Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 998

 

 

 

 

 

 

 

2018       07          06                                            2018/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Г,

шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706011070986 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь П.М, Б.М, Э.Энхтөр нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 1 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн Ч.Билгүүний гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг пүүз, 3 ширхэг хүрэм хулгайган авч 495.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М нь П.М, Д.Б, Э.Энхтөр нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 1 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн Ч.Билгүүний гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг пүүз, 3 ширхэг хүрэм хулгайган авч 495.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч П.М нь Б.Мөнхэрлэн, Д.Б, Э.Энхтөр нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 1 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн Ч.Билгүүний гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг пүүз, 3 ширхэг хүрэм хулгайлан авч 495.000 төгрөгний хохирол учруулсан

Шүүгдэгч Э.Энхтөр нь П.М, Б.Мөнхэрлэн, Д.Б нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 1 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн Ч.Билгүүний гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг пүүз, 3 ширхэг хүрэм хулгайлан авч 495.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ч.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 04 сарын 11-ний шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хороо 1-32 тоотод байх гэрээсээ хувцаснуудаа алдсан. Ээж гаднаас орж ирэхдээ танай найзууд ирээд явсан юм уу гэхэд нь үгүй гэсэн чинь сая 4 залуу манайхаас гараад доошоо гүйгээд явчихлаа гэхээр нь үүдэнд очоод үзэхэд хувцаснууд алга болсон байсан. Жордон 4 пүүз 250.000 төгрөг, жордон 8 пүүз 80.000 төгрөг, найк пүүз 150.000 төгрөг, бомбер хүрэмээ нэг томыг нь 75.000 төгргөөр, жижиг бомбер хүрэмээ 65.000 төгрөгөөр үнэлнэ. 2 нь жижиг байсан юм. Би өөрт учирсан хохиролоо 100 хувь барагдуулаад авсан. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Эд зүйлийн үнэлгээг зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

 

 Гэрч Д.Ариунтунгалагын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 04 сарын 11-ний шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хороо 1-32 тоотод байх манай гэрт хулгай орж 2 ширхэг жордон пүүз, найкын 1 ширхэг пүүз, 3 ширхэг бомбер куртик зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн үед манай гэрт манай хүү Билгүүн 3 дүүгийн хамт байсан юм. Би тэр үед гадагшаа гарахдаа хаалгаа завсартай үлдээгээд гарчихсан юм. Манай хаалга хүчтэй хаахгүй бол сайн түгжигдэггүй юм тэгээд тэр үед манай хүү цаад талынхаа өрөөнд компьютер тоглоод байсан. 3 дүү нь унтаж байсан юм.  Би 22 цагийн үед гэрээсээ гарч цаг гаран болоод гэр рүүгээ орох гэтэл урдаас 4 залуу гараад доошоо гүйгээд явсан. Билгүүний найзууд юм байх гэж бодоод барьж явсан юмнуудыг нь анзаараагүй. Хүүгээсээ асуухад ганцаараа байсан гэхээр нь үүдэнд очоод үзтэл хүүгийн хувцаснууд байхгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16/,

 

 Гэрч С.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 4 сарын 12-нд 32 тоотод амьдардаг өндөр залуу шөнө хулгай орсон байна. Гээд манай СӨХ-н захирал Даваагийн өрөөнд орж ирээд урд шөнө коридорт байсан хувцас алдсан байна. Манай ээж шөнө хаалга онгойлгоод явсан араар алга болсоныг өглөө босоод хувцасаа өмсөх үедээ мэдсэн, хяналтын камер шүүгээд өгөөч гэж орж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19/,

 

Гэрч Л.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...бичлэг дээрээс хархад манай байрыг түрээслэж байсан Анужин болон түүний нөхөр найзуудын хамт 22:00 цагийн орчим орж явна. Үүний дараа шатаар уруудаад шөнө 01:00 цагийн орчим гарч байгаа этгээдүүдийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 01/29 дугаартай:

Жордан 4 пүүз 230.000 төгрөг, жордан 8 пүүз 50.000 төгрөг, найк пүүз 65.000 төгрөг, бомбер хүрэм 50.000 төгрөг, жижиг бомбер хүрэм 2 ширхэг 100.000 төгрөг. Нийт 495.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 39/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/

-хохиролын мөнгө эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 42-43/

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би үйлдсэн хэрэгтээ сонсож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. 2017 оны 04 сарын 11-ний орой би өөрийн эхнэр Анужингийн хамт дэлгүүр хэсээд явж байгаад нэлээн орой болж байхад өөрийн найз Энхтөр рүү утсаар ярихад Энхтөр нь Мөнгөнтулга, М хоёртой хамт Нарантуул захаас хойшоо өгсөөд явж байна гэсэн юм. Тэгээд бид нар уулзахаар болж сансарт уулзалдсан юм. Тэгээд бүгдээрээ архи уухаар болж дэлгүүрээс 1 шил 0,75 граммын голд чингис нэртэй архи, ундаа, чихэр аваад бөөнөөрөө миний түрээслэн амьдарч байсан байр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 2-р орцны 5 давхарт орцгоосон юм. Тэгээд авсан архиа ууж сууж байгаад бид нар гарч шоудъя гэж тохирцгоосон. Тэгээд орой 00 цаг өнгөрөөд 01 цагийн үед манай гэрээс гарсан ба тэр үед манай эхнэр намайг хаачих гэж байгаа юм гэж шалгаагаад явуулахгүй байсан болохоор эхнэртээ ПС тоглоом тоглох гэж байна гэж худлаа хэлээд гарсан юм. Манай 3 найз миний урд ороод түрүүлээд гэрээс гарсан ба би эхнэрээ аргадчихаад араас нь гарсан юм. Тэгээд шатаар доошоо бууж байхад 3 билүү 4 давхарын айлын хаалга нь онгорхой байсан ба Мөнгөнтулга гартаа цагаан ууттай зүйл бариад зогсож байсан ба айл дотроос М, Энхтөр хоёр гарч ирж байсан. Тэгээд бид нар доошоо уруудаж байтал өөдөөс 40 орчим насны эгч гараад ирсэн. Тэгэхээр нь бид нар тэр эгчээс зугатаагаад бөөнөөрөө гараад гүйчихсан юм. Тэгээд Баянцээлийн ард талын харанхуй гудамж руу ороод нөгөө авсан зүйлээ харахад 3 ширхэг хулхи пүүз, 2 ширхэг хүрэм байсан. Тэр эд зүйлсийг хэрэггүй юм байна гээд хашаа давуулаад хаячихсан. Тэгээд бид 4 бөөнөөрөө сансар орж бааранд орж шоудаж байгаад зодоон хийж хэлтэс дээр ирж байсан юм. Тэр хулгайлж авсан хувцаснууд нь хүнд хэрэггүй болчихсон шахуу, хуучин хулхи зүйлс байсан учир хаяихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/

 

Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би үйлдсэн хэрэгтээ сонсож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. 2017 оны 04 сарын 10-аас 11-ний өдрийн хооронд цэргийн ангиасаа чөлөөгөөр гарч ирчихээд 04 сарын 11-ний өдөр өөрийн найз Энхтөр, Мөнгөнтулга хоёртой уулзчихаад сансарын тийшээ явж байгаад найз Бын байрны ойролцоо Б болон түүний эхнэр Анужин нартай тааралдсан юм. Тэгээд бид нар архи уухаар болж дэлгүүрээс 1 шил 0,75 грамын голд чингис нэртэй архи авч Бын түрээслэн амьдарч байсан байр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 2-р орцны 5 давхарт орцгоосон юм. Тэгээд Анужингаас бусад нь авсан архиа ууж дуусчихаад гарч бааранд орох болсон юм. Тэгээд шөнө 24 цаг өнгөрөөд Бын гэрээс гарах гэтэл Бын эхнэр Анужин нь Быг гаргахгүй гээд байхаар нь Энхтөр, Мөнгөнтулга бид нар түрүүлээд тэдний гэрээс гарсан ба Б нь эхнэрээ аргадаад үүдэнд үлдсэн. Тэгээд доошоо бууж байтал 3 билүү 4 давхарын айлын хаалга нь хагас онгорхой байсан. Кордиорт нь байх эд зүйлс ил харагдаж байсан юм. Тэгээд л архины халуунд сахилаггүй зан гаргаж бид нар тэр айл руу орж кордиорт нь байх 3 ширхэг пүүз, 2 ширхэг хүрэм аваад гарцгаасан юм. Тэгээд бид нар шатаар доошоо уруудаж байхад өөдөөс 40 орчим насны эгч гарч ирээд бид нартай зөрөөд нөгөө айл руу орхоор нь бид нар тэр эгчээс зугатаагаад бөөнөөрөө гараад гүйчихсэн юм. Тэгээд Баянцээлийн ард талд байх харанхуй гудамж руу ороод нөгөө авсан зүйлсээ харахад 3 ширхэг хулхи пүүз, 2 ширхэг бомбер хүрэм байхаар нь  хэрэггүй юм байна гээд эд зүйлсийг хашаа давуулаад хаячихсан. Тэгээд бид 4 бөөнөөрөө сансарын тунел орж бааранд орж шоудаж байгаад зодоон хийж хэлтэс дээр ирж байсан юм. Тэгээд маргааш өглөө нь би цэргийн анги руугаа яваад өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/

 

Шүүгдэгч П.Мгын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би үйлдсэн хэрэгтээ сонсож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Би  2017  оны  04 сарын  11-ний  өдөр өөрийн  найз Энхтөр, М хоёртой уулзаж гадуур явж байгаад найз Б руу утсаар ярьж байгаад Бын байрны ойролцоо Б болон түүний эхнэр Анужин  нартай уулзсан юм. Тэгээд бид нар дэлгүүрээс 1 шил 0,75 грамын голд чингис нэртэй aрхи аваад Бын түрээслэн амьдарч байсан байр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 2-р орцны 5 давхарт орцгоосон юм. Тэгээд бид нар архиа ууж дуусаад манай найзууд хамт гарч бааранд орхоор болсон юм. Тэгээд шөнө 00-01 цагийн үед Бын гэрээс гарсан ба Энхтөр, Мөнгөнтулга бид 3 түрүүлээд гарсан ба Б араас сүүлдэж гарч ирсэн. Тэгээд М, Энхтөр бид 3 шатаар бууж байтал 3 билүү 4 давхарын айлын үүдний хаалга нь онгорхой байсан юм. Тэгээд бид нар тэр айл руу орж коридорт байх ганц хоёр гутал хувцаснаас нь аваад гарцгаасан юм. Тэгээд шатаар уруудаж байтал өөдөөс 35-40 орчим насны махлаг биетэй эгч гарч ирээд бид орж хулгай хийсэн байр руу орох шиг болсон юм. Тэгэхээр нь бид нар шатаар гүйгээд байрнаас гараад Баянцээлийн гудамжны хойд талд очоод хулгайлж авсан зүйлсээ харахад 2-3 ширхэг пүүз, 2 ширхэг бомбер хүрэм байсан. Тэгээд авах хэрэгтэй зүйл байгаагүй учир гутал хувцасыг байрны ард талын хашаа давуулаад хаячихсан юм. Тэгээд бид 4 цаашаа явж сансарын тунелийн баар орж пиво ууж, шоудсан юм. Бид нар ямар хэрэг хийх талаар яриагүй ээ. Би ямар ч байсан тэр айл руу орсон байх. Байрны гадна гарахад би лав гартаа нэг куртик барьчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 115-116/

 

Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би үйлдсэн хэрэгтээ сонсож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. 2017 оны 04 сарын 11-ний өдөр өөрийн найз Мөнгөнтулга, М хоёртой уулзаж гадуур явж байгаад орой 22-23 цагийн үед найз Бын байрны ойролцоо Б болон түүний эхнэр Анужин нартай тааралдсан юм. Тэгэсэд бид нар архи уухаар болж дэлгүүрээс 1 шил 0,75 грамын голд чингис нэртэй архи  аваад Бын түрээслэн амьдарч байсан байр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 2-р орцны 5 давхарт орцгоосон юм. Тэгээд Анужингаас бусад нь архиа ууж дуусчихаад М, Б, Мөнгөнтулга бид 4 гарч бааранд орох болсон юм. Тэгээд шөнө 01 цаг болох гэж байхад Бын гэрээс гарч М, Мөнгөнтулга бид 3 түрүүлээд гарсан. Б нь эхнэр Анужингаа аргалах гээд л сүүлдэж үлдсэн юм. Тэгээд М, Мөнгөнтулга бид 3 шатаар бууж байтал 3 давхарын   айлын хаалга нь онгорхой үүдний кордиорын гэрэл нь асаалттай, дотор нь байх хувцас, эд зүйлс нь ил харагдаж байсан юм. Тэгээд бид нар тэр айл руу орж кордиорт нь байх хувцаснаас аваад гарцгаасан ба шатаар доошоо уруудаж байтал өөдөөс 40 орчим насны эгч гараад бид нартай зөрөөд нөгөө айл руу орсон юм. Тэгэхээр нь бид нар байрны гадна гараад харахад бид 4 бүгдээрээ л гар гартаа нэг нэг зүйл барьсан байсан юм. Тэгээд Баянцээлийн ард талд байх 24-р байрны  гадна очоод авсан зүйлсээ харахад 2-3 ширхэг пүүз, 2 ширхэг бомбер хүрэм байсан ба бүгд хуучин байсан. Тэр гутал хувцасыг байрны ард талын хашаа давуулаад хаячихсан юм. Тэгээд цаашаа явж санарын тунелийн камел нэртэй бааранд орж шоудаж байгаад зодоон хийж хэлтэс дээр ирж байсан юм. Тэгээд л маргааш нь гэр гэртээ харьцгаасан ба би Хөх хот руу ажил хийх гээд явсан юм. Гэтэл бидний хэрэг баригдсан гэж сонсоод хэргээ шийдүүлхээр Улаанбаатар хотод ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх: Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-46/, П.Мөнгөнтулгын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх болон бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-51/, Б.Мг тодорхойлсон хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, боловсролын, цэргийн үүрэгтний  болон мэргэжлийн үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 52-61/, Э.Энхтөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн болон гэрлэлтийн тодорхойлолт, лавлагаа /хх-ийн 62-65/,зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Шүүгдэгч Д.Б, П.М, Б.М, Э.Энхтөр нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Б, П.М, Б.М, Э.Энхтөр нар нь бүлэглэн, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Э.Энхтөр, Б.М, П.М, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилөх нь хууль зүйн үндэслэлтэй ба шүүгдэгч нарын эрх зүйн байдалыг дээрдүүлэхээр байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхтөр, Б.М, П.М, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, орон байранд нэвтэрч хулгайлаж гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдууллаа.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж байрагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Э.Энхтөр, Б.М, П.М, Д.Б нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.М, П.М, Э.Энхтөр нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан  журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ