Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Н.Анхбаяр,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа, 

Хохирогч П.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аэд холбогдох эрүүгийн 1803003230217 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын уулзварын Аз хүнсний дэлгүүрийн урд замд 95-13 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"..гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Долгорсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, улмаар Д.Баттуяагийн жолоодож явсан 13-45 УНА улсын дугаартай, Г.Хишигтогтохын жолоодож явсан 40-30 УНК улсын дугаартай Toyota prius маркийн автомашинуудыг мөргөж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"..гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Долгорсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, улмаар Д.Баттуяагийн жолоодож явсан 13-45 УНА улсын дугаартай, Г.Хишигтогтохын жолоодож явсан 40-30 УНК улсын дугаартай Toyota prius маркийн автомашинуудыг мөргөж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч П. Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчим монелын 36 номерийн автобуснаас автозамын хойд талд нь буугаад урд талын буюу баруунаас зүүн чиглэлтэй явдал автобусны буудлаас автобусанд суух зорилгоор ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гэж явж байсан. ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан зорчих хэсгийг өнгөрөөгөөд замын голын тусгаарлах зурвас дээр зогсож байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгээр явж байсан автомашин урсгал сөрөөд гэнэт ороод ирсэн. Тэгээд миний биеийн зүүн талаас ирж мөргөөд ард явж байсан хөх өнгийн автомашиныг мөргөж зогссон гэх мэдүүлэг, /хх-ийн 53-56-р хуудас/

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Миний зүүн талын хөл хугарч баруун талын хөл өвдгөндөө бяцрал үүссэн байдалай байна. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн. Тухайн хэрэг болсон газрын ойр хавьд байсан хүмүүс надад туслаж түргэн дуудаж өгсөн байсан. Зураг авахуулахад таны яс хугаралтай байна, эмнэлэгт хэвт гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 14-27-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Нэг сая гаруй төгрөгний эмчилгээний зардал гарсан. Тухайн үед уг эмчилгээний мөнгийг өөрөө гаргаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалсан. Баянзүрх дүүргийн ясны эмнэлэгт 2018 оны 04 дүгээр сарын 31-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 хоног хэвтсэн. Миний хөлөнд 18 ширхэг төмөр байна гэж хэлсэн. Төмөртэй байна гэж авахуулсан зураг байгаа. Эмнэлгээс гарах хугацаанд оёдол авахуулж амжаагүй, эмнэлгээс гар гэхэд нь гайгүй гэж бодоод гарсан. Өрхийн эмчээр явахад та эргэж хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Ясны талын эмчилгээ хийлгэх ёстой байсан учир гэрт ойр байрлалтайг нь харгалзаж Халамжийн төвийн ойролцоо байдаг ясны эмнэлэгт 20 хоног хэвтсэн. А анх эмнэлэгт хэвтэж байхад 2-3 удаа тасаг руу орж ирж байгаа байдалтай танилцаж надтай уулзаж байсан. Би зарим үед уур уцаарйтай үе байсан. Гэмтлийн эмнэлгээс гарч ясны эмнэлэгт хэвтэхэд нэг ч удаа намайг эргээгүй. 60 хоногийн хугацаанд анхаарч асуугаагүй. Би Аэд гомдсон. Эгч нь 63-64 нас хүрч байна. Хүн сэтгэлээрээ байх ёстой. Би Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад А 2 хоногийн дараа халуун савтай цай, бууз барьсан орж ирсэн. Би 1-2 удаа муухай загнасан. Аймар том төмрөөр хөлөө хүлүүлсэн, хоёр өгзөг цоорсон байна гэж би үзүүлж байсан. Хоёр удаа уцаар гаргасан нь үнэн. Тухайн үед эмч тийм зүйл сайн гэсэн болгоныг авч түрхэж байсан. Намайг өдөр нь нэг хүүхэд шөнө нь нэг хүүхэд сахидаг байсан. Энэ хэрэгт хэний ч буруу байсан гэсэн А над руу утсаар ярих боломж байсан. Надад сэтгэл муутай хандаж байсанд нь би гомдож байна. Баримтаар гарсан хохиролоо барагдуулж авъя. Цаашид 1 сарын эмчилгээ хийлгэх юм шиг байна. Хоёр хөл шөрмөс татаад гишгэж болохгүй, хөл дээрээ явдаг болохын тулд өөрийгөө дайчилж байна гэх мэдүүлэг

 

Иргэний нэхэмжлэгч Д.Баттуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн орчимд 13-45 УНА улсын дугаартай автомашиныг жолоодоод 1000 оюутны байрны арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан чинь эсрэг урсгалаас нэг автомашин урсгал сөрж орж ирээд миний унаж явсан автомашиныг мөргөж, дахин нэг хөх өнгийн автомашиныг мөргөөд зогсох үйлдэл хийсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 110-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний...13-45 УНА улсын дугаартай Toyota prius маркийн. тээврийн хэрэгсэлд 452.000 төгрөгний хохирол учирсан"...гэх дүгнэлт, /хх-ийн 133-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

би уг автомашиныг хараад намайг ирээд мөргөчихвийдээ нилээн хурдтай орж ирж байх чинь гэж бодоод баруун гар талруугаа дарж зогссон гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/

Арвижих Эстимейт ХХК-ны үнэлгээний 40-30 УНК улсын дугаартай toyota prius маркийн тээврийн хэрэгсэлд 2.589.000 төгрөгний хохирол учирсан"...гэх дүгнэлт, /хх-ийн 142-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 4930 дугаартай:

Долгорсүрэнгийн биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, духанд зулгаралт, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, авто ослын үед үүсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 148-р хуудас/

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 265 дугаартай:

Тоёота приус 20 маркийн 95-13 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  Тоёота Пирус 20 маркийн 13-45 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баттуяа нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тоёота Пирус 20 маркийн 40-30 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Хишигтогтох нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Явган зорчигч П.Долгорсүрэн нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно "а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 154-155-р хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ийн Б.Аийн эзэмшлийн 2008 онд үйлдвэрлэгдэж, 2018 оны 03 сард Монголд орж ирсэн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 06 сарын байдлаар 12.000.000 төгрөгийн зах зээлийн үнэтэй байна гэх үнэлгээний тайлан /хх-ийн 45-46-р хуудас/

 

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-21/

-бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 27/

-ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31, 33/

-ослын үеийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 34/
            -эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 35-36, 190-191/

-хохирогчийн гэмтлийн талаарх гэрэл зураг /хх-ийн 57-58/

-ГССҮТ-ийн 04086 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 60-70/

-Иргэний нэхэмжлэгч Д.Баттуяагийн “13-45 УНА дугаартай приүс-20 машины жолооч хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 111/

-Иргэний нэхэмжлэгч Г.Хишигтогтохын “40-30 УНК машины хохиролын төлбөрт 2.586.000 төгрөг хүлээн авсан. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 129/

 

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 14-ны 21 цаг 10 минутын орчимд Халаастаас 16 дугаар хороолол орох зорилгоор явж байгаад 1000 оюутны байрны арын замд өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 95-13 УБЧ улсын дугаартай автомашины жолоодон 40 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт л нэг цагаан юм нүдний өмнө харагдаж нүдээ нээтэл, явган зорчигч, 2 автомашин мөргөөд зогссон байсан. Яг юу болсонг сайн санахгүй байна. Тухайн үед би автомашиндаа ганцаараа явж байсан. Намайг автомашинаасаа буухад нэг хүн зам дээр хэвтэж байсан би өөрийн 95754404 гэсэн дугаараас түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламжийн автомашин ирж явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг авч явсан, би хэргийн газрын үзлэг хийлгэчхээд замын цагдаагийн албан дээр ирсэн. Би ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тухайн өдрийн өглөө ажилтай байсан болохоор 5 дахь өдрийн орой 23 цаг гэж унтаад өглөө 07 цагт боссон. Гэрэлтэй сийрэг хөдөлгөөнтэй, эсрэг урсгалтай 6-н эгнээтэй автозам байсан. Цас бороо ороогүй, халтиргаа гулгаа байгаагүй. Би 2014 оны 09 дүгээр сард жолооны үнэмлэхээ авснаас хойш нэг их машин барьж байгаагүй бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Приус 20 маркийн автомашиныг авснаас хойш жолоо барьж байгаа. Уг автомашиныг барьснаас хойш ахтайгаа 2-3 хоног хамт жолоо барьсан тэгээд ганцаараа жолоо бариад 2-3 хонож байсан.  Би яг хэдэн км/ цагийн хурдтай явж байснаа санахгүй байна 40 орчим л байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 162-163/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс:      -хохирогчийн нэхэмжилсэн хохиролын талаарх баримтууд /хх-ийн 72-96, 98-105 болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн 17 ширхэг баримтууд,

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 ширхэг рентген зураг,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны тодорхойлолт, ЮЖИНТЕК ӨҮ ЮҮ ЖИ ХХК-ийн тодорхойлолт, НДШ төлөлтийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт,  ЮЖИНТЕК ӨҮ ЮҮ ЖИ ХХК-ийн ажилд томилох тухай гүйцэтгэх захиралын тушаал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 165-178/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, ШШҮХ-ийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн болон хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Мөн хэрэг учрал болоход Д.Баттуяа, Г.Хишигтогтох нарын машиныг мөргөж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан нь нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг төлж барагдуулж  дуусгасан байдал, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Д.Баттуяад 452.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Хишигтогтоход 2.589.000 төгрөгийн хохирол, нэхэмжлэлийг төлж барагдуулсан. Хохирогч П.Долгорсүрэнд 1.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна.

 

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад хохирогч П.Долгорсүрэн нь нотлох баримтаар 3.485.566 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэний 685.606 төгрөгийн нэхэмжлэлийг уг гэмт хэргийн улмаас учирсан зардалд тооцох үндэслэлгүй байх учир хэрэгсэхгүй болгож, 2.799.960 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 685.606 төгрөгийн дүн бүхий нотлох баримтууд нь хүний ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг зүйлс болох оо, сойз, ариун цэвэрийн хэрэгсэл, ор хөнжилийн даавуу, таавчик, халад зэрэг, идэх, уух зүйлс болох кока кола ундаа, тараг, 3 нэр төрлийн тамхи, жимс, боов, бууз зэрэг, мөн Сумъяагийн хот хоорондын зорчигчийн тасалбарын үнэ гэх зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанаас өмнө 1.000.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсныг хасаж тооцон 1.799.960 төгрөгийн хохиролыг гаргуулан хохирогч П.Долгосүрэнд олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч П.Долгорсүрэн нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах зардалын талаархи нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Аээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хохирогч П.Долгорсүрэнгийн гэмтэлийг харуулсан 3 ширхэг рентген зураг болон биохимийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ хийлгэсэн баримтуудыг буцаан авах хүсэлт гаргасан учир буцаан олголоо.

 

Шүүгдэгч Б.Аийн №992522 дугаартай жолоочийн үнэмлэх, 01904275 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт хураагдаж ирснийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

 

Хэрэгт шүүгдэгч Б.Аийн эзэмшлийн приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирогчид учирсан хохиролыг төлж дуусаагүй байх учир хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар тооцож хураан ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадаглаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б.Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хадгалж, шүүгдэгчийн эзэмшлийн тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 1.799.960 төгрөг гаргуулж хохирогч П.Долгорсүрэнд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Долгорсүрэн нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Аээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн Б.Аийн В ангиллын №992522 тоот жолооны үнэмлэх, 01904275 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Аэд, хохирогч П.Долгорсүрэнгийн гэмтэлийг харуулсан 3 ширхэг рентген зураг болон биохимийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ хийлгэсэн баримтуудыг П.Долгорсүрэнд тус тус буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ