| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0917/Э |
| Дугаар | 996 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Хохирогч Ж.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сд холбогдох эрүүгийн 1806043331132 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн хотхоны 198а тоотын гадна Ж.Оюун-Эрдэнэтэй маргалдаж, түүний нүүр, нуруунд цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806043331132 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч М.С нь хохирогч Ж.Оюун-Эрдэнийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Ж.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Даваасамбуу хүүхдийн мөнгөө өгөхгүй болохоор нь гэрт нь очиж авахаар Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн хотхоны 198а тоотод очсон. Үүрийнтуяа бид 2 хашааны гадаа хүүхдийн талаар яриад зогсож байхад ертөнцийн зүгээр хойноосоо С буюу Даваасамбуугийн төрсөн дүү бид 2 дээр хүрээд ирсэн. Хүрч ирээд шууд намайг заамдаж аваад сэгсэрч унагаасан. Тэр үед С бид 2 хоёулаа газар унасан. Би босох гэтэл С миний дээрээс дараад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь намайг үсдэж босгосон. Босож ирэх гээд байж байхад миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Нүүр рүү дахиад 2 удаа цохиод авсан. Цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байхад миний толгой руу хэд хэд цохиод авсан. Би Сг нэг удаа алгадсан. Унахдаа үснээс нь зулгааж унасан. Өөрөөр гар хүрээгүй гэх мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч Х.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Оюун-Эрдэнэ бид 2 гудамжинд зууралдаал маргалдаад чанга чанга дуугараад хэрэлдээд зогсож байхад хадам дүү С ирэнгүүтээ үгийн зөрүүгүй шууд Оюун-Эрдэнийг алгадаад авсан. Тэр 2 газар зууралдаад унасан. Энэ хооронд нэгнийхээ үснээс зулгаасан гэх мэдүүлэг /хх 19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 6066 дугаартай:
1. Ж.Оюун-Эрдэнийн биед хамрын нуруунд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, уруулд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/
-Ж.Оюун-Эрдэнийн толгойн КТГ-ын зураг авахуулсан баримт /хх-ийн 66/
Шүүгдэгч М.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Миний төрсөн ах Даваасамбуу нь гэр бүлээс гадуурах харьцаатай болсон. Тэр эмэгтэй миний бэр Үүрийнтуяа эгчийг байж суух газаргүй болгож бэр эгч Турк улсруу явж ажил хийхээр болоод явсан. Энэ Оюун-Эрдэнэ удаа дараа залгаж, нүүр номоор элдэв янзаар хараасан. Энгэж байсаар байгаад миний ах Даваасамбуу гэртээ буцаад ирсэн. 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр миний бэр эгч Үүрийнтуяа Турк улсаас ирсэн ба Даваасамбуу ахтай буцаж нийлээд хамт амьдрах болсон. 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Оюун-Эрдэнэ Даваасамбуу ахын гэрт ирээд мөнгө төгрөг нэхэж баахан харааж байгаад яваад өгсөн байсан. 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр би хүүхдээ сургуулиас нь авах гээд сургууль дээр 12:30 цагийн үед байж байхад миний утасруу ээж залгаад Оюун-Эрдэнэ ирээд гэрт орох гээд Үүрийнтуяатай хэрүүл хийгээд байна гэсэн. Яваад очтол Үүрийнтуяа, Оюун-Эрдэнэ, манай хөрш Мандах эгч нар гудамжинд зогсож байсан. Намайг очих гээд явж байхад Оюун-Эрдэнэ Үүрийнтуяагийн мөррүү түлэхээд байсан. Би очих замдаа уурлаад шууд Оюун-Эрдэнэ дээр дөхөж очоод алгадсан. Тэрнээс болоод бид 2 ноцолдоод газар өнхөрөөд унасан. Бид 2 босоод дахиж нэг нэгэндээ гар хүрэлгүй маргалдаж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд бид 2 хэлтэс дээр ирэхэд миний нуруу өвдөж байсан. Бас миний үс унасан. Өвдөг шалбарсан байсан. Баримтаар гаргасан хохиролыг бол барагдуулна. Харин баримтгүй нэхсэн мөнгмйг өгөх боломжгүй гэх мэдүүлэг /хх-ийн 58/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч М.Сгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-36/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 67-69/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Сгийн иргэн Ж.Оюун-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь мөрдөн байцаалтын явцад нийт 120.000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдож байх тул хангаж шүүгдэгчээс гаргуулаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.
Тухайн гэмт хэрэг гархад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх ба хохирогч Ж.Оюун-Эрдэнэ нь гэр бүлийн харилцааны улмаас үүссэн маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журам болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмын дагуу холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлж байх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгоос 120.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Оюун-Эрдэнэ /УД87100760/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарсан зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ