Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 


М.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.У,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.А, 
Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч М.Э, Д.Б (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч М.Э, Д.Б нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн 2516001160140 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

У овогт М.А нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ** -ны өдөр Говь-Алтай аймгийн ************ суманд төрсөн, ** настай, ************, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *************** ажилтай, ам бүл ***, ******** ***** хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн ************* сум, ****** багийн *** -р байр *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************************** шагнуулж байсан, ** ********* регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь насанд хүрээгүй хохирогч О.А-ийн аав Н.О-тай 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд О.А-ийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн “О.А” нэртэй фейсбүүк хаягаас төрсөн аав Н.О, ээж Ц.О нарыг mention хийж “хамгийн сайхан мэдрэмж бол хүлээн суугаа Аав, Ээж дээрээ очих мэдрэмж” гэх агуулгатай аав, ээждээ хандаж оруулсан постоос болж 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр О.А-ийн дадлага хийж байсан “*******” ресторанд очиж “сургуулиас чинь хөөлгөнө”, “дадлага хийж байгаа газраас чинь халуулж чадна”, “сургууль дээр чинь очоод захирлын өрөөнд чинь дуудаж байгаад үе тэнгийнхний чинь хажууд сургуулиас чинь гаргана” гэх зэргээр заналхийлж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, машинд суулгаж зураг бичлэг хийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүгдэгч У овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хор уршиг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна
Анхан шатны шүүх М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.
М.А-д холбогдох 2516001160140 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахдаа хэт нэг талыг барьсан ба шалгагдаж байгаа хэргээс өөр үндэслэлээр буцааж, мөн тухайн маргаан болох цаг үед байсан эсэх нь үл мэдэгдэх насанд хүрээгүй гэрч болох Е.Б, М.Б нараас нэмэлтээр авсан мэдүүлэг, мөн насанд хүрээгүй хохирогчийн хамаарал бүхий насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар хянах үүрэгтэй.
Гэтэл насанд хүрээгүй хохирогч О.А-ийг аав Н.О-тай ярьж уулзахыг хориглосон хязгаарласан үг хэллэг болон хууль бус шинжтэй үйлдэл хийгээгүй байхад анхан шатны шүүх Монгол улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан заалт ба салбар хуулийн зохицуулалтыг үндэслэн гэм буруутайд тооцсон энэ байдлаас харахад энэ хэргийг анх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн “Хүүхдийн эрх зөрчих” гэсэн заалтыг үндэслэн зөрчилд холбогдуулан М.А-ыг шалгаж байсан нь энэ маргаан бүхий үйлдэл нь зөрчлийн шинжтэй хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл байсан нь анхан шатны шүүхийн дүгнэлт хийсэн үндэслэлээс илт тогтоогдож байна. М.А нь бусдыг тодорхой үйлдэл хийх болон хийхгүй байхыг шаардсан мөн хэн нэгний хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулах баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн шинжтэй үйлдэл хийсэн эсэх мөн хэлсэн үг нь бодит байдлаар биелэгдэх хэмжээний заналхийлсэн шинжтэй үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар яаж нотлогдсон эсэх нь тодорхой бус насанд хүрээгүй хохирогч О.А-д хууль бус ямар шаардлага тавьсан эсэх нь хангалттай нотлогддоггүй.
Анхан шатны шүүх М.А-ыг заналхийлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон атлаа шийдвэрийнхээ үндэслэлд гэмт хэргийн шинж бүхий нотолгоог нарийвчлан тайлбарлахгүйгээр гэм буруутайд тооцсон нь М.А-ын шудрага шүүхээр шүүлгэх эрх нь хөндөгдөж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг дахин магадлаж, М.А-д холбогдох 2516001160140 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу гаргаж байна.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М.А-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. М.А нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр насанд хүрээгүй хохирогч О.А-ийн дадлага хийж байсан газар болох “*******” ресторанд уулзсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх үйлдэл нь иргэд хоорондын гэр бүлийн харилцааны маргаан байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл М.А нь насанд хүрээгүй хохирогч О.А-ийг заналхийлсэн, ямар нэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан, хүч хэрэглэсэн үйл явдал тогтоогдоогүй гэж үзэж байна.
Насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Насанд хүрээгүй гэрч Е.Б, М.Б, Б.Н нарын мэдүүлгүүд нь байрны жижүүр, ангийн багш гэх хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авсны дараа буюу насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэгт гэрчийг оролцуулж мэдүүлэг авсан байдаг. Дээрх насанд хүрээгүй гэрчүүд Б.Н, М.Б, Е.Б нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх баримтууд гэж үзэж байна. Мөн ангийн багш, байрны жижүүр гэх хүмүүсийг нотлох, тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, албан газрын үнэмлэх огт байхгүйг шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарч өгнө үү.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгч М.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт яллах талыг баримталж хэргийг тал бүрээс нь нягт нямбай үнэлж дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй. Энэ хүн энэ хэргийг хийсэн юм байна гэсэн байр сууринаас хандсан. Анх Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г надад танд гомдол ирсэн байна. Хүүхдийн эрх зөрчсөн гэдэг зүйл ангиар зөрчлийн хэрэг үүсэж байна гэсэн. Гэтэл тодорхой хугацааны дараа таныг яллагдагчаар татсан тогтоол ирсэн ирж танилц гэсэн. Хэргийн материалтай танилцахад процессийн алдаа нилээдгүй байсан. Насанд хүрээгүй гэрч Б.Н-ыг насанд хүрсэн гэж мэдүүлэг авсан. Манай нөхөр Н.О-т хууль сануулаагүй мэдүүлэг авсан. Мөн манай нөхрийг Жаргалан суманд албан ажлаар явж байхад мөрдөн байцаагч Г нь байцаалт аваагүй байж авсан гэж Жаргалан сумын хэсгийн төлөөлөгч дээр очуулж байцаалт авсан гэж гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүх уг хэргийг захирамжаар буцааж дээрх алдааг нь мөрдөгчөөр засуулж тухайн үед байхгүй байсан 3 гэрч гаргаж ирж намайг гэм буруутайд тооцсоноос харахад анхнаасаа яллах байр суурьтай байсан нь илт мэдрэгдэж байна. О.А-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, өмгөөлөгч Д.А нар нь намайг гүтгэж, дайрч доромжилсон. Шүүгч Б.О нь П-тай ярьсан уу? хэргийн талаар мэдэхгүй П яагаад мөрдөгчид ингэж хариулаад байгаа юм бэ? гээд зандрангуй дээрэнгүй хүнлэг бус харьцаж байсан. Миний тухайд О.А-тэй хүн ёсны тухайд л уулзсан. Түүнийг ямар нэгэн байдлаар дарамтлаагүй, заналхийлээгүй. Санаатайгаар хүнийг гэмт хэрэгтэн, ялтан болгох гэж ингэж улайран дайрч, үгсэн хуйвалдсан байж ч болзошгүй байна. О.А-д магадгүй ээж О нь нөлөөлсөн байх гэж би бодож байна. О нь О-аас салсан болохоор хувийн өс хонзонгоор ингэж хандаж байгаа байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж надад холбогдох энэ хэргийн үнэн зөвийг олж хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

4.1. Шүүгдэгч М.А нь насанд хүрээгүй хохирогч О.А-ийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн “О.А” нэртэй өөрийн фейсбүүк хаягтаа “хамгийн сайхан мэдрэмж бол хүлээн суугаа аав, ээж дээрээ очих мэдрэмж” гэсэн аавыгаа санахаар гэх бичиглэлтэй, уурга барьж, морь хөтөлсөн хүний зурагтай **********, ********** гэх хүмүүсийг дурдаж оруулсан постноос болж маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүний дадлага хийж буй “*******” ресторанд очиж, түүнтэй уулзан миний нэр төрд халдлаа, чиний буруу, сургуулиас чинь гаргана, дадлага хийлгэж буй газраас чинь гаргана гэх зэргээр тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн байна.

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1. Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “…2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нүүр номондоо өөрийнхөө төрсөн аав О, ээж О нарыг mention хийгээд аав, ээж нартаа хандсан үгтэй пост оруулчихаад 8 цагийн дараа устгасан. Маргааш өглөө нь буюу 2025.04.07-ны өглөө 08 цаг 30 минутад миний төрсөн аав О нь миний гар утас руу залгаад ямар учиртай пост оруулсан юм бэ дахин ийм зүйл битгий хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавдаа за гэж хэлээд тэр оруулсан постоо устгачихсан юм. 2025.04.07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ************* ярьж байна гэж хэлээд А гэдэг хүн ярьсан. Тэгээд тэр хүн эгч нь чамаас асуух зүйл байна. 5 минут уулзах боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад одоо уулзах боломж байхгүй байна. Дадлагын хичээлдээ орох гэж байна гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэр хүн 99******** гэсэн дугаараас залгаж ярьсан. Тэр хүн миний гар утас руу олон удаа залгаад байсан болохоор би ******* ресторанд дадлага хийж байна гэж хэлсэн чинь тэр А гэдэг хүн ******* ресторанд ирж надтай уулзсан. Тэгээд тэр А гэдэг хүн надад хандаад чи ямар учиртай хүүхэд болоод өөрийн фэйсбүүк хаягт эцэг эхдээ хандсан пост оруулж байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд чи миний нэр төрд халдлаа гэж хэлсэн. Өглөө ажилдаа орох үед манай ажлын хүмүүс танай нөхөр чинь 2 амьдралтай юм уу гэж асуугаад байсан. Энэ бол чиний буруу гэж хэлсэн. Тэгээд би тэр А гэдэг хүнээс айсандаа болоод би тэр постыг оруулаагүй. Манай найз оруулсан юм гэж худлаа хэлчихсэн юм. Манай аав О манай ээж О-ээс салаад 13 жил болж байгаа юм. Тэгээд тэр А гэдэг хүнтэй хамт амьдарч байгаа юм байна лээ. Тэгээд тэр А гэдэг хүн нь миний тэр постыг харчхаад надад муухай хандаж “сургуулиас чинь хөөлгөнө” гэж заналхийлсэн. Мөн “дадлага хийж байгаа газраас чинь халуулж чадна” гэх мэтээр хэлж дарамталсан. А гэдэг хүн намайг өөрийнхөө автомашинд оруулж суулгаад надтай ярилцаж байхдаа би танай аав, ээж 2 ямар шалтгааны улмаас салсныг би мэдэхгүй байна. Би чиний амьдралын түүхийг намтартай чинь мэднэ. Танай аав чинь надтай амьдарч байх хугацаандаа өөр эмэгтэй хүнтэй хонож, өнжөөд буудал хэсээд явж байдаг. Бас сүүлийн 3-4 хоног гадуур архи ууж яваад гэртээ ирсэнгүй гэж хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй болохоор хариу үг хэлээгүй юм. Тэр А гэдэг хүн чи ааваасаа хэдэн төгрөг авсан бэ, аавтайгаа хэдэн удаа уулзсан бэ? гэх мэтээр сонин сонин зүйл асуугаад байсан. Би асуултынх нь дагуу хариулж хэлсэн. Тэр А гэдэг хүний гар утсан дээрээ миний зургийг аваад бичлэг хийж байсан. А нь надаас асуусан бүх зүйлсээ бичлэг хийж авч байсан. А гэдэг хүн намайг зодож цохин биед халдсан зүйл байхгүй. Тухайн үед А гэдэг хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм шиг байсан. Би тэр хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж бодохгүй байна. Тухайн үед манай ангийн хүүхэд болох Б.Н байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (ХХ 40),

5.2. Хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би О.А, Н.О нарыг танина. О.А нь манай төрсөн хүүхэд, Н.О нь манай нөхөр байж байгаад одоо салаад 13 жил болж байна. М.А гэх хүнийг танихгүй. Би 2025 оны 04 дүгээр сард хөдөө мал дээр байж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 09-ний үед өөрийн охин О.А-тэй утсаар ярьсан. Манай охин фейсбүүкийн нүүр номдоо өөрийнхөө төрсөн аав О, ээж О нарыг mention хийгээд аав, ээж нартаа хандсан үгтэй пост оруулсан чинь *********** ярьж байна гэж хэлээд надтай А гэх хүн ******* ресторанд ирж уулзаад чи ямар учиртай хүүхэд болоод өөрийн фейсбүүк хаягт эцэг эхдээ хандсан пост оруулж байгаа юм бэ? чи миний нэр төрд халдлаа. Өглөө ажилдаа орох үед манай ажлын хүмүүс танай нөхөр чинь 2 амьдралтай юм уу гэж асуугаад байсан. Энэ чиний буруу чамайг сургуулиас чинь хөөлгөнө гэж заналхийлсэн. Мөн “дадлага хийж байгаа газраас чинь халуулж чадна” гэх мэтээр хэлж дарамталсан гэж надад хэлээд би энэ талаар мэдээд цагдаад охин О.А-өөр өргөдөл гаргуулсан юм. А гэдэг хүн манай хүүхэд О.А-ийг зодож цохин биед халдсан зүйл байхгүй. Хэл амаар доромжлоод сургууль болон дадлага хийж байгаа газраас чинь хөөлгөнө гэж хэлээд заналхийлээд айлган сүрдүүлсэн байсан. Тухайн үед дадлага хамт хийж байсан ангийнх нь нэг хүүхэд хажууд нь байсан гэж манай охин О.А надад хэлсэн. А гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэх мэдүүлэг (ХХ 42),

5.3. Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.А нь миний төрсөн охин байгаа юм. Би эхнэр Ц.О гэдэг хүнээс 2014 онд салаад 2017 оноос одоог хүртэл М.А-тай хамт амьдарч байна. Би М.А гэдэг хүнтэй 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Ц.О гэдэг хүнээс 2014 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулж байсан юм. Ц.О-ээс салахдаа охин О.А-ийг ээжийнх нь халамжид үлдээгээд би хүүхдийнхээ тэтгэмжийг цаг тухай бүрд нь төлдөг байсан. Би хүүхдийнхээ тэтгэмжийг бүрэн төлж барагдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хаалгасан юм. Одоогоор надад ямар нэгэн хүүхдийн тэтгэмжийн маргаан байхгүй юм. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би бага зэрэг архи уучихаад халамцуу байх үедээ охин О.А-тэй гар утсаар нь ярьсан. Тэгээд миний охин маргааш нь өөрийн фейсбүүк хаягт аав, ээж хоёртоо хандсан пост оруулсан гэсэн. Би тэр постыг нь хараагүй юм. Тэгсэн чинь М.А нь манай охины оруулсан постыг харчихаад чи хуучин эхнэр дээрээ очоод байгаа юм уу гэж хэлээд над руу уурласан. Тэгэхээр нь М.А-д би өөрийнхөө төрсөн охинтойгоо гар утсаар ярьдаг нь үнэн. Тэр хүн бид 2 одоо тус тусдаа амьдралаа зохиогоод явж байгаа болохоор надад Ц.О-тэй ярих шаардлага байхгүй гэдгээ М.А-д хэлсэн. Тэгтэл М.А нь ойлгохгүй чи худлаа яриад байна гэж хэлээд уурлаад байсан юм. ...Би сүүлд нь М.А-аас сонсож мэдсэн. М.А нь өөрөө надад би танай охин О.А-тэй уулзсан гэж хэлэхээр нь мэдсэн. М.А нь үүнээс өөр зүйл надад хэлээгүй юм. ...Би охин О.А-тэй үе үе холбогддог нь үнэн юм. Би өөрийн ганц охин хүүхэдтэй холбоотой байх нь буруу зүйл биш гэж бодож байна. Би охиндоо шаардлага гарсан үед нь 20,000-30,000 төгрөг өгдөг нь үнэн. Энэ мөнгийг би охиндоо 3-4 удаа өгсөн. Үүнээс өөр мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй...” гэх мэдүүлэг (ХХ 45-47),

5.4. Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн нас тоолсон тэмдэглэл (ХХ 36),
5.5. Гэрч С.А-ийн нэмэлт ажиллагааны үед өгсөн “…2025 оны хэдэн сарын хэдний өдөр болохын мэдэхгүй байна. 2025 оны хавар манай ангийн хүүхэд О.А надад манай аавын одоо хамт амьдарч байгаа эхнэр нь намайг дарамтлаад байна. ****************** ажилладаг А гэдэг хүн гэж хэлээд нэг эмэгтэй хүний зураг үзүүлээд би одоо цагдаад өргөдөл өгсөн байгаа гэж хэлж байсан. Би яг юунаас болж манай ангийн хүүхдийг дарамталсан талаар мэдээгүй. Тухайн үед надад цагдаад хэлсэн гэж хэлэхээр нь би юм хэлээгүй тэгвэл цагдаагийн байгууллага шийдээд өгөх байх гэж хэлсэн. Надад яг юу гэж хэлж дарамталсан талаар юм хэлээгүй. О.А нь манай ангийн ********** зан чанарын хувьд тогтвортой, харилцаа хандлага сайн хичээл номондоо сайн саяхан мэргэжлийн уралдаанд яваад тусгай байранд орсон худлаа хэлдэггүй, шударга, бусдыгаа манлайлж зохион байгуулах чадвартай хүүхэд байгаа юм…” гэх мэдүүлэг (ХХ 183),

5.6. Насанд хүрээгүй гэрч Б.Н-ын нэмэлт ажиллагааны үед өгсөн “…Би одоо хэдэн сарын хэднээс дадлага хийж эхэлснээ сайн санахгүй байна. Говь-Алтай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” ресторанд дадлага хийгээд хэд хонож байсан юм. 2025 оны 04 дүгээр сарын 07-нд 14 цагийн үед “*******” ресторан дээр О.А бид хоёр очоод дадлагаа хийгээд байж байсан чинь манай “*******” рестораны захирал Э, О.А чамтай хүн уулзъя гэж байна гэж хэлсэн чинь О.А гарч яваад 20 минут болсон байх буцаж орж ирээд надад одоо манай аавын хамт байгаа эхнэр нь байна. Би өөрийн төрсөн аав болох О, төрсөн ээж О нарт хандаад фэйсбүүк хаягандаа mention хийсэн чинь намайг чи яагаад фэйсбүүк хаягандаа аав, ээж хоёртоо хандсан пост оруулаад mention хийж байгаа юм бэ гээд байхаар нь би тэр эгчээс айгаад манай найз миний гар утсаар фэйсбүүк хаягт аав, ээжид хандаад пост оруулсан байсан гээд худлаа хэлсэн чинь тэр хүүхэдтэйгээ намайг уулзуулаадах гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед байж байсан чинь О.А нөгөө эгч гадаа ирсэн байна гэж хэлээд ******* рестораны гадаа гарсан чинь цагаан өнгийн приус- *** маркийн тээврийн хэрэгсэл дотор танихгүй эгч байсан би машинд орсон чинь надаас тэр эгч О.А-ийн гар утсаар чи ээж, аав хоёрт нь хандаад фэйсбүүк хаягт нь mention хийсэн хүүхэд мөн юм уу гэж надаас асуухаар нь би хийсэн юм надыг уучлаарай би О.А-ийн аав, ээжийг салсан талаар мэдээгүй гэж хэлсэн чинь тэр эгч манай найз О.А рүү чи миний нэр төрд халдлаа, өглөө ажилдаа орох үед манай ажлын хүмүүс танай нөхөр хоёр амьдралтай юм уу, А-аа гээд асуугаад байна энэ чиний буруу танай аав ээж хоёр юунаас болж салсан талаар би мэдэхгүй, чиний амьдралын түүхийг чинь мэднэ. Танай аав чинь хэдэн хиртэй хувцастай ирж байсан. Сүүлийн 3-4 хоног архи уугаад гэртээ ирж хоноогүй гэх мэтээр манай найз О.А рүү янз бүрийн зүйл ярьж байгаад эхлээд сургууль дээр чинь очоод захирлын өрөөнд чинь дуудаж байгаад үе тэнгийнхний чинь хажууд сургуулиас чинь гаргана мөн энэ дадлага хийж байгаа газраас чинь гарна гэж хэлээд бид хоёрын зургийг утсаараа дараад бичлэг хийгээд цагдаа дээр уулзъя гэж хэлсэн. Тухайн үед тэр танихгүй эмэгтэй надад өөрийн нэрээ А би ************ ажилладаг надыг энэ Говь-Алтайд танихгүй хүн гэж байхгүй гээд байсан. Тухайн үед М.А нь О.А-ийг цохиж зодсон зүйл байхгүй. Би А-тай уулзахын өмнө орой манай найз О.А нь фэйсбүүк хаягтаа өөрийн аав О, ээж О нарыг mention хийгээд пост оруулсан байсан би тухайн үед зүрх дараад өнгөрсөн яг юу гэж бичсэн байсныг анзаараагүй. Би тухайн постыг өөрийн найз О.А-ийн фэйсбүүк хаягнаас нь оруулаагүй манай найз өөрөө оруулсан юм. ******* ресторанд дадлага хийж байхад манай найз гаднаас орж ирээд би фэйсбүүк хаягнаасаа өөрийн аав О, ээж О нарыг mention хийгээд пост оруулсан чинь манай аавтай одоо хамт амьдардаг эгч ирээд надыг яагаад пост оруулсан юм бэ гээд байхаар нь би айгаад манай ангийн хүүхэд миний утсыг аваад оруулсан гээд хэлсэн чинь тэр хүүхэдтэй нь уулзъя гээд байна чи уулзаад би оруулсан гээд хэлээд өгчих гэхээр нь би тэр эгчид А-ийн утсыг аваад аав, ээжид нь хандсан пост оруулсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг (ХХ 185-186),

5.7. Хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн нэмэлт ажиллагааны үед өгсөн “…2025 оны 04 сарын үед манай охин О.А над руу утсаар яриад надыг “*******” ресторанд дадлагаа хийгээд байж байсан чинь ***************- аас А гэдэг хүн надтай утсаар яриад ирж уулзаад машиндаа оруулаад хэл амаар доромжлоод сургууль, байр, дадлагаас чинь хөөлгөнө аав О-тайгаа хэдэн удаа уулзаж мөнгө авсан гээд байна гэж надад хэлсэн. Тухайн үед М.А нь ********** сумд байдаг одоо миний хамт амьдарч байгаа нөхрийн эгчийнх нь охин болох П гэх хүнтэй холбоо барьж миний нөхөр болон миний амьдралыг судалж архи уудаг уудаггүй одоо ямар ажил эрхэлдэг талаар асууж лавлаад манай охин А-ийн дугаарыг авсан байсан. Тухайн үед П надад хэлэхдээ *************-аас А гэдэг хүн яриад таны амьдралыг судлаад охин А-ийн дугаарыг авсан гэж хэлсэн. Би болон манай охин А бид хоёр өмнө халамжийн байгууллагад ямар нэгэн өргөдөл хүсэлт өгч байгаагүй. 2025 оны 02 сард ***************-аас надыг өрх толгойлсон эмэгтэй болохоор өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа авч байна гэж **************-аас хүн ирж судалгаанд хамруулж байсан. Тэрнээс өөр судалгаа өгч байгаагүй…” гэх мэдүүлэг (ХХ 189),

5.8. Гэрч Н.О-ын нэмэлт ажиллагааны үед өгсөн “…2025 оны 04 дүгээр сард манай эхнэр М.А надтай утсаар холбогдож манай төрсөн охин О.А-ийн дугаарыг авсан одоо яг хэдэн сарын хэдний өдрийн санахгүй байна. Тухайн үед манай охин О.А олон нийтийн сүлжээнд миний нэрээр пост оруулсан байна гэж хэлээд тэр үед надаас О.А-ийн дугаарыг авсан. Би тухайн үед гэртээ хоноогүй байсан болохоор өглөө нь манай эхнэр М.А над руу утсаар яриад танай охин О.А олон нийтийн сүлжээнд чиний нэрээр пост оруулсан байна гэж хэлээд надаас О.А-ийн дугаарын авсан юм…” гэх мэдүүлэг (ХХ 191),

5.9. Гэрч П.П-ийн нэмэлт ажиллагааны үед өгсөн “…Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй, мэдүүлэг өгөхгүй. Миний бие А гэдэг хүнд О.А гэх хүний утасны дугаарыг өгөөгүй. Юу болсон талаар мэдэхгүй байна. Мөн А гэдэг хүн нь манай нөхрийн садан төрлийн хамааралтай хүн байгаа юм…” гэх мэдүүлэг (ХХ 196),

5.10. Насанд хүрээгүй гэрч Е.Б-ийн нэмэлт ажиллагааны үед өгсөн “…Манай ангийн А, Н хоёр хүнтэй уулзана гэж хэлээд ******* ресторанаас гарч яваад гадаа хэр удаан байсныг мэдэхгүй байна. А гаднаас уйлаад ороод ирсэн. Тухайн үед юу болсон талаар асуухад А манай аавын эхнэр нь надтай уулзаад намайг элдэв үгээр доромжлоод миний зургийг дараад цагдаад өгнө сургуулиас чинь гаргана гэж хэлээд надыг дарамтлаад байна гэж хэлж байсан. Тэгээд А уйлж байгаад бие нь өвдөөд байна гэж хэлээд явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Надад А гэх хүний талаар яриагүй А нь дадлага хийж байгаад хүнтэй уулзана гэж хэлээд Н-ын хамт гараад явсан буцаж ******* ресторанд орж ирэхдээ уйлсан байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад А манай аавын эхнэр нь надтай уулзаад намайг элдэв үгээр доромжлоод миний зургийг дараад цагдаад өгнө сургуулиас чинь гаргана гэж хэлээд надыг дарамтлаад байна гэж хэлж байсан. Хүний нэр хэлээгүй манай аавын эхнэр гэж хэлж байсан. Би А-ийн уулзсан хүнийг хараагүй. А нь ******* ресторанд дадлага хийж байгаад Н-ын хамт хүнтэй уулзана гэж хэлээд гарч яваад буцаж орж ирэхдээ уйлсан байсан болохоор уулзсан хүн нь ******* рестораны гадаа ирж уулзсан байх би хараагүй…” гэх мэдүүлэг (ХХ 199-200),

5.11. Насанд хүрээгүй гэрч М.Б-ын нэмэлт ажиллагааны үед өгсөн “…О.А нь дадлага хийж байгаад хүнтэй уулзана гэж хэлээд Н-ын хамт гараад явсан буцаж ******* ресторанд орж ирэхдээ уйлсан байсан. Тухайн үед юу болсон гэхэд манай аавын эхнэр нь ирж уулзаад янз бүрийн үгээр хэлээд миний зургийг дараад цагдаад өгнө гээд чи гэр бүл үймүүлээд байна гэсэн утгатай зүйл хэлсэн гэж надад хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Би О.А-ийн уулзсан хүнийг хараагүй. О.А нь “*******” ресторанд дадлага хийж байгаад Н-ын хамт хүнтэй уулзана гэж хэлээд гарч яваад буцаж орж ирэхдээ уйлсан байсан болохоор уулзсан хүн нь “*******” рестораны гадаа ирж уулзсан байх би хараагүй...” гэх мэдүүлэг (ХХ 202-203),

5.12. Гэрч Ж.Э-ийн нэмэлт ажиллагааны үед өгсөн “…Би О.А гэх хүнийг танина. Манай ******* ресторанд одоо хэдэн сард байсныг мэдэхгүй хэдэн хоног дадлага хийж байсан. М.А гэх хүнийг зүс танина. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний ажиллуулдаг ******* ресторанд Д.А мөн ангийнхан нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүүхдүүд дадлага хийж байсан. Би одоо тухайн өдөр М.А гэх хүн ирж уулзсан талаар мэдэхгүй байна гэхдээ яг хэзээ гэдгийн санахгүй байна О.А нь урвайгаад дуу муутай байхаар нь А-өөс асуусан чинь надад би ээж аавынхаа зургийг юм уу нэг юмыг сторидоо тавьсан чинь манай аавтай одоо суусан эхнэр А гэх хүн намайг загнаад байна гэсэн юм хэлж байсан одоо санахгүй байна. Би одоо тухайн үед надаар О.А-ийг хүн дуудуулсан талаар санахгүй байна. Би хэдний өдөр гэдгийн санахгүй байна. Манай ******* рестораны гадна билүү дотор талд А нь харагдсан яг О.А гэх хүүхэдтэй уулзаж байхыг хараагүй…” гэх мэдүүлэг (ХХ 205-206) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин магадлаж, М.А-д холбогдох 2516001160140 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б “…Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү…” гэж, 
Шүүгдэгч М.А “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж надад холбогдох энэ хэргийн үнэн зөвийг олж хүчингүй болгож өгнө үү…” гэж тус тус давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэрэг нь гэмт этгээд бусдаар өөрийн хүсэл зоригт нийцсэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг,  энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг, мөн заналхийлсэн хор уршгийг бодитой учруулсан, тухайн заналхийлж буй этгээд тухайн үйлдлээ гүйцээж чадах эрх мэдэл, албан тушаалтан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ. 

6.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч М.А-ыг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6.5. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

6.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
6.7. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
6.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
6.9. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялын зөв, зохистой төрөл хэмжээг сонгон оногдуулах, түүний үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах нь хуулийг тайлбарлан хэрэглэх үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг мөн.
6.10. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

6.11. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч М.Э, Д.Б нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч М.Э, Д.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                      ШҮҮГЧИД                            Б.НАМХАЙДОРЖ

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ