| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0301/Э |
| Дугаар | 383 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Батхишиг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 383
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,
улсын яллагч Б.Батхишиг,
хохирогч Б.М
иргэний нэхэмжлэгч Б.Ц, Н.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ /ҮД:0-456/,
иргэний хариуцагч Э.Б,
яллагдагч Б.Ө, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар /ҮД:2-323/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар О овогт Б.Ө-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1734005040165 дугаартай, 187/2018/0301/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О овогт Б.Ө
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 16 цаг 45 минутын орчимд .... аймгийн ....... сумын нутаг дэвсгэр, .......-н замд ................ компанийн эзэмшлийн .......... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Г-н жолоодож явсан иргэн Н.Т-н эзэмшлийн ....... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч 1 нас 6 сартай Н.М, жолооч Б.Г нарын амь нас хохирсон, зорчигч О.А, Р.Б, 2 настай Н.Э нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.М, 15 настай Ж.Н, Д.Н, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Л.С-н эрүүл мэндэд хөнгөн, .......... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.575.000 төгрөгийн шууд, 4.905.000 төгрөгийн нийт, ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 23.930.000 төгрөгийн шууд, 27.500.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 16 цаг 45 минутын орчимд ....... аймгийн ........ сумын нутаг дэвсгэрт “..........” ТӨХК-ийн эзэмшлийн ..... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчин гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ урдаас буюу өөрийн зөвшөөрөгдсөн эгнээнд зорчиж явсан иргэн Н.Т-н эзэмшлийн хохирогч Б.Г-н жолоодож явсан ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 1 нас 6 сартай Н.М, жолооч Б.Г нарын амь насыг хохироон, зорчигч О.А, Р.Б, 2 настай Н.Э нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.М, 15 настай Ж.Н, Д.Н, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Л.С-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, ..... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.575.000 төгрөгийн шууд, 4.905.000 төгрөгийн нийт, ....... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 23.930.000 төгрөгийн шууд, 27.500.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед гүйцэж түрүүлэх тооцоо алдаж, өөрийн болгоомжгүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас болон олон хүмүүсийг хохироож гэмтээсэндээ маш их харамсаж байна...Үзэгдэх байдал хэвийн байсан...Би урдаас ирж байгаа машиныг хараад амжина гэж тооцоо алдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед харагдах орчин хэвийн байсан. Машины тоормос, мөр болон бүх зүйл байсан. Зарим нэг албан тушаалтнууд ажлаа сайн хийж гүйцэтгээгүй. Дутуу ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа. Би нуруугаа гэмтээсэн байсан ч тухайн үед хэргийн газар байсан зүйлүүдийг гар утсаараа дарж авахаар оролдсон. Нөгөө машины хурдыг тооцоолох боломжгүй байсан. Урдаас ирж байсан машин маш их хурдтай ирсэн. Миний хань нөгөө машины хүнийг зөөж цайны газарт оруулсан байдаг. Хохирогч нараас учлалт гуйж байна. Нийт хохиролд төлж байгаа дүн 72.000.000 төгрөг болж байгаа. Талийгаач н.Г-н охины сургалтын төлбөрийг 4 жил төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний нөхөрт хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохиролд 13.380.000 төгрөг авсан. Өөр зүйл нэхэмжлээгүй. Миний хүү 2 хоног ухаантай байсан. Би эмнэлэгт байхад нь очоод хаалганы завсараар харахад миний хүүгийн дунд чөмөг гозойсон байсан. Хөл нь харагдахгүй байсан. Би хүүтэйгээ уулзаад “юу хийж явсан юм бэ, миний хүү” гэхэд хариу хэлээгүй. Дараа нь би хүүтэйгээ уулзахад миний хүү надад “ээжийгээ их саналаа” гэж хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Би эрүүл мэндээрээ их хохирч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Иргэний нэхэмжлэгч Н.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний ах машинаа цалингын зээлээрээ авсан байсан юм. Дүү нартаа машинаа өгөх санаатай байсан юм. Би ахыгаа алдсандаа харамсаж байсан. Миний ах сайн ах байсан. Би дахин 4.900.000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Тэр анх машиныг 9.000.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Иргэний хариуцагч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.../“........” маркын машины төлбөр 23.000.000 төгрөгийг танай байгууллага нэхэмжилж байна уу/...Нэхэмжлэхгүй.../Жолоочийн хариуцлагын даатгалын 5.000.000 төгрөгийг өгөх юм уу/...Шүүхийн шийдвэрийн дараа шүүгдэгч Б.Ө-д өгнө.../Иргэний нэхэмжлэгч Н.Т-н нэхэмжлээд байгаа 4.900.000 төгрөгийг танай байгууллагаас төлж барагдуулах боломжтой юу/...Зах зээлийн үнэлгээнд нь тохируулаад 4.900.000 төгрөгөөр нь машиныг нь авах боломжтой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
6. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 7-8/
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-19/
8. Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: “...... ТӨХК-н эзэмшлийн ....... маркийн ...... улсын дугаартай автомашин...жолоодож явсан Б овогтой Ө-г драйгер багаж үлээлгэн шалгахад 0,00% гарч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдов...” /1хх-ийн 31/
9. Хохирогч Ө.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 10 цаг 40 минутын үед ...... аймгийн ..... сумаас Улаанбаатар хот орох гээд албаны ...... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч Б.Ө, жолоочийн эхнэр Б.М, өөрийн охин Ж.Н, Ж.О нарын хамтаар гарсан...Б.Ө машинаа жолоодоод би хажууд нь суугаад миний арын суудалд охин Ж.Н хажуу талд нь Ж.О түүний хажууд Б.М нар суугаад явсан...би урд талын суудал дээр зүүрмэглээд явж байсан бөгөөд ..... аймгийн ...... сумын урд талд явж байтал машинд сууж явсан нэг хүн хөөе гээд орилохоор нь цочоод сэртэл өөдөөс ..... маркийн автомашин тулаад ирсэн бөгөөд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Нэг мэдсэн чинь замынхаа ертөнцийн зүгээр урд талын замын хажуу талын шуудуунд машины урд хэсэг баруун урагшаа харж миний сууж явсан тал буюу жолоочийн эсрэг талаар хажуу тийшээ хараад уначихсан байсан...Миний бие болон охин Ж.О-н биед одоогоор гэмтэл мэдэгдэхгүй байна. Харин охин Ж.Н-н зүүн гар нь хугарчихсан байна...Гадаа гэгээтэй үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан...манай машин нэг машин гүйцэт түрүүлэх гээд эсрэг эгнээнд явж байсан бөгөөд урсгал сөрж гүйцэт түрүүлж байхад өөдөөс машин орж ирээд мөргөдсөн...Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41/
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16 цаг 30 минутанд манай нөхөр талийгаач Б.Г би ...... сумын энд аваарт орчихлоо гээд өөрөө утсаар залгаж ярьсан юм...би түргэний машинд яваад очитол манай нөхөр ухаантай байсан ба миний нуруу өвдөөд байна гэж байсан. Тэгээд шууд ..... дүүргийн эмнэлэгт авч ирж эмчилгээ хийсэн юм...Тэгээд ..... дүүрэгт эмчилгээ хийж байгаад тэр өдөртөө Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн ба өглөө нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны...07 цагт ороход ухаан санаа нь цоо эрүүл би уг нь өөрийнхөө зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч яаж ч чадалгүй намайг ирээд дайрчихсан шүү, надад буруу байхгүй гэж ярьж байсан...тэгээд 11 дүгээр сарын 17-ны өдөр хагалгаанд орсон ба хагалгаа нь амжилттай боллоо гээд удаагүй 30 гаран минутын дараа өнгөрсөн юм...манай хүн ер нь 1990 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байсан хүн байгаа юм...буяны зардлыг хадам ээж бүгдийг гаргасан...Харин талийгаач маань зам тээврийн осолд ороод ...... дүүргийн эмнэлэгт хүргэгдэж ирээд тэндээсээ гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод 7 хоног хэвтэж эмчлүүлж байхдаа нас барсан, эмнэлэгт хэвтэж байхад нь гаднаас авсан эм тариа, шинжилгээний зардлын мөнгийг би гаргасан...хохирлын баримтын дагуу хохирлоо авна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-45, 2хх-ийн 96/
11. Хохирогч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Улаанбаатар хотод ажлаа амжуулаад 14 цагийн үед ...... дүүргийн Миний маркет дэлгүүрийн үүдэнд автобусны буудал дээр буухад нэг жолооч 7000 төгрөгөөр ...... шууд гарлаа гэхээр нь шууд суугаад хөдөлсөн. Тэгээд би суумагцаа унтаад өгсөн ба би арын суудалд буюу жолоочийн эсрэг талын хойно суусан юм...4 хүн 2-3 хүүхэд байсан санагдаж байна...нэг мэдсэн хэд хоногийн дараа...гэмтэлд сэрсэн ба...аваарт орсон байна гэдгээ мэдсэн...Тэр өдөр зам их гулгаатай байсан, өглөө бол их гулгаатай, харин өдөр нь буцахдаа унтаад өгсөн байсан юм...Тухайн эсрэг урсгалд орж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнд гомдолтой л байна. Мөн нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49/
12. Хохирогч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би охин О.А-н хамт Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгээд үдээс хойш .......-с ....... дүүрэг явах жижиг тэргэнд суусан...замдаа унтаад...ээжтэйгээ ...... орох гээд явна гэж утсаар хэлээд буцаад унтсан тэгээд нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн юм. Ослын талаар надад мэдэх зүйл огт байхгүй байна...Би охин О.А-г өвөр дээрээ аваад жолоочийн хажуу талд урд...суудал дээр сууж явсан юм...аваарын улмаас тархи хагарч 6 оёдол тавиулсан, чих сэтэрсэн, дээд үүдэн бүх шүд унасан, уруул бяцарсан, 7 хавирга хугарсан эмнэлэгт 2 хоног ухаангүй байсан...одоогоор эмчилгээнд 1.6 сая төгрөг ороод байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52, 2хх-ийн 141-142/
13. Насанд хүрээгүй хохирогч О.А-н хууль ёсны төлөөлөгч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.А-н төрсөн эцэг нь байгаа юм...Манай охин 12 хоног эмнэлэгт хэвтсэн...одоогоор 1.6 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56, 2хх-ийн 108/
14. Насанд хүрээгүй хохирогч Л.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний пүрэв гаригт Улаанбаатар хотоос ....... маркийн тээврийн хэрэгсэлд сууж ...... дүүрэг орохоор хөдөлсөн юм. Тээврийн хэрэгсэл дотор жолоочоос гадна 4 том хүн 3 хүүхэд зорчиж явсан ба би жолоочийн эсрэг талын хойд хэсэгт захад нь сууж явсан юм. Тэгээд .... аймгийн ..... сумын урд хэсэгт автобусны буудлын тэнд орж явтал эсрэг урсгалд миний харсанаар 2 том ачааны машин ирж явсан, тэгсэн гэнэт араас нь хар өнгийн жийп гүйцэж түрүүлж гарч ирээд хоёр тийшээ гуйваад байсан ба нэг мэдсэн манай машиныг мөргөсөн...барагцаагаар 40-50 км/цагийн хурдтай явсан байх их л зөөлөн явж байсан юм. Жолооч ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...зам халтиргаатай мөсдсөн байсан, үзэгдэх орчин хэвийн байсан...Миний толгой хагарсан, уушиг няцралтай өөр гэмтэл учраагүй одоо биеийн байдал хэвийн байна...би эмнэлэгт үзүүлсэн мөнгөө нэхэмжлэх саналтай байна. Нийт одоогоор надад байгаа баримтаар 324.000 төгрөгийн баримт байгаа ба эм тарианы болон унааны зардал гээд баримтыг нь гээсэн нэг хэсэг 200 гаран мянган төгрөгийн зардал гарсан байгаа, нийтдээ 500 гаран мянган төгрөгийн зардлаа нөхөн төлүүлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59/
15. Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотын ........ автовокзалаас ...... маркийн тээврийн хэрэгсэлд...2 хүүхэдтэйгээ хамт суусан юм. Тухайн үед машины урд талд жолоочийн хажууд нэг эгч хүүхдийн хамт сууж байсан ба би яг жолоочийн арын суудал дээр бага хүүгийн хамт /талийгаач Н.М/ сууж явсан юм. Миний хажууд нэг цагдаа хувцастай ах, түүний хажууд нэг оюутан залуу сууж байсан...хотоос хөдлөөд ..... аймгийн ...... сумын урд 16 цаг өнгөрч байхад автобусны буудлын ойролцоо явж байтал урдаас нөгөө эгнээнд том ачааны урт машин ирж явсан...тэр том тэрэгтэй манай машин яг зөрөх гэж байх үед урдаас нэг хар жийп гэнэт гараад ирсэн...толгой манараад явчихсан. Тэгээд би нэг сэртэл миний хоёр хөл хугарчихсан эргэсэн, миний хүүгийн нүүр нил цус болчихсон нүд нь нээлттэй өөр ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан...Замын нөхцөл хэвийн халтиргаа гулгаа байхгүй, цас орсон байсан...голоороо болон хоёр талаараа л цастай байсан. Үзэгдэх орчин хэвийн гэгээтэй бүх зүйл харагдаж байсан юм....... сумын урд ирээд хурдаа хасаж зөөлөн явж эхэлсэн...50-60 км/цагийн хурдттай явсан байх...Миний охин одоо байнга толгой өвдөж байна, хөл өвдөж байна гээд уйлаад байгаа бас миний хоёр хөл хугарчихсан, мөн миний бага хүүхэд нас барчихсан...одоо ажлаа ч хийж чадахгүй маш хэцүү байдалд орчихоод байна...Жолоочийн зүгээс талийгаач хүүгийн маань оршуулгын зардалд ойролцоогоор 1.500.000 төгрөг, охин бид 2-н эмчилгээнд 4 сая төгрөг зарцуулсан, миний хөлний хагалгаанд гэмтлийн эмнэлэгт 2.500.000 төгрөг өгсөн...ослоос болж хүүгээ алдсан өөрөө хүндэвтэр гэмтсэн, группд орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 223-225, 2хх-ийн 2/
16. Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.Ө ......ТӨХК-д жолоочоор ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Б.Ө нь албан ажлаар Улаанбаатар хот руу явахаар болоод тухайн үед би хамт явсан...албаны ...... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан бөгөөд хамт ..... ТӨХК-ийн ерөнхий инженер Ө.Ж, Ө.Ж-ны охин Ж.Н, Ж.О мөн би хамт явсан. Ингээд өглөө 9-10 цагийн орчимд ...... аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тухайн үед манай нөхөр Б.Ө машин жолоодон явсан, түүний хажууд Ө.Жа сууж явсан, арын суудал дээр буюу жолоочийн ард би, миний хажууд Ж.О, баруун захад Ж.Н сууж явсан...би хэсэг зүүрмэглэх хооронд гэнэт тас хийх чимээ сонсогдоод сэрэхэд бидний сууж явсан машин замын хажуу руу унасан байсан. Машинаас гарахад зам дээр ...... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан, уг машин нь замын голд баруун тийш хараад зогсож байсан. Тухайн ...... маркийн тээврийн хэрэгсэлд 3 хүүхэд, 5 том хүн явж байсан...Тухайн үед миний биеийн байдал хэвийн байх шиг байсан, тэгээд тэр оройноос нь өвдөөд Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нурууны 11 дүгээр үед хугаралтай байна гэж хэлсэн...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 46-47/
17. Насанд хүрээгүй хохирогч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аав маань хот явахаар болсон гэхээр нь дүүтэйгээ хамт аавыг дагаад хот явахаар болсон...Би дүүгийн хамт арын суудал дээр унтаад явж байсан...Ингээд намайг унтаад явж байхад гэнэт бидний сууж явсан машиныг өөр машин мөргөж хүчтэй чимээ гарсан. Энэ үед сэрээд харахад бидний сууж явсан машин замын урд хэсэг рүү хажуу тал руу хараад унасан байсан. Зам дээр ..... маркийн машин мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Ослоос болж миний зүүн гар бугалгаараа хугарсан байгаа...Миний хувьд гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 50-51/
18. Иргэний нэхэмжлэгч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Б.Г нь манай нөхөр Б.Г-н төрсөн ах нь байсан, тийм ч учраас талийгаач 2016 онд ....... аймагт ажиллаж байхдаа уг автомашиныг бусдаас худалдаж аваад, өөрийн нэр дээрээ шилжүүлэх гэтэл тэрээр хөдөө ажилтай байсан учир миний нэр дээр уг автомашиныг худалдаж авсан, мөн тэрээр надад их сайн өөрийн дүү шиг үздэг байсан тул өөрийг нь хөдөө ажилтай байхад намайг унаад хэрэглэж бай гэж хэлсэн. Түүний хэлснээр би өөрийн нэр дээр машиныг худалдаж авсан...талийгаач Б.Г ах өөрийн цалингийн зээл болон ээж Б.Ц нь тэтгэвэрийн зээлээр нийлүүлж худалдаж авч байсан...үнэлгээгээр гарсан хохирлоо авна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 40/
19. Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагын ерөнхий инженер Ө.Ж, жолооч Б.Ө нар албан томилолтоор Улаанбаатар хотруу явсан. Б.Ө нь ...... улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийг жолооддог юм...ерөнхий инженер Ө.Ж нь над руу утсаар ярихдаа Улаанбаатар хот руу явж байгаад зам тээврийн осолд орсон талаараа мэдэгдсэн...Б.Ө нь ....... ТӨХК-д 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/279 тоот тушаалаар жийп маркийн автомашины жолоочоор анх ажилд орсон...Гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...... .......маркийн ...... улсын дугаартай автомашиныг анх 2012 онд албанд авч түүнээс хойш унаж хэрэглэж байгаа...Манай 27 тээврийн хэрэгсэлтэй, ажилд гарч байгаа автомашинуудыг гарахаас шалгаж гаргадаг, байгууллагын машинууд жил бүр оношлогоонд орон нутагтаа ордог, ...... дугаартай автомашин хэвийн ажиллагаатай автомашин байсан...Байгууллагын зүгээс өөрийн ...... дугаартай автомашиныг даатгалын байгууллагаар бүрэн даатгуулсан байсан тул өөрийн машины хохирлыг даатгалаас авах тул Б.Ө-д гомдол саналгүй. Мөн жолоочийн хариуцлагыг 5.000.000 төгрөгөөр хийлгэсэн, даатгалын мөнгийг хохирогч нарт гаргуулж өгнө...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54-55, 148//
20. Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 8 хүүхэдтэй байсан, талийгаач Б.Г нь миний хамгийн том хүү байсан, миний хүү эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байсан...миний хувьд оршуулгын бүх зардлыг биеэ дааж гаргаж мөн хүүгийнхээ цалингийн 5.428.000 төгрөгийг өөрөө төлсөн...Би иргэний нэхэмжлэлд 13.380.825 төгрөгийг нэхэмжилж байгаа...Би маш их гомдолтой байна, баримтаар гарсан зардлыг авна, хохирлоо төлүүлж авна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 77/
21. Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би...2017 оны 11 дүгээр сарын 09-ний 16 цаг 30 минутын үед ..... аймгийн ....... сумын эмнэлэгт ажил дээрээ байж байсан чинь манай эмийн санч...урд зам дээр зам тээврийн осол гарсан байна гэж манай охин хэллээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би сувилагч н.Б, үйлчлэгч н.А нарын хамт зам тээврийн осол болсон ...... сумын..... чиглэл рүү явдаг автобусны буудал дээр ирсэн. Тэгээд ирээд харахад автобусны буудлын зүүн талд Land маркийн машин баруун талаараа уначихсан, ......маркийн машин урд талаараа мөргөлдсөн байдалтай байсан.... .... маркийн машины зүүн талын урд талын суудал дээр нэг эмэгтэй суучихсан зүүн гар нь сарвуу хэсгээрээ машины салон хаалга хоёрын хооронд хавчуулагдсан байхааар нь...гаргасан...”.......” зоогийн газар руу гүйгээд орсон чинь нэг хүүхэд ширээн дээр хэвтүүлчихсэн байсан ба нэг хүүхэд уйлчихсан нөгөө хүүхэд нь ямар нэгэн чимээгүй байхаар нь очоод чагнаж тэмтрээд үзсэн чинь зүрх, амьсгал бүгд зогсчихсон байсан...Б-н 103-н эмч нар ирээд...хүмүүсийг үзсэн...хүнд хүмүүсээ Багануур руу авч явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65/
22. Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед ..... дүүргээс Улаанбаатар хотын хооронд нүүрс тээвэрлэж байсан,...он сарыг санахгүй байна, үдээс хойш 14-15 цагийн хооронд байхаа цагийг бас сайн санахгүй байна, ......дүүргээс нүүрсээ ачаад Улаанбаатар хотын зүг явж байсан, би хамгийн урд талд нь миний араас нөгөө 2 хово маркийн автомашин явж байсан аль нь миний араас явж байсныг мэдэхгүй байна. .....аймгийн ...... сумын урд талд харалдаа 30-40 км/цагийн хурдтай явж байсан, миний араас явж хово маркийн автомашин нилээн зайтай ойролцоогоор 400-500 метрийн зайд явсан, харин араас явсан 2 хово маркийн автомашин хоорондоо ойрхон явж байсан. Тэгтэл миний хажуугаар суудлын жижиг автомашин зөрөөд өнгөрсөн, тэгээд толиндоо хартал тэр автомашин өөр нэг машинтай мөргөлдсөн байсан...би арын 2 машины жолооч дээр очоод машин мөргөлдчихлөө гээд хэлэхэд тэр 2 надад хэлэхдээ осол болохыг харсан жийп машин холоос урсгал сөрөөд явж байгаад өөдөөс ирж байсан автомашинтайгаа мөргөлдчихлөө тэр хар машин эсрэг урсгалд явж байхдаа нэг баруун, нэг зүүн дараад л шарваж байгаад л мөргөлдчихлөө гэж хэлж байсан...Тухайн зам шулуун тэгш, 2 эгнээ зам байсан, замын хөдөлгөөн бага байсан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан, осол болохоос...хэд хоногийн өмнө цас орчихсон зам халтиргаатай байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 153, 154/
23. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр...03-16 дугаарын тээврийн хэрэгсэл хамгийн урд талд араас нь ...... дугаартай тээврийн хэрэгсэл би хамгийн ард нь явж байсан юм. Тэгээд ..... сумын зүүн талаас орж ирэх явцад хар өнгийн ...... маркийн жийп гүйцэж түрүүлээд өнгөрсөн. Тэр үед би яг урд явсан ..... дугаартай тээврийн хэрэгслээс бараг 800 орчим метр зайтай явж байсан ба хар өнгийн ..... тэр чигээрээ эсрэг урсгалд явсаар байгаад...миний урд талын машиныг гүйцэж түрүүлсэн. Тэгээд удалгүй пүн гээд юм дуулдсан ба урдаас яг нар доош буучихсан гялбаад автобусны буудал дээр дөхөж очиход зам тээврийн осол болсон байсан ба ..... маркийн тээврийн хэрэгсэл хот талруу харчихсан, ..... маркийн тээврийн хэрэгсэл замын цаана гараад хажуулдчихсан хүмүүс нь гарч ирж байсан...өмнөх өдрүүдэд нь цас их ороод мөсдөөд...бид нар ачаатай маш удаан явж байсан юм. Үзэгдэх орчин хэвийн сайн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229, 2хх-ийн 156/
24. Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр үдээс хойш яг цагийг нь сайн санахгүй байна бид гурав ......-с хөдлөөд замдаа явж байсан ба би яг голд нь явсан ба миний ард талд Д.Б ах урд талд М /Т.М/ явж байсан. Тэгээд ....... сумын урдхан талд зүүн талаас бид нар цувж орж ирсэн ба би урд тэрэгнээсээ 150-200 орчим метрийн зайтай явсан ямар ч байсан өөдөөс ирж явсан машин харагдаж байсан ба хажуугаар нэг хар өнгийн ..... гэсэн дугаартай байна гэж харах шиг болсон нэг ..... гүйцэж түрүүлж гарсан ба би тэр үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан ба ачаатай болохоор гэлдэрч байсан. Тэр ..... тэр чигээрээ өөрийн эгнээндээ оролгүй эсрэг урсгалаар явсаар байгаад ....... сумын автобусны буудлын саравчны яг хажууд нь миний урд тэрэгний яг хажууд нь очоод гүйцэж түрүүлж чадаагүй ...... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би мөргөлдөхөөс нь өмнө харж байхад ......-н тоормосны гэрэл ганц нэг анивчаад тэгээд тэр чигээрээ очиж мөргөсөн....... сумын урд ирэхэд зам гайгүй бараантсан ер нь алаг цоог цас, мөстэй байсан. Үзэгдэх орчин бол хангалттай байсан...тэр жийп автомашин намайг гүйцэж түрүүлээд өөрийн эгнээндээ оролгүй чигээрээ эсрэг урсгалд явсан, өөдөөс нь явсан ...... маркийн автомашин урд их гэрлээрээ дохиод л анхааруулаад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 230, 2хх-ийн 158/
25. Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “........” ТӨХК нь Улаанбаатар ......... чиглэлийн ...... улсын чанартай замын .......-н төлбөр хураах буюу 34 дэх км-ээс ...... аймгийн ..........-н даваа хүртэл 177 км шугам хүртэл нийт 143 км замын засвар арчлалтыг хариуцан ажилдаг...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр их хэмжээний цас манай хариуцсан 143 км замыг дайрч орсон, цасны зузаан ойролцоогоор 30 см байсан, цасыг орсон даруйд нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөөнөөс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл бүх нөөц бололцоогоороо өдөр шөнөгүй ажиллаж орсон цасыг арилгасан...Техник авто грейдер 1 /түрэгч механизм/, пикав /суудлын автомашин/ машин 2, ажилласан хүн 12 байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 163/
26. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№183/-ний дүгнэлт:
-Амь хохирогч Б.Г-н биед цээжний хэнхэрцэг баруун талд 1-9-р хавирга, зүүн талд 3,5,6-р хавиргануудын шууд хугарал, булчин зөөлөн эдэд шарх, цус хуралт, баруун уушигны дэлбэнд шарх, цээжний хөндий дахь илүүдэл агууламж, зүүн дунд чөмөгт яс, баруун тойг ясны хугарал, дээд эрүүний баруун 1-р шүдний булгарал, уруулын салст, цээж, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгөнд шарх, баруун дал, зүүн бугалга, зүүн хонго, гуя, баруун гуя, шилбэ, зүүн өсгийнд цус хуралт, баруун, зүүн сарвуу, баруун өвдөгөнд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.
-Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
-Амь хохирогч нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын хүнд дутагдалд орж амьсгал зүрхний дутагдлаар нас барсан байна.
-Амь хохирогчийн цусанд этилийн спиртийн агууламж илрээгүй байна.
-Амь хохирогч нь 2017.11-р сарын 17-ны 21:00 үед хийсэн үзлэгээр нас бараад 4-6 цаг өнгөрсөн байх боломжтой. /1хх-ийн 76/
27. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 11 дугаартай дүгнэлт:
-Ж.Н-н биед зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
-Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. /1хх-ийн 105/
28. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 12 дугаартай дүгнэлт:
-Б.М-н биед сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
-Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. /1хх-ийн 149/
29. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 14963 дугаартай дүгнэлт:
-Н.Э-н биед зүүн зулай ясны хугарал, тархи доргилт, баруун дунд чөмөг ясны хугарал, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацар шанаанд сорви гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 156/
30. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 14962 дугаартай дүгнэлт:
-Д.Н-н биед баруун болон зүүн дунд чөмөг ясны хугарал, хоёр гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 167/
31. Магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт №09шэ/021:
-Талийгаач Н.М-н биед гавал тархины битүү гэмтэл, нугас тасрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээс тухайлбал юм хүчтэй мөргөх, цохих, цохигдох гэх мэт тохиолдолд учирсан байх боломжтой.
-Талийгаач Н.М нь шинжилгээгээр 1-р бүлгийн цустай байна.
-Талийгаач Н.М нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ.
-Талийгаачид шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. /1хх-ийн 180/
32. Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг /№71/-ийн дүгнэлт:
-О.А-н биед тархины хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдэд няцрал, цус хуралт, хамар ясны хугаралт, нүүрэнд зулгаралт, хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдууулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-О.А-н биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. /1хх-ийн 183/
33. Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг /№70/-ийн дүгнэлт:
-Г.О-н биед баруун талын олон хавирганы хугарал, бүсэлхий нурууны сэртэнгийн хугарал, баруун уушгинд хий, шингэнтэй, агааржилт буурсан, толгойн хуйх язарсан шарх, зүүн чихэнд язарсан шархт гэтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Г.О-н биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. /1хх-ийн 195/
34. Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг /№66/-ийн дүгнэлт:
-Р.Б-н биед тархины зүүн урд дэлбэнд няцралт, цус хуралтын голомт, хатуу хальсны урагдалт, дух ясны хугарал, духанд язарсан шарх, хөлийн хоёр шилбэнд зүсэгдсэн шархт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Р.Б-н биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. /1хх-ийн 208/
35. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№25/-ний дүгнэлт:
-Л.С-н биед духанд сорви, баруун уушгины дунд дэлбэнд эдийн няцрал, зүүн дух, зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрхи гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл тогтоогдсонгүй. /1хх-ийн 238-239/
36. Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 00000135 дугаартай дүгнэлт:
-Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ....... маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөн байна.
-....... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. /1хх-ийн 71/
37. Шинжээчийн №1468, №1014 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 191-201, 203-216/
39. Техникийн шинжээчийн №191 дугаартай дүгнэлт:
-Шинжээч нарын зүгээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэсний дагуу өмнөх шинжээч нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт өгөхөөс татгалзаж байна.
-......маркийн ...... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэлтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
-....... маркийн ....... УНИ улсын дугаартай автомашинд жолоочоос гадна 4 том хүн, 3 бага насны хүүхэд зорчиж явсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.8 дахь заалт “Хүн тээвэрлэхийг хориглох тохиодол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино” гэж заасан байх тул ...... маркийн ...... улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
-........ маркийн ...... улсын дугаартай автомашинд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний төвийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1014 тоот шинжээчийн дүгнэлтэд “4 дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр 7,1-8,8 мм хүртэл хэмжээтэй, баруун урд дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн тул ослын өмнө 4 дугуй шаардлага хангаж байсан гэх үндэслэлтэй” гэж гаргасан байна. ..... маркийн ..... улсын дугаартай автомашинд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний төвийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1468 тоот шинжээчийн дүгнэлтэд “...... маркийн ..... улсын дугаартай автомашины баруун хойд талын дугуй хээний хувьд шаардлага хангахгүй, бусад дугуйнууд хээний хувьд шаардлага хангаж байна” гэж дүгнэлт гаргасан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3 дахь заалтыг зөрчсөн байна. Энэ зөрчил нь зам тээврийн осол гаргахад нөлөөлөхгүй байна гэж үзэж байна.
-..... маркийн ..... улсын дугаартай болон ..... маркийн ..... улсын дугаартай автомашинуудын хурдыг тодорхойлох боломжгүй гэж үзэж байна. /Хэргийн газрын үзлэг явуулсан материалтай танилцахад тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна/
-Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламж бусад замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна. /2хх-ийн 219-220/
40. Яллагдагч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед дарга Ө.Ж нь Улаанбаатар хот руу албан ажлаар явах ажилтай байгаад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ...... аймгаас Улаанбаатар хот руу явсан, жолоочийн хажуу талын суудалд дарга Ө.Ж, түүний ард талд 2 охин нь, харин миний ард талд эхнэр Б.М нар суугаад явж байсан... ..... аймгийн ....... сумын харалдаа явж байхад урд талд 3 хово маркийн ачааны автомашинууд явж байсан, тэр машинууд хоорондоо ойролцоогоор 10-20 метрийн зайд явж байсан, тэр машинуудыг гүйцэж түрүүлэхийн тулд эсрэг урсгал руугаа харахад өөдөөс ирж байсан саарал өнгийн ...... маркийн автомашин нилээн алс харагдаж байсан, ойролцоогоор 400-500 метрийн зайд байсан, тэгээд 3 хово машиныг гүйцэж түрүүлж амжина гэж бодоод дохиогоо өгөөд эсрэг урсгалд ороод эхний хово маркийн машиныг гүйцэж түрүүлсэн, дунд талын хово маркийн автомашиныг дөнгөж гүйцээд явж байтал өөдөөс ирж байсан саарал өнгийн ..... маркийн автомашин хурдтай ирээд, тулаад ороод ирсэн, тоормос гишгэсэн боловч машин халтираад шарваад эгнээндээ орж болохгүй байсан учраас эсрэг урсгалдаа зүүн тийш дараад замаас гарна гэж бодож байсан боловч амжилгүй өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Хэсэг зуур ухаан балартсан байсан,...ард суудалд явж байсан хүүхдүүд хашгирах дуунаар сэргэж, хүмүүсээ машинаас гаргасан. Түүний дараа мөргөлдсөн автомашин дээр очиж гэмтсэн хүмүүсийг гаргаж, ойролцоох хоолны гэрт оруулсан, дарга Ө.Ж нь түргэн...дуудаж байгаа харагдсан, удаагүй сумын эмнэлгийн машин ирээд гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлээд, гэмтсэн хүмүүсийг эмнэлэг аваад явсан, цагдаа нар ойролцоогоор 30-40 минутын дараа ирсэн. Ийм юм болсон, миний хувьд гэм буруугаа ойлгож хохирогч нарын хохирлыг төлж байгаа, маш их гэмшиж байна...Замын хөдөлгөөн дунд зэргийн их ч биш, бага ч биш л хэвийн байсан, замын нөхцөл байдал миний явж байсан эгнээ нь харлачихсан, замаар машин явахаар, эсрэг урсгал бол халтиргаатай байсан, бага зэргийн салхитай байсан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан... ....... аймгаас бид нарыг гарч байхад цас орж байсан, харин ...... дүүргээс гараад явж байхад л зам аймаар халтиргаатай, замын грейдэрээр /зам цэвэрлэх механизм/ түрээд цэвэрлэж эхэлж байсан,...Би хово маркийн машинуудыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед 60-70 км/цагийн хурдтай явсан...Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, тоормос, явах эд анги зэрэг нь хэвийн ажиллагаатай байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 238-239/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ө нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 116/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№183/-ний дүгнэлт, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 11, 12 дугаартай дүгнэлтүүд, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 14962, 14963 дугаартай дүгнэлтүүд, магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт №09шэ/021, шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг /№66, №70, №71/-ийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№25/-ний дүгнэлт, Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 00000135 дугаартай дүгнэлт, шинжээчийн №1014, №1468 дүгнэлтүүд, техникийн шинжээчийн №191 дугаартай дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Ө-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 16 цаг 45 минутын орчимд ..... аймгийн ....... сумын нутаг дэвсгэрт “......” ТӨХК-ийн эзэмшлийн ..... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэснийг тус тус зөрчин гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ урдаас буюу өөрийн зөвшөөрөгдсөн эгнээнд зорчиж явсан иргэн Н.Т-н эзэмшлийн хохирогч Б.Г-н жолоодож явсан ....... маркийн ...... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 1 нас 6 сартай Н.М, жолооч Б.Г нарын амь насыг хохироон, зорчигч О.А, Р.Б, 2 настай Н.Э нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.М, 15 настай Ж.Н, Д.Н, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Л.С-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.575.000 төгрөгийн шууд, 4.905.000 төгрөгийн нийт, ....... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 23.930.000 төгрөгийн шууд, 27.500.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ө-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоовол зохино.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө-н өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэд хэдэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч нарт түргэн тусламж буюу анхны тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна. Хохирогч нарт 63.486.240 төгрөгийг бэлнээр өгч хохирол төлбөрөө төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байна...Иймд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг заавал хэрэглэхээр хуульчилсан заалт биш бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг /хүний амь нас хохирсон, олон хүний биед гэмтэл учирсан/ харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, нийт 63.486.240 төгрөгийн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал /....../, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, Ц.Э, хохирогч Ж.Н /ХХЁТөлөөлөгч Ө.Ж/, Б.М, Э.Э /ХХЁТөлөөлөгч Д.Н/, Д.Н, О.А, Г.О, Р.Б, Л.С нарын шүүхэд бичгээр ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч 3 хүний биед хүнд гэмтэл, 4 хүний биед хүндэвтэр гэмтэл, 1 хүний биед хөнгөн гэмтэл учирсан зэргийг тус тус харгалзан үзээд шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалт заасан 2-8 жилийн хорих ялаас 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн эдлэх 3 жил 4 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Ө-н ..... ангиллын ....... тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц ...... аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “...Би эрүүл мэндээрээ их хохирч байна...” гэж, иргэний нэхэмжлэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...Би дахин 4.900.000 төгрөг нэмж нэхэмжилж байна...анх машиныг 9.000.000 төгрөгөөр авч байсан...” гэж тус тус мэдүүлсэнтэй холбоотойгоор тэдгээрийн эмчилгээний болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлаа буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б.Ө-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар О овогт Б.Ө-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ө-н эдлэх 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Ө-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний нэхэмжлэгч Б.Ц, Н.Т нар нь эмчилгээний болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлаа буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Ө-н ..... ангиллын ...... тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц ...... аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ...... улсын дугаартай ...... загварын тээврийн хэрэгслийн №...... дугаартай гэрчилгээг “.......” ТӨХК-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР