Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 389

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /ҮД:0-317/,

шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал /ҮД:0-236/

гэрч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц.З-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х овогт Х.П-д тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000135 дугаартай, 187/2017/0314/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Х овогт Х.П

2. Монгол Улсын иргэн, Б овогт Ц.З

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.П нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо ...... хороололд хэв журмын эргүүлийн офицероор албан үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргагч Ц.З-н ашиг сонирхлын үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.2.4-т заасан, Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Ц.З-с 75.000 төгрөгийн хээл хахууль авсан,

Шүүгдэгч Ц.З нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ..... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.П-д саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-д 75.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.П нь /....... дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажилтай байсан/ 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхдаа ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явсан шүүгдэгч Ц.З-г саатуулан зөрчлийг илрүүлсэн боловч түүнд хуульд заасан арга хэмжээ авалгүй шүүгдэгч Ц.З-с 75.000 төгрөг авсан,

шүүгдэгч Ц.З нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон ..... хороололд үүрэг гүйцэтгэж байсан ..... дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Х.П саатуулахад өөрийн жолооны эрхийг хасуулахгүй, хуульд заасан арга хэмжээ авахуулахгүй гэж өөрөө 75.000 төгрөгийг шүүгдэгч Х.П-д өгсөн болох нь:

1. Шүүгдэгч Х.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлгөөнт эргүүлийн машинд үүрэг гүйцэтгэж явж байгаад гудамжаар явж байсан иргэн Ц.З-н машиныг зогсоож тандагч багажаар үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил илэрсэн. Тухайн үед хуулийн дагуу арга хэмжээ авна, хууль сануулж торгуулийн арга хэмжээ авдаг, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасдаг, машиныг ачуулна гэдгийг тус тус тайлбарлаж хэлэхэд Ц.З надтай хамт үүрэг гүйцэтгэж явж байсан Ч.Г бид хоёрт манай гэр бүлийн хүмүүст хэлэх шаардлагагүй, би машинаа үлдээгээд явъя. Манай нөхөр догшин зантай хүн би машинаа ачуулах юм бол намайг зодно. Тэрний оронд би жалганд ороод амиа хорлосон нь дээр гэж уйлсан. Тэгэхээр нь Ч.Г бид 2 зөвлөлдөөд машиныг нь үлдээгээд хүмүүсийг явуулсан. Тэгээд би Ц.З-н бичиг баримтыг нь ахлах байцаагч, хошууч Л.Б-д шилжүүлэн өгсөн. Дараа нь хошууч Л.Б надад Ц.З-н нөхөр нь ..... явах гэж байгаа юм байна. Машины бичиг баримтыг нь буцаагаад өг гэсэн. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн бичгийг нь би ахлах байцаагчдаа шилжүүлж өгсөн, учир нь би хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авах эрх бүхий субъект биш байсан юм...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Ц.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мод тарьдаг өдөр байсан. Манай ажлынхан орой нь тараад сууцгаасан. Би архи уудаггүй болохоор машин бариад явсан. Ёс болгоод би 3 удаа архинаас амссан юм. 23 цагийн үед би нөгөө хэдийгээ хүргэж өгөөд явж байгаад цагдаатай таарсан. Манай машины цонхыг онгойлгоход машинд сууж байсан хүмүүсээс архи үнэртэж байсан. Тэгээд намайг 2 удаа шалгахад архи уусан гэж гараагүй. Тэгэхэд танай машин оношилгоонд ороогүй байна, таныг 240.000 төгрөгөөр торгоно гээд миний бичиг баримт хураагаад авсан.  Хэдэн хоногийн дараа 12 цагийн үед миний утас дуугарсан ба надад энэ цагдаа та 2-3 цагийн хооронд ирээд бичиг баримтаа ав гэсэн. Миний ..... таарахгүй байсан. Тэгэхэд дахин утасдаад та ирээд бичиг баримтаа авах уу, үгүй юу гэхээр нь би манай сургуулийн 2 багшийн хамт очсон. Тэгэхэд Х.П торгуулаа авчирсан уу гэсэн. Би цалин буугаагүй гэхэд 500.000 төгрөгөөр торгоно гэхээр нь та эхлээд торгуул 240.000 гэсэн биз дээ гэхэд торгуулийн мөнгөө өгөөд бичиг баримтаа ав гэсэн юм. Тэгэхээр нь би дансаа өг гэхэд данс байхгүй, хэдэн төгрөг байна вэ, тэрийгээ өг, үлдэгдэл мөнгөө төлөөд жолооны үнэмлэхээ аваарай гэхээр нь би хувааж төлдөг юм байна гээд 75.000 төгрөгийг өгөөд машиныхаа бичиг баримтыг аваад явсан. Хамт явж байсан хүмүүстээ хэлэхэд нэг нь би таньдаг хүмүүсдээ хэлье гэсэн. Тэгээд байж байтал 2 хоногийн дараа үнэмлэхээ ав гэж байна гээд очоод авсан. 2017 оны 6 дугаар сард Цагдаагийн ерөнхий газраас залгаад очиход Х.П гэдэг хүн чамаас 500.000 төгрөг авсан уу, чамаас болоод ажилгүй болох гээд байна. Чи л аврана гэхээр нь би тайлбар өгсөн. Тэгээд ийм хэргээр өдийг болтол явж байна. Зөрчил гаргасан учраас намайг торгож байгаа юм байна, тэгээд би торгуулаа төлсөн гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Гэрч Ч.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би он, сар, өдрийг сайн санахгүй байна. 2017 оны 5 дугаар сарын дундуур эргүүлд гарч байсан ба саарал өнгийн машиныг зогсоож шалгахад уг машины жолооч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд хууль тайлбарлаж өгөхөд манай нөхөр аймар хартай, намайг зоддог. Машиныг ачаад явчихвал намайг зодно гэсэн болохоор Х.П бид энэ асуудлаас болоод хүний амь нас эрсдэх болов уу гээд явуулсан...Драйгер багажаар шалгаагүй, тандагч багажаар үлээлгэсэн...Замын цагдаа дуудаж автомашиныг хүлээлгэж өгөх ёстой байсан...Согтолтын хувийг тандагч багажаар тогтоох боломжгүй. Драйгер багажаар үлээлгэдэг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Цагдаагийн ерөнхий газраас 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/980 дугаартай албан тоотоор Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн материал /хх-ийн 2-18/

5. Ц.З-н Зөрчил гаргаж арга хэмжээ тооцогдож байсан лавлагаа /хх-ийн 20-21/

            6. Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны шөнө дэслэгч Х.П-н хамт Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ...... хороонд ажил үүргийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. ........ хорооны гудамжаар эргүүл хийж байхад саарал өнгийн жижиг суудлын автомашин гудамжаар гарч ирсэн. Уг тээврийн хэрэгслийг зогсоож дэслэгч Х.П нь бууж шалгалт хийхэд жолооч нь 30-40 орчим насны эмэгтэй байсан. Дэслэгч Х.П нь уг тээврийн хэрэгслийн жолоочийн согтуурлыг тандагч багажаар шалгахад согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байна гэсэн дохио өгч дуугарсан. Х.П дэслэгч нь уг жолоочийг та согтуу байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй гээд уг машиныг жолоодоод “......” шатахуун түгээх колонкийн баруун талд байрлах замын хажуугийн автомашины зогсоол дээр аваачсан. Дэслэгч Х.П нь машинаас буугаад цагдаагийн машинд орж ирж суутал нөгөө согтуу жолооч эмэгтэй хүрч ирэхэд нь Х.П нь эмэгтэйд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, жолоодсон бол...480.000 төгрөгөөр торгуулна, 6 сараас 2 жилийн эрх хасна, тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулна” гэсэн заалтыг тайлбарлаж хэлээд ийм арга хэмжээ танд авна гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй уучлаарай би 59 дүгээр сургуулийн багш байгаа юм, энэ машин миний машин биш ээ, манай нөхрийн машин, журмын хашаанд ачуулаад ийм, тийм болговол нөхөр мэдээд алуулна, манай нөхөр намайг их дарамтанд байлгадаг, би их хэцүү амьдардаг, 3 хүүхэдтэй гээд амьдралаа яриад уйлаад үхнэ, хатна амиа хорлоно гээд байхаар нь би та яагаад хороо хариуцсан хэсгийн байцаагчид өргөдөл өгөөд шалгуулаач та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байсан шдээ гэж зөвлөхөд дэслэгч Х.П яахав гэж надаас асуухаар нь би явуул явуул гэж хэлсэн юм. Тэгээд нөгөө эмэгтэйг явуулсан...Тухайн согтуу эмэгтэйн согтуурал хэдэн хувьтай гарсныг би анзаарч хараагүй. Ямар ч байсан тэр эмэгтэйгээс тодорхой хэмжээний архи үнэртэж байсан...Х.П-г тэр эмэгтэйн бичиг баримтыг авсан эсэхийг анзаараагүй...Хүн чанар гаргаад өрөвдөөд тэр эмэгтэйг явуулсан. Тэр эмэгтэй амьдралаа яриад уйлаад гуйгаад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            7. Гэрч Ү.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...Нийслэлийн хэмжээнд мод тарих өдөр буюу бямба гариг байсан. ...... хорооны .....дүгээр сургуулийн бага сургуулийн хашаанд мод тарьсан. Тэгээд ажил дуусахаар нь Ц.З-н машинд суугаад манай гэрт очсон. Замаасаа дэлгүүрээс Ц.З багш 0,5-ын хэмжээтэй 1 шил архи худалдаж авсан. Манай гэрт очоод эхлээд авсан 1 шил архийг багш О.О, үйлчлэгч Д.Б, Ц.З бид нар хувааж уугаад дууссаны дараа Д.Б нь бид нарт архи авч өгье гээд дахиад 0,5-ын хэмжээтэй 1 шил архи худалдаж авч ууцгаасан. Ц.З багш 2-3 хундагыг уусан. Ц.З нь элэгний өвчтэй гээд их уухгүй байсан. Манайхаас гараад эхлээд Д.Б-г гэрт нь хүргэж өгөөд дараа нь О.О багшийг гэрт нь дөхүүлж өгье гээд 2 гудамж өнгөртөл тасархай уулзвар дээр цагдаагийн машин зогсож байсан бөгөөд цагдаа гарч ирээд Ц.З-г зогсоосон. Цагдаа нь Ц.З-н машины цонхыг онгойлгуулахад цагдаа таниас үнэртээд байна уу, наад хүмүүсээс чинь үнэртээд байна уу гэж асуухад Ц.З багш энэ хүмүүсээс үнэртэж байгаа юмаа би уугаагүй гэж хэлсэн чинь цагдаа согтуурлыг хэмждэг багажийг Ц.З-д үлээлгэсэн...Тэгсэн цагдаа...ачуулна гээд машины түлхүүрийг нь аваад цагдаагийнхаа машиндаа суусан. Тэгэхээр нь Ц.З, О.О бид 3 араас нь очоод цагдаад Ц.З үнэн байдлыг хэлээд эгч нь их уугаагүй, 2,3 татсан дахиж ийм алдаа гаргахгүй гэж хэлээд гуйтал, цагдаа тийм зүйл байхгүй дуудлага дуудаж ачуулна гэхээр нь дахиад үргэлжлүүлээд гуйсан. Тэгсэн цагдаа дуудлага ирлээ, эндээ байж бай гээд бид 3-ыг орхиод явсан. Цагийн дараа цагдааг ирэхээр нь Ц.З, О.О 2 дахиад гуйтал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр торгоно гэж байна гээд бичиг баримтыг нь авч үлдээд машины түлхүүрийг нь өгсөн байсан...Ц.З байсан хэдэн төгрөгөө өгөөд бичиг баримтаа авсан гэж хэлснээс өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

            8. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сургуулийн хамт олон мод тарьсан. Ажил дуусаад багш О.О, Ц.З, Ү.Н нартай хамт З-н машинд суугаад Ү.Н багшийнд очсон. Замаараа хүнсний дэлгүүр ороод бид 4, 2 шил архи, ундаа авсан. Би нэг шил архийг багш нартаа зориулж худалдаж авсан. Ү.Н багшийнд очоод ярьж сууцгаахдаа 2 шид архийг уусан. Эхлээд Ц.З багш эгэл муутай гээд уухгүй байсан. Хэн хэдэн хундага уусан эсэхийг би сайн анзаарч хараагүй. Тэгээд архи дуусаад Ц.З багшийн машинд бүгд суугаад намайг хол гэртэй гээд эхэлж хүргэж өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа Ц.З багштай тааралдахад цагдаад баригдаад, бичиг баримтаа хураалгаад цагдаад 75.000 төгрөг өгсөн. Талыг нь өгч болдог юм байна гэж хэлж байсан...Намайг хүргэж өгчихөөд цагдаатай тааралдаад бичиг баримтаа хураалгаад торгуулийн мөнгийг 2 хувааж өгч болдог болдог юм байна, Ц.З багш 75.000 төгрөг өгөөд бичиг баримтаа авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

            9. Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын хагас сайн буюу амралтын өдөр байсан. Мод тарьж дуусаад Ц.З-н машинд бага ангийн багш Ү.Ц, үйлчлэгч Д.Б бид нар суугаад замдаа явж байгаад ганц нэг юм зохицуулах уу гээд Ү.Ц, Д.Б, Ц.З 3 хамт дэлгүүр орсон. Дэлгүүрээс гараад Ү.Ц багшийнд очсон...нэг шил 0,5-ын хэмжээтэй архи задалсан. Тэгээд бид нар хувааж уусан. Ц.З багш элэгний өвчтэй гээд уухгүй байхаар нь бид нар шахаад эхлээд 1 хундагыг уулгасан. Дараа нь Д.Б багш нартайгаа сууж байгаа юм чинь гээд дахиад 0,5-ын хэмжээтэй нэг архи задалсан. Хэн хичнээн хундага уусныг санахгүй байна. Ү.Ц багшийнхаас гараад Д.Б-г гэрт нь хүргэж өгөөд намайг гэрт хүргэж өгөх гээд явах замд цагдаа тааралдаж зогсоосон...тэгсэн цагдаа Ц.З-д багаж үлээлгэсэн...Цагдаа Ц.З-н бичиг баримт, машины түлхүүрийг нь аваад буугаад явсан. Бид машин дотроо яах вэ гэж ярилцаад очоод цагдаагаас гуйя гээд Ц.З-г дагуулаад очоод гуйсан...цагдаагаас гуйсан чинь цагдаа хэцүү л юм даа бичиг баримтыг өгөхгүй, одоо 240.000 төгрөгөөр торгоё, мөнгө байна уу гэхээр нь бид нарт юу ч алгаа гэтэл бичиг баримтыг чинь өгөхгүй, төлбөрөө төлөөд бичиг баримтаа аваарай, түлхүүрийг чинь өгөөд явуулъя гээд Ц.З бид 2-ыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

            10. Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний таньдаг дүү н.Чимгээ нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр над руу залгаад манай цуг ажилладаг багш жаахан дарс уучихаад .......хороололд Х.П гэдэг цагдаад баригдчихлаа та таних уу гэсэн. Тэгэхээр нь би Х.П нь сая шинэ ирсэн, ямар ч байсан яриад өгье, танихгүй болохоор би мэдэхгүй байна гээд утсаа салгасан. Би Х.П руу залгаад манай таньдаг дүү яриад байна чам дээр согтуу эмэгтэй баригдсан байна, гайгүй шийдвэрлүүлэх боломж байна уу гэж асуухад Х.П юу ч хэлэлгүй утсаа салгасан. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь н.Ч над руу залгаад нөгөө цагдаагаар асуудлыг шийдвэрлүүлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авсан, жолооны үнэмлэхийг нь өгөөгүй байна гэхээр нь би Х.П руу залгаад чи шийдвэрлэсэн юм уу гэхэд Х.П нь шийдвэрлэсэн гэсэн, би яагаад жолооны үнэмлэхийг нь өгөөгүй юм бэ, жолооны үнэмлэхийг нь надад авчираад өгөхгүй юу, би өгье гэтэл Х.П надад тэр эмэгтэйн жолооны үнэмлэхийг авчирч өгсөн. Маргааш нь би жолооны үнэмлэхийг н.Ч, мөн жолооны үнэмлэхний эзэнд нь өгч явуулсан...Х.П нь манай хэлтэст шинээр ирсэн. Ирээд 2-3 сар болж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

            11. Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.З нь цагдаагаас бичиг баримтаа авна, хүнтэй уулзана гээд миний машинд дайгдаад ......., ....... тосгон, ..... хорооллын уулзвар дээр байдаг цагдаагийн пост дээр буусан...Ц.З нь цагдаагийн пост руу ороод удаагүй гарч ирээд машинд суугаад болчихлоо гэж хэлэхээр нь би хөдөлсөн...Ц.З ч өөр зүйл хэлээгүй, болчихлоо л гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

            12. Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хариуцдаг тасагт 2017 оны 3 дугаар сарын үед Х.П нь хэв журмын эргүүлийн офицероор томилогдон ирсэн...Х.П-г ....... авто эргүүлийн машин дээр үүрэг гүйцэтгүүлэхээр хуваарилан ажиллуулж байгаа. Эргүүлийн офицер нь эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа хариуцсан хороодын нутаг дэвсгэрт сэжигтэй, хүн, сэжигтэй автомашиныг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шалгаж ажилладаг. Тухайн хариуцсан нутаг дэвсгэр гарсан гэмт хэргийн талаарх бүх дуудлагыг авч ажилладаг...Согтуурлыг хэмжигч тандагч багажийг эргүүлийн офицер нь ажиллуулах ёстой...Энэ багаж нь согтуурлыг шалгах анхан шатны багаж юм. Эргүүлийн офицер нь тухайн шалгасан иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол дараагийн арга хэмжээ авч ажиллах ёстой...Эргүүлийн офицер нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг эхлээд тандагч багажаар шалгаж илрүүлээд ..... буюу жижүүрт мэдэгдэн, бататгаж драйгерээр үлээлгээд батлагдвал дүүргийн замын цагдаагийн газарт мэдэгдэж хүлээлгэн өгөх ёстой...Тандагч багаж дээр хадгалагдаж үлддэггүй. Тусгайлж гаргасан журам байдаггүй...Согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг хэв журмын эргүүлийн офицер торгох эрх байхгүй. Харин гэрэл дохио, хамгаалах бүс зүүгээгүй иргэнийг нийтлэг үүргийн даруу торгох эрхтэй. Гэхдээ бэлэн бусаар торгох эрхтэй. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр торгуулийн мөнгө авах хориотой...Эрүүлийн офицер нь иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах эрхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

            13. Х.П-н ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь /хх-ийн 58-60/

14. ...... дүүргийн Цагдаагийн ..... дугаар хэлтсийн Кобан, машинт эргүүлийн томилгоо /хх-ийн 71/

15. Шүүгдэгч Ц.З-н Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтэст гаргасан: “...манай сургуулийн ажилчид болох Ү.Н, О.О, Д.Б /Д.Б/ бид хэд 2 шил архийг хувааж ууцгаасан...Тухайн үед би өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай ...... автомашинтайгаа явсан...Цагдаагийн эргүүлийн машин намайг зогсоож шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тандагч багажаар шалгаж тогтоосон. Эргүүлийн офицер Х.П намайг та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул жолооны эрхийг хасна, автомашиныг чинь журмын хашаанд хийнэ гэж хууль дүрмийг тайлбарласан...Би Х.П офицероос “Би найзындаа 3 хундага архи уусан нь үнэн, миний автомашиныг битгий ачуулаач, нөхөртөө мэдэгдвэл асуудал үүснэ, торгуулийн арга хэмжээ авахуулаад зохицуулаад өгөөч” гэж гуйсан. Цагдаагийн дэслэгч Х.П намайг эрхийг чинь хасахгүй, автомашиныг чинь өгөөд явуулъя маргааш өглөө 240.000 төгрөг өгөөд бичиг баримтаа аваарай гээд намайг явуулсан...75.000 төгрөгөө цагдаагийн дэслэгч Х.П хамт байсан н.Б хоёрт өгөөд бичиг баримтаа аваад явсан...Би 3 хундага архи л уусан байсан юм. /Та Цагдаагийн алба хаагчдад жолооны эрхээ хасуулахгүй гэж мөнгө өгсөн асуудлаа хүлээн зөвшөөрч байна уу/...Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбар /хх-ийн 6-7/

16. Шүүгдэгч Ц.З-н Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтэст бичгээр гаргасан: “...миний бие 2 хундага уусан...замдаа цагдаатай таарсан. Бичиг баримт, түлхүүрийг цагдаа аваад...хууль дүрэм тайлбарласан. Бид 3 бүх үнэн учрыг хэлж гуйгаад машины түлхүүрээ авсан...2017.05.16-ны өдөр...Цагдаа Х.П-тай очиж уулзаж би ганцаараа гуйсан. Миний гуйлтыг цагдаа маань сонсож бодсны эцэст бичиг баримт өгсөн. Би баярласандаа 75.000 төгрөг өгсөн...” гэсэн тайлбар /хх-ийн 16/

            17. Шүүгдэгч Ц.З-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар  өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын...хагас сайн өдөр мод тарьсан... ..... дүгээр сургууь дээр модоо тарьчихаад багш Ү.Н-д очиж сууя гэсэн. Намайг машинтай болохоор цуг явъя гэсэн. Замаасаа Ү.Н нь 2 шил 0,5 хэмжээтэй архи авсан. Тухайн үед багш Ү.Н, үйлчлэгч Д.Б, багш О.О нар байсан. Ү.Н-д очоод хоол хийж, бид юм яриад архи задалсан...Тэгээд орой 22 цаг өнгөрөөд бид явсан. Үйлчлэгч Д.Б-г гэрт нь буулгачихаад буцаад О.О, Ү.Н 2-ыг хүргэж өгөх замдаа цагдаатай таарсан. Цагдаа бичиг баримт аваад, шалгах багажийг үнэрлүүлсэн...цагдаагийн араас очоод бичиг баримтаа авъя гэтэл 240.000 төгрөгийг 04 цагаас өмнө авчирч өг гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй, 240.000 төгрөг шөнө яаж олдох вэ, торгуулийн хуудсаа уншуулаад өгчих гэтэл цагдаа дансанд хийхгүй, бэлнээр авчир гээд байсан...Тэгээд намайг дугаараа өгчих гэхээр нь би өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд О.О-г буулгаад, Ү.Н-г буулгаад гэртээ ирсэн...дэслэгч Х.П гэдэг хүн байсан...Х.П цагдаа над руу залгаад...14-15 цагийн хооронд ......-н цагдаагийн постонд хүрээд ирээ гэж хэлсэн. Мөнгөө авчраарай гэсэн...Х.П цагдаа торгуулийн мөнгө авчирсан уу гэснээ 500.000 төгрөг болно шдээ гэсэн. Тэгэхээр нь би 240.000 төгрөг гэсэн шдээ гэтэл тэгвэл 240.000 төгрөгөө авчирсан юм уу гэж асуухаар нь би надад мөнгө олдохгүй байна, манай цалин буугаагүй гэтэл Х.П цагдаа яг хэд байгаа юм гэхээр нь байгаа нь 75.000 төгрөг байна гэтэл...Нилээн байж байгаад цагдаа Х.П байгаа мөнгөө өгчих үлдсэнийг нь өнөө оройны дотор надад бэлнээр  авчирч өгөөрэй гэсэн...Тэгээд миний машины бичиг баримтыг өгөөд, жолооны үнэмлэх өгөхгүй болохоор нь үнэмлэх яах вэ гэж асуутал үлдсэн мөнгөө гүйцээж авчираад аваа гэсэн. Тэгээд л би явсан...1-2 хоногийн дараа н.Э манай хуурай ах үнэмлэхээ авчих гэхээр нь очиж үнэмлэхээ авсан...Би торгуулийн мөнгө гэж цагдаа Х.П-д 75.000 төгрөг өгсөн. Түүнээс хээл хахуульд мөнгө төгрөг өгөөгүй...Надад өөрт 85.000 төгрөг бэлэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 143-144, 145/

            18. Шүүгдэгч Х.П-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ....... чиглэлд албаны ...... дугаарын автомашинтай цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-н хамт жижүүрийн 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд сэжиг бүхий ...... загварын автомашиныг зогсоож шалгахад тус автомашины жолооч Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоосон. Ц.З-н согтуурлыг тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл илэрсэн бөгөөд автомашинаас нь үнэртэж байсан. Тус автомашины жолооч Ц.З-д Монгол Улсад мөрдөгдөж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг тайлбарлан ойлгуулж холбогдох замын цагдаагийн газарт мэдэгдэх гэсэн боловч жолооч Ц.З нь хамт явсан багш нарын хамт гуйсан. Ц.З нь улмаар уйлан амиа хорлоно, нөхөрт битгий мэдэгдээч, манай гэр бүлийн хүн хурц ааштай хүн байдаг юм, бичиг баримтыг минь өгчихөөч гэж гуйж байсан...Ц.З-н бичиг баримтыг авч үлдээд...машинтай нь явуулсан...хэв журмын ахлах байцаагч Л.Б утсаар холбогдон Ц.З-н бичиг баримтыг гуйсан. Тэгээд Ц.З-г дуудаж тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгч явуулсан...Ширээн дээр байсан ..... дуудлагын дэвтэр завсар Ц.З нь мөнгө хийсэн байсан...Нийт 75.000 төгрөг байсан. Маргааш нь Ц.З-н жолооны үнэмлэхийг Л.Б ахмадад өгч явуулсан...Тухайн иргэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол Замын цагдаагийн албанд хүлээлгэн өгөх ёстой...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд торгуулийн арга хэмжээ авах эрх байхгүй...Эхлээд Ц.З нь намайг бичиг баримтыг нь өгөхөд баярлалаа гээд мөнгө өгөх гэхээр нь аваагүй юм. Би Ц.З-д хамт ажилладаг хүн гуйсан юмаа гэж хэлсэн. Тэгсэн надад мэдэгдэлгүй дуудлагын дэвтрийн завсар нь мөнгөө хийсэн байсан. Би мөнгийг авсан нь үнэн...Ц.З мөнгө өгөх үед надтай хамт хэн нэгэн байгаагүй...Би өөрийн гэм буруугаа ойлгож байна...Би Ц.З-с хээл хахуульд мөнгө гаргаж аваагүй. Ц.З нь мөнгийг тухайн үед албаны дэвтрийн завсар хавчуулсан байсан...Ц.З-н машины цонхыг онгойлгоход архи үнэртэж байсан. Тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн дохиог өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51, 53, 140-141/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.П, Ц.З нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 55/-аар тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн /Хахууль авах/ 4 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 22.5 дугаар зүйлийн /Хахууль өгөх/ 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох,...6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус оногдуулах ял шийтгэлийг хуульчилсан байна.

            Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн /Хээл хахууль авах/ 268.1 дэх хэсэгт “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөг/ 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000-60.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн /Хээл хахууль өгөх/ 269.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөгийг/ 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000-60.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

            Тодруулбал шүүгдэгч Х.П-н хувьд эрх хасах нэмэгдэл ял, хорих ял тус тус хүндэрсэн, шүүгдэгч Ц.З-н хувьд эрх хасах нэмэгдэл ял шинээр нэмэгдэж хүндэрсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.П нь /..... дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажилтай байсан/ 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ..... дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхдаа ..... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явсан шүүгдэгч Ц.З-г саатуулан зөрчлийг илрүүлсэн боловч түүнд хуульд заасан арга хэмжээ авалгүй шүүгдэгч Ц.З-с 75.000 төгрөг авсныг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх үүднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж,

шүүгдэгч Ц.З нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон ...... хороололд үүрэг гүйцэтгэж байсан ..... дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Х.П саатуулахад өөрийн жолооны эрхийг хасуулахгүй, хуульд заасан арга хэмжээ авахуулахгүй гэж өөрөө 75.000 төгрөгийг шүүгдэгч Х.П-д өгснийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.П-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.З-г албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З-н өмгөөлөгч З.Ариунжаргал нь “...Мөн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэрэгсэхгүй болгох боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээс доош гэдэгт орж байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

            2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...2.700-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох,...6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу “...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэдэгт хамаарахгүй юм. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын доод хэмжээг 6 сар, дээд хэмжээг 3 жил гэж заасан байх тул прокуророос Ц.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

            Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь уг хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.2 дахь заалтад зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад зааснаар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Ял гэдэг нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд нь хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох замаар шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулж буй төрийн албадлагын арга хэмжээ бөгөөд ялын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог ба засарч хүмүүжүүлэхэд чиглэгддэг болно.

Хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ” гэж тодорхойлсон, мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг тодорхой шаардлагуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, хуульд заасан хугацаагаар хянан харгалзах боломжийг хуульчилсан бөгөөд энэ нь шүүхээс тогтоосон тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй буюу ялгүй болох, харин тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг хууль зүйн үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Х.П, Ц.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, тэдгээрийн хувийн байдал /....../ зэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн 55.1.1, 55.1.9 дэх заалтад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, уг гэмт хэргийн улмаас ямар нэг хохирол, хор уршиг учраагүй зэргийг харгалзан шүүгдэгч Х.П-н тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 жилийн хугацаагаар тогтоон, Х.П-д хяналт тавихыг ..... дүүргийн Цагдаагийн .... дүгээр хэлтэст, Ц.З-д хяналт тавихыг ..... дүүргийн Цагдаагийн .... дугаар хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Х.П-н тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг /1 жил/ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор заав.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг заавал хураахаар хуульчилсан байх тул шүүгдэгч Х.П-с гэмт хэрэг үйлдэж олсон 75.000 төгрөгийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг,

шүүгдэгч Б овогт Ц.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Х овогт Х.П-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх үүднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

            Шүүгдэгч Б овогт Ц.З-г албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Х.П-г тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц.З-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.П-н эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид /нээлттэй хорих байгууллагад/, Ц.З-н эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид /нээлттэй хорих байгууллагад/ тус тус эдлүүлсүгэй.

 

5. Х.П, Ц.З нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.П-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар, Ц.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, Х.П-д хяналт тавихыг ...... дүүргийн Цагдаагийн .... дүгээр хэлтэст, Ц.З-д хяналт тавихыг ..... дүүргийн Цагдаагийн ..... дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Х.П-н тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 75.000 /далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.П-с хурааж улсын орлогод оруулсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.П, Ц.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР