Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0934/з |
Дугаар | 221/МА2018/0521 |
Огноо | 2018-09-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2018/0521
Ч.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын давж заалдах гомдлоор, Ч.С-ын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны салбар хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэрээр: “Үндэсний их баяр наадмын тухай хууль 12 дугаар зүйлийн 12.4.1-д заасныг баримтлан Ч.С-ын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороод холбогдох Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5 даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г-ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С-ыг тав давсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О давж заалдах гомдолдоо: “...Монгол улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г-ын баруун тохой түрүүлж газарджээ. Тухайн барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдахгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн маргаан бүхий барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй, бичгийн хэлбэрээр захиргааны акт гаргаагүй, хуралдах шаардлагагүй гэж үзсэн гэх мэдүүлгээр нотлогдож байна. Хэдийгээр тухайн барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй, барилдааны дүрс бичлэгийг нягтлаагүй зэрэг зөрчил байгаа хэдий ч.... гэж зөв дүгнэн Г.Г унасан болохыг, салбар хороо хуралдаагүйгээр шийдвэр гаргасныг тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэхээр байна.
Гэтэл Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдаантай холбоотой маргаан үүсэж, цэнгэлдэхийн дэлгэц дээр барилдааны бичлэг тодорхой харагдаж байхад салбар хороо хуралдалгүйгээр, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус үйлдэл гаргаж Г.Г-ыг давсан гэж хууль бус шийдвэр гаргасан.
Нөгөөтэйгүүр тухайн шүүх нь үйл баримтыг тогтоохгүй бөгөөд, Үндэсний баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм зэрэгт маргаантай барилдааныг дүрс бичлэгийн тусламжтай шүүх, хөлийн цэц, салбар хорооны шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар зохицуулалт тусгагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Салбар хороо нь Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу маргаантай барилдааныг бүрэн эрхтэй болохын хувьд маргааныг шийдвэрлэхдээ шударгаар шүүх ёстой. Бичлэгийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөхдөө Салбар хороо шударгаар шийдвэрлээгүй гэдгийг нотлох зорилгоор гаргаж өгсөн. Үүнээс биш нэхэмжлэгчийн зүгээс салбар хороо тухайн маргаантай барилдааныг шийдвэрлэхдээ бичлэг үзэж шүүх ёстой гэж маргаагүй зөвхөн шударгаар шүүж чадаагүй гэдгийг харуулахаар бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Үндэсний их баяр наадмын 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хүчит бөхийн барилдааны тавын даваанд барилдсан Ч.С, Г.Г нарын барилдаантай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэсэн Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр нь нэхэмжлэгч Ч.С-ын үндэсний бөхийн барилдааныг зохицуулсан дүрэм, журмаар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”, Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлөөс баталсан “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт байна.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т “бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ” гэж заажээ.
Харин тус дүрмийн 1.2-т “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараах ёсон, жаяг дэгийн баг /хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч/-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан ”Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм” түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална” гэж, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.в-д “будилаантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухайн үед нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх” гэж зааснаас үзвэл Үндэсний бөхийн салбар хороо нь бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг “будилаантай барилдааныг шийдвэрлэсэн хөлийн цэцийн шийдвэр”-т үндэслэн шийдвэрлэхээр зохицуулагдсан гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ч.С-аас маргаан бүхий барилдаантай холбогдуулан Үндэсний бөхийн салбар хороонд гомдол гаргасны дагуу хариуцагчаас тухайн үед ажиллаж байсан ерөнхий цэц, хөлийн цэц, засуул зэрэг 7 хүнийг хуралдуулахад гуравдагч этгээд Г.Г-ыг давсанд тооцсон шийдвэрийг гаргасан байх бөгөөд хариуцагч хөлийн цэц болон Үндэсний бөхийн салбар хорооноос маргаантай барилдааны бичлэгийг үзэж, үйл баримтыг нөхөн тогтоохоор зохицуулаагүй учраас хөлийн цэцийн дээрх шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд Г.Г-ыг давсанд тооцсон шийдвэрийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий барилдааны үйл баримтыг тухайн үед ажиллаж байсан хөлийн цэц тогтоох бөгөөд хөлийн цэцийн шийдвэрийг дүрс бичлэг болон фото зураг үзэх, бусад байдлаар нотлох баримт цуглуулах замаар өөрчлөн тогтоох бүрэн эрх ямар ч субьектэд хууль болон холбогдох дүрэмд зааснаар олгогдоогүй учраас хариуцагч Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үйл баримтыг зөвхөн хөлийн цэц тогтооно, түүний гаргасан шийдвэрийг өөрчлөх эрх бусад субьектүүдэд олгогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан маргааныг шийдвэрлэсэн Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцан зохион байгуулна” гэж заасан зохицуулалтын агуулгатай нийцэж байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...тухайн шүүх үйл баримт тогтоохгүй...” гэж дүгнэсэн атлаа “...Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны бичлэгээс дүгнэхэд аймгийн арслан Г.Г-ын баруун тохой түрүүлж газарджээ” гэх зэргээр өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүд хийсэн, нэгэнт холбогдох хууль болон дүрмээр бөхийн барилдаантай холбоотой үйл баримтыг зөвхөн хөлийн цэц тогтоохоор зохицуулсан төдийгүй нэгэнт хөлийн цэц болон салбар хорооны шийдвэр гарсан байхад нотлох баримт цуглуулах замаар хэргийн үйл баримтыг нөхөн тогтоосон нь буруу болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН