Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 215/МА2022/00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Б.Дгийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00188 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Оргил багийн Жавхлант ................тоотод оршин суух, Ж овгийн Б-гийн Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Барилга хот, байгуулалтын яам

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал хэрэгжээгүйн улмаас учирсан хохирол 14,107,700 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл:

Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 222 дугаар тушаалаар байгуулагдсан.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар тус яамны харьяанд шилжиж, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд үйл ажиллагаагаа явуулах, тус хэлтсийн даргын тушаалаар удирдлага зохион байгуулалтаар хангах, бүтэц чиг үүргийг батлах үүрэг өгсөн.

 

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар дээрх 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А146 дугаар тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг удирдлага зохион байгуулалтаар ханган бүтэц, чиг үүргийг батлах, үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад үүрэг болгосон. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол гарч, үүссэн өр төлбөрийг барагдуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхээр болсон.

 

Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/2587 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/1760 дугаар албан бичгийг үндэслэн конторын барилгыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлж, халаалтын өр төлбөрийг тус газраас барагдуулсан боловч, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал болон татварын өр төлбөр барагдалгүй ажилчид хохирч үлдсэн.

 

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгах, барилга, хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, өр авлагыг барагдуулах, санхүүгийн хаалтын тайланг гаргах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг үүрэг болгосон байдаг ч уг ажлын хэсэг нь ажлаа хийгээгүй.

 

Засгийн газрын тогтоолын хэрэгжилт бүрэн хангагдаагүй, ажлын хэсэг ажлаа хийгээгүйн улмаас иргэн миний бие ажилласан хугацааны цалин хөлсөө авч чадалгүй хохироод байна.

 

Тус төвийг төлөөлөн 2019 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37,288,262.15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14,457,303.0 төгрөг, татварын 4,495,988,8 төгрөгийн өр, нийт 54,412,781,82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нягтлан бодогч Б.Д нь Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг төлөөлөх эрхтэй болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан.

 

Улсын Дээд Шүүхээс шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарсан.

 

Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байсан ажилтны цалин хөлсийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас шаардах үндэслэл тодорхой бус байна гэсэн.

 

Хөдөлмөрийн хэлтсээс Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бүтэц орон тоо, чиг үүргээр хангадаг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Тус төвийн өр төлбөр нэмэгдэж, үйл ажиллагаа

 доголдож байгаа үед арга хэмжээ авч, чиг үүргээр хангаагүй, цаг хугацаа алдан нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Б.Д надад төвийг хариуцуулсан.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтэн, нярав нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хамааралтай гэж үзэж байна. /Намайг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй тус ажлын хэсэгт оруулсан болно./

 

Ажлын хэсэг нэг ч удаа хуралдаагүй, эд хөрөнгийг нүдээр харж тоолоогүй, ажилчдын цалингийн өр төлбөрийг барагдуулаагүй, хэрхэн ажил явагдаж байгаа талаар тайлан байхгүй /миний бие танилцаагүй/ болно. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь үүссэн нөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авч чиг үүргээр хангаж ажиллаагүй.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас надад 14,107,700 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

 Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын татгалзлын үндэслэл: Манай байгууллага нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн мэргэжилтний ажил олгогч биш. Бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж, ажилд аваагүй, ажлаас чөлөөлөөгүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тусдаа төсөвтэй. Ийм учраас хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тайлбар, татгалзлын үндэслэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргийг ажиллуулж байгаа этгээд буюу ажил олгогч хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Б.Дгийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгуулан ажиллаж байснаас бус хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд цалин хөлс олгох үүрэг хүлээхгүй.

 

Монгол Улсын Засгийн газрын Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын Ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаал гаргасан.

 

Уг тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргахыг ажлын хэсэгт үүрэг болгосон.

 

Тус ажлын хэсгийн ахлагч нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь өөрөө ажлын хэсгийн гишүүн байгаа болно.

 

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана, 32.5.6-д ... хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс..., 32.6-д татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална, 32.7-д хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно гэж тус тус заасан.

 

Иймд тус ажлын хэсэг нь татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг ханган ажиллах, өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй байна.

 

Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байрыг Говь- Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох ажилласан хугацааны цалин хөлс болох 14,107,700 төгрөгийг барагдуулж, хохиролгүй болгох нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны тайлбар, татгалзлын үндэслэл: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2017 оны Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 229 дүгээр тогтоолын хавсралтын 6-д Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн байрыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэхээр шийдвэрлэж, уг ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан байна

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай 2017 оны 1/1760 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн бөгөөд уг тогтоол бүрэн хэрэгжсэн болох нь нэхэмжлэлд ...Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт конторын барилга балансаас балансад шилжиж, халаалтын өр төлбөрийг тус газраас барагдуулсан... гэж дурдсан нөхцөл байдлаар бүрэн нотлогдож байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэрийг Засгийн газар, уг шийдвэрийн биелэлтийг мөн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын aсуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага татан буулгах хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого хийж, тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг бусдад шилжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байна.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд эрхлэх нийтлэг ажлын талаар тусгасан бөгөөд мөн зүйлийн 7.2-т Яамны эрхлэх тодорхой асуудлыг хуулиар тогтооно гэж заасан нь яам нь хуульд зааснаас бусад асуудлыг эрхлэн явуулж болохгүй гэх ойлголтыг илэрхийлж байна.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь Барилга, хот байгуулалтын сайд болон манай яамны эрхлэх асуудалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14,107,700 /арван дөрвөн сая нэг зуун долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овгийн Б-ийн Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 228,448 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэг. Дээрх шүүхийн шийдвэр нь үйл баримтыг буруу дүгнэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай

Нэхэмжлэгч Б.Д нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/212 дугаар тушаал хэрэгжээгүй улмаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар дуустал хугацааны цалин болох 14,107,700 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 229 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг балансаас балансад шилжүүлэхийг даалгасан. Тус төвийн барилгыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт балансаас балансад шилжүүлж Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдснаар нэхэмжлэгч Б.Дд хохирол учраагүй.

Монгол Улсын Засгийн газрын 229 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь зохион байгуулалтын шинжтэй захиргааны шийдвэр бөгөөд нэхэмжлэгч Б.Дд холбогдох эрх зүйн үр дагаварыг буй болгоогүй шийдвэр гэдгийг шүүх анхаарч үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төрийн өмчийн хуулийн этгээдийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана гэж заасан.

Тус төвийг татан буулгах шийдвэр гараагүй байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах боломжгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үзэхэд уг төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байна гэж шүүх дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалингийн өр төлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүх татан буугдаагүй гэж дүгнэж байгаа бол тусдаа бие даасан байгууллагын цалин хөлс, өр төлбөр, түүний үйл ажиллагаанаас үүссэн эрх зүйн үр дагаварыг өөр чиг үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт хамааруулах нь үндэслэлгүй.

 

Хоёр. Хариуцагчийг зөв тодорхойлж оролцуулаагүй тухай

 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргийг ажиллуулж байгаа этгээд буюу ажил олгогч хүлээнэ. Нэхэмжлэгч Б.Дгийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгуулан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвд ажиллаж байсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд яам нь цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй болно.

Шүүх, Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буугдаагүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн ажил олгогчийг хариуцагчаар татан оролцуулаагүй тул Б.Дгийн нэхэмжилсэн 14,107,700 төгрөгийг олгох ёстой байсан эсэх дээр мэтгэлцэх боломжгүй. Учир нь жинхэнэ хариуцагч нь байхгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүйгээс болж цалинг олгох ёстой ажил олгогчийн өмнөөс нотлох баримт цуглуулах, тайлбар мэдүүлэг өгөх боломжгүй байна. Жишээ нь: Ажил олгогчтой ямар хөдөлмөрийн гэрээг ямар хугацаанд байгуулсан, ажилтны цалингийн хэмжээ, хугацаа г.м.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хариуцагчаар тогтоосон нь илэрхий хууль зүйн үндэслэлгүй болсон байх ба нэхэмжлэгч Б.Д нь жинхэнэ хариуцагч болох ажил олгогч, Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг хариуцагчаар татаж цалингаа нэхэмжлэх ёстой.

 

Гурав. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай

 

Улсын Их Хурлаас 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар дуустал хугацааны цалингаа нэхэмжилсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сараас хойш цалин олгогдохгүй эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу цалин хөлсийг олгох үүрэг хүлээсэн ажил олгогч буюу

Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг хариуцагчаар татан шүүхийн шийдвэрийн дагуу хохирлоо барагдуулах бүрэн боломжтой байсан боловч нэхэмжлэх уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна.

 

Дөрөв. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай

 

Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан хугацааны цалинг нэхэмжилсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглэх байсан боловч шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг тус тус баримтлан шийдвэр гаргасан нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн байна.

Гэрээгээр үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгүүлэгчийг хариуцагчаар татаагүй, нэхэмжлэгчийн цалинг яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар “Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг удирдлага зохион байгуулалтаар ханган бүтэц, чиг үүргийг батлах, үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад үүрэг болгожээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Б.Дгийн өмнө ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй, гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Яамны зүгээс хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргийг ажиллуулж байгаа этгээд буюу ажил олгогч хүлээх ёстой. Нэхэмжлэгч Б.Дгийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвд ажиллаж байжээ. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагчаар шүүх тогтоосон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, тус яам ажил олгогч биш бөгөөд цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөв нь яамны үйл ажиллагаанд зарцуулагдахаар батлагдсан байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасны дагуу бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээдэг.

 

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрхлэх асуудлын хүрээнд агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангахад нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага юм.

Хуулиар тогтоосон дээрх зохицуулалт нь төрийн өмчит бие даасан хуулийн этгээд болох Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн өр төлбөрийг барагдуулах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарахгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 229 дүгээр тогтоолын хэрэгжилт хангагдснаар нэхэмжлэгч Б.Дд хохирол учраагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь зохион байгуулалтын шинжтэй захиргааны шийдвэр бөгөөд нэхэмжлэгч Б.Дд холбогдох эрх зүйн үр дагаварыг буй болгоогүй шийдвэр болно.

Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгах эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах боломжгүй.

Нэхэмжлэгч Б.Дгийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгуулан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвд ажиллаж байсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд яам нь цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар дуустал хугацааны цалингаа нэхэмжилсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сараас хойш цалин олгогдохгүй эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу цалин хөлсийг олгох үүрэг хүлээсэн ажил олгогч буюу Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг хариуцагчаар татан шүүхийн шийдвэрийн дагуу хохирлоо барагдуулах ёстой.

Эдгээр үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00188 дугаартай, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Д нь ажиллаж байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх байсан боловч анхан шатны шүүх иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэр гаргасан байна. Үүнийг бид хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Д тайлбартаа: Миний бие Д нь Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд нягтлан бодогчоор ажилладаг. Өнөөдрийг хүртэл намайг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй буюу надад энэ байгууллагын тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад хэрэглэх боломжгүй болсон хөдлөх эд хөрөнгүүд байдаг. Би тэдгээрийг айлын амбаарт болон хадгалах боломжтой газруудад хадгалчихсан байгаа. Хамгийн сүүлд архивын газраас 2015 оноос хойших бичиг баримтаа цахимаар болон бичгийн байдлаар хүлээлгэж өг гэсэн тоот ирсэн. Надад ажиллах боломж байхгүй буюу архивын бичиг баримтыг нь цахим болгох болон цаасан хэлбэрээр эргээд өгч чадахгүй. Би цалин аваагүй учраас тэдгээрийг хийх мөнгө байхгүй. Мөн дээд байгууллагуудын шаардлагыг биелүүлж чадахгүй буюу надад 2022 оны 9 дүгээр сарын 15-ны  хүртэлх хугацааг өгсөн. Энэ хугацаанд бүгдийг нь архивд өг гэсэн. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийг нь шилжүүлчхээд цаашид яах ёстойгоо мэдэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийг татан буулгах ажлыг хийсэн боловч хуульд нийцсэн үндэслэл журмаар

өнөөдрийг хүртэл татан буугдаагүй байна.Татан буулгах ажлыг зохион байгуулахдаа хийх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй хөдөлмөр хамгааллын яам хариуцагч болох нь зөв гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх гаргасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал бусдын эрх ашгийг хөндсөн акт болдог. Татан буулгах үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. Хэрэв тухайн өр төлбөрийг барагдуулсан бол нэхэмжлэгч эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж явахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан ёсоор татан буугдаагүй болох нь тогтоогдсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хийх ёстой ажлаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байна гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хөдөлмөрийн харилцаанд ороогүй учраас хариуцагч биш гэдэг. Энэ нь дээд шатны шүүхэд дүгнэлт гарсан буюу хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулж орж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвэр үлдээж өгнө үү?

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь  хянан үзлээ.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Барилга хот, байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгахаар томилогдсон комисс холбогдох тооцоо хийгээгүйн улмаас тус аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсний хохирол 14.107.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл ( 2 дахь  хавтаст хэргийн 116 дахь тал) гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд Б.Дг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тушаалаар нягтлан бодогч (1дэх хавтаст хэргийн  27-30 дахь тал), 2015 оны 09 дүгээр сарын 01-ны  өдрийн 5/05 дугаар тушаалаар (1дэх хавтаст хэргийн 245-246 дахь тал) тус төвд Сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэнгээр тус, тус томилж хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилуулжээ.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/32 тоот тушаалаар санхүүжилт олгох тухай, тогтмол зардлыг төлөх шийдвэр гарсан боловч хэрэгжээгүй байна. Санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гарч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 2016 оны 9-12 сар, 2017 оны 1-9 сард нийгмийн даатгалын тайлан ирүүлээгүй, төлбөл зохих шитмгэл  төлөөгүй талаар акт тавигдаж (1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал), Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүү, торгууль, алдангийн өр төлүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлж байжээ. (1дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал)

         Улмаар дотоод зохион байгуулалт хийж орон тоог цөөлөх хүсэлт тавьсанаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн А/20 тушаалаар тус төвийг 2 орон тоотой болгожээ. (1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал )

         Санхүүжилт зогсож үйл ажиллагаа нь хүндэрсэн байдлыг тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яаманд бичиг, тоот хүргүүлж байжээ. (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал )

         Монгол улсын Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаар тогтоол, түүний хавсралтад дурдсанаар Говь-Алтай аймаг дахь Жижиг дунд

үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг блансаас, блансад шилжүүлэх тогтоол гарч, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар  ( Ц.Н)-т даалгажээ. ( 2 дах хавтаст хэргийн 144-145 дахь тал )

         Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/2587 тоотоор Говь-Алтай аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг блансаас, блансад шилжүүлэх, төвийг татан буулгаж, хаалтын блансыг гаргах, хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, өр авлагыг барагдуулах ажлыг судлан шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран зохион байгуулж, Засгийн газрын тогтоолын биелэлтийг 2017 оны 4 дүгээр улиралд ирүүлэхийг Барилга хот байгуулалтын яаманд мэдэгджээ. (1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал )

          Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/2530 дугаартай тоотоор  Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас тус аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилтнуудын цалин,нийгмийн даатгалын шимтгэл,  татвар болон бусад урсгал зардлын өр шийдүүлэх асуудлыг тус яаманд ирүүлээд байна. ... Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв танай яамны эрхлэх асуудалд хамаарах тул дээрх өрийг барагдуулах асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсье гэсэн хүсэлт уламжилж байжээ. (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал )

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, уг ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. (1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал )

          Дээрхи тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдамжийн 3-т Татвар, нийгмийн даатгал, тогтмол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж барагдуулах, шилжүүлэх. 4-т ажиллагсадтай тооцоог хийж барагдуулах. 6-т Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хаалтын тайлан гаргах зэргийг хийж гүйцэтгэхийг даалгажээ. (1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал )

         Ажлын хэсэг нь даалгасан ажлыг хийж гүйцэтгээгүй байдал нь уг бүрэлдэхүүнгд томилогдсон гэрч Б.Г-гийн тайлбар (2 дах хавтаст хэргийн 223-224 дахь тал), бүрэлдэхүүнд томилогдсон нэхэмжлэгч Б.Дгийн тайлбар, Ажлын хэсгийн дарга М.Мийн ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр барагдаагүй байна. Иймд Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлж энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай тоотоор тогтоогдож байна.

 (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал

Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн тооцоог татан буулгах комисс нь барагдуулах үүрэгтэй байна.

       Гэтэл уг үүргийг биелүүлэхээр томилогдсон комиссийн дарга 10 сарын дараа үүрэг өгсөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ө-т ажлыг хэрэгжүүлж өгөх агуулгатай хүсэлт эгүүлэн уламжилжээ.  (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал )   Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана" гэж, 32.5.6-д "...хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс..." гэж заажээ.

         Хөдөлмөр ниймгийн хамгаалалын яамнаас татан буулгахтай холбоотой эрх үүргээ комисс томилон шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдож байна. Татан буулгах комисс нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч Б.Дд тус төвийн сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалинд 14.107.700 төгрөгийг хохирол учирсан тул чиг үүргийн хувьд уг үүргийг хариуцан гүйцэх үүрэгтэй Хөдөлмөр ниймгийн хамгаалалын яамнаас гаргуулах үндэслэлтэй байна. Цалингийн тооцоолол хариуцагч энэ талаар маргаагүй. (1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал )

Хөөн хэлэлцэх хугацаа, цалингийн хэмжээны талаар: Нэхэмжлэгч Б.Д 2015 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүтэл ажилласан хугацааны цалин 14.107.700 төгрөгийг төлөгдөөгүй хохирол гэж нэхэмжилжээ.

          Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, уг ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. (1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал )

Өр авлага барагдуулах, хаалтын тайлан гаргах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын дээрх тушаал гарсанаас өмнөх хугацааны цалин хөлсөө нэхэмжлэгч нэхэж байгаа боловч уг тушаал хэрэгжсэнээр Говь-Алтай аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн санхүүжилт доголдож хуримтлагдсан холбогдох өр авлага дуусгавар болох байжээ.

         Нэхэмжлэгч тус төвийг төлөөлөн цалин, өрийн асуудлаар:

         2018 оны 08 дугаар сарын 16-ны 016 дугаар тоотоор тус аймгийн Хөдөлмөр, нийгмийн  халамжийн үйлчилгээний газарт. (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал )

         2018 оны 10 дугаар сарын 15-нд  Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзжээ. (1 дэх хавтаст хэргийн 18 дах тал

2018 оны 11 дүгээр сарын 21-нд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар харьяаллын бус гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан байна.

2019 оны 12 дугаар сарын 17-нд энэхүү нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсэг ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас иргэн хохирсон тохиолдолд тушаал шийдвэрийг гаргасан албан тушаалтан буюу  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам албаны чиг үүргийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй, биелэлтийг хангуулаагүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй байна. Төрд хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Д нь тус төвийн сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалинд 14.107.700 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1” гэснийг  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЖАРГАЛСАЙХАН

 

   ШҮҮГЧИД                                Ч.ЭНХТӨР

 

                      Ш.БАТТОГТОХ