| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2022/00192/И |
| Дугаар | 225/МА2022/00014 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 225/МА2022/00014
| 2022 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 225/МА2022/00014 |
Л.Буянзаяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2022/00391 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Буянзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Ичинхорлоод холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Л.Буянзаяад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 12,890,000 (арван хоёр сая найман зуун ерэн мянга) төгрөгийн эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Р.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Буянзаяа, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Буянзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь эхнэр Р.Ичинхорлоотой танилцан, үерхэж байгаад ..... оны ..... дүгээр сард гэр бүл болж, ......... онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас ..... оны .... дүгээр сарын 03-ны өдөр охин Б Аминзаяа, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Учралзаяа нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн, сайхан байсан боловч сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй болж, маргалдах асуудал үүсэх болсон. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оноос одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан хугацаанд охидууд минь миний өөрийн асрамжид байж ирсэн.
...Одоо бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй.
Иймд эхнэр Р.Ичинхорлоогоос 2012 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Аминзаяа, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Учралзаяа нарыг миний асрамжид үлдээж, эх Р.Ичинхорлоогоос хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Буянзаяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Ичинхорлоогоос гэрлэлтээ цуцлуулна, хоёр охиноо өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна. Бидэнд байсан хэдэн тооны мал үрэгдээд дууссан, үүнийг Р.Ичинхорлоо өөрөө мэдэж байгаа, түүнд өгөх мал байхгүй. Малчны зээлийг би төлж байгаа. Р.Ичинхорлоод угаалгын машин буюу 400,000 төгрөг, оёдлын машин буюу 400,000 төгрөг, авдар 3 ширхэг 250,000 төгрөг =750,000 төгрөг, ор 250,000 төгрөг, бүгд 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийг өгнө. 2 ширхэг үстэй дээл нь байгаа, түүнийг өгнө гэжээ.
Хариуцагч Р.Ичинхорлоо шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Л.Буянзаяа нь намайг хүүхдүүдтэйгээ уулздаггүй мэтээр бичсэн нь үнэнд огт нийцэхгүй юм. Охидуудыг нөхөр Буянзаяа огт асарч хамгаалдаггүй эгчийндээ байлгадаг. Тэрээр чамайг охидтой харьцахыг огт зөвшөөрөхгүй, чамтай уулзуулахгүй, өгч явуулахгүй, хүүхдүүдийг би өөрөө авна гэж хэлсэн. Дээрх байдлаас харахад нөхөр Буянзаяа нь эгчийн хамтаар миний ээж байх эрхэнд халдаж, намайг хүүхдүүдээс минь хүчээр салгах гэж байгаа. ...Миний бие нөхөр Л.Буянзаяатай амьдралаа холбохдоо түүний хүчирхийлэгч, худалч, архичин, хүн араатан байсныг нь мэдээгүйдээ маш их харамсаж явдаг. Намайг хэвтэрт ортол зодож байсан бөгөөд түүний гэмт хэрэг үйлддэг болохыг шүүхээс тогтоож торгох ял оногдуулж байсан. Л.Буянзаяа нь охидоо ч хүчирхийлж чадна гэдгийг мэдэх учраас би охидынхоо цаашдын хувь заяанд маш их санаа зовж байна.
...Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг үнэн зөв шийдвэрлэн 2 охиныг миний асрамжид үлдээн гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Ичинхорлоо шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цаашид миний зүгээс өөрийгөө иргэн Л.Буянзаяатай хамтран амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа тул өөрийн эрүүл мэнд, амь нас, 2 охиныхоо хувь заяаг хамгаалах үүднээс гэрлэлтээ цуцлуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 охиныг минь миний асрамжид үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн жагсаалтад байгаа хөрөнгөөс 12,890,000 төгрөгт оногдох эд хөрөнгийг гаргуулж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 6 ханатай давхар бүрээстэй гэр 2,500,000 төгрөг, авдар 2 ширхэг 250,000 төгрөг=500,000 төгрөг, угаалгын машин 400,000 төгрөг, оёдлын машин 400,000 төгрөг, ор 250,000 төгрөг, телевизийн антенн 90,000 төгрөг, телевизийн станц 150,000 төгрөг, гүү 1 толгой 400,000 төгрөг, шүдлэн 1 толгой 350,000, үнээ 2 толгой 500,000 төгрөг=1,000,000 төгрөг, бяруу 2 толгой 200,000 төгрөг=4,00,000 төгрөг, эр хонь 4 толгой 150,000 төгрөг=600,000 төгрөг, эм хонь 20 толгой 100,000 төгрөг=2,000,000 төгрөг, төлөг 5 толгой 80,000 төгрөг=400,000 төгрөг, хурга 10 толгой 50,000 төгрөг=500,000 төгрөг, эр ямаа 8 толгой 100,000 төгрөг=800,000 төгрөг, эм ямаа 15 толгой 80,000 төгрөг=1,500,000 төгрөг, ишиг 13 толгой 500,000 төгрөг=650,000 төгрөг, миний өөрийн хувийн хөрөнгө хурган дээл 1 ширхэг, сэгсүүргэн дээл 1 ширхэг эд зүйлийг авна гэжээ.
Нэхэмжлэгч Л.Буянзаяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Миний тухайд Р.Ичинхорлоогоос гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Тусдаа амьдрах хугацаанд 2 охин минь миний асрамжид байж ирсэн ба охидуудтайгаа 1-2 л удаа ирж уулзсан. Охин Б.Аминзаяа, Б.Учралзаяа нарыг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин Р.Ичинхорлоог охидуудтайгаа хүссэн үедээ уулзах, эх хүний үүргээ гүйцэтгэхэд нь миний зүгээс татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн тухайд Р.Ичинхорлоогийн өөрийнх нь 2 үстэй дээл нь байгаа ба өгөхөөс татгалзах зүйлгүй. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө болох 6 ханатай давхар бүрээстэй гэр, 3 ширхэг авдар, угаалгын машин 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, ор 1 ширхэг, телевизийн антень 1 ширхэг, телевизийн станц 1 ширхэг эд хөрөнгө нь одоо байгаа ба үүнээс Р.Ичинхорлоод оногдох хувийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Р.Ичинхорлоо бид хоёрт одоо нэхэмжлэлд дурдсан хэмжээний мал байхгүй ба цөөн тооны буюу 20-оод тооны малтай байсан. Гэхдээ бид 2019 онд малчны зээл авахын тулд малынхаа тоог нэмж хэлж тоолуулсан байсан. Ингээд бид хамт амьдарч байх хугацаанд буюу Р.Ичинхорлоог гэрээсээ явахаас нь өмнө ХААН банкнаас 8,000,000 төгрөгийн зээл авч хамтдаа гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн байсан. Үүнийгээ бидэнд байсан малаа зарж зээлээ төлж заримыг нь барагдуулсан ба одоо ч дуусаагүй 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 107 толгой малаас оногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Р.Ичинхорлоо анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Буянзаяа хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн тул охин Б.Аминзаяа, Б.Учралзаяа нарыг эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Би шүүхэд гаргасан хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн Л.Буянзаяатай ярилцаж тохироод хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс угаалгын машин буюу 400,000 төгрөг, оёдлын машин буюу 400,000 төгрөг, авдар 3 ширхэг 250,000 төгрөг=750,000 төгрөг, ор 250,000 төгрөг, бүгд 1,800,000 төгрөгийн эд хөрөнгө, 2 ширхэг үстэй дээлийг авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2022/00391 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бор овогт Лхагвасүрэнгийн Буянзаяа, Байчууд овогт Рэгзэнгийн Ичинхорлоо нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Аминзаяа, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Учралзаяа нарыг төрсөн эцэг Л.Буянзаяагийн асрамжид үлдээж, Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Буянзаяагаас үстэй дээл 2 ширхэг, угаалгын машин буюу 400,000 төгрөг, оёдлын машин буюу 400,000 төгрөг, авдар 3 ширхэг 250,000 төгрөг=750,000 төгрөг, ор 250,000 төгрөг, бүгд 1,800,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулан, хариуцагч Р.Ичинхорлоод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Буянзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,256 төгрөг, хариуцагч Р.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Р.Ичинхорлоод, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Л.Буянзаяа нарт тус тус даалгаж даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.Ичинхорлоо давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хууль хэрэглээний болон журам зөрчсөн алдаануудыг гаргаж, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргаж, миний эх байх, ээж байх эрхийг хасч хүчирхийлэгч Л.Буянзаяад охидын минь хувь заяаг даатгасан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2022/00391 дугаартай шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсч байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Л.Буянзаяа бид 2 хоорондоо таарч тохирохгүй болж, намайг зодож гэмтэл учруулан хариуцлага хүлээсэн. Бид 2020 оноос тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулна. Л.Буянзаяа хүүхдийн тэтгэлэг авахгүй тул охин Б.Аминзаяа, Б.Учралзаяа нарыг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэж тайлбарлалаа гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх миний хуульд зааснаар төлөөлүүлэх эрх болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхэнд халдан түүний тайлбарыг авч сонсолгүйгээр шүүх хуралдааны мэтгэлцээний зарчмыг алдагдуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дахин дуугарвал шүүх хурлаас хөөнө гэж сүрдүүлж, шүүхийн нотолгооны ажиллагааг нэгэнт хоорондоо эв түнжингүй болсон Л.Буянзаяа бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлэх замаар миний хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлыг ашиглан хүүхдийн асрамжийн асуудлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний зүгээс хуульд заасан журмын дагуу өөрийн зөрчигдөж байгаа эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн. Харин хэрэг маргааны онцлогоос шалтгаалан миний бие шүүхэд хүрэлцэн ирэх үүрэгтэй хэдий ч шүүгчийн шаардсанаар тайлбар хийх үүрэггүй гэж ойлгож байсан. Гэтэл шүүгч намайг шахаанд оруулан тайлбар хэлүүлснээс шалтгаалан миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бэлтгэсэн тайлбараа ч шүүхэд өгч чадаагүйгээр барахгүй миний сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг хамгаалах, Л.Буянзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, хэргийн бодит байдлын талаар тайлбар хийх боломжоо алдсан ба намайг хуульд зааснаар төлөөлж миний эрхийг хамгаалах үүргээ шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотойгоор хэрэгжүүлж чадаагүйд гомдолтой байна.
2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, амьдарч амьдарч дассан болон сурч боловсорч байгаа орчин нөхцөл, охин Б.Аминзаяагийн санал, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Б.Хулан, Д.Долгорсүрэн, Л.Эрдэнэцэцэг, Б.Гэлэгпил нарын мэдүүлэг зэргийг харгалзан охин Б.Аминзаяа, Б.Учралзаяа гарыг төрсөн эцэг Л.Буянзаяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж дүгнэжээ.
Л.Буянзаяа нь хүүхдүүдээ надтай огт уулзуулахгүй, эх, хүүхдүүдийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчин хүчирхийлэл үйлдэх замаар эгчийндээ байлгаж байгаа ба үүнийг шүүхээс орчин нөхцөл нь хэвийн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний охидууд ээжтэйгээ уулзах эрхээ хасуулан өдөр бүр хүчирхийлэлд өртөж байгаа. Би үүнийг сайн мэдэж байна. Гэтэл анхан шүүх миний охидын хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүүхдийг сургууль, цэцэрлэгийн орчинд харж хандаж байгаа хүмүүс. Л.Буянзаяагийн төрсөн эгч зэрэг түүний талд мэдүүлэг өгөх хүмүүсийг оролцуулан мэдүүлэг тайлбар авч, түүндээ хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, хүүхдүүдээ асрамжид авах гэж байгаа Л.Буянзаяагийн согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, эрүүл, согтуудаа хүүхдүүдтэйгээ болон гэр бүлийн гишүүдтэй хатуу ширүүн харьцаж, хүч хэрэглэн байнга хүчирхийлэл үйлддэг зэргийг огт харгалзахгүйгээр 2 охиныг түүний асрамжид үлдээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Буянзаяа нь ёс суртахууны асар их доголдолтой, хүчирхийлэгч болохыг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай байхад шүүх хэрэг шийдвэрлэхдээ тэдгээрийг үнэлээгүйд гомдолтой байна.
З. Миний бие нөхөр Л.Буянзаяатай цаашид хамтран амьдрах боломжгүй, бидний гэр бүл цуцлагдах нь ойлгомжтой талаар огт маргаагүй ба шүүхээс гэр бүлийг салгаж шийдвэрлэхээс өөр шийдвэр гаргах боломжгүй нь ойлгомжтой. Харин шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барин миний ээж байх, эх байх эрх хасагдаагүй байхад Л.Буянзаяа гэдэг хүчирхийлэгчид 2 охины минь хувь заяаг шүүхээс даатгасанд маш их гомдолтой байна. Өнөөдөр ч Л.Буянзаяагийн хүчирхийлэл үргэлжилсээр байна. Намайг хүүхдүүдтэй минь уулзуулах битгий хэл өдөр бүр утсаар болон ирж дарамтлан ажил төрлөө ч тайван хийх боломжгүй байдалд хүргээд байгаа тул аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандаад байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2022/00391 дугаартай шийдвэрт төрсөн охин Б.Аминзаяа, Б.Учралзаяа нарыг миний асрамжид үлдээн, нэхэмжлэгч Л.Буянзаяагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Л.Буянзаяа нь хариуцагч Р.Ичинхорлоод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Р.Ичинхорлоо нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч Л.Буянзаяад холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 12,890,000 (арван хоёр сая найман зуун ерэн мянга) төгрөгийн эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь ....хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна... 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийг өгнө. Мөн 2 ширхэг үстэй дээлийг нь өгөх-өөр, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн талаар ....Л.Буянзаяа хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн тул охин Б.Аминзаяа, Б.Учралзаяа нарыг эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн Л.Буянзаяатай ярилцаж тохироод хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс угаалгын машин буюу 400,000 төгрөг, оёдлын машин буюу 400,000 төгрөг, авдар 3 ширхэг 250,000 төгрөг буюу 750,000 төгрөг, ор буюу 250,000 төгрөг, бүгд 1,800,000 төгрөгийн эд хөрөнгө, 2 ширхэг үстэй дээлийг авах-аар харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх 155/ШШ2022/00391 дүгээр шийдвэрээр Бор овогт Лхагвасүрэнгийн Буянзаяа, Байчууд овогт Рэгзэнгийн Ичинхорлоо нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Аминзаяа, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Учралзаяа нарыг төрсөн эцэг Л.Буянзаяагийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Буянзаяагаас үстэй дээл 2 ширхэг, угаалгын машин буюу 400,000 төгрөг, оёдлын машин буюу 400,000 төгрөг, авдар 3 ширхэг 250,000 төгрөг=750,000 төгрөг, ор 250,000 төгрөг, бүгд 1,800,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулан, хариуцагч Р.Ичинхорлоод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Буянзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,256 төгрөг, хариуцагч Р.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Р.Ичинхорлоод, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Л.Буянзаяа нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гэрлэгчид 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас охин Б.Аминзаяа 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, охин Б.Учралзаяа 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 216701001623 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0000915828, 6713000021 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдийг 2020 оны 4 дүгээр сараас хойшхи хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, хариуцагч Р.Ичинхорлоо нь 2021 онд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан, нэхэмжлэгч Л.Буянзаяа нь Р.Ичинхорлоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна гэж дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, талуудын тайлбар зэргийг харгалзан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Аминзаяа, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Учралзаяа нарыг төрсөн эцэг Л.Буянзаяагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан ба гэрлэгчид нь шүүх хуралдаанд энэ талаараа тохиролцсон болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ /хх-ийн 125, 130-133 тал/.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гэрлэгчид нь хүсэл зоригоо илэрхийлэн хариуцагч Р.Ичинхорлоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 12,890,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагаа 11,090,000 төгрөгөөр багасгаж, Л.Буянзаяагаас ...бүгд 1,800,000 төгрөг-ийн эд хөрөнгө гаргуулж авахаар тохиролцсон гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 130 дугаар зүйлд заасантай нийцжээ.
Давж заалдах гомдлын талаар:
Хариуцагчийн гаргасан ...нотлох баримтыг үнэлээгүй, анхан шатны шүүх миний хуульд зааснаар төлөөлүүлэх эрх болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхэнд халдан түүний тайлбарыг авч сонсолгүйгээр шүүх хуралдааны мэтгэлцээний зарчмыг алдагдуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дахин дуугарвал шүүх хурлаас хөөнө гэж сүрдүүлж, шүүхийн нотолгооны ажиллагааг нэгэнт хоорондоо эв түнжингүй болсон Л.Буянзаяа бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлэх замаар миний хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлыг ашиглан хүүхдийн асрамжийн асуудлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна... 2 охиныг түүний асрамжид үлдээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд
Хавтаст хэргийн 131 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан даргалагчийн Нэхэмжлэгч хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж байна. Энэ талаар хариуцагчид хэлэх тайлбар байна уу? гэх асуултад хариуцагч нь Хоёр хүүхэдтэйгээ уулзах боломжтой, надаас тэтгэлэг авахгүй гэж байгаа юм чинь би зөвшөөрч байна гэсэн тайлбарыг өгсөн байх тул хүүхдийн асрамжийн асуудлыг буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбар, үг хэлэх эрхэнд халдсан болох нь нотлогдохгүй, анхан шатны шүүх хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцуулсныг буруутгах боломжгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг хангаж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хууль заасан журмыг хэрэгжүүлсэн байх тул хуульд зааснаар төлөөлүүлэх эрх болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхэнд халдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримт хавтаст хэргийн 17 хуудсанд авагдсан байх тул түүнийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй байна гэж үзэх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримтад хамаарах нотолгооны хэрэгсэл ба мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д Шүүх хуралдааны тэмдэглэлд, ...хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал бичнэ гэж заасан.
Шүүх хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээсэн хэдий ч Р.Ичинхорлоогийн эх байх эрх хязгаарлагдахгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гарсан Б.Аминзаяа, Б.Учралзаяа нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Буянзаяа, Р.Ичинхорлоо нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд сурч буй тухай сурагчийн тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд давхардсан, лавлагааны хүчинтэй хугацаа дууссан, Р.Ичинхорлоогийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Буянзаяагийн жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн мал тооллогын бүртгэл, Л.Буянзаяагийн ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ганбаатарын тодорхойлолт, ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/201944947431 дугаар зээлийн гэрээ, №БГХ201944947431 дугаар барьцааны гэрээний хуулбар зэрэг баримтууд ач холбогдолгүй, нотариатаар гэрчлэгдээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр үнэлээгүйг буруутгах боломжгүй.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 5 дахь заалтыг өөрчлөх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөх-өөр хуульчилсан бөгөөд гэрлэлт цуцлах үндсэн шаардлага, түүнээс үүдэн гаргах үр дагаврыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг энэ хэмжээгээр төлөх нь зүйтэй юм.
Гэтэл нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд 146,256 төгрөгийг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөнөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 76,056 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Буянзаяад олгож, хариуцагчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, эд хөрөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Р.Ичинхорлоод олгохоор шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШШ2022/00391 дүгээр шийдвэрийн 5 дахь заалтыг 5. Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Буянзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Р.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ичинхорлоогоос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Буянзаяад, нэхэмжлэгч Д.Буянзаяагаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хариуцагч Р.Ичинхорлоод тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 76,056 /далан зургаан мянга тавин зургаа/ төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Буянзаяад олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ