Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1074

 

 

 

 

 

 

 

 

   2018        07          27                               2018/ШЦТ/1074

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

насанд хүрээгүй хохирогч Б.Роза, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Оюун,

шүүгдэгч Р.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Р.Батдуламыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806040341250 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр 1-19826 тоотод насанд хүрээгүй Б.Розаг зээ Золзаяаг уруу татлаа гэх шалтгааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Батдуламд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806040341250 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Р.Бнь насанд хүрээгүй хохирогч Б.Розагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Розагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найз Золзаяагийн эмээ нь үгийн зөрүү байхгүй шууд намайг цүнхээрээ цохисон. Тэгэхээр нь би яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуутал чи манай хүүхдийг буруу замаар явууллаа гэж хэлээд үснээс зулгаагаад чирээд хөлөөрөө хөл рүү өшиглөсөн. Нуруу рүү хөлөөрөө өшиглөөд чи дахиж манай охинтой нийлээд үзээрэй. Манай охин ийм байгаагүй гэж хэлээд гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 8/

 

Гэрч Д.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би нэлээн орой гэртээ иртэл манай охин Роза ээж тантай юм ярих гэсэн юм гэхээр нь би юу болсон талаар асуухад дараа хэлье гэж хэлээд хэлэлгүй өнгөрсөн. Дараа нь ээж Золоогийн эмээ намайг гэртээ зодсон гэж хэлсэн. Би ямар учраас зодож байгаа талаар асуусан чинь бид хоёрыг нийлж гадуур явлаа гэж зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Гэрч Д.Нямхандын мөрдөн байцаалтад өгсөн:

...гэртээ иртэл охин Золзаяа найз Роза охины хамт байсан. Би охин Золзаяаг хичээлдээ явахгүй хаагуур яваад байгаа талаар асуухад миний буруу гэж уучлалт гуйсан. Тэр үед эмээ нь гаднаас орж ирээд нөгөө уруу татаад байдаг охин чинь мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь мөн гэж хэлтэл өөдөөс нь хэрэлдэхээр нь чи өөдөөс хэрэлддэг хэн бэ гэж хэлээд хувцаснаас нь татаад орны өөдөөс сөхөрч суулгаад 2 удаа алгадаж байсан. Мөн зузаан гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байхыг харсан гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5802 дугаартай:

Б.Розагийн биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/,

 

Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 04 сарын 30-ны өдөр би зээ охин Золзаяагийн багш “танай охин чинь Сэлэнгэ аймгаас ирсэн Роза гэх охинтой нийлээд хичээл хийхгүй 5 дахь өдөр болгон чөлөө авдаг гэж хэлээд Роза гэх хүүхэдтэй нийлээд сурлага нь муудаад байна” гэж хэлсэн. Гэрт иртэл зээ охин Золзаяа найз Роза гэх охины хамт ирчихсэн байсан. Манай охин Нямханд охин Золзаяаг загнаад байж байсан ба би гаднаас орж ирээд нөгөө дагуулаад байдаг охин мөн үү гэж асуутал Роза юу гээд байгаа юм. Би уруу татсан юм уу өөрөө хүний үгэнд ордоггүй шүү дээ гээд чангаар хэлэхээр нь би уурандаа нэг удаа алгадаж чи ээжийнхээ утсыг өг, яримаар байна. Ээжийгээ дууд гэж хэлэхэд яах юм гээд дуудаагүй. Тэгээд миний урдаас хэрэлдээд байхаар нь би уурандаа куртикнээс нь татах үед үс нь зулгаагдсан. Би доош тонгойлгоод хоёр удаа шалны хулдаас мөргүүлсэн. Тэр үед охин Нямханд ээж наад охиндоо битгий гар хүр гэж хэлэхээр нь би зодоогүй. Өөдөөс хэрэлдээд байна гэж хэлээд бүдүүн гуя хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд суу гэж хэлээд орон дээрээ суулгаад юм ярьж байгаад гарч явсан гэх мэдүүлэг /хх 40-41/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-4/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Р.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 27-р хорооны тодорхойлолт /хх-ийн 27-30/, хохиролын талаархи баримтууд /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Батдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Р.Бын иргэн Б.Розагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч нь нийт 320.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар нотлогдсон байх учир шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогч нарын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баас гурван зуун хорин мянган төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ