2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/06587

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******** хаягт байрлах, М ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-03-27-нд 6000159739 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 39,500,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000159739 тоот "Цахим зээлийн гэрээ" ний үүргийг 141 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Дээрх гэрээний үүрэгт нийт 34,592,736.26 төгрөгийн өр төлбөртэй байна.

Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2025.04.09 өдрийн 192/ШЗ2025/16208 тоот захирамжаар Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжласан.

Иймд, Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, Баянгол, Хан-уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.09-ний өдрийн 192/ШЗ2025/16208 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, М ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ******* ХК-ийн гүйцэтгэх захиралын тушаал, итгэмжлэл, /хх 1-7/,      

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай *******ын *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 16/ зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг,  зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 5/

4.Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан Баянгол, Хан-уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.09-ний өдрийн 192/ШЗ2025/16208 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар Б.******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 2-3/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын ******* нь нэхэмжлэгчийн тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, малчин 1 дүгээр гудамж 16 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.09-ний өдрийн 192/ШЗ2025/16208 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар тогтоогдож байна. /хх 2-3, 12/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай *******ын *******ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ