Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 215/МА2022/00022

 

  

 

 

 

 

 

 

 

 

                                 Х.Дын нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2022/00222 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 7-9 тоотод оршин суух, ..........регистрийн дугаартай, О овгийн Х-ын Д- ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр Х.Дыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

 2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2006 оноос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ....... дугаар сургуульд бага ангийн багшаар томилогдож ажиллаж байгаад 2019 оны 4 дүгээр сараас өөрийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын .........дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Гэтэл 4 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.ЧД. нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б/59 дүгээр тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалын үндэслэл дээрээ намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэсэн.

Миний хувьд сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрлөх эрхэд халдаж, улмаар багш миний хувьд энэ жил 2 дугаар ангийг хариуцаж байсан бөгөөд манай ангийн хүүхдүүдийн эрх ашгийг бас хөндөж, хохироож байгаад гомдолтой байна.

Суралцагчийн хувийн хэргийн дүнг буруу бичсэн сахилгын зөрчилд урьд цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байхад давхардуулан ажлаас халсан, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй учир ажил таслаагүй, бага ангийн сургалтын менежер Д.Пгээс чөлөө авсан гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ........ээр сургуулийн захирлын тайлбар, татгалзлын үндэслэл:

Багш Х.Д нь байгууллагын дотоод журмын 8.2.1-т заасан боловсролын баримт бичгийг цаг тухайд нь хөтлөөгүй хуурамчаар хөтлөх, гадагш гаргах, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, сурагчдын дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах бууруулах үйлдэл гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон.

Бага боловсролын багш Х.Д нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2 дахь заалтыг давтан зөрчсөн. Багш Х.Дын дүнг буруу бичсэн 7А ангийн 21 суралцагчийн хувийн хэргийг Боловсрол соёл урлагийн газарт захиалга өгсөн боловч хуулийн хугацаа болоогүй тул нөхөн бичилт хийгдээгүй хүлээгдэж байгаа болно. Х.Д нь 2021 оны 08 дугаар сарын 13, 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэжээ.

 3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О овгийн Х- ын Д-ын хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ....... сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр Х.Дыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ......р сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж ..... шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан эсэх дээр дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь хэргийн бодит байдалд нийцүүлж дүгнэлт хийгээгүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр хавтаст хэрэгт олон нотлох баримтууд байсаар байхад байхгүй байна гэж хэлж байгаа. 2020 оны 08 сарын хурлын тэмдэглэл дээр н.П менежерээс чөлөө авсан гэдэг нь нотлогдоогүй гэж байна. Тэгэхээр менежер нь чөлөө авсан талаар мэдүүлэг өгсөн байгаа. Би өөрөө энэ талаар баримтжуулаад нотлох баримтаар өгсөн байгаа. 2021 оны 08 дугаар сарын 18-нд би ажилдаа очоод ажлаас халагдах тушаалаа өөрийн биеэр гардаж авсан. Энэ бүхнийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

 6.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Өмнө нь давж заалдах шатны шүүх дээр сахилгын арга хэмжээ авагдсан. Энэ сахилгын арга хэмжээ нь нэг зөрчил дээр хоёр сахилгын арга хэмжээ ногдуулаад байна гэдэг байдлаар нотлох баримт гаргуулахаар анхан шатны шүүхэд хэрэг буцаагдсан. .....р сургуулийн баримтыг аваад хавтаст хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн байгаа. Өмнөх сахилгын арга хэмжээнд ямар нэгэн гомдол гаргаагүй тухайн сахилгын арга хэмжээний зөрчлийг хүлээн зөвшөөрөөд жил гаруй хугацаа өнгөрсөн байсан. Тухайн иргэний хэргийг анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байгаа учраас нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

                                                   

                                                   ХЯНАВАЛ:

  Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтын талаар талуудын гаргасан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ....гээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ....гээр сургууль нь хариу тайлбартаа Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1-р хавтаст хэргийн 18 хуудас

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын .....ээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээ-ний 5.1.1.2, 5.1.3, Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.2.1, 8.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон нэхэмжлэгч Х.Дыг бага ангийн багшийн ажлаас чөлөөлжээ./1-р хавтаст хэргийн 7 хуудас/

Ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь ажилтан Х.Дыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ Хариуцсан 5А ангийнхаа нэр бүхий 18 суралцагчийн улсын шалгалтын дүнг хувийн хэрэгт буруу бичсэн, 2021 оны 08 дугаар сарын 13,16,17-ны өдрүүдэд ажил тасалсан гэж тайлбарлажээ.

Ажилтан Х.Д нь суралцагчийн хувийн хэргийн дүнг буруу бичсэн сахилгын зөрчилдөө урьд цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байхад давхардуулан ажлаас халсан, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй учир ажил таслаагүй, бага ангийн сургалтын менежер Д.Пгээс чөлөө авсан гэж маргажээ.

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ны Б/28 дугаар  Х.Дын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах  тушааал нь тус сургуулийн захирлын зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 04-ны хурлын тэмдэглэлийг үндэслэн гарчээ. /1-р хавтаст хэргийн 40 дэх тал /

Хэрэгт нотлох баримтаар авагдсан уг тэмдэглэл 21-23 дахь талд Х.Д, Б нарын ажлын үр дүнг хэлэлцжээ. Яагаад дуудсаныг мэдэж байна уу. Ажлын дүгнэлтээ яриач гэхэд Дав: Авах арга хэмжээгээ ав. Хийсэн ажил байхгүй. Гэнэт дуудсан гэжээ. Ц.Б: 12.20-нд Менежирийн үүргийг хааяа хоцорч хийсэн. Намар нэг хэсэг нялх хүүхэдтэй байсан гэсэн тайлбаруудыг өгчээ. Тэмдэглэл 22 дахь тал Ч.Ч /Ц/ анги нь ёстой муу байна. Д иймэрхүү ажилласан учир хөдөлмөрийн хуулийн дагуу сануулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж. Тэмдэглэл 23 дахь тал Ч.Ч: Би цалингийн хувиар торгох саналтай байна. Сануулахын хувьд олон сануулсан. С.М: Энд ирээд ийм юм ярьж байгаа хүнийг багш гэхэд хэцүү юм. Ц багшийн саналыг дэмжлээ гэжээ. Цалинг 6 сар 20 хувь бууруулах шийдэлд хүрлээ. Хуралд оролцогсод.  6/4 гэж  Ч.С, С.М, Г.М, Х.Д, Ч.Б, Ц  нар  гарын үсэг зурж, тамга дарагджээ.  Уг хурлын тэмдэглэлээр багш Х.Дын ажлын чанар үр дүнгийн талаар хэлэлцэж  улмаар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ны Б/28 дугаар тушаалаар багш  Х.Дын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Нэхэмжлэгч Х.Дын нэг зөрчилд давхардуулан сахилгын арга хэмжээ авсан гэх тайлбар няцаагдаж байна.

Ажил тасалсан гэх маргааны тухайд:

Багш ажилчдын ээлжийн амралтын хуваарьт багш нарын ээлжийн амралт эхлэх огноог 06 дугаар сарын 02-ны өдөр, ажилдаа орох огноог 08 дугаар сарын 13-ны өдөр, амрах хоногийг эхлэн ажлын 48 өдөр гэж тусгажээ. Эдгээр багш нарын нэрсийн жагсаалтын 29 дэх заалтад багш Х.Дын нэр тусгагджээ.

Ажил олгогчоос ажилтны 2021 оны ээлжийн амралтын хуваарийг батлахдаа Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт авах өдөр нь бүх нийтээр амрах өдөр байхаар заасныг тооцоогүй  алдаатай болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно, 8.4 дэх хэсэгт Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заажээ.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүх нийтээр амарна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн нийт багш нарын ээлжийн амралтын хугацаа нь тэдгээрийн төрийн албанд ажилласан хугацаанаас үл хамааран ялгамжгүйгээр ажлын 48 хоног юм.

Үүнээс үзэхэд ажилтан Х.Д нь 2021 оны 06 дугаар сард ажлын 20 хоног, 07 дугаар сард ажлын 18 хоног, 08 дугаар сард ажлын 10 хоног, нийт ажлын 48 хоног амарч, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бус 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байжээ.

Ажил олгогч нь ээлжийн амралтын хуваарийг батлахдаа 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг ажлын өдөрт тооцсон алдаа нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулах эрх зүйн үндэслэл биш.

Иймд нэхэмжлэгч Х.Дыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажил тасалсан гэж үзсэн хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн төлөөлөгч Ч.Ч-ын хариу тайлбарыг зөвтгөх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Ээлжийн амралтын хугацаа дуусгавар болсны дараах 2021 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд ажил тасалсан болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа уг шалтгаанаа ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй, бага ангийн сургалтын менежер Д.Пгээс чөлөө авсан гэж буй нэхэмжлэгч Х.Дын тайлбарыг ч зөвтгөх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь нэхэмжлэгч Х.Д нь ээлжийн амралтын хуваарийг мэдэгдээгүй, бага ангийн сургалтын менежер Д.Пгээс чөлөө авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2021 оны 08 дугаар сарын 13,16,17-ны өдрүүдэд ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул ажилтан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил тасалсан эсэх үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд ажилтан Х.Д нв 2021 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд ажил тасалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд  энэхүү сахилгын зөрчил нь ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуультай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 5.1.1.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил тасалсан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш байна.

Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад дурьдсан гурваас дээш өдөр ажил тасалсан гэдэгт 4 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан байхыг ойлгох бөгөөд ажилтан Х.Дын 2 өдөр ажил тасалсан нь уг заалтын урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч Х.Дыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь дан ганц ажил тасалсан үйл баримтад бус боловсролын баримт бичгийг буруу, дутуу хөтөлсөн үйл баримтад давхар тулгуурлажээ.

Хариуцагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д-ийн шалгалт явуулсан 2116000152 дугаартай зөрчлийн хэргийн материалыг ирүүлжээ.

Энэхүү зөрчлийн хэрэгт авагдсан 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл/1-р хавтаст хэргийн 67 хуудас/, мөн өдрийн огноотой шийтгэлийн хуудас/1-р хавтаст хэргийн 68 хуудас/ болон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн дунд анги удирдсан багш Б.Л-ийн боловсруулж, сургалтын менежер С.М-ийн хянасан 2019-2020 оны хичээлийн жилийн 5А ангийн боловсролын мэдээллийн дүн, хувийн хэргийн дүнгийн тулгалт, зөрүүтэй дүнгийн мэдээлэл/ 1-р хавтаст хэргийн 223 хуудас/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Д нь хариуцсан 5А ангийнхаа нэр бүхий 18 суралцагчийн хувийн хэрэгт дуу хөгжим, биеийн тамир, англи хэл зэрэг хичээлийн улсын шалгалтын дүнг буруу бичсэн зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Уг зөрчлийг нэхэмжлэгч Х.Д нь хүлээн зөвшөөрч маргаагүй /2-р хавтаст хэргийн 9 хуудас/ тул тэрээр хариуцсан ангийнхаа нэр бүхий 18 суралцагчийн хувийн хэрэгт зарим хичээлийн улсын шалгалтын дүнг буруу бичсэн сахилгын зөрчил гаргажээ.

Хөдөлмөрийн гэрээ-ний 5.1.3 дахь заалтад Тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, бусад баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл /1-р хавтаст хэргийн 38 хуудас/ байхаар заажээ.

Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.2.1 дэх заалтад Боловсролын баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв хөтлөөгүй, хуурамчаар хөтлөх, гадагш гаргах, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, суралцагчийн дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах, бууруулах үйлдэл гаргасан тохиолдолд нөхцөл байдлыг судалж, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах шат дараалсан арга хэмжээ авна/1-р хавтаст хэргийн 46 хуудас/ гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын дээрх заалтаас үзэхэд ажилтан Х.Дын суралцагчийн хувийн хэрэгт улсын шалгалтын дүнг буруу бичсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 5А ангийн нэр бүхий 18 суралцагчийн хувийн хэрэгт тусгагдсан мэргэжлийн хичээлийн улсын шалгалтын дүн нь боловсролын мэдээллийн баазаас зөрүүтэй бичигдэж, бодит байдалд нийцээгүй, үнэн зөв хөтлөгдөөгүй, хуурамч гэж үзэхээр болжээ.

Үүний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 7А ангийн нэр бүхий 18 суралцагчийн эрх зөрчигдсөөр байгаа нь хариуцагчийн төлөөлөгч Ц.Чын тайлбар болон гэрч Н.Ц, С.М, Б.Л, Д.Ц нарын мэдүүлгээс тодорхой байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр албан бичгээр ...Анги удирдсан багш Х.Д нь хувийн хэргийг сургалтын менежерт өгөөгүй, удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээлгэж өгөхгүй байгаа тул уг асуудлыг хянан шалгаж, шалтгааныг тодруулж өгнө үү гэж Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ./1-р хавтаст хэргийн 60 хуудас/

Уг албан бичгийн дагуу Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаар нэхэмжлэгч Х.Дын суралцагчийн хувийн хэрэгт улсын шалгалтын дүнг буруу бичсэн зөрчлийг илрүүлсэн нь 2116000152 дугаартай зөрчлийн хэргийн материалаар нотлогдож байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирогч, гэрчийн дээрх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Х.Д нь суралцагчийн хувийн хэрэгт буруу дүн бичсэн сахилгын зөрчлөө нуун дарагдуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирал, сургалтын менежер нараас удаа дараа шаардсаар байхад удирдсан ангийнхаа сурагчдын хувийн хэргийг 2019-2020 оны хичээлийн жил дуусахад зохих журмын дагуу хөтлөөгүй, бага ангийн сургалтын менежерт хүлээлгэн өгөөгүй байна.

Анги удирдсан багш Х.Д нь сурагчдынхаа хувийн хэргийг хүлээлгэж өгөлгүйгээр удаашруулж, 2020-2021 оны хичээлийн жил дуусч, 6А ангийн сурагчдын хичээлийн дүн, зан байдлын тодорхойлолтыг хувийн хэрэгт тэмдэглэх зайлшгүй шаардлага гарсны улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ.

Нэхэмжлэгч Х.Д нь Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д-т холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ удирдсан ангийнхаа сурагчдын хувийн хэрэгт дүн буруу бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа уг зөрчлөө чухам хэзээ гаргасан талаар мэдүүлээгүй байна./1-р хавтаст хэргийн 61-62 хуудас/

Дээр дурьдсан байдлаар нэхэмжлэгч Х.Д нь сахилгын зөрчлөө нуун дарагдуулж, ажил олгогч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдэд хандахаас өөр аргагүй байдал бий болгосон байхад ажил олгогчоос ажилтны дээрх зөрчил гаргасан хугацааг шалган тодруулах боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

  Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04/249 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Х.Дд хариуцлага тооцохыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас шаарджээ./1-р хавтаст хэргийн 33 хуудас/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эцсийн үр дүнг гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдсэн дээрх албан бичгийн дагуу хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ......ээр сургууль нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлжээ./1-р хавтаст хэргийн 21-25 хуудас/   Улмаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас нэхэмжлэгч Х.Дыг бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчөөгүй байна.  Суралцагчийн хувийн хэрэгт дүн буруу бичсэн нэхэмжлэгч Х.Дын сахилгын зөрчил нь 2020 онд бус Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, хяналтын улсын байцаагч Т.Д-ээс 2021 онд явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр тогтоогджээ.

           Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр тогтоогдсон дээрх сахилгын зөрчилд нь ажил олгогчоос ажилтныг ажлаас халсныг Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нэхэмжлэгч Х.Дын 2 өдөр ажил тасалсан үйлдлийг, сахилгын ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу боловч суралцагчийн хувийн хэрэгт дүн буруу бичсэн зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.Дын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр Х.Дыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Маргааныг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Х.Дын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2022/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч  нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Т.ЖАРГАЛСАЙХАН

ШҮҮГЧИД                                  Ч.ЭНХТӨР

                                               Ш.БАТТОГТОХ