Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2026/00273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, **** дугаар багт оршин суух, Д******* овогт О******* Н******* хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч О.Наранцэцэг нь С Ч******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би *** онд Хөвгөл аймгаас Булган аймгийн Х******* суманд шилжин ирээд малчин С.Ч******* танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж **** онд гэр бүл болсон. Бидний дундаас 1997 онд том охин Ч.Я******* , 1998 онд хүү Ч.О*******, 2007 онд охин Ч.Ч******* нар мэндэлсэн. Бид хурим хийж гэр бүл болсон ч 1996 оноос 2006 он хүртэл хаяг шилжиж, иргэний үнэмлэхээ гээсний улмаас гэрлэлтээ батлуулаагүй. 2006 онд гэрлэлтийн гэрчилгээ авсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд С.Ч******* хамтран амьдарч байсныг нотлох баримт байхгүй тул С.Ч******* 1996 оноос *** оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд малын А данс нөхөн С.Чулуунбаатарын нэр дээр гарч байсан тул хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн гэв.

2.Хүсэлт гаргагчаас:

-С.Чулуунбаатар, О.Наранцэцэг нарын хамт авахуулсан гэрэл зураг,

-1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.Я*******ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-2007 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ч.Ч*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, 

-1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.О*******ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-Ч.О*******ын төрсний гэрчилгээний хуулбар,

-О.Н******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хувь зэргийг гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр О.Э*******, С.Б нараас гэрчийн мэдүүлэг шүүх авсан.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ****дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,

-Булган аймгийн Х******* сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар 1996-2006 онд тоологдсон өрхийн бүртгэл зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч О.Н******* хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Хүсэлт гаргагч нь 1996 оноос 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл С.Ч******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар О.Н******* С.Ч******* хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Х******* сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Д******* овогтой О******* Наранцэцэг /РМ76030403/ нь тус сумын 2 дугаар баг Урт хэмээх газарт 1996 оноос хойш одоо болтол мал маллан амьдарч байгаа нь үнэн болно. гэсэн 03/64 дугаар тодорхойлолт,

-С.Чулуунбаатар, О.Наранцэцэг нарын гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зураг,

-С.Чулуунбаатарын 1996-2000, 2004-2025 оны малын А дансны хуулбар,

-Үндэсний төв Архивын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын Булган аймгийн Х******* сум,
2 дугаар баг, Хөдөө оршин суух С Чулуунбаатар, тэргүүлэгч өөрөө, төрсөн он-1973, төрсөн сар-3, нас-26, хүйс-эрэгтэй, О******* Наранцэцэг, эхнэр, төрсөн он-1976, төрсөн сар-3, нас-23, хүйс-эмэгтэй, Чулуунбаатарын Я*******, охин, төрсөн он-1997, төрсөн сар-6, нас-2, эмэгтэй, Чулуунбаатарын О*******, хүү, төрсөн он-1998, төрсөн сар-11, нас-1, эрэгтэй, гэсэн 03-01/1694 дугаартай лавлагаа, эх баримт зэрэг баримтууд,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

-Гэрч О.Э*******ын: ... О.Наранцэцэг нь 1994-1993 оны хооронд ээж н.Отгонбаяр болон эгч дүү нарын хамт Булган аймгийн Х******* суманд шилжин ирж байсан. 1994 онд манай ах О.С төрсөн хүү С.Ч******* танилцаж улмаар 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр айл гэр бүл болж хурим найраа хийсэн. 1997 онд охин Ч.Я******* төрсөн, 1998 онд хүү Ч.О******* төрсөн, 2007 онд охин Ч.Ч******* нар төрсөн. Гэрлэлтээ батлуулсан яг хэзээ батлуулсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Гэр бүл болсноос хойш одоо хүртэл хамт амьдарч байгаа. Хамт амьдарснаасаа хойш мал ахуйгаа өсгөн аймгийн аварга малчин, сумын мянгат малчин болж байсан... гэх,

-Гэрч С.Бын: ... О.Наранцэцэг, С.Чулуунбаатар нар нь 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Х******* сумын Майхан толгой гэх газар хуримаа хийж байсан. Би тухайн үед бэр О.Наранцэцэгийг ачааны газ 53 машинаараа авчирч байсан. 1997 онд охин Ч.Я******* төрсөн, 1998 онд хүү Ч.О******* төрсөн, 2007 онд охин Ч.Ч******* нар төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Тэр үед О.Наранцэцэг нь 1994 онд Хөвсгөл аймгаас шилжиж ирэхдээ иргэний үнэмлэхээ хаясан байсан тул гэрлэлтээ батлуулаагүй сүүлд иргэний үнэмлэхээ авсаны дараа батлуулсан байх. Яг хэзээ гэрлэлтээ батлуулсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Гэр бүл болсноос хойш одоо хүртэл хамт амьдарч байгаа. Хамт амьдарснаасаа хойш мал ахуйгаа өсгөн аймгийн аварга малчин, сумын аварга малчин, сумын мянгат малчин, нөхөр С.Чулуунбаатар нь Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, Алтан ишиг зэрэг шагналуудыг авч байсан... гэх мэдүүлэг зэрэг болно.

4.Хүсэлт гаргагч О.Наранцэцэг нь С.Ч******* 1996 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 3 хүүхэд төрүүлэн, ам бүл-5-уулаа хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Д******* овог  О******* Наранцэцэгийг Дугаржалбаа овогт С Ч******* 1996 оноос 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА