Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00020

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00208 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Нарлаг хороолол 7 дугаар байрны 14 тоотод оршин суух Тугчин овгийн Л.Бд /РД: ДБ64122818/ холбогдох,

Төрд учирсан хохирол 5,562,856 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат /цахимаар/, прокурор Л.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор А.Мийг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан байх бөгөөд А.М шүүхэд гомдол гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг урьд эрхэлж байсан тус хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 5,562,856 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2020 оны А/89 дүгээр тушаалаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5,562,856 төгрөгийг А.Мд олгогдсон байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 5,562,856 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай шийдвэр гаргасан Л.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа тус хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Мийг ажлаас халсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Үүн дээр ажилгүй байсан хугацааны олговор, төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актаар захиргааны байгууллага эсхүл өөрөө нэхэмжлэл гаргах ёстой.

 Тухайн мөнгө нь хууль зүйн багцаас гарсан байдаг. Прокурор нь төрийг төлөөлж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлсөн, халсантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин гаргах асуудал дээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Төрийн албаны зөвлөл эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлөөс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2020 оны А/89 тоот А.Мд мөнгө олгосон гэсэн тушаал хэрэгт алга байна.

 

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын Төрийн албаны зөвлөлд манайхыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, манай яамнаас А.Мд олгосон мөнгийг нэхэмжилж авна гэсэн итгэмжлэл алга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт ...төр хариуцан арилгана гэж заасан байна. Тухайн шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид гаргасан учир би энэ асуудлыг хариуцахгүй гэж бодож байгаа гэжээ.

 

Прокурор Л.Галбадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Бын хууль бус шийдвэрийн улмаас А.М ажлаас халагдсан. Ажлаас халсан шийдвэр нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдон улмаар ажилгүй байсан хугацааны 5,562,856 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Хууль зүйн сайдын багцаас мөнгийг гаргасан баримт хэрэгт тогтоогдож байна.

 

Хууль зүйн сайдын тушаал байхгүй гэж байна. А.М гэдэг хүн шүүхийн шийдвэрийн дагуу 5,562,856 төгрөгийг авсан. Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас уг мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тодорхой тусгасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр хуульчилсан байна. Ийм учраас Л.Бын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тугчин овгийн Л.Баас 556,285.60 /таван зуун тавин зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,006,570.40 /таван сая зургаан мянга таван зуун далан төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 556,285.60 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 17,338 төгрөгийг хариуцагч Л.Баас гаргуулж, улсын орлогод оруулж ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Энэ хуулинд хамтын шийдвэрээр гаргасан эрх зүйн актыг оролцсон гишүүд буюу хурлын тэргүүлэгчдийн тоонд хувааж ногдох хэсгээр нь гаргуулна гэж огт зааж өгөөгүй байна. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр “ажлын албанаас гаргуулах” гэж гарсан байхад иргэний хэргийн шүүх иргэн Л.Баас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон.

 

Нэхэмжлэгч нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж өгч чадаагүй. Нэг үгээр хэлбэл нотолж чадаагүй. Хэрэгт Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2020 оны А/89 тоот А.Мд мөнгө олгосон гэсэн тушаал хэрэгт алга байсан, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын Төрийн албаны зөвлөлд манайхыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн итгэмжлэл алга байсан. Прокурорт төрийг төлөөлж оролцож өгнө үү гэсэн албан бичиг ч ирүүлээгүй байсан, хаанахын ч юм бэ данс хэлж мөнгө гаргуулж түүн рүү мөнгийг хийлгэхээр шаардсан, түр орлон гүйцэтгэгч А.М төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх нь эргэлзээтэй. Ийм учраас анхан шатны шүүхийг үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “...төр хариуцан арилгана гэж заасан. Хамтаар шийдвэр гаргасан нөхцөлд энэ хуулийг хэрэглэнэ гэж үзнэ. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хамтын шийдвэрээр улс төрийн шийдвэрийг шүүх шийдэх нь төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй. Улс төрийн шийдвэр гэдгийг нэхэмжлэгч өөрөө ойлгоод хэлээд байна. Улс төрийн шийдвэрийг шүүх шийдээд байх юм бол монголд улс төр гэдэг зүйл хэрэггүй. Хамтын шийдвэрээр гарсан шийдвэрүүдэд төр хохироод байна гэж хэлээд байна. Улс төрийн шийдвэрийг шийдэхдээ Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсгийг хэрэглэж байгаа нь буруу хууль бус гэж үзэж байна. Ажлын албанаас гэдэг шийдвэр гаргасан боловч өөрөө мөнгөгүй байгууллага гэж хэлж байна. Тэгэхээр М.Б-аас гаргуулж болохгүй ийм байдал байж болохгүй. Иргэн Б  нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ажлын алба биш. Прокурорыг шүүх томилсон гэж байна. Шүүх прокурорт хүсэлт гаргаад төрийг төлөөлүүлээд оролцуулж болох юм уу? энд талуудын эрх ашиг хөндөгдөж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж байна. Хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. 50 дугаар зүйлийн агуулга нь Төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн төрийн албаны зөвлөлөөс бүрэн эрх олгосон зохицуулалт. Шүүхээр тогтоогдоогүй байхад яагаад н.Батжаргалаар төлүүлээд байгаа юм гэдэг асуудлыг ярьж байна. Захиргааны хэргийн шүүх нь хууль бусаар А.Мийг халсан гэдгийг нь тогтоосон. Тогтоогоод ажилгүй байсан хугацааны цалинг нь гаргуул гээд шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн улмаас нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгийг ажлын албанаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна.

 

Захиргааны шүүх ажилд нь эгүүлж тогтоогоод ажилгүй байсан хугацааны цалинг ажлын албанаас гаргуулсан. Ажлын алба гэдэг чинь өөрөө мөнгөн хөрөнгө байдаггүй. Төрийн албаны тухай хуулийг батлахдаа 50 дугаар зүйлийг баталсан. Яагаад 50 дугаар зүйлийг баталсан бэ? гэхээр төрд учраад байгаа ажилгүй байсан хугацааны цалинг олгоод байгаа. Үүнийг төрийн албаны зөвлөл та нар буруутай этгээдээс нь иргэний журмаар нэхэмжил гэсэн. Прокурор бол төрийг төлөөлнө гэж Иргэний хэрэгт заасан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд прокурорыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу Говь-Алтай аймгийн прокурорын газраас прокурор томилогдоод хуулийн дагуу оролцож байна. Үүн дээр прокурор оруулах нь буруу гэдэг асуудал байх ёсгүй төрийг төлөөлөх эрх нь прокурорт байгаа. Төрийн албаны зөвлөлийн нэхэмжилсэн энэ дансанд энэ мөнгийг тушаалгах шийдвэр гаргаж өгнө үү мөн Батжаргалаас нэхэмжилсэн үнийн дүнгээр мөнгийг гаргаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор А.Мийг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан байх бөгөөд А.М шүүхэд гомдол гаргажээ.

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Мийг урьд эрхэлж байсан тус хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 5,562,856 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

         Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2020 оны А/89 дүгээр тушаалаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5,562,856 төгрөгийг А.Мд олгогдсон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 5,562,856 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай шийдвэр гаргасан Л.Баас гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

           Хариуцагч Л.Б түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын зүгээс Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол хамтын бөгөөд улс төрийн шийдвэр тул  иргэн Л.Б түүний үр дагаврыг хувилан хариуцахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

         Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэх заалтыг үндэслэн нэхэмжлэлээ гаргажээ.  

 

Хариуцагч Л.Быг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан “буруутай” шийдвэрийг гаргасан албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй байна. Төрийн албан хаагч буюу А.Мийг ажилаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол нь тус хурлын тэргүүлэгчдийн 10 төлөөлөгч оролцож, олонхоор шийдсэн хамтын шийдвэр байна.

 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн гэж заажээ.

 

Иргэдийн төлөөлөгчдийн  Хурлын дарга хуралд 1 саналын эрхтэй оролцож  асуудлыг олонхоор шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд хамтын шийдвэрийн өмнөөс 1 төлөөлөгч  буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан буруутай шийдвэрийг гаргасан албан тушаалтанд хамаарахгүй гэж үзлээ. Бүрэн эрхийн хүрээнд өгсөн саналынхаа төлөө хамтын шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй байна.

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар иргэдийн хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх эрхтэй байх ба өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал нь бие даан шийдвэрлэх эрхтэй байна. 

 

Ардчилсан нийгмийн тогтолцоонд ард иргэд нутгийн өөрөө удирдах төлөөллийг сонгуулиар чөлөөтэй сонгож, хуулиар тодорхой эрх олгосон, олгогдсон эрхийн хүрээнд сонгогдсон төлөөлөл шийдвэрийг бие даан гаргах эрх эдэлж, уг эрхийн хүрээнд гаргасан шийдвэр бусдын эрх ашгийг хөндөж А.М шүүхээр эрхээ хамгаалуулсан гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,338.00 /арван долоон мянга гурван зуун гучин найман / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

 

                                 ШҮҮГЧИД                            Т.ЖАРГАЛСАЙХАН

Ш.БАТТОГТОХ