийн үнийг 6050 төгрөг, бохир усны суурь үнийг 1100 төгрөг, нэгжийн үнийг 6600 төгрөгөөр тооцохоор гэрээнд тусгасан.

5.2.Гэрээнд халаалтын улирлын хугацаагаар буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 2025 оны 09 дүгээр сарын 15 хүртэлх, 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 2026 оны 09 дүгээр сарын 15 хүртэлх сунгалтыг “Булган м*******” ОНӨХХК-ийн  орлогын мэргэжилтэн Д.Анхзаяа, борлуулалтын менежер М.Мөнхтуяа, “******* жи эс эс” ХХК-ийн захирал Ч.Г нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулжээ.

5.3.Гэрээ байгуулагдсан үе буюу 2024 оны 03 дугаар сарын 15-наас хойш дулааны эрчим хүч болон цэвэр, бохир усны гэрээгээр тохирсон нэгжийн үнэ, тариф өөрчлөгдөөгүй байна.

5.4.Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож нэхэмжилсэн төлбөр болох 960,124 төгрөгийн төлбөрийг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцна гэж тайлбарлаж байсан ч шүүх хуралдааны тэмдэглэлд “...үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, алдангийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж” тайлбарласан.   

5.5.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 11,951,081 төгрөгөөр бууруулж хэрэглэгчээс төлсөн төлбөрийг тухайн сарын төлбөр, хугацаа хэтэрсэн төлбөр, алданги гэсэн дарааллаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг 7,357,765 төгрөг болгосон бөгөөд хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 1,994,019 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй, харин алдангийн тооцоолол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

6.Талуудын хооронд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь “Булган М*******” ОНӨХХК-д хэрэглэгчийг найдвартай дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх үүргийг, хэрэглэгч буюу  “******* жи эс эс” ХХК-д үйлчилгээний үнийг төлөх үүргийг тус тус бий болгосон, стандарт нөхцөлтэй худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрээний сунгалт, хүчин төгөлдөр байдалтай маргаж байгаа ч энэ гэрээ нь нийтэд зарлагдсан стандарт гэрээ байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн огноотой гэрээг баталгаажуулах хэсэгт гарын үсэг зурж тамга дарсан байгаа нь гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ.

Харин гэрээний 2.1 дэх хэсэгт “энэхүү гэрээ нь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр байна” гэж гэрээний хугацааг тодорхойлсон байна.

7.Худалдах худалдан авах гэрээгээр “******* жи эс эс” ХХК худалдан авсан дулааны эрчим хүчний үнэ, цэвэр бохир усны үйлчилгээний үнийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн  байх тул Эрчим хүчний тухай хууль, Иргэний хууль болон гэрээнд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй. 

8.Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дэх хэсэгт “… хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгч энэ эрхийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт  заасан “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүргээ “******* жи эс эс” ХХК биелүүлээгүй байна. Иймд мөн хуулийн 31 дүгээр зүйл,  Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд заасан нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, гэрээний 3.1.4 дэх заалтад “…хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хүртэлх алданги тооцох эрхтэй” гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.

9. Нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК-иас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг баримтлан хугацаа болсон төлбөрөөс эхлэн төлбөрт тооцож нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан нь хуульд нийцэж байна.

Харин хугацаандаа төлөөгүй төлбөрт буюу гэрээний үүргээ биелүүлээгүй хэрэглэгчид ногдуулж байгаа хариуцлага болох алдангийг сар бүрийн хугацаа хэтэрсэн хоногоор тооцож, нийлбэр дүнгээр нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул ИХ-ийн 232 дугаар зүйлийг баримтлан бууруулж тооцох нь хуульд нийцнэ.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн 1,994,019  төгрөг байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 997,010 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй.

 10. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 1,994,019 төгрөг, алданги 997,010 төгрөг, нийт 2,991,029 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,495 төгрөгнөөс 132,674 төгрөгийг улсын орлогод үлд*******, Төрийн сангаас 206,167 төгрөг, хариуцагч “******* жи эс эс” ХХК-иас 62,507 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Булган м*******” ОНӨХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч “******* жи эс эс” ХХК-иас 2,991,029 /хоёр сая есөн зуун ерэн нэгэн мянга хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Булган м*******” ОНӨХХК-д олгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 4,366,936 /дөрвөн сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Булган м*******” ОНӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,495 төгрөгнөөс 132,674 төгрөгийг улсын орлогод үлд*******, Төрийн сангаас 206,167 төгрөг, хариуцагч “******* жи эс эс” ХХК-иас 62,507 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Булган м*******” ОНӨХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

      

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ХИШИГДАВАА