Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2022/00016

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2022/00016

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00378 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Отгонбаярт холбогдох

Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч Г.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч В.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, хариуцагч Г.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2012 онд танилцаж үерхэж байгаад 2013 онд хурим найраа хийж, айл болж тусдаа гарсан. Тусдаа гарч 6 жилийн турш хамт амьдарсан. ...Одоо бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 27,115,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах хүсэлтэй байна.

... Хөвсгөл аймгийн ........... сумын 5 дугаар багийн ..................хорооллын .................. тоотод байрлах 78.4 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 892 м.кв талбай бүхий газар зэргийн үнэ 21,923,713 төгрөг, Бонго Жи-2 маркийн ............... улсын дугаартай автомашины үнэ 3,000,000 төгрөг, Хөвсгөл аймгийн ....................... сумын татварын байцаагчийн 2020 оны мал тооллогын тодорхойлолтыг үндэслэн 183 толгой мал байгаа. ...Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын байдлаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр малын үнэ 16,400,000 төгрөг, бүгд 41,323,703 төгрөг болж байна.

Иймд Г.Отгонбаяр бидний гэрлэлтийг цуцалж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох 20,661,851 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Автомашиныг 1,500,000 төгрөгөөр үнэлж байгааг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Г.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж байгаа автомашиныг 2014 оны 4 дүгээр сард манай нагац эгч буюу н.Бузмаа гэж хүний нөхөр У.Ганбаттай хамт Орхон аймгийн .............. сум руу явж Бонго Жи-2 автомашиныг авч байсан. Г.*******тай ярилцаж 2,500,000 төгрөгийн малчны зээл авч 1,900,000 төгрөгт нь дээрх тээврийн хэрэгслийг худалдан авч байсан.

...Нэхэмжлэгч Г.******* нь Хөвсгөл аймгийн******* сумын******* багт байрлах хашаа байшинг авна гээд байгаа юм. Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 20,661,851 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Би уг нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь одоо надад 58 толгой мал байгаа. 12,000,000 төгрөг өгөх боломжтой. Үүнээс дээш өгч чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн 183 толгой малтай байсан гэдэг нь худлаа юм. Бид зээл авахын тулд малын тоогоо нэмж ам тоогоор бичүүлсэн. 2020 онд 111 толгой мал байсан нь бодит тоо юм. 183 толгой малтай байсан гэдэг нь ам тоо юм. ...Автомашинаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байнаМалын үнэлгээг нь маргахгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00378 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Хар дархад Ганбаатарын*******, Бор Гиваагийн ******* нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Хөвсгөл аймгийн******* сумын ........ дугаар баг,******* хороолол ............... тоотод байрлах 78.4 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 892 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагчийн өмчлөлд байгаа мал зэргийг хариуцагч Г.Отгонбаярт үлдээж, хариуцагч Г.Отгонбаяраас 17,366,856.50 (арван долоон сая гурван зуун жаран зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг тавин мөнгөтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,294,994.50 (гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг тавин мөнгөтөгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,925 (дөрвөн зуун арван гурван мянга есэн зуун хорин тав) төгрөгөөс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 343,725 (гурван зуун дөчин гурван мянга долоон зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас шинжээчийн ажлын хөлс 150,000 (нэг зуун тавин мянгатөгрөгийг, хариуцагч Г.Отгонбаяраас шинжээчийн ажлын хөлс 150,000 (нэг зуун тавин мянгатөгрөгийг, нийт 300,000 (гурван зуун мянгатөгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК (Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд)-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Г.******* нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчдийг хэд хэдээр сонгон авч туслуулж байхад хариуцагч нь ганц өмгөөлөгч авсан хэдий ч шүүх хуралд ирэхгүйгээс өөр өмгөөлөгч сонгох боломж олгохгүйгээр хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангахгүйгээр зөвхөн шүүх хуралдааныг хийх зорилгоор өмгөөлөгчгүйгээр оролц, тийм хүсэлт гаргасан гэдгээр шүүх шийдвэр гаргасан нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг минь зөрчлөө. Ингэснээр нэхэмжлэгч талд бүх зүйл ашигтай эргэж түүнд зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй, оногдох, оногдохгүй эд хөрөнгөөс мөнгөн дүнгээр нэхэмжлэлийг хангаж байгаа нь илтэд хууль бус байна.

Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй ...892 м2 талбай бүхий газрын үнийг нэхэмжлэгчид олгосон нь хууль бус байна.

Г.Отгонбаярын хуваарьт хөрөнгийг дундын өмчөөс ялгахгүйгээр хамруулж зөвхөн Г.Отгонбаяраар зөвшөөрүүлж, дундын өмч болгож нэхэмжлэгчийн хүсэл зорилгод хүчээр нийцүүлж, түүнд ашигтай байдлаар шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд ...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: ... 1.Анхан шатны шүүх нь гэрлэгчдийн хоорондын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ маргаж буй******* сумын төвд буюу******* багийн 7-17 тоотод байршилтай нэгж талбарын №21030063 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000290869 дугаартай, 892 м.кв талбай бүхий газрыг гэрлэлтээ бүртгүүлснээс хойшхи хугацаанд хариуцагчийн өмчлөлд бүртгүүлсэн байна гэсэн дүгнэлт хийж хамтран өмчлөх дундын өмчид шилжүүлэн гэрлэгчдэд хуваасан. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг газрыг миний аав гэрлэхээс өмнө буюу 2011 онд 500,000 төгрөгөөр худалдан авч өгсөн гэдэг. Нэхэмжлэгч энэ тайлбартай маргаагүйгээс гадна Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 1-д Гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсэн нь газар нь дангаараа үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсэн ойлголтыг илэрхийлж буй зохицуулалт болно.

Хариуцагч нь өөрийн хуваарьт өмч болох газраа дундаа хамтран өмчлөхөд зориулан шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Дээрх маргааны талаар уг харилцааг шууд зохицуулсан буюу төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ холбогдох хуулиудад /МУ-ын иргэнд газар өмчлүулэх тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль гэх мэт/ тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрлэхээс өмнө нэгэнт бий болсон хөрөнгийг гэрлэлт буртгүүлснээр уг хөрөнгө бий болсонд тооцох тухай Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1-д Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт эд хөрөнгөд хамаарна. 127.1.1 гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх гэж шууд зохицуулсан. Шүүх нь нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТ Хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж эргэлзээтэй баримтыг үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон. Үүнд хэргийн 67 дугаар талд буй Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа хамаарна. Энд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаарх мэдээлэл зөрүүтэй байгаа болно.

2.Шүүх маргааны зүйл болж буй Бонго загварын автомашины талаар нотлох баримтыг дутуу үнэлсэн ба үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагч нь уг автомашиныг 1.5 сая төгрөгөөр үнэлнэ гэсэн нь нэхэмжлэгчийн хувьд ашигтай байсан ба тухайн машин нь ийм үнэ ханшид хүрэхээргүй байсныг гэрч У.Ганбаатар нотолдог.

Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 27,115,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20,661,851 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Г.Отгонбаяр нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс автомашин, 183 толгой мал байхгүй тул зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчид 12,000,000 төгрөг өгөх боломжтой гэсэн тайлбар гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж, гэрлэгсдийн гэрлэлтийг цуцалж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлж, хуваахдаа Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой, зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн нотлох баримт, нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч Г.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч В.Энхболдын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд шүүх зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарыг оролцуулжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нь эрх, үүрэг, хэргийн материал, шүүх хуралдааны товтой танилцсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хуралдааныг өмгөөлөгчийн эзгүйд явуулсан байх ба хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчим, хэргийн оролцогчийн хүсэлтэд үндэслэн явагдах учир хариуцагч хүсэлт гаргаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өмгөөлөгч оролцуулах, шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм.

2.Шүүх нэхэмжлэлд тусгасан ...хашаа байшин, газрын хамт 30,000,000 төгрөг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой бусад шаардлагыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэсэн байх ба гомдолд дурдсан ...нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй 892 мкв газрын үнийг нэхэмжлэгчид олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч хуваарьт хөрөнгийн байдлаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүхийн ...газар нь зохигчийг гэрлэлтээ бүртгүүлснээс хойшхи хугацаанд улсын бүртгэлд хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй, ... зохигчийн тайлбараас үзэхэд автомашин, мал зэрэг эд хөрөнгүүд нь зохигчийг гэрлэснээс хойш бий болжээ гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Зохигч нь газар, хувийн орон сууц, мал, автомашин үнэлсэн үнэлгээний талаар маргаагүй тул уг үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч 183 толгой малтай болохоо нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр /2020 онд 111 толгой мал байсан нь бодит тоо гэсэн тайлбар/ малын тоог тогтоож, гэрлэгчид ногдох хэсгийг тодорхойлсон нь үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. гэж зохицуулсан тул гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүй захиран зарцуулсан эд хөрөнгийг хамтран өмчлөх эд хөрөнгөөс хасч тооцох боломжгүй.

4.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,785 /хоёр зуун дөчин дөрвөн мянга долоон зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.