| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00003/И |
| Дугаар | 304/ШШ2026/00272 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2026/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, -*** дугаар баг, *** байр, *** тоотод оршин суух, Б******* овогт Х******* Саранчимэгийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Х.Саранчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Саранчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие Х.Саранчимэг нь Булган аймгийн *** дүгээр цэцэрлэгт *** оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *** оныг дуусталх хугацаанд туслах багшаар, Булган аймгийн*** дүгээр цэцэрлэгт ** оноос ** оныг дуусталх хугацаанд туслах тогоочоор тус тус ажиллаж байна. Миний хувьд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 7 жил 6 сараар нөхөн тооцсон. Ингэж тооцохдоо улсад ажилласан жилийг хасаж тооцож өгсөн байдаг. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын хэлтэст хандахад тухайн үед ажиллаж байсан орсон, гарсан тушаал байхгүй учир шүүхэд хандах талаар хэлсэн. Тухайн үед авч байсан цалингаа архиваас шүүхэд 1990, 1991, 1992, 1994, 1997 цалингийн цэс гарсан ба миний 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээгдсэн нийгмийн даатгалын дэвтэрт 1996 оны 11, 12 сарын цалин бичигдсэн байна. Иймд Х.Саранчимэг намайг Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд туслах багшаар, Булган сумын 4 дүгээр цэцэрлэгт 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Би 1990 оны 09 дүгээр сард ажиллаж эхлээд 1992 оны 04 дүгээр сард жирэмсний амралтаа авсан. Би 1993 онд жирэмсэн байсан тул хэдхэн сар ажиллаад жирэмсний амралтаа авсан. 1995 онд намайг төрсний дараа цомхотголд оруулж ажиллаагүй. Тэгээд эргэж ажилдаа орсон гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар лавлагаа,
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Төрөл садангийн лавлагаа,
-Х.С******* иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Х.С******* хүсэлтээр Л.Г*******, Ш.Н******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн Х.С******* *** оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.С******* Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар, Булган сумын 3 дугаар цэцэрлэгт 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Х.С******* Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар, Булган сумын 3 дугаар цэцэрлэгт 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Булган сумын багийн харьяат 2 дугаар Хишигдүүрэн овогтой С******* Булган аймгийн 3 дугаар цэцэрлэгт 1990-1992,1994 онд туслах багшаар ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн *** дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн харъяат Хишигдүүрэн овогтой Саранчимэг нь Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1990, 1992, 1994 онд туслах багшаар, 4 дүгээр цэцэрлэгт 1997 онд туслах тогоочоор ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн **дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Х.Саранчимэг нь Булган сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж 1991-1994 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон гэсэн тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Х.Саранчимэг нь Булган сумын 4 дүгээр цэцэрлэгт ажиллаж 1996-1997 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг гэсэн тодорхойлолт зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Л.Г*******ын: Би 1990 оны 01 дүгээр сард Булган аймгийн Булган сумын 9 дүгээр цэцэрлэгийг анх ашиглалтанд орж үйл ажиллагаа нь эхлэхэд манаач, сахиулаар ажилд орж байсан. 2012 он хүртэл тус цэцэрлэгтээ ажилласан. Х.Саранчимэг нь 1990 онд надтай адилхан тус цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байсан. Х.Саранчимэг нь хэдэн он хүртэл ажилласан талаар нь сайн мэдэхгүй байна. Х.Саранчимэг нь ажиллах явцдаа шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. ... гэх,
Гэрч Ш.Н*******ийн: Би 1990 онд Булган аймгийн Булган сумын 9 дүгээр цэцэрлэгийг анх ашиглалтанд орж үйл ажиллагаа нь эхлэхэд ахлах тогоочоор ажилд орж байсан. 1997 онд цомхотголд ороод тус ажлаасаа гарсан. Х.Саранчимэг нь надтай адилхан 1990 онд тус цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байсан. 9 дүгээр цэцэрлэг нь нэрээ өөрчлөөд 3 дугаар цэцэрлэг болж байсан хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Х.Саранчимэг бас 1997 онд цомхотголд ороод ажлаасаа гарч байсан. Х.Саранчимэг нь ажиллах явцдаа тасралтгүй ажиллаагүй жирэмсний амралтаа авч байсан хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Х.Саранчимэг нь ажиллах явцдаа шагнал урамшуулал авч байсан. ... гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр болно.
3.Хүсэлт гаргагч Х.Саранчимэг нь Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4.Иймд хүсэлт гаргагч Х.Саранчимэгийн Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Х******* С******* Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар, Булган сумын 3 дугаар цэцэрлэгт 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган сумын 9 дүгээр цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА