Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1029

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Шүүгдэгч Н.Днарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Доржсүрэнг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806045471228 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Днь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 298 тоотод Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрдалайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

Н.Днь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 298 тоотод Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрдалайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Н.Днь хохирогч Э.Дэлгэрдалайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...дуудлага мэдээлэл аваад цагдаагийн дэслэгч П.Саруул-Одын хамт очиход нэг эрэгтэй хүн биднийг тосч аваад болгоомжтой байгаарай дотор 4 хүн байгаа би дуудлага өгсөн юм гэж хэлж байсан. ...намайг юу болсон талаар асуугаад зогсож байсан чинь биднийг тосч авсан эрэгтэй шууд бөгжтэй байсан баруун гараараа миний баруун талын нүд рүү 1 удаа цохисон. Энэ үйл явдал болсоны дараа дэслэгч Саруул-Одтой хамт уг этгээдийг барьж 2 гарыг нь гавлаад тээврийн хэрэгсэлдээ суулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст авч ирсэн. Ар гэрийнхэн нь наад хүн чинь архи уухаараа бид нарыг дарамтлаад байдаг юм. Цагдаа цохино гэж ёстой бодсонгүй гэж хэлж байсан гэх мэдүүлэг/хх-6-8/,

 

Гэрч Ч.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...манай нөхөр Дгаднаас гэртээ согтуу орж ирсэн. Өмнөх нь миний охин Бямба-Амгалан залгаад аав нэг хүүхэн хөтлөөд явж байна. Манай ажлын хажуугаар та аавд хэлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэн шуухан дагуулж хүүхдийн албан газрын хажуугаар яагаад яваад байдаг юм бэ, өөрийгөө зөв авч яваач гэж хэлсэн. Нөхөр ер нь уурлаад чанга дуугараад цохих гээд дайраад байхаар нь охин, хүргэн хоёрыгоо дуудсан. ...нөхөр гарч яваад 2 цагдаа дагуулж орж ирээд 2 цагдаа амрыг эрье гэж хэлсэн. Бид нар болсон асуудлыг хэлэх гэсэн чинь яах ийхийн завдалгүй нөхөр цагдаагийн нүүрэнд цохиод авах шиг болсон. Тэгтэл тэр цагдаагийн баруун хацар нь халцараад цус гарсан. Цагдаа тухайн үед нөхрийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

Гэрч Д.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... цагдаа нар "Амрыг эрье юу болоод байна вэ" гэж асуугаад бид нар яг хариулах гэж байтал аав баруун гараараа зүүн гар талдаа зогсож байсан цагдааг нүүр лүү нь цохих шиг болсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч П.Саруул-Одийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тухайн хүн "болгоомжтой ороорой" гэж хэлсэн. Ороход гэрт 4 хүн зүүн хойд буланд орон дээр зэрэгцээд сууж байсан. Би тухайн хүмүүсээс юу болсон талаар асуухад үүдэнд зэргэцээд зогсч байсан нөгөө биднийг тосч авсан хүн үгийн зөрөөгүй Дэлгэрдалайг нүүрэн тус газар нь гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 6492 дугаартай:

Э.Дэлгэрдалайн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2018 оны 05 сарын 19-нд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/

 

Шүүгдэгч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 19-ны өдөр би найзтайгаа 2 шил архи уучихсан байсан юм. Гэртээ ороход манай эхнэр урдаас хүүхэнтэй явлаа гээд гэр бүлийн маргаан үүссэн. Тэгээд би ингэж хэрэлдэж байхаар цагдаа дуудаад намайг баривчилуулчих гэж хэлээд уурлаад өөрийн утсаар 102-т залгаж дуудлага өгсөн бөгөөд цагдаа дуудахдаа "энд 4-н хүн зоож нүдээд дээрэлхээд алчих гээд байна" гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж байгаа нь алаг тэрэгний дуугаар би мэдээд өөрөө гарч тосч авсан. Тэгээд гэртээ дагуулаад орсон. Тэр үед би жаахан бухимдалтай байсан бөгөөд тухайн 2 цагдаа дуудлага өгсөн хүн нь хаана байна гэхээр нь би дуудлага өгсөн гэж хэлсэн бөгөөд нөгөө цагдаа нар нөгөө хүмүүс чинь хаана байна гэхээр нь би "би дуудлага өгсөн юм" гэж хэлсэн. Тэгээд гэрлүүгээ дагуулаад орсон бөгөөд түрүүлж цагдаа нар орсон ардаас нь би ороод тэр цагдаа нар үүдэнд зогсохоор нь би голд нь орж зогоссон. Тэр цагдаа нараас нэг нь "хэн нь агсан согтуу тавиад байна" гэж асуухад би "би” гэж хэлээд шууд зүүн талд зогсож байсан цагдааг нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг л удаа цохисон. Тэгсэн хажуу талд нь байсан цагдаа намайг бариад авсан. Харин нөгөө цагдаа наана бас миний нэг гарнаас бариад авсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-3/, хохирогчийн хохирол барагдуулж авсан тухай хүсэлт /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч Н.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээний болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт /хх-ийн 24-28/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.       

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Днь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Дг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Днь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Доржсүрэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Н.Доржсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ