Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01041

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00272 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.С ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 39,986,776 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Н.С болон нөхөр Ш.Б нар 2016 оны 04 сарын 12-ны өдөр Г ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулан 000 тоот хаягт байрлах 79.71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлээр авсан юм. Уг зээлийг авахдаа М ХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байдаг. Мөн одоог хүртэл даатгалын гэрээний дагуу сар бүр хураамж төлдөг. Улмаар миний нөхөр Ш.Б нь 2020 оны 07 сарын 14-ний өдөр тархины цус хомсрох харвалт гэх өвчний улмаас харамсалтайгаар хорвоогоос хальж бидэнд нөхөж баршгүй хүнд хохирол учирсан билээ. Тиймээс М ХК-д зээлийн баталгаа болгон амь насны даатгалд даатгуулсан байсан учраас нөхөр Ш.Б г нас барсны дараа амь насны даатгалын нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргасан боловч даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэх хариуг надад өгсөн. Ингээд миний бие уг хариуг авсны дараа Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзсэн байдаг. Үүний дагуу М ХК-д дахин хандахад хуулийн байгууллагад ханд, манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн тул арга буюу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний нөхөр Ш.Б нь нас барахаасаа өмнө ямар нэгэн архаг хууч өвчингүй, эмч эмнэлгийн хяналтад байдаггүй байсан. 2020 оны 07 сарын 14-ний өдөр гэнэтийн байдлаар нас барсан. Иймд даатгалын нөхөн төлбөр болох 39,986,776 төгрөгийг М ХК-аас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Даатгуулагч Ш.Б нь 2020 оны 07 сарын 14-ний өдөр нас барсны улмаас Г ин дахь зээлийн үлдэгдэлд нөхөн төлбөр олгох хүсэлтийг 2020 оны 09 сарын 09-ний өдөр ирүүлснийг судлаад гэнэтийн ослын улмаас хохирол учраагүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн. Учир нь бидэнд ирүүлсэн материалаас үзэхэд анх 2020 оны 07 сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байх үедээ цус харвасны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 1 хоногийн дараа нас барсан байна. 2020 оны 07 сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэн, КТГ, Эхо шинжилгээ хийлгэхэд шинжилгээний хариу нь гэмтлийн гаралтай бус гэж оношлогдсон тул тухайн өдрийнхөө 18:10 цагт Улсын гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасагт шилжин эмчлүүлж байгаад Тархины цус хомсрох харвалт өвчний учраас 2020 оны 07 сарын 17-ний өдөр нас барсан байна. Иймд даатгуулагчийн 0 тоот Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ-ний 7.3 Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, 7.3.1 Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, 7.3.14 Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэгч Н.С ийн хариуцагч М ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 39,986,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,885 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Даатгуулагч Ш.Б гийн тархины цус хомсрох харвалт өвчнийг нэхэмжлэгч нь Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ний 2.4.8-д зааснаар даатгуулагчийн амь насанд гэнэтийн байдлаар бие махбодид үхлийн шалтгаан учирсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь тархины цус хомсролт өвчин нь гэрээний 7.3-т заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарахгүй юм. Ш.Б нь ямар нэг архаг хууч өвчтэй байгаагүй, гэнэтийн харвалт өгч 24 цагийн дотор эмнэлэгт нас барсан нь баримтаар тогтоогддог. Хариуцагч талаас Ш.Б гийн амь насны эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэх боловч гэнэтийн үхэл /осол/ биш байсныг буюу архаг хууч өвчтэй байсныг нотолж чадаагүй. Харин Ш.Б г Эмгэг судлал шинжилгээний протокол 0 дугаартай дүгнэлтэд Төвийн гаралтай амьсгал зүрхний хурц дутагдлаар нас барсан гэх дүгнэсэн нь түүний гэнэтийн үхлийг нотолно. Хариуцагч талаас Ш.Б г нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд өвчнөөр нас барсан гэх тэмдэглэгээтэй учир энэ нь гэнэтийн үхэл осол биш өвчин юм гэж маргаж байгаа нь учир дутагдалтай. Тархины цус харвалт нь хэдийгээр өвчин гэж оношлогдох ч маш богино хугацаанд хүний аминд хүрдэг гэнэтийн эрсдэл. Харин түүний сүүлийн жилүүдэд хүнд өвчнөөр өвдөж, эмчлүүлж, хянуулж байсан талаар болон ямар нэг архаг хууч өвчтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүйг анхаарч өгнө үү.

4.б. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 сарын 9/1034 дугаар албан бичигт Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан эсэх баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч тус маягтыг ирүүлээгүй, энэ талаар аливаа шалтгаан, тайлбарыг дурдаагүй байгаа нь журмын 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж заасныг үндэслэн даатгуулагчид нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзсэн. Уг журмын 4.5, 5.4.2-т заасныг М ХК ноцтой зөрчсөнийг шүүхээс анхаараагүй орхигдуулсан. Уг журмын 3 дугаар хавсралтын 3 дахь хэсэгт Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал Үндсэн эрсдэлийг сонгох. Үүнд: А. Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 /дал/ хувь буюу түүнээс дээш хугацаагаар алдах эрсдэл. Б. Аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 /дал/ хувь буюу түүнээс дээш хугацаагаар алдах эрсдэл гэх маягтад сонголтуудаас даатгуулагч Ш.Б гаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлийг сонгох боломж олгоогүй байна. Энэ нь даатгуулагчийн хожим нөхөн төлбөр гаргуулах эрхийг хөндсөн ноцтой зөрчил юм. Нэг талаас хэрвээ Ш.Б нь архаг хууч өвчингүй бол А хувилбарыг сонгох, харин архаг хууч өвчтэй, эмнэлгийн хяналтад байсан бол Б хувилбарыг сонгох боломжийг хааж, эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Мэдээллийг авч баталгаажуулах болон эрсдэлийг өөрөө сонгох эрхийг нь хязгаарласан нь даатгалын байгууллагаас даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй байх боломжийг бий болгосон гэрээний зөрчил юм.

Иймд нэхэмжлэгч Н.С д өөрийн нөхөр Ш.Б гийн амь насны эрсдэлийн даатгалд нэхэмжилсэн 39,986,776 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож өгнө үү.

 

1.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Даатгуулагч Ш.Б болон Н.С нартай байгуулсан даатгалын гэрээний 7.3.1-д ердийн болон архаг хууч өвчнөөр нас барсан бол нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тусгасан. Тархины цус хомсрох харвалт гэх өвчний улмаас нас барсан болохыг эмнэлгийн байгууллага тогтоосон. Талуудын байгуулсан гэрээнд ослын улмаас нас барсан нь тогтоогдсон бол даатгалын нөхөн төлбөрийг олгоно, харин архаг болон ердийн өвчний улмаас нар барсан тохиолдолд олгохгүй талаар заасан. Мөн Ш.Б нь бамбай булчирхайн өвчтэй, элтроксин гэх эмийг ууж хэрэглэдэг байсан. Уг өвчин нь цус хатуурах өвчний суурь юм. Цус хатуурах өвчний улмаас даралт ихэсч, цус харвасан гэх онош хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн маягт бөглүүлээгүй гэх шалтгааны улмаас бус өвчний улмаас нас барсан. Гэрээнд заагдаагүй өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон тул нөхөн төлбөрийг олгох боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 39,986,776 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй, даатгуулагч Ш.Б нь гэнэтийн ослоор бус өвчний улмаас нас барсан... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 1-2, 37, 72-73/

 

3.   Хэргийн 5-р талд авагдсан 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 0 баталгааны дугаар бүхий Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г нэг талаас даатгагч М ХК, нөгөө талаас даатгуулагч Н.С , Ш.Б нар байгуулж, М ХК нь даатгуулагч нарын Г ХХК-тай байгуулсан 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Ипотекийн гэрээ-ний үлдэгдэл 95,891,551 төгрөгийн үүрэгтэй холбоотойгоор зээлдэгч нарын амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгөд даатгалын тохиолдол бий болвол даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Г ХХК нь М ХК-тай 2019 оны 02 сарын 12-ны өдөр байгуулсан Банкны даатгалын зуучлагчаар хамтран ажиллах гэрээ-нд заасны дагуу Зээлийн эргэн төлөлтийн график-т амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг 0.10%-иар, барьцаа хөрөнгийн даатгалын хураамжийг 0.12%-иар тус тус тооцохоор тусгаж, тухай бүр төлүүлж байсан болох нь холбогдох Зээлийн дансны хуулга-ар нотлогдож байна. /хх 53-56, 28-30/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу. Иймд давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

4.а. Хэрэгт авагдсан Улсын гуравдугаар Төв эмнэлгийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 0/0000 тоот албан бичиг /хх 83/, 2020 оны 07 сарын 13-ны өдрийн Өвчний түүх, Яаралтай тусламжийн хуудас /хх 85, 86-87/, Эмгэг судлалын шинжилгээний протокол 0 /хх 89/, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх 84/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар даатгуулагч Ш.Б нь 2020 оны 07 сарын 13-ны өдрийн 18:00 цагт Улсын гуравдугаар Төв эмнэлэгийн Харвалтын тасагт Тархины цус хомсрох харвалт оноштойгоор хүргэгдэн эмчлүүлж байгаад 2020 оны 07 сарын 14-ний өдөр 06:45 цагт нас барсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

4.б. Дээрхээс үзэхэд даатгуулагч Ш.Б нь эмнэлэгт ухаангүй хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн боловч ухаан орохгүй байсаар 12 цагийн дараа нас барсан байх тул үхлийн шалтгаан болсон Тархины цус хомсрох харвалт гэх өвчин нь гэнэтийн шинжтэй буюу даатгалын гэрээний 7.3.1-д заасан аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан... бол нөхөн төлбөр олгохгүй байх зохицуулалтад хамаарахгүй гэж дүгнэх үндэслэлтэй. Түүнчлэн өмнө дурдсан Өвчний түүх, Яаралтай тусламжийн хуудас, Эмгэг судлалын шинжилгээний протокол 0 зэрэг бичгийн нотлох баримтуудад Ш.Б г аливаа суурь, хууч өвчтэй талаар дурдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

4.в Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас байх бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1-д аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан... бол нөхөн төлбөр олгохгүй байх зохицуулалт нь хэт ерөнхий буюу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.2-т даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах гэж заасантай нийцэхгүй буюу аливаа ердийн болон архаг өвчин-ий талаар нарийвчилсан тодорхой мэдээллийг агуулаагүй байх тул уг заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй.

4.г. Мөн хариуцагч нь даатгалын гэрээгээр гэнэтийн осол-ын эрдслийг хамгаалахаар тохиролцсон гэж тайлбарласан боловч даатгалын гэрээний нэр болон даатгуулагчийн сонгосон даатгалын төрөл нь ...амь нас, эрүүл мэнд... гэсэн нэр томъёо агуулсан буюу даатгуулагчийн амь нас-ыг даатгасан гэсэн ойлголтыг даатгуулагчид төрүүлэхээр байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар зохицуулжээ.

 

5. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.4-т Даатгалын зуучлагч ипотекийн даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдана гээд 4.4.2-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох, 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна, 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус журамлажээ.

Хэргийн баримтаар даатгагч, даатгалын зуучлагчийн зүгээс дээр дурдсан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан болох нь тогтоогдохгүй тул даатгуулагчид даатгалын эрсдэлээ сонгох боломжийг олгоогүй гэж үзнэ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчид мэдэгдсэн байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь даатгалын гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Г ХХК-ийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 10/17 тоот Зээлийн төлбөр хариуцагчийн мэдээлэл өгөх тухай албан бичиг-т 2022 оны 01 сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл 95,162,861.88 төгрөг, үүнээс хамтран зээлдэгч Ш.Б гийн хариуцах үүрэг 41.7% болох талаар дурдсан байх тул 95,162,861.88 х 41.7% = 39,682,913.40 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00272 дугаар шийдвэрийг хэвээрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар хариуцагч М ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 39,682,913.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 303,862.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.С ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,885 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 356,365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.С ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 357,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР