Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 95

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                        Хэргийн индекс:114/2016/0081/З

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн BEAD төвд байрлах  “*******” ХХК-ийн захирал Я.******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Дархан-Уул аймгийн 5 дугаар баг “ BEAD” төвийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг  2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Голомт банканд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох ” тухай захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Я.*******аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан суын 5 дугаар багт байрлах BEAD төвийн  улсын бүртгэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Голомт банкинд шилжүүлж өгсөн ба нэхэмжлэгч тал захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа тул дээрх бүртгэл болон Голомт банкинд өмчлөгчөөр олгосон BEAD төвийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Я.*******аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “ ...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж   заасан  эрхийн  дагуу    шүүхэд    гаргасан   нэхэмжлэлийн   шаардлагаасаа   бүрэн   хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан  нь  хуульд   харшлаагүй   байх  тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                             

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Я.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан  ““Дархан-Уул аймгийн 5 дугаар баг “ BEAD” төвийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг  2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Голомт банканд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.НАРАНТУЯА