| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2021/01126/И |
| Дугаар | 225/МА2022/00015 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 225/МА2022/00015
| 2022 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 225/МА2022/00015 |
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2022/00332 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Түмэннасанд холбогдох
Гэм хорын хохирол 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв Маанийн бэл гэх газарт байрлах байшинг минь Х.Түмэннасан нь өөрийн автомашинаараа мөргөж цөмлөсөн. Тухайн үед Х.Түмэннасан нь миний хохирлыг барагдуулж, байшинг минь хэвийн байдалд оруулж өгнө гээд бид гэрээ байгуулж тохирсон. Х.Түмэннасан нь тохирсон тохиролцооныхоо дагуу байж чадахгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай дэлгүүрийн байшин урагшаа гажиж, хаалга нь хаагдахаа больж, цонхны шил хагарч, пийшин эвдэрсэн. Дээврийн төмөр нураагүй хэвээрээ байгаа. Гажсан байшинг буулгахад дээврийн төмрийг авч таарна. Дахиж буцаан барихад хуучин дээврийн төмрийг ашиглах боломжгүй, шрупны нүх зөрж ус гоождог болно. Тиймээс бүхэлд нь солих шаардлагатай. ...Байшинг сэргээн засварлахад шаардагдах зардлыг нэхэмжилж байгаа юм.
Ажлын хөлс 2,500,000 төгрөг, байшинг засварлахад шаардлагатай барилгын материалын үнэ 6,647,000 төгрөг, тээврийн зардал 350,000 төгрөг, нийт 9,497,000 төгрөгийг гаргуулах шаардлагатай гэжээ.
Хариуцагч Х.Түмэннасан нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Иргэн Иргэн Б.******* нь тухайн газар эрсдэлтэйг мэдсээр байж сум орон нутгийн байцаагч нь зөвшөөрөл олгоогүй байхад өөрөө дур мэдэн байшин барьж ийм нөхцөл байдал үүсгэхэд хүргэсэн. ... Тухайн үед зөвшөөрөлгүй газар дээр барьсан энэ байшин байгаагүй бол би ч гэсэн сэтгэл санааны болоод эд хөрөнгөөрөө хохирохгүй байх байсан. Миний эд хөрөнгө болох 10 сая төгрөгийн үнэтэй Nissan Tida маркийн машины арын хэсэг нь дотогш чихэгдэж засах боломжгүй болж хохирсон. Би тухайн хохирол учруулсан хэсгийг хуучин хэвэнд нь оруулж засаж гомдолгүй болгож өгсөн. Тэр үед засаж дууссаны дараа Б.******* нь байшингаа би өөрөө зөөх гэж байгаа, та нар дэмий юм хийлээ гээд түлхүүрээ ч өгөхгүй байсан. Тэр байшингийн дотор талыг байшингаа зөөнө гээд миний төрсөн ахын хоёр хүүхдээр доторлогоог нь хоёр өдөр хуулуулсан. Би уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сумын газрын даамлаас тухайн газрыг чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч чөлөөлж өгдөггүй юм. Тухайн хохирол учруулсан хэсгийг хуучин хэвэнд нь оруулж, засаж гомдолгүй болгож өгсөн. Тухайн барилгыг урьд өмнө нь олон удаа хүч алдсан машин ухарч цөмлөсөн байдаг. Ямар эд зүйл нь эвдэрч, гэмтэн ашиглах боломжгүй болохыг тогтоосон акт байхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2022/00332 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Түмэннасанд холбогдох, гэм хорын хохирол 9,497,000 (есөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,956 (нэг зуун ерэн зургаан мянга есэн зуун тавин зургаа) төгрөгөөс 175,294 (нэг зуун далан таван мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 21,662 (хорин нэгэн мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Б.******* нь өөрийн эзэмшлийн байшинд учирсан хохирлоо Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний гаргасан үнэлгээний тайланд тусгагдсан үнийн дүнгээр нэхэмжилж байх бөгөөд тэрээр өөрийн байшинд учирсан гэмтлийг засуулаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд ямар хохирол учирсан болон гэм буруугийн асуудлаар маргасан бөгөөд энэ талаар гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр авагдаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тус шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байгаа ба хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.
Иймд ...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.Түмэннасанд холбогдуулан гэм хорын хохиролд 9,497,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд ямар хохирол учирсан болон гэм буруугийн асуудлаар маргасан бөгөөд энэ талаар гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй ..., нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ... гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...Хариуцагч Х.Түмэннасан нь машинтайгаа мөргөснөөс болж эвдрэл, гэмтэл учирсан, нэхэмжлэгч Б.*******гийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт байрлах байшинд учирсан эвдрэл гэмтлийг засаж, хэвийн болгоход хэдий хэмжээний зардал гарах талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх тухайн байшинд хариуцагчийн буруутай үйлдлээс ямар эвдрэл учирсан, тухайн эвдрэлийг засварлахад ямар материалаар засварлах, тухайн материалын тоо, хэмжээ, хэдий үеийн ханшаар үнэлгээг хийлгүүлэх гэж байгаа зэрэг нь тодорхойгүй байна гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Дээрх ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд нотлох баримтыг хэргийн оролцогч өөрсдөө бүрдүүлэх боломжгүй тул тэдний хүсэлтээр шүүхийн хийх ажил байжээ.
Өөрөөр хэлбэл энэхүү хэргийг шийдвэрлэхэд хариуцагч автомашинаар байшинг мөргөсний улмаас тухайн байшинд ямар хэмжээний хохирол учирсан, уг эвдэрсэн хэсгийг засварлахад ямар материалаар хэдэн төгрөгийн засвар хийгдэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь хэрэгт чухал ач холбогдолтой байна.
Шүүх хариуцагч Х.Түмэннасан нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв Маанийн бэл газар байрлах нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн байшингийн арын хэсгийг автомашинаар мөргөсний улмаас байшингийн арын хэсгийг цөмлөсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа ямар учраас гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй талаар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн заалтыг зөрчжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан тул хэний гэм буруутай үйлдлийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Б.******* нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн дэлгүүрийн зориулалттай байшин нь улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, хэзээ баригдаж ашиглалтанд орсон, эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцоогүй байх ба ямар хугацаанд Б.******* нь эзэмшиж, өмчилж байгаа, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй эсэхийг шүүх тогтоогоогүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 17 нэр төрлийн эд зүйл, ажлын хөлс зэргийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Гэтэл шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпани нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдаагүй ажлын хөлсний үнийг тогтоосон байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан ...шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана. гэснийг зөрчсөн байна.
Мөн шинжээч нь зарим төрлийн эд зүйлийн зах зээлийн үнийг хэт өндөр үнээр үнэлжээ. Тухайлбал 18 кг цагаан будгийг нэхэмжлэгч анх 7500 төгрөгөөр үнэлэн нийт 135 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байхад уг эд зүйлийн 1 килограммын үнийг 135,000 төгрөгөөр тооцон 2,430,000 төгрөгөөр үнэлсэн нь хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэхээр байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн дээр давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэлт өгөх замаар залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2022/00332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,294 /нэг зуун далан таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ
.