| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2528002430247 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
Б.*******, Б.******* нарт
холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ш.Наранчимэг,
Шүүгдэгч Б.*******,
Шүүгдэгч Б.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн Ц.*******гийн интернет банкаар 8 удаа нэвтэрч, нийт 2,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.*******ийн данс руу 1,505,000 төгрөгийг, Б.*******ийн данс руу 1,360,000 төгрөгийг шилжүүлсэн гэх хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Наранчимэг нь Б.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.*******т 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан тэдгээрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2,865,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******д төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн зээлийн хүүтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.” (шийтгэх тогтоолын 5 дахь талд) гэж дүгнэжээ.
Гэтэл хохирогч, шүүгдэгч би болон Б.******* бид мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгд л хохирогчийн утсыг авч зээл авсан үйлдлүүд нь “авсан зээлийн төлөлтийг хийнэ” гэсэн агуулгаар үйлдэгдсэн болохыг мэдүүлдэг бөгөөд энэ тал дээр ямар нэг эргэлзээ, маргаан байхгүй. 2025 оны 08 сарын 21-ний өдөр хохирогч мэдүүлэг өгөхдөө “Иргэн Б.******* нь надаас урьд өмнө мөнгө зээлж байсан бөгөөд нээрээ 2025 оны 02 сарын 18-ны өдөр Б.******* нь надаас эгчээ таны нэр дээр зээл хийгээд 1,890,000 авч болох уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би цаг хугацаанд нь төлнө гэвэл болно гэж хэлсэн .., ... харин одоо бодоход миний данснаас мөнгө гарсан тэр цаг хугацаанд Б.******* нь надаас зээлсэн гэх мөнгөний төлөлтийг буцааж хийж өгнө гэж хэлээд л авсан байгаа” гэж мэдүүлснээс харахад шүүгдэгч бид хохирогчоос түүний утсыг огтоосоо нууцаар, далдуур, хулгайгаар авч хэрэглээгүй бөгөөд тухай бүртээ мөнгөтэй холбоотой асуудлаар буюу зээл төлөлт хийх гэсэн шалтгаануудаар авч хэрэглэсэн, авч хэрэглэхдээ зарим тохиолдолд зээлээ сунгаж байсан бөгөөд хохирогч өөрөө хэдийгээр бичиг үсэг мэдэхгүй боловч тухайн цаг хугацаанд гар утсаар нь мөнгөтэй холбоотой зээл төлөлт хийх гэх мэт буюу мөнгөтэй л холбоотой асуудал явагдаж байна гэдгийг бүрэн мэдэж байсан. Мөн урьд нь бас шүүгдэгч Б.******* нь зээл авч төлж байсан олон тохиолдол байсан болохоор тухайн үед ямар нэгэн нууцаар үйлдэгдсэн идэвхтэй үйлдэл байхгүй.
Хулгайн гэмт хэргийн үндсэн шинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл гэж тодорхойлсон.
Шүүх хохирогчийн нүдэн дээр түүний утсаар цахим сүлжээ буюу аппликэшнд нэвтэрч мөнгөн шилжүүлэг хийж байгаа үйлдлийг нууцаар үйлдэгдэж байна гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна.
Залилах гэмт хэргийн хувьд мөн адил идэвхтэй үйлдлээр хийгддэг бөгөөд хулгайн гэмт хэргээс ялгаатай нь түүний нүдэн дээр буюу хохирогч тухайн нөхцөл байдалд юу болж байгааг оюун санааны хувьд мэдэж байгаа тэр үед нь түүнийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдэгддэг.
Өмнө нь зээл авч байсан зэргээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, зээлээ төлөх гэж байна гэж хуурсан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, гар утас, зээлийн аппликэшн буюу цахим хэрэгсэл ашигласан зэрэг шинжүүдийг харахад хохирогчид хохирол учруулсан буруутай үйлдэл маань Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн шийдвэрийг өөрчилж, “залилах” гэмт хэргээр зүйлчилж, оноосон ялыг хөнгөрүүлж гэжээ.
Прокурор Ш.Наранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******ийн хувьд гэм буруугийн асуудлаар би маргахгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зүйлчилсэн. Бидний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг биш, харин 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэх агуулгаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсвэл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэсэн шинжүүдийг шаарддаг. Эдгээр шинжүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн шинжийг хангасан үйлдлээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Б.*******ийн хувьд гомдол гаргахдаа Б.******* бид хоёр Ц.*******гөөс урьд нь 1,890,000 төгрөгийг өөрт нь хэлж аппликэйшны зээл авхуулсан байсан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг бид нар урвуулан ашиглаж, хуурч мэхэлж, залилсан гэх агуулгаар бид нарын үйлдэл гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэсэн гомдлыг гаргасан. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдэлд өмнө нь авсан зээлээ эргэж төлье гэж хуурсан, мөн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан шинжүүд байдаг. Гэвч эдгээр шинжүүд нь байгаа ч гэсэн залилах гэмт хэрэг гэж дүгнэж, зүйлчлэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт хэргийг үйлдэгч нь дээр дурдсан аргуудыг хэрэглэсний улмаас хохирогч нь хууртагдаж, төөрөгдөж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дураараа өөрөө шилжүүлэн өгсөн байх нь залилах гэмт хэргийн гол шинж. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөө хүнд өгч байна гэдгээ хохирогч нь маш сайн мэдэж байх, тэр шинжийг хангаж байж залилах гэмт хэрэг болдог. Гэтэл Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч Ц.******* нь өмнө надаас зээлсэн 1,890,000 төгрөгийн зээлийнхээ эргэн төлөлтийг хийх гэж байна гэдэг ойлголт, агуулгаар утсаа удаа дараа өгч ашиглуулсан байдаг. Шүүгдэгч нар нь өмнөх зээлийнхээ төлөлтийг хийе гэж утсыг нь авсан байдаг. Тэрнээс Ц.******* ямар нэг байдлаар эд нар миний гар утсыг аваад миний интернет банкны нууц кодыг ашиглаад надаас аппликэйшны зээл дахиж нэмж аваад өөрсөд рүүгээ шилжүүлж авах гэж байна гэдгийг огт мэдээгүй. Ийм нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шинжийг бүрэн хангаж байгаа. Шүүгдэгч Б.*******ийн хувьд гомдолдоо утсыг нууцаар, далдуур, хулгайгаар авч хэрэглээгүй. Энэ шинжээрээ хулгайлах гэмт хэргийн нууцаар авсан байх шинжийг хангахгүй гэж дүгнэж байна. Энэ гар утсыг шүүгдэгч нар нь хохирогчид хэлж авсан байх, эсвэл нууцаар авсан байх нь хэргийн зүйлчлэлд ямар ч ач холбогдол байхгүй. Учир нь гар утсыг хэрэглэж байхдаа нууцаар тэр зээлийг нь аваад, зээлээр авсан мөнгөө өөрсдөдөө буюу удаа дараа Б.*******ийн данс руу, заримыг нь Б.*******ийн данс руу гээд шилжүүлээд авчихдаг. Энэ шинжээрээ хулгайлах гэмт хэргийн нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүй гэсэн шинжийг бүрэн хангаж байна. Мөн Б.*******ийн гомдолд дурдагдсанаар хохирогч нь бичиг үсэг мэдэхгүй боловч тухайн цаг хугацаанд гар утсаар нь мөнгөтэй холбоотой зээлийн төлөлт хийх гэх мэт буюу мөнгөтэй холбоотой асуудал явагдаж байна гэдгийг бүрэн мэдэж байсан гэж дүгнэсэн. Ц.******* нь Ц.*******, Б.******* нарыг зээл төлөлт, мөнгөтэй холбоотой үйл ажиллагааг миний утсыг аваад хийж байна гэдгийг мэдэж байсан уу гэвэл мэдэж байсан үнэн. Гэхдээ зээлээ л төлж байна гэж бодсоноос биш, энэ хүмүүс миний утсаар дахиж надад хэлгүйгээр зээл аваад, өөрсдөдөө шилжүүлэн авч байна гэдгийг огт мэдээгүй. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.*******гийн хувьд шүүгдэгч Б.******* болон Б.******* нарт зээл нэмж авах, тэр мөнгөө шилжүүлээд өөрсдөдөө авахыг огтоосоо зөвшөөрөөгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Б.*******ийн гомдол үндэслэлгүй гэсэн дүгнэлт, тайлбарыг хэлж байна гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын үндэслэл нь 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан тул ажилдаа явах боломжгүй болсон. Ажлаа хийж чадахгүй болохоор өр, зээлээ төлөх боломжгүй байна. Зорчих эрх хязгаарласан ялыг хөнгөлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******ийн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн Ц.*******гийн интернэт банкаар 8 удаа нэвтэрч, нийт 2,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.*******ийн данс руу 1,505,000 төгрөгийг, Б.*******ийн данс руу 1,360,000 төгрөгийг шилжүүлсэн гэх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн “Би өнөөдөр гэртээ байж байсан чинь миний гар утсанд 141518 дугаараас таны зээл 1 хоног хэтэрсэн тул өнөөдөр зээлээ төлнө үү, дүн 109,533 Хаан банкны ******* гүйлгээний утга КД*******-0002, таны зээл 4 хоног хэтэрсэн тул өнөөдөр зээлээ төлнө үү. Дүн 69,433 Хаан банкны ******* гүйлгээний утга КД*******-0003 гэсэн мессеж ирсэн байсан бөгөөд тэгээд өөрийн дүү болох Ц.Мөнхдэлгэрт хэлсэн, дүү маань ирээд хартал хэн нэгэн хүн таны интернэт банкаар ороод зээл хийсэн юм биш үү гэсэн бөгөөд тэгээд өөрийн Хаан банкны ******* дугаарын дансны хуулгаа авч үзтэл хэн нэгэн хүн миний интернэт банкаар ороод баахан зээл хийсэн байсан... 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 305,000 төгрөг, 300,000 төгрөг, 66,207 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 60,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,890,000 төгрөг, 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийн зээл хийсэн байсан бөгөөд би эдгээр зээлүүдийг хийсэн зүйл байхгүй. Эдгээр зээлсэн мөнгө нь *******, ******* гэсэн хоёр л данс руу мөнгө орсон байсан. Надад нийт 4,821,207 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 9-10/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Ц.*******гийн Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 32-38 дахь тал/, Б.*******ийн Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-46 дахь тал/, Б.*******ийн Хаан банкны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87-98 дахь тал/, Ц.*******гийн Хаан банкны ******* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 126-127 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.*******, Б.******* нарын иргэн Ц.*******гийн интернэт банкаар 8 удаа нэвтэрч, нийт 2,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.*******ийн данс руу 1,505,000 төгрөгийг, Б.*******ийн данс руу 1,360,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.******* нь “...анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн шийдвэрийг өөрчилж, “залилах” гэмт хэргээр зүйлчилж, оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсвэл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэсэн шинжүүдийг шаарддаг. Эдгээр шинжүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн шинжийг хангасан үйлдлээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг.
Харин хулгайлах гэмт хэрэг нь бусдын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх” үндсэн эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулдгаараа нийгэмд сөрөг үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хор уршигтай байдгаараа ялгаатай юм.
Залилах гэмт хэргийн бусдын өмчийг хулгайлах гэмт хэргээс ялгарах үндсэн шинж нь хохирогчийн хандлага, субъектив шинж чанар байдаг бөгөөд тэрээр хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгч байдаг бол хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөртөө шилжүүлэн авдаг тул хохирогчид дээр дурдсан хандлага, субъектив шинж чанар үгүйсгэгдэж байдаг.
Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй, нөгөө талаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаагүй оролцсон байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг сонгон хэрэглэж, тус тус 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******ийн гаргасан “хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******ийн “Хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР