Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00553/И

 

Д.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00008 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 202/МА2017/00003 дугаар магадлалтай,

         Д.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

         Б.Энхбаярт холбогдох   

          Зээлийн гэрээний үүрэгт 10.246.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би Б.Энхбаярын хүсэлтийн дагуу судалгаа явуулаад түүний “Илч-шанд” ХХК нь ажил авсныг мэдсэн учир тэр хүнд ч тус болох, өөрөө ч бас хэдэн төгрөг олох боломжтой гэж үзээд хүргэн ах н.Сугаржаваас 7.000.000 төгрөг зээлээд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Энхбаяртай уулзаад бэлэн байсан 7.000.000 төгрөг дээрээ өөрийн Хаан банкны данснаасаа 2.000.000 төгрөгийг нийлүүлээд бэлэн 9 000 000 төгрөгийг Б.Энхбаярт тоолж өгсөн. Ингэж өгөхдөө нотариатаар гэрээ хийж баталгаажуулсан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Хариуцагч Б.Энхбаяр 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэд хоорондын гэрээ хийж Чингэлтэй дүүргийн нотариатаар баталгаажуулан надаас 10.000.000 төгрөг 1 сарын хугацаатай хүүгүй авсан ба энэхүү үндсэн зээлсэн мөнгөн дээр 5.000.000 төгрөг нэмж өгөхөөр тохиролцон, хугацаандаа өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Гэвч мөнгөө өгөөгүй 4 сар болсон. Ингээд 2014 оны 11 дүгээр сард Сайншанд сум руу очиж өөрийн унаа зардал, мөнгө гарган мөнгөө нэхэн 10 хоносны эцэст 5.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш одоо болтол өгөлгүй худал ярьж залилан зугтсаар байна. Иймд Б.Энхбаяраас нийт 10.073.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугаржав нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: “Миний бие өөрийн эхнэрийн дүү Д.Энхбаатарт 10.000.000 төгрөг өгсөн боловч хариуцагч Б.Энхбаяр худал ярьж зугтаж явсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч би эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаар хохирч байна. Өөрийн зардлаар 3 удаа Сайншандад ирж хариуцагч Б.Энхбаяртай уулзаж чадахгүй явсан. Б.Энхбаяраас 10 073 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа өөрийн гаргасан зардал /тээвэр, буудал/ 173.200 төгрөг, нийт 10.246.200 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж байна.” гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие нэхэмжлэгч Д.Энхбаатартай н.Зулбаяраар зуучлуулан гэрээгээ үзүүлсний үндсэн дээр гарааны мөнгө 5.000.000 төгрөг зээлэхээр тохиролцсон. 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хотод дуудаж уулзан Ард кино театрын хажууд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уулзаж чи 5.000.000 төгрөг аваад хэд болгож өгөх юм гэж асуухад бололцооны хэрээр 1 нугалж өгье гэж хэлсэн. Тэгвэл нотариат ороод 10.000.000 төгрөг гээд гэрээ байгуулчихъя гэсэн. Би тухайн үед компанийн үйл ажиллагаа явуулахын тулд зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иргэн Д.Энхбаатар тухайн өдөр Ардын урд байрлах Хаан банкнаас бэлнээр 4.000.000 төгрөг авч надад өгөөд 1.000.000 төгрөгийг нь тэгж байгаад өгье гэж хэлсэн. Би тухайн өдрийн Д.Энхбаатарын хуулгыг үзмээр байна. 2014 оны 07 дугаар сард ачаагаа оруулж байхдаа 1.000.000 төгрөгийг миний өөрийн дансаар шилжүүлсэн. Миний бие ажил гүйцэтгэж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цөсний хагалгаанд орж 2 сар эмчлүүлж яваад Д.Энхбаатарыг мөнгөө нэхээд ирэхэд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үлдсэн мөнгө болох 5.000.000 төгрөгийг Хаан банкнаас гэрэлтүүлгийн гүйцэтгэл 5.000.000 төгрөг орж ирснийг авч өгсөн. Дахиж санхүүжилт орж ирээгүй билээ. Иймд би тухайн хүнд үндсэн авсан мөнгөө өгөөд компанид ахиж мөнгө орж ирвэл найз нь чадлаараа тус болно гэж хэлсэн. Тухайн хүн яагаад гэрээ хийхдээ 5.000.000 төгрөг гэхгүйгээр 10.000.000 төгрөг гэж хийсэн юм бол гэж тухайн үед гайхаад өнгөрсөн. Миний хувьд энэ ажлаас хойш компани дээр үйл ажиллагаа явуулаагүй. Хаан банкнаас зээлсэн зээлээ өгөөд дууссан. Тухайн хүний буудлын мөнгийг төлж байсан. Д.Энхбаатарт үндсэн зээлсэн мөнгөө төлсөн тул өргүй гэж үзэж байна.” гэжээ.

         Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00008 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Б.Энхбаяраас 5.000.000 төгрөг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 154.200 төгрөг, нийт 5.154.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.092.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.964 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхбаяраас 97.419 төгрөгийг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 3.075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгож шийдвэрлэжээ.

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар хариуцагч Б.Энхбаяраас 5 154 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдсэн 5 092 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181 964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Б.Энхбаяраас  97 419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх талуудын нотлох чиг үүргийг зөв хуваарилж дүгнээгүй, нэхэмжлэгч Д.Энхбаатар нь 2014 оны 06 сарын 10-ны өдөр хариуцагч Б.Энхбаярын өмчлөлд 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж үзэн, хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг Д.Энхбаатар хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш тооны этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Гэтэл зохигчид ашиг олох гэсэн хамтын зорилго агуулаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Энхбаатар нь хариуцагч Б.Энхбаярын өмчлөлд мөнгө шилжүүлэх, Б.Энхбаяр нь нэг сарын дараа түүнээс зээлсэн мөнгөө тодорхой нэмэгдүүлсэн ашигтайгаар буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Тодруулбал энэ нэг сарын хугацаанд Б.Энхбаяр нь ашиг олох эсэх нь нэхэмжлэгч Д.Энхбаатарт хамаагүй бөгөөд гагцхүү Б.Энхбаярт зээлүүлсэн мөнгөнөөсөө ашиг олох зорилго агуулдаг. Энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тайлбарлавал зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Б.Энхбаярын хувьд Д.Энхбаатарт “ашиг олсон тохиолдолд бололцооны хэрээр зээлсэн мөнгөн дээрээ нэмж ашиг өгнө" гэж тохирсон нь Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу зээлийн хүүгийн талаар зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж болохоор байна. Энэ тохиолдолд зохигчид зээлийн хүүгийн тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй, аман хэлцлээр тохирсон учир нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдсан гэж үзэхэд хүрнэ. Гэвч хариуцагчийн хувьд гэрээний хугацааг хэтрүүлсэн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх нь үндэслэлтэй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 154.200 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “....нэхэмжлэлийн шаардлагаас 154.200 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

     Нэхэмжлэгч Д.Энхбаатар нь хариуцагч Б.Энхбаярт холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт 10.246.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 5.000.000 төгрөгийг авсан түүнийгээ буцаан төлсөн, зээлээс буцаан төлөх үлдэгдэлгүй, ашиг орлогогүй тул нэмж 5.000.000 төгрөг төлөхгүй гэж маргажээ.  

         Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Иргэд хоорондын зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй шилжүүлэх, ...зээлдэгч нь ижил тоо, хэмжээний мөнгийг буцаан өгөхөөр тохиролцжээ. /хх-5,6/

          Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 2014 оны 11 сарын 14-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид  5.000.000 төгрөгийг буцаан төлсөн, 2015 оны 10 сарын 31-ний өдөр “11 сарын 15-ны дотор 5 000 000 төгрөг өгөх болно” гэж хариуцагч бичгээр баталгаа өгсөн талаар талууд маргаагүй байх тул  Д.Энхбаатар нь хариуцагч Б.Энхбаярт 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Энхбаатар нь хариуцагч Б.Энхбаярт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхдээ нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцжээ.    

        Хариуцагч зээлийн гэрээний дагуу Д.Энхбаатараас 10.000.000 төгрөг хүлээж аваагүй, авсан 5 000 000 төгрөгөө төлсөн, зээлээс төлөх төлбөргүй гэсэн тайлбар гаргасан ч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

        Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 154.200 төгрөг нэхэмжилсэн хэсэг нь зээлдүүлэгчийн шаардах эрхийн хүрээнд байх тул анхан шатны шүүх хариуцагч Б.Энхбаяраас 5.154.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хуульд зааснаар харьцуулан үнэлж, маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй зөв дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан “ашигтай ажиллах, ашиг гаргах агуулга бүхий” тайлбар нь түүний зээл авах хэрэгцээ шаардлага, үндэслэл байсныг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хамтран ажиллах гэрээ гэж үзсэн нь буруу, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон байна. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 202/МА2017/00003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Б.Энхбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 97.419 /ерэн долоон мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН