| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0375/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 384
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Н-т холбогдох эрүүгийн 1810015130287 дугаартай, 187/2018/0375/Э индекстэй хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр .......-н арын замд 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 18 минутын үед ....... ХХК-ийн эзэмшлийн ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Н нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр ...........-н арын замд 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 18 минутын үед ....... ХХК-ийн эзэмшлийн ....... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 8-13/
3. Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “...маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан С овогтой Н-г драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрт согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...замын хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч Ж овогтой М-г драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” /хх-ийн 14-15/
4. Хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 18 минутын орчим Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ......-н арын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал замын нэгдүгээр эгнээгээр баруунаас зүүн чиглэлтэй ...... маркийн ...... улсын дугаартай автомашин хурдтай орж ирээд миний баруун талаас мөргөөд унагаасан юм. Тухайн ослоос болж баруун гуя, өвдөг, баруун нүдний ухархайнд гэмтэл авсан. Одоо миний биеийн байдал хэвийн ямар нэгэн гомдол санал алга байна. Тухайн үед би яг гарцан дээр мөргүүлсэн юм. Энэ мөргөсөн жолоочоос эмчилгээний 300.000 төгрөг авсан. Одоо надад гаргаж өгөх баримт байхгүй ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно. Тухайн үед хэн цагдаа эмнэлэг дуудсаныг би сайн мэдэхгүй байна тухайн үед мөргүүлээд шоконд орсон байсан. Харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн бага талдаа цаг агаар таатай байсан...Надад эмчилгээний баримт байхгүй ээ. Жолооч С.Н анхнаасаа намайг эмнэлгээр хамт авч яваад тухай бүр зардлыг төлөөд явж байсан...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 37-38/
5. Гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 15 минутын орчим би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ......-н арын зам руу ертөнцийн зүгээр урд талаар явган хүний замаар явж байхад миний талаас ирсэн ...... маркийн мөнгөлөг өнгийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байгаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш гарч явсан эрэгтэй хүнийг машиныхаа жолооч талын урд буферээр мөргөөд нөгөө хүн хамар дээр нь тогтоод нөгөө хүнийг чирээд 5 орчим метр яваад зогсоход явган зорчигч газар унасан. Тэгэхээр нь би өөрийнхөө ...... дугаарын утаснаас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд би хохирогч дээр очиход хохирогчийн нүүрнээс цус гарч байхаар нь би толгойг нь өндийлгөөд өвөр дээрээ тавиад та хөдөлж болохгүй гээд анхан шатны тусламж үзүүлсэн...Тэр хооронд эхлээд цагдаа ирсэн. Дараа нь эмнэлэг ирж хохирогчийг авч явсан. Замын хөдөлгөөн сийрэг бараг машин байгаагүй ээ. Зам хуурай байсан...Автомашин 30-40 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Тэр машин хурдаа гарц руу дөхөөд хасаагүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7481/-ний дүгнэлт:
-Ж.М-н биед баруун гайморын хөндийн урд болон арын хана, баруун нүдний ухархайн доод хана, гадна хана, баруун хацрын нумыг хамарсан хугарал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун зовхи, хацар, шанаа, эрүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний амлисны салстад цус харвалт, баруун бугалгад цус хуралт, баруун бугалга, тохойд зулгаралт, зүүн өвдөг, тахим, баруун өвдөг, шилбэ, ташаанд хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34/
7. Шүүгдэгч С.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 09-ний орой 10 цаг 18 минутын үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо .......-н арын замд ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод би ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал хажуу туслах замаас нэг машин гарч ирж байсан ба түүнрүү анхаарч байгаад хойноос урагш чиглэлтэй явган хүний гарцаар гарч явсан эрэгтэй хүнийг машиныхаа жолооч талын урд буферээр мөргөөд унагасан...Би ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байсан...Би эрүүл байсан. Жолоодох эрхийн үнэмлэхтэй...Тухайн үед хөдөлгөөн сийрэг байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан...Ийм зүйл болсонд харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7481/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Н нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр .......-н арын замд 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг 18 минутын үед ....... ХХК-ийн эзэмшлийн ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М-г мөргөж биед нь баруун гайморын хөндийн урд болон арын хана, баруун нүдний ухархайн доод хана, гадна хана, баруун хацрын нумыг хамарсан хугарал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун зовхи, хацар, шанаа, эрүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний амлисны салстад цус харвалт, баруун бугалгад цус хуралт, баруун бугалга, тохойд зулгаралт, зүүн өвдөг, тахим, баруун өвдөг, шилбэ, ташаанд хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Н-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Н-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч С.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Н-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Н-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Н-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР