Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 205/МА2022/00010

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн иргэн Андиа гэгээнтэн овогт *******од холбогдох төрд учирсан хохирол 4.369.056 /дөрвөн сая гурван зуун жаран есөн мянга тавин зургаа/төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.*******ын давж заалдах гомдлоор 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.*******, /Улаанбаатар хотоос ZOOM/-р, прокурор Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар С.*******ийг Шилүүстэй сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалаас халсанд С.******* шүүхэд гомдол гаргажээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.*******ийг урьд эрхэлж байсан Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын даргуу тооцон олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4,369,056 төгрөгийг С.*******д олгосон байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 4,369,056 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Г.*******оос гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие санхүүгийн албаны даргыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/11 дүгээр тушаалаар ажлаас халсан хэдий ч уг албан тушаалд хэн нэгнийг томилж цалин олгоогүй өөрөөр хэлбэл С.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн маргааныг шүүх хянан эцсийн шийдвэр гаргатал санхүүгийн албаны даргын цалинг хадгалж байгаад нөхөн олгосон болно. Мөн санхүүгийн мэргэжлийн байгууллага төрийн аудитын газар С.*******д нөхөн олгосон цалин 4,369,056 төгрөгийг хянаж үзээд акт төлбөр тавих шаардлагагүй гэж үзсэнийг дурдъя. Иймд миний бие төрд хохирол учруулаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус хуульчилсан байдаг ба Завхан аймгийн Шилүүстэй сумын засаг даргын Тамгын газрын дарга Г.*******ын гаргасан шийдвэр хуувь бус болох нь холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба дээрх шийдвэрийн улмаас эрх бүхий албан хаагч ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд, түүний ажил хөдөлмөр эрхлээгүй үеийн цалин олговрыг төрөөс төлсөн байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга гэдэг албан тушаал нь төрийн захиргааны албан хаагч ба төрийн жинхэнэ албан хаагчид төрийн захиргаа, төрийн тусгай алба хаагчид хамаардаг тул С.*******ийн хувьд төрийн жинхэнэ алба хаагч мөн байна. Дээрх хууль бусаар ажлаас халсан, уг ажлаас халсантай холбоотойгоор цалинг нөхөн олгосон зэрэг нөхцөл байдал нь иргэний хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэв.

 Иргэдийн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрд учруулсан хохирлыг хариуцагч Г.*******оос гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч Г.*******оос төрд учруулсан хохирол 4.369.056 төгрөгийг гаргуулж Төрийн банкны 100900021501 тоот /Төрийн сан/ дансанд оруулж,

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 84.855 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Миний бие 2022 оны 04 сарын 22-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28- ны өдрийн 140/ШШ2022/00158 дугаартай шийдвэрийг гардаж аваад Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасан хуулийн хугацаанд дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгт: Завхан аймгийн шилүүстэй сумын засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Шилүүстэй сумын Санхүүгийн албаны дарга С.*******ийг төрийн албаны тухай хуулийн 13.14, 13.1.5, 26.1.3 дугаар зохицуулалтыг баримтлан халсан, С.******* нь уг тушаалыг эс зөвшөөрч Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс урьд эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг төрийн сангаас олгож шийдвэрлэсэн гэж үзсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-д заасны дагуу нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж С.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон болохоос миний бие төрд хохирол учруулаагуй юм.

Мөн шүүх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн төрд учруулсан хохирол 4,369,056.00 төгрөгийг Г.******* надаас гаргуулахаар Төрийн албаны зевлөл нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон Учир нь гэм хороос учирсан хохирол шүүхэд нэхэмжилж байгаа тохиолдол гэм хор учруулсан гэдгийн нотлох хуулийн урьдчилсан нөхцөлтэй байна.

Гэтэл Г.******* намайг төрд хэрхэн хохирол учруулсан гэдгийг урьдчилан тогтоогоогүй байхад хохирол нэхэмжилж, түүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн хууль бус байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зуйлийн 167.1.4-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, иргэн Г.******* надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 28-ний өдрийн 140/ШШ2022/00158 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.******* /Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.

Завхан аймгийн Шилүүстэй сумын Санхүүгийн албаны дарга буюу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна гэдгийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны шийдвэрээр тогтоосон. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс тухайн төрийн албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг Төрийн сангийн хөрөнгөнөөс гаргаж олгосон байдаг. Ингээд Төрийн албаны зөвлөл холбогдох баримтад үндэслээд Г.*******оос түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч Г.*******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж прокурорыг гуравдагч этгээдээр томилсон байгаа. Эрх бүхий албан тушаалтнаас С.******* гэдэг хүнийг ажлаас халах тухай тушаал гаргасан.

Гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байсныг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон холбогдох баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргасан ажилтны гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас тухайн буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

Нэхэмжлэгч Монгол улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Г.*******од холбогдуулан төрд учирсан хохирол 4.369.056 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ” ... С.*******ийг ажлаас халсан хэдий ч шүүхэд гаргасан түүний нэхэмжлэлийг шийдвэрлэх хүртэл оронд нь хүн авч цалин хөлс олгоогүй. С.*******д олгосон цалин нь тэрээр ажиллж байсан бол авах ёстой цалин нь учир би төрд хохирол учруулаагүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Г.******* нь Завхан аймгийн Шилүүстэй сумын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын санхүүгийн албаны дарга С.*******ийг төрийн албан 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Ажил олгогчийн дээрх тушаалыг Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож, С.*******ийг Шилүүстэй сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн Шилүүстэй сумын засаг даргын Тамгын газраас С.*******ийн цалингийн нөхөн олговорт нийт 4.369.056 төгрөг олгосон үйл баримт  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.******* нь хууль бус шийдвэр гаргасны улмаас огт ажиллаагүй С.*******д шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас 4.369.056 төгрөг олгосон байгааг төрд хохирол учирсан гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

Мөн Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан нь хариуцагчид хуулиар үүрэг хүлээлгэж  буй үүрэг болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж дүгнэн, төрд учирсан хохирол болох 4.369.056 төгрөгийг хариуцагч Г.*******оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498.2, 498.5-д заасан зохицуулалтанд нийцсэн байна. Хариуцагчийн төрд хохирол учруулаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг “гэснийг хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

 

Б.АРИУНБАЯР