Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 984

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Алтансүх,    

Нарийн бичгийн дарга Б.Батням,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Эод холбогдох эрүүгийн 1806037151160 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

А.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт Б.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харыдааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Эод холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806037151160 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрт дунд дарь эхийн 43 гудамж 2196-А тоотод буюу гэртээ нутгийн найз Ганболдын хамт бид хоёр 1 шил 0.5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд би дарь эхийн дунд буудлаас Ганболдыг автобусанд суулгаж өгөөд буцаад гэр рүүгээ явж байгаад зүс таних Э болон хар, шар Төрөө нартай тааралдсан. Тэгээд Э нь Эрка ахаа уучлаарай уржигдар танд агсан тавьсан байна лээ одоо ганц шил юм авч ууя гэсэн. Тэгээд Э дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн 1 шил Хараа архи авч бид сэлбэ голын эрэг дээр очоод архиа хувааж уусан. Архиа ууж дуусчихаад бид нар тараад гэртээ харицгаасан. Үүнээс 2-3 цагийн дараа буюу 19-20 цагийн үед би гэрээсээ гараад Дарь эхийн дунд буудлын орчим байрлах Немол, Топпи дэлгүүрийн завсрын гудамжаар явж байтал надтай хамт архи уусан Эын төрсөн ах Эрдэнэбаяр нь гудамжны өнцөгт ганцаараа зогсож байсан. Харин цаад талд нь Э, хар Төрөө нараас гадна 2-3 үл таних хүн байсан. Тэгээд Эрдэнэбаяр нь намайг хараад Эркаа бандиа гээд тоглоод 2 удаа мөр рүү цохисон. Тэгэхээр нь би яаж байнаа чи гэсэн чинь цаанаас нь Э гэх дүү нь хараад ахтай нь зодолдож байна гэж ойлгоод Э нь миний баруун талын хөмсөг рүү 1 нэг удаа цохисон. Тухайн үед юугаар цохисныг нь би мэдэхгүй байна. Тэгээд Э бид хоёр ноцолдож байгаад нэг мэдэхэд би газар уначихсан түүний доор орсон байсан. Тэгээд байж байтал Э миний төмсөг болон баруун талын өвдөгнөөс хазсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын   23-ны өдрийн 5297 дугаартай

Б.Эрдэнэбатын биед баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт, хуйхнагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/,

 

Шүүгдэгч А.Эын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр15-16 цагийн үед БЗД-ийн 27 хорооны нутаг дэвсгэрт дарь эхийн дунд буудал орчим ганцаараа явж байгаад зүс таних Эрдэнэбат ах болон Эрдэнэбаяр ахтай тааралдсан. Тухайн үед Эрдэнэбат нь согтуу байсан ба над руу хандаж би танайханыг төрлөөр чинь мэднэ, банди чамайг бол алхад асуудал байхгүй шүү гэж над руу агсарч хэл амаар доромжилж, заналхийлээд байсан. Тэгээд Эрдэнэбат нь намайг заамдаж барьж аваад дайраад надтай ноцолдож эхэлсэн. Тэгэхээр нь гарыг нь тавиулж байгаад түлхсэн чинь Эрдэнбат газар унасан. Тухайн үед хажууд байсан Эрдэнэбаяр ах бид хоёрыг салгаад тэгээд Эрдэнэбат цаашаа шууд ганцаараа яваад өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр Эрдэнэбатын биед баруун хөмсөгт шарх, баруун дээд зовхинд цус хуралт, хуйхнагт зулгаралт гэсэн гэмтэл тогтоогджээ. 2018 оны 04 сарын 22-ны өдөр Эрдэнэбат нь надтай маргалдаж, ноцолдож байгаад эдгээр гэмтлийг түүний биед учруулсан. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

А.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25-26/, хэргийн материалтай танилцуулсан баримт дахь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Эын иргэн Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

А.Э нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Б.Эрдэнэбат нь хохирол нэхэмжлээгүй байх тул А.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ