Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0866/з |
Дугаар | 289 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 289
“М...” БСБ-ын
нэхэмжлэлтэй,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
Нийслэлийн Засаг дарга,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын “П” ХХК болон “П к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг “П и” ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгаж, Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0106 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “А э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0106 дугаар шийдвэрээр: Төрийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдагдсан ТК-415, гуравдугаар хавсралтын “П” ХХК болон “П к” ХХК-д холбогдох хэсгүүдийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и” ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Засаг Даргад холбогдуулан Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг баримтлан Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын “П” ХХК болон “П к” ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и” ХХК-д шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 2 болгон, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгчээс маргаан бүхий Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий 61 дүгээр тогтоолыг батлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 30, 31 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 284 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, 2011 оны 61 дүгээр тогтоолоо гаргасан байдаг.
4. Гэтэл анхан шатны шүүхээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу баталсан жагсаалтыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоол батлагдсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй, Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 148 дугаар тогтоол болон Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 284 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, 2011 оны 61 дүгээр тогтоолоо гаргасан байдаг.
5. Шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх учиртай байтал маргаан бүхий 61 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлд огт дурдагдаагүй зөвхөн хуулийн тогтоол гарахад саналын эрхтэй оролцох төрийн өмчийн компани буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 28 дугаар тогтоолоор хүргүүлсний дагуу гуравдагч этгээд нарт шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж маргаан бүхий актын үндэслэлд бус акт гарахад ирүүлсэн комнанийн саналыг үндэслэж шилжүүлсэн нь зөв гэж байгаа нь хууль бус юм.
6. Гэтэл анхан шатны шүүхийн дээрх хууль бус дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн дүгнэлт хийж шийдвэртээ “... “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт зааснаар шилжүүлсэн, НИТХ-ын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолын жагсаалтад ТК-415 халаалтын цогц төхөөрөмж ороогүй” гэх үндэслэлийг удаа дараа дурдсан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагааг зөвтгөх зорилгоор ийнхүү тайлбар хийж болох ч захиргааны хэргийн шүүх ийнхүү дүгнэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
7. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг. Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоол нь Тогтоох 5 хэсгээс бүтнэ. Тогтоох хэсгийн 1-д гурван өөр өмчийн хэлбэр бүхий этгээдэд хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Ийнхүү төрийн өмчийг хувьчлах, шилжүүлэх зэргээр өмчийн захиран зарцуулах эрхийг өөрчлөх, хэрэгжүүлэх бүрэн эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар гагцхүү Төрийн өмчийн хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан болно.
8. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх бүрэн эрхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хэрэгжүүлсэн мэт дүгнэж цаашилбал, Төрийн өмчийн хорооны шийдвэрийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тоотын саналд нийцүүлэн дүгнэж буй нь илт үндэслэлгүй болсон байна.
9. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тоотоор санал гаргах эрхтэй боловч төрийн өмчийн өөрчлөлтийн асуудлыг хуулиар эрх олгосон эрх бүхий этгээд шийдвэрлэх нь зүй ёсны асуудал юм. Түүнчлэн маргааны гол үндэслэл болсон ТК-415 халаалтын тоног төхөөрөмжийг хувьчлалд шилжүүлэхээр шийдвэрлээгүй буюу тийм үндэслэл байхгүй тухай маргаан өрнөсөн боловч хариуцагч, гуравдагч этгээдээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас өөрсдийн үндэслэл, нотолгоог огт зааж чадахгүй, баримт гаргаж өгөөгүй ба тийм баримт ч байхгүй юм.
10. Дээрхээс гадна шүүхийн магадлалд дүгнэлтээ дэмжих бас нэг үндэслэл гаргасан нь НИТХ-аас ТК-415 тоног төхөөрөмжийг бүртгэж аваагүй нь хувийн өмчлөлд шилжүүлсэн үйл ажиллагааг зөв гэх дүгнэлт байна.
11. Төрийн эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэх нь иргэн, аж ахуйн нэгжийн үүрэг. Тэрхүү шийдвэрийг өөр захиргааны байгууллага өөрчлөх, шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасныг шүүх зөвтгөж захиргааны байгууллагын хариуцлагагүй, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж буй практикийг улам хөхүүлэн дэмжсэн хэрэг юм.
12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоол нь 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийнх боловч нэхэмжлэгч “М...” нь 2016 онд байгуулагдсан байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул уг захиргааны акт нь түүнээс өмнө болон түүнээс хойш бий болсон хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ч хөндөх ёсгүй юм.
14. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас захиргааны шийдвэр гаргахдаа “Хуульд үндэслэх” зарчмыг баримтлах учиртай бөгөөд хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлж гаргасан шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх учиргүй. Энэхүү захиргааны шийдвэрт хугацаа заагаагүй бол тухайн үйл баримтыг зохицуулж гаргасан захиргааны шийдвэр нь хугацаагүйгээр үйлчилж тухайн харилцааг зохицуулсаар байна. Иймээс тухайн захиргааны шийдвэрийг гаргахдаа хуулийг зөрчсөний улмаас захиргааны актын үйлчлэл хамаарч байгаа этгээд хожим нь тухайн захиргааны актыг үндэслэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ёсгүй юм.
15. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэггэй” гэж заасан байтал давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнээс хэтрүүлэн хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
16. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий 61 дүгээр тогтоолыг гаргахдаа алдаа гаргасан болохоо анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсээр байтал нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн хууль бус шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн хууль бус үйлдлийг шүүх дэмжиж байгаа нь цаашид олон олон хууль бус шийдвэр гарахын үндэсийг бэхжүүлж буй хууль бус үйлдэл юм.
17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 341 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
19. Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэх тухай” 61 дүгээр тогтоолоор Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн бус, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжид суурилуулсан төвлөрсөн дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг уг тогтоолд заасан байдлаар шийдвэрлэхийг “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-д зөвшөөрч, тогтоолын 1 дүгээр хавсралтаар нийслэлийн өмчид шилжүүлэх, 2 дугаар хавсралтаар төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлэх, 3 дугаар хавсралтаар төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тус тус жагсаалтаар баталсан, нэхэмжлэгч “М...” БСБ-аас “... уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг нийслэлийн өмчид бүртгэж авахаар тусгасан байхад ... уг төхөөрөмжийг “П и” ХХК-д шилжүүлсэн нь илт хууль бус”, “... уг тогтоолын 3 дугаар хавсралтад “П” ХХК болон “П к” ХХК-ийг /оруулсан нь/ илт хууль бус” гэж маргасан үндэслэлээ “...тухайн нутаг дэвсгэрт ганцхан байрлаж байгаа Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамыг ... /хууль зөрчиж өмчлүүлснээс/ өмчлөгч гэх “П и” ХХК нь манай өмчлөлийн барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулахгүй /байгаа/, ... уг шугамыг Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэн хотын төвд нийтийн зориулалтаар ашиглахаар шинээр бий болгосон байтал Төрийн өмчийн хорооны тогтоолоор хотын төвд нийтийн зориулалтаар ашиглах зориулалттай Unit-385 төв болон 4-р магистралын ТК-415 шугамыг “П” ХХК болон “П к” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгч худалдсан ньТөрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 34 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус зөрчсөн” гэжээ.
20. Аливаа захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэлүүдийг маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэрлэн заасан, нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй, ... захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, ... захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тайлбарласан, тухайн тохиолдолд, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтад “П” ХХК болон “П к” ХХК-ийг заасан болон “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг “П и” ХХК-д шилжүүлсэн нь дээрх хуульд заасан захиргааны акт илт хууль бус байх аль нэг шинжийг агуулаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
21. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд хувийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн өмчлөлийн барилга байгууламжуудад суурилсан дулааны тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталж, нэр бүхий хувийн өмчит байгууллагуудад зээлийн хүүг нэмж тооцон худалдахаар шийдвэрлэж, уг асуудлыг Төрийн өмчийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр тогтоосон, үүнд маргаан бүхий “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж” багтсан, түүнчлэн “П” ХХК, Пума Ачтан эмнэлэг мөн тогтоолын хавсралтад нэр заагдаж орсон, үүний дараа Төрийн өмчийн хорооны 2011 оны маргаан бүхий 61 дүгээр тогтоол гарч, “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг уг тогтоолын 1 дүгээр хавсралтад буюу нийслэлийн өмчид шилжүүлэхээр заасан хэдий ч бодит байдалд нийслэлийн өмчид шилжүүлээгүй, гуравдагч этгээдээр үнийг нь төлүүлж, түүнд шилжүүлсэн, нэхэмжлэгчээс “нийслэлийн өмчид бүртгэж авах ёстой” гэж маргаж буй уг тоног төхөөрөмжийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, нийслэлийн Засаг даргаас “нийслэлийн өмчид шилжүүлэн авах үндэслэлгүй” гэж маргаж байна.
22. Эд хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж авах эсэх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах тусгайлсан харилцаа бөгөөд эд хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж авснаар эсхүл аваагүй нь хууль зөрчсөн бөгөөд энэ нь аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай, энэ тохиолдолд, уг тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид шилжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж шүүх дүгнэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн ... /-ийг тодорхойлох/”-оор заасан, 2011 онд гарсан маргаан бүхий Төрийн өмчийн хорооны тогтоол, тоног төхөөрөмжийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, худалдсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “М...” БСБ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, 2016 онд шинээр ашиглалтад орсон нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын “дулаанаар хангуулах эрх” зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.
23. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “дулаан дамжуулах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд дулааны дамжуулах сүлжээг ашиглан дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно”, 14.2.1-д зааснаар уг тусгай зөвшөөрөлтэй этгээд нь дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааг болон хэрэглэгчийн дулааны хэрэглээг найдвартай хангах үүрэгтэй, түүнчлэн мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно”, 16.2-т зааснаар дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбохтой холбоотой асуудал нь Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэх тухай” 61 дүгээр тогтоол, уг тогтоолын үр дагаварт хамаарахааргүй, “... манай өмчлөлийн барилгыг төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрт холбохгүй байгаа” гэх үндэслэл нь маргаан бүхий актыг “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэл болохгүй.
24. Анхан шатны шүүх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлүүдэд холбогдуулж дүгнэлт хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тусгайлан заасан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн төрлийг буруу хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “гомдлоор хязгаарлахгүй” хянаж, уг алдааг залруулсныг буруутгахааргүй байна.
25. Эдгээр үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М...” БСБ-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА