Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,    

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Дт холбогдох эрүүгийн 1806044531224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

С.Д нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр сургуулийн байранд хохирогч Г.Тэмүүжинг цохиж биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Дт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806044531224 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад С.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 5-р сарын 8-ны өдөр 44-р сургуулийн 9д ангидаа хичээлдээ сууж байсан ба 2-р цагийн хичээл завсарлаад 3-р цагт математикийн хичээлийг Д багш зааж байсан. Би 3-р салааны хамгийн урд сууж байгаад хамт суудаг хүүхэдтэйгээ юм ярьсан чинь Д багш ярилаа гээд уурлаад миний зүүн хөлийн шагай руу өшиглөөд хүзүүн дээр гараа зангидаж байгаад 3-4 удаа цохьсон, нилээн хүчтэй цохьсон бөгөөд Д багш воллейболл тоглодог болхоор чанга гартай байсан. Тэгээд намайг гарья гээд ангиас дагуулж гараад коридорт гаргаад ангийн хаалганаас зайтай очиж зогсоод "би тануусыг чимээгүй суулгах гээд байхад" гэж хэлээд зүүн хацар, зүүн чихийг оруулаад алгадсан. Их чанга алгадсан бөгөөд би унах шахсан, арай унаагүй. Ингээд алгадчихаад дахиж зодох гэж зангаж байснаа болиод "зүгээр сууж чадах уу" гэсэн, би чадна гэхэд "хичээлдээ ор" гээд ангид орцгоосон. Ингээд алгадуулснаас хойш миний зүүн чих хатгаж өвдөөд зовиуртай байсан тул 3-р цаг завсарлаад би сургуулийн эмчид /нэрийг нь мэдэхгүй/ очиж үзүүлэхэд эмч зүүн чихийг харчихаад булга гоожсон байна, цэвэрлүүл гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр хичээл 13 цаг 15 минутад тараад би шууд гэртээ харьсан. Гэртээ хариад энэ талаар ээждээ хэлсэн. Ингээд зүүн чих өвдөөд болохгүй болохоор ээжийн хамт ЭМЖЖ чих хамар хоолойн хувийн эмнэлэгт очиж үзүүлээд зураг авхуулахад чихний хэнгэрэг хагарсан байна гэж хэлсэн. Ангид эхлээд хүзүү рүү цохиж, хөл рүү өшиглөхөд манай ангийн бүх сурагчид байсан, би 3-р салааны хамгийн урд суудаг, миний хажууд Номин-Эрдэнэ, ар талд Баатарсүх, Дөлгөөн нар суудаг. Харин ангиас гараад коридорт алгадахад тэнд ямарч хүн байгаагүй. Гэхдээ математикийн хичээл дууссаны дараа манай ангийн 2-р салаанд суудаг Наранбаатар гээд хүүхэд надад "чамайг аймаар алгадсан байх, чихэвч зүүгээд дуу сонсож байхад алгадаж байгаа нь сонсогдож байна лээ" гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

 

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 5-р сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-р сургуулийн миний суралцдаг анги болох 9д ангид 9 цаг 25 минутаас 10 цаг 10 минут хүртэл хичээлийн 3-р цагт математикийн хичээлийг Д багш зааж байсан. Д багш дахиад Тэмүүжинг самбарт гарч тоо бод гэхэд Тэмүүжин босохгүй гүрийгээд суугаад байсан тул дахиад түүнийг ангиас дагуулаад гарсан, 1 минут орчим болоод Тэмүүжин, Д багш хоёр орж ирсэн. Тэмүүжингийн царай нь нилэнхүйдээ улайчихсан байсан, биеэ чангалахад улайдаг шиг улайсан байсан. ингээд л орж ирээд хичээлдээ суугаад хичээлийн завсарлагаанаар Тэмүүжин, Есүхэй хоёроос юу болсныг асуусан чинь "алгадуулсан" гэж хэлж байсан. Тэмүүжин Есүхэй хоёр хичээл хийдэггүй бөгөөд Тэмүүжин нь их шазруун зантай юм. Г.Тэмүүжинг Д багш ангиас авч гарах үед би баруун чихэндээ чихэвч зүүгээд хөгжим сонсч байтал алгадах шиг чимээ гарахаар нь би анги дотор урд сууж байсан хүүхдүүд нэгийгээ алгадчихлаа гэж бодоод асуухад "гадаа сонсогдох шиг боллоо" гэж хэлж байсан. Тухайн үед би 2-р салааны урдаасаа 2 дах ширээнд сууж байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 15-16/

 

Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн:

...магадлуулагч нь чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд "гэмтлийн дараах зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол" гэсэн онош тавьсан байна. Тухайн онош тавьсан нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хууч, эмгэг өвчний талаар дурдаагүй, гэмтлийн дараах гэж байгаа учир энэ нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын   15-ны өдрийн 6329 дугаартай

Г.Тэмүүжингийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,

 

Шүүгдэгч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тус үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ойлгож хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Г.Тэмүүжингийн баримтаар гаргаж өгсөн хохирол мөнгийг барагдуулхаа илэрхийлж байна. Гэм буруугаа ойлгож байгаа тул надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-4/, амбулаторийн түр карт, гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 29-30/,  

С.Дын хувийн байдлын талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-35/, ажилын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, НДШ төлөлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, бакалаврын дипломны хуулбар, дансны хуулгууд /хх-ийн 46-63/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 64/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Дын насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүжингийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

С.Д нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирол нэхэмжлээгүй байх С.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ